21/02/2025
АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
БАГШ ТА ДАРААХ ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛЭЭРЭЙ
Багш сурагчдад мэдлэг олгохоос гадна сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, цагийн менежмент, үр дүнтэй суралцах аргачлалыг чиглүүлэх нь сурагчдын цаашдын амжилтад чухал нөлөө үзүүлдэг байна.
✅Сэтгэл Зүйн Дэмжлэг:
🔸Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх: Сэтгэл зүйн бэрхшээлтэй сурагчдыг дэмжиж, тэдний өөртөө итгэх итгэлийг сайжруулах нь тэдний сурах үйл явцад чухал нөлөөтэй. Duckworth (2007)-ийн судалгаагаар, "grit(хүний тууштай байдал, зорилгодоо хүрэхийн төлөө тэсвэр тэвчээртэй, цаг хугацаа, хүчин чармайлт гарган зүтгэх чадвар)" буюу тууштай байдал нь сурагчдын урт хугацааны амжилтад нөлөөлдөг гэдгийг баталсан. Багш нар сурагчдыг удаан хугацааны зорилгодоо тууштай байхад урамшуулах хэрэгтэй.
🔸Эерэг сэтгэл хөдлөл үүсгэх:Сурагчдын сэтгэл санааг тогтворжуулж, тэдний амжилтыг үнэлэх мөн сурагчдад өөрийнхөө хүч чадлыг мэдрэх, зөв зохицуулах, алдаа хийхээс айхгүй байхыг уриалах нь чухал.
🔸Стресс, санаа зоволтод дэмжлэг үзүүлэх: Шалгалт, тест гэх мэт сэтгэл санааг догдлуулдаг үйл явдлуудтай тэмцэхэд сурагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх. Kabat-Zinn (2013)-ийн судалгаагаар, тайван байх, стрессийг удирдах чадвар сурагчдын сурлагын үр дүнг сайжруулдаг гэдгийг онцолсон.
✅Цагийн Менежмент:
🔸Төлөвлөгөө гаргах: Төлөвлөгөө зохиох нь сурагчдад цагийг зөв зохион байгуулахад тусалдаг. Багш нар сурагчдад "Долоо хоногийн хичээллэх төлөвлөгөө" болон "Нэг цагт ямар ажлыг хийж гүйцэтгэх вэ" гэх мэт амьдралд хэрэгтэй цагийн менежментийн аргачлалуудыг заах.
🔸 Сурагчдад самбар эсвэл апп ашиглахыг санал болгох: Borg et al. (2012)-ийн судалгаагаар, техник хэрэгсэл (тухайлбал, самбар, цагийн менежментийн апп) нь сурагчдад хичээлийн төлөвлөлт, цагийн менежментэд дэмжлэг үзүүлдэг гэдгийг харуулсан.
🔸 Ажлын ачаалал, амралтын хугацааг тэнцвэржүүлэх: Хэт ачаалалтай суралцах нь стресс үүсгэж, сурах үр дүнд сөргөөр нөлөөлж болох юм. Тиймээс сурагчдад тохиромжтой амралт, сэргэлтийн хугацаа гаргахад туслах.
✅Үр Дүнтэй Суралцах Аргачлалууд:
🔸Идэвхтэй суралцах арга: Багш нар сурагчдыг идэвхтэй суралцах арга барилд суралцахад нь дэмжлэг өгөх. Roediger & Butler (2011)-ийн судалгаагаар, идэвхтэй суралцах арга, тухайлбал, өөрийнхөө үгээр аливааг тайлбарлах, бусдад заах, асуулт асуух нь ой тогтоолт болон ойлголтод дэмжлэг үзүүлдэг гэдгийг харуулсан.
🔸Интерлевинг (Interleaving) арга: суралцах үед нэг төрлийн мэдээлэл эсвэл чадварыг тасралтгүй давтахын оронд өөр хоорондоо хамааралтай, гэхдээ ялгаатай сэдвүүдийг ээлжлэн суралцах арга юм. Энэ нь нэг хичээлийг урт хугацаанд дараалан судлах (Blocked Practice) аргын эсрэг бөгөөд танин мэдэхүйн уян хатан байдал, асуудлыг олон өнцгөөс харах чадварыг хөгжүүлдэг.
🔸Тестлэх (Testing Effect): Багш нар сурагчдыг зөвхөн уншихаас гадна шалгалт болон тестэд бэлтгэхийн тулд "тестлэх" аргыг ашиглахыг уриалах. Roediger & Butler (2011)-ийн судалгаагаар, өөрийгөө шалгах нь мэдлэгийн гүнзгийрэлтэд нөлөөлдөг.
✅ Дэмжлэг ба Урамшуулал:
🔸Эерэг үнэлгээ ба хариуцлага: Сурагчдын алдааг зөвөөр үнэлж, эерэг хариу өгч урамшуулах. Үр дүнг нь үнэлэхээс гадна суралцах явцад нь туслах.
🔸Зорилго тодорхойлох: Сурагчдад тодорхой зорилго тавьж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд зорилгодоо чиглэсэн үйл ажиллагаа хийхийг чиглүүлэх.