25/09/2026
"Дээдийн номтой учирсан минь" сэдэвт 9-р ангийн төгсөгчдийн цуврал эсээ бичвэр
#07
Ц.Болормаа
Бурхан багш өөрийн сургаалд нь шууд итгэлгүйгээр эргэлз, ажигла, шинжил гэж айлдсан гэдэг. Яг л шижир алтыг гурван аргаар шинжилж үздэг шиг. Бурханы шашны талаар сонирхож, судалж шинжлэхийг сонирхож буй хэн бүхэнд хүссэн мэдлэгийг нь эмх цэгц, дэс дараатай олж авах боломжийг Жавзандамба Хутагт Төвийн багш нар, хамт олон олгоод цөөнгүй жил болж байна.
Жавзандамба Хутагт Төвийнхөө оройн курст 2024 оны намар элсэн суралцсанаас хойш өдөр тутамдаа санаж явах олон зүйлийг мэдэж авчээ. Амьтан бүгд жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүйгээрээ адил. Аливаа бүгд учир шалтгаантай гэдгийг юуны түрүүнд ойлгож авсан билээ. Ёс суртахуунтай байх, сонсох-санах-бясалгах, авал, орхил, бодь сэтгэл, үйлийн үр, мөнх бусын талаар эргэцүүлж, их зовлонгоор бага зовж, бага зовлонгоор их зовж ч болох, амар амгалан орших, дотогшоогоо өнгийх, сэтгэлээ хөнгөлөх, жаргал, зовлонгийн уг шалтгаан, үр дүнгийн харилцан хамаарал, үйл, нисванисаа ажиглан анзаарч, бие, хэл, сэтгэлийн нүгэл үйлдэхгүй байх, буян, ерөөл, залбирал, наманчлах, бясалгахын ач тусыг тунгаах, даруу төлөв орших, алагчаалгүй тэгш сэтгэл үүсгэхийг хичээх гээд сонссоноо хэрэгжүүлэх ёстой зүйл олон гэдгийг зах зухаас нь багахан ч болтугай ойлгохыг хичээж явна.
Өнгөрсөн, ирээдүйд санаа чилээлгүй, живэл, догшролгүйгээр өнөө одоодоо дүүрэн орших, сэтгэлийн “дархлаа”-тай байхын чухлыг санаж яваа билээ. Наанадаж хэцүү зүйл тохиолдвол “Зовлонгийн түргэн нь дээр” гэдэг үг лүгээ адилаар “Миний хэзээ нэгэн цагт хийсэн муу үйлийн үрээс барагдаж байна даа” хэмээн сэтгэж, асуудалд шууд цочир хандалгүй тайвнаар хүлээж авахыг хичээх болжээ. Га-гийн багшийнхаа “Хэн нэгэнтэй муудалцах гээд байвал даруйхан холдоод явчхаж бай” гэдэг үгийг санах жишээтэй.
Олоход бэрхтэй, чөлөө учрал бүрдсэн хүмүүний төрлийг олж төрсөн энэ насны амьдралаа үрэн таран хийлгүй, чухаг дээд гуравт аврал одуулан, дээдийн номд чадах хэрээрээ шамдахыг санаж явах болжээ. Товчхондоо, жаргалд ташуурахгүй, зовлонд гутрахгүй байж, миний бие, хэл, сэтгэл зөв байна уу хэмээн мэдээтэй явж, өөрийгөө засахыг чухалчлах болжээ.
“Шимгүй чалчаа үгийг тэвчиж, бусдыг, амьтныг ч хүндэтгэх хэрэгтэй”, “Бие, хэл, сэтгэлээ төвлөрүүлээд мөргөвөл бие газарт хүрч байгаа газрын хумхын тоосны хэрээр буян хураадаг”, “Унтах явцаа ажиглаж, оюун ухаан “тасрах” үед бясалгал хийн, сайн сайхан зүйл бодвол бүх л шөнөжингөө буян хураадаг, бие сайхан амарч босдог”, “Бурханы шашинтай хүнд сэтгэлийн “оромж”, тулах “таяг” олон байдаг” гэхчлэн багш нарынхаа хэлсэн санууштай олон үгсийг тэмдэглэж авчээ. Мөн Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрүүлэхэд Бурханы шашны үүрэг маш их байсан төдийгүй Монголын эвлэн нэгдэх хүч болсон талаарх дэлгэр түүхийг мэдэж авсан. Ерөөс эртнээс эдүгээ хүртэл Бурханы шашинтай байж ирсэн эх түүхээ сайн мэдэх хэрэгтэйг ойлгож авсан билээ.
Төвөд бичиг үсэг, төвөд хэл зүйн дүрэм, Итгэл, Ламаадан, Модны шастир, Усны шастир, зэрэг ном судрын тайлбар, орчуулга, Буддын шашны суурь ойлголт, агуулга, Буддын гүн ухаан буюу шалгадаг ухааны суурь дүйраа мэтгэлцээн, Бурхан багшийн цадиг түүх, “Бодь мөрийн зэрэг”-ийг хөтлөн тайлбарласан доктор, гэвш З.Лувсангэндэн, хансүр, гавж Н.Нанзаддорж, гэвш лхаарамба Түвдэнчойсан, гэвш С.Түвдэнцэрэн багш нартаа талархаад баршгүй. Өөртөө жаргалгүй, бусдад халгаатай савчсан сэтгэлээ гүн тогтоон, хэт олон бодолд дарагдалгүй, өнгөрсөн, ирээдүйн эрхэнд орохгүй байхад нөлөөтэй Майндфүлнэсс бясалгалын ач тусыг таниулсан гавж Д.Нямсамбуу багшдаа талархал илэрхийлье. Хэдийгээр хоёр жилийн хөтөлбөр маань дүүрч буй ч номын садан болсон ангийн нөхөдтэйгөө хамт цаашид эрдэм ихтэй багш нараараа дээдийн номд хөтлүүлнэ хэмээн найдаж байна.
Эрдэм төгөлдөр, өглөгийн эзэн, ачит багш нар, номын шимийг хамт хүртэж буй ангийнхны маань ерөөл бүгд биелэх болтугай. Олон олон жил хамтын буянд шамдах ерөөл тавья. Гал бадарч, оч маналзтал дээдийн номд улам илүү шамдах болтугай. Төрөл тутамдаа бодь сэтгэлийн түвшнээ ахиулж, амгалан жаргалантай амьдрах болтугай.🙏
Жавзандамба Хутагт Төв