Нийслэлийн 67-р сургууль

Нийслэлийн 67-р сургууль

Share

Нийслэлийн шилдэг,Сонгинохайрхан дүүргийн хошой тэрг? Нийслэлийн шилдэг, Сонгинохайрхан дүүргийн хошой тэргүүний 67-р сургууль

16/10/2023

"БИ ШИНЭ ЗУУНЫ БАГШ" ЭСЭЭ БИЧВЭРИЙН УРАЛДААНЫ ГУРАВДУГААР БАЙРЫН ШАГНАЛТ ЭСЭЭ
Б.ОЮУНЦЭРЭН МУ-Н ГАВЬЯАТ БАГШ БАТСУУРИЙН НЭРЭМЖИТ "ТИТЭМ" ЕБС ТНУ БАГШ
Сэдэв. Би шинэ зууны багш
Дэд сэдэв: Оньсыг тайлагчаас эхэлсэн орчлон
Шинэ үеийн багш нарт
Шимтэхгүй эрдэм гэж үгүй
Шинэ үеийн багш нарт
Шамдахгүй цаг гэж үгүй
Төрийн шагналт, яруу найрагч Ш.Сүрэнжав
Эхлэхүй
Багшлахуй, суралцахуйгаас бүх зүйл эхлэлтэй. Энэ хорвоогийн анхдагч нь юу вэ?. Эртний Грекийн философич Платоныхоор оюун санаа юу, түүний шавь Аристотелийнхоор байгаль(ахуй) уу. Аль нь ч байсан, энэ тухай санаа анх Сократ багшаас төрсөн ажгуу. “Шавийн эрдэм багшаас” угшилтай хэн бүхэн андахгүй.
Платон , Аристотель , Томас Эдисон, Альберт Эйнштейн нар бүгд л сайн багшийн гарын шавь нар. Физикч , эмч , инженер ч, цагдаа, малчин, оёдолчин , багш ч цөм сахилагагүй сурагчид байсан. Багшаас сурсан эрдмээр инженер хүү барилга байшин барьдаг. “Энэ ертөнцийг бурхан бүтээсэн байж магадгүй. Бусдыг нь багш бүтээсэн” хэмээн Ж.Отгонбаяр багшийн маань хэлсэн үг юутай үнэн.
Монголын ард түмэн багшийг чухаг гурван эрдэнийн нэг, дээд эх, номын өглөгч, эрдмийн эрэлч, номун далай, номч мэргэн, оюун билгийг соёрхогч, өгүүлэхийн арслан, бэрх утгасыг тайлагч, билгийн хур буулгагч хэмээн эрхэмлэн дээдэлж, оройн дээдэд соёрхож багшид их л хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлал бий. Ардын сургамжит үгэнд ч:
Ноён ноён гэмээ нь
Нутаг зуураа ямбатай
Номтой эрдмийн багш
Газар бүхэнд хүндтэй хэмээн цэцэлсэн нь багш хүн хүнээр, эрдмээр, номоор, хүндлэл өргөмжлөлөөр баян болохыг тодотгосон байна.
Хүнд хүндлэгдэнэ гэдэг амаргүй хэрэг. Шавь нартаа үлгэр жишээ болохуйц эрдэм боловсрол, чадвартай болж шат ахисаны дараа “Багш та, дээшээ суу” хэмээн хүндэтгэж эхэлдэг. Харамсалтай нь, багш багшаараа төрдөггүй. Тодорхой мэдлэг эзэмшиж, хамт олны дунд хүмүүжин төлөвшиж, багшийн үнэт чанаруудыг эзэмшиж байж сая “багш” хэмээх эрхэм нэрийг зүүх эрхтэй болох ёстой. Өгүүлэн буй хүндлэлийг хүлээсэн “Шинэ зууны эрхэм багш” хэрхэн буй болох вэ? Энэ бол мөнхийн асуудал байсан, байсаар ч байх болно.
Тийм ээ, Шинэ зууны багш ... Тэр бол ирээдүйг бүтээгч. Тэд миний бодлоор гурван шинж төрхтэй байвал зохих мэт. Үүнд:
1. Хүүхдэд хайртай багш
2. Шинийг суралцагч багш
3. Номун далай багш. Одоо эдгээрийг задлан тунгаахыг оролдьё.
“Багшийн хөгжлийн индекс -1”
Хүүхдэд хайртай багш
“Амьдрал хайр дээр тогтдог” юм бол анги хамт олон юун дээр тогтдог юм бэ?. Жамбын Пүрэв гуайн “Мянган захидал” хэмээх алдарт зохиолын гол дүр Мягмар багш бол залуу насандаа дүрсгүй олон хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж нилээд бэрхшээлтэй тулгарсан. Тухайлбал: Ангийн сурагчид зарим багш нарыг (ялангуяа Сэвжидмаа) хичээл орж байхад үхэр болж мөөрөх, нохой болж хуцах, багшийн үгийг сөрж, гөжүүдлэх мэт авир гаргадаг нь цаг алдалгүй л Мягмар багшийн чихийг дэнслэнэ. Энэ үед Мягмар багш загнах зэмлэх, уурлах хослуулан байж ихэд удаан хангинадаг мөртлөө Норжмааг гэмт хэрэгт холбогдон шоронд байхад, Тунгалагийг циркийн дугуйландаа шантарч байхад, хожим Батгэрэл эхнэр хүүхдээсээ салаад архинд орсон байхад хаанаас ч юм гарч ирээд, тэдэнд түшиг тулгуур болж, хайр халамжийн гараа харамгүй сунгаж, шөнө нойргүй санаа зовж байлаа. Ёстой л “хал нь гаднаа, хайр нь дотроо” багш аж. Сурагчдын буруу үйлдлийг өөртөө тохон оногдуулж, шуурхай дээр зарлаж, шоронд суусан Норжмаад өөрийн цүнхтэй хувцасыг өгч явуулж, захидал байнга бичиж, ар гэрт тусламж үзүүлж байсныг үзэхэд Мягмар багш ангийхандаа хайртай хүн байжээ. Хүн хайртай хүндээ л голцуу захидал ичдэг. Мягмар багш маань шавь нарынхаа хайрыг татсан учраас л түүнд “Мянган захидал” ирсэн. Багшлана гэдэг хүүхдийг хайрлах, хүүхдэд хайрлуулах нэр болой.
Оросын нэрт ”кино жүжүгчин” сурган хүмүүжүүлэгч В.А. Сухомлинский “Багш бол хүний сэтгэлийн эмзэг нандин ертөнцөд тасралтгүйгээр нэвтрэх хүн судлалын мэргэжил” хэмээн хэлсэн байдаг. Мягмар багш маань шоронд орсон Норжмаагийн сэтгэл зүрхэнд нэвтрэн орж, түүний шоронгийн хар бараан дурсамжийг өөрчлөн гэрэлтүүлсэн. Италын математикч Руффин Паоло “Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг” хэмээснийг санах юун. Энэ мэргэн үг бидэнд хийх ёстой ажлаас гадна хийхээс аргагүй ажлыг минь давхар сануулж байна. Хүүхдийн сэтгэлийг засахын тулд багш өөрөө сэтгэлтэй, гэрэлтүүлэгч байх ёстойг үлгэрлэн харуулжээ. Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг тэдний оюун сэтгэлийг давна. Сэтгэл рүү нь орно гэсэн үг ээ. Сэтгэлтэй багш л хүүхдийн сэтгэл зүрхэнд нэвтэрч, гэрэл тусгаж чаддаг юм байна. Сэтгэлийг сэтгэл л эмчилдэг болохыг “Шинэ зууны багш” би ухааран бишрэх ажаамуй.
Амьдрал бас итгэл дээр тогтдог. Итгэл нь ойлголцол дээр тогтдог. Хүүхдүүд итгэсэн багшийнхаа үгэнд орж, тэдний үгийг даадаг бичигдээгүй хууль байна. Хүүхдийн итгэлийг нь яаж олох вэ? Түүний мөрөөдлийн талаар, дуртай болон дургүй юмны талаар, бүтэлгүйдлийн талаар, яаж даван туулах талаар ихээхэн ярилцах хэрэгтэй аж. Швед улсад эцэг эх нь хүүхдүүдтэйгээ ярилцдаг цаг байдаг тухай дууллаа. Өөрийн хүүхдүүдээ нэг нэгээр нь дуудан өрөөнд оруулж байгаад сэтгэлийг нь онгойтол ярилцдаг жишиг тогтсон байна. Хүүхдүүд яриандаа халаад ирэхээрээ эцэг эхдээ итгэж нууцаа, бүтэлгүйтлээ, салсан, хаягдсан, хаясан найз охин(хөвгүүнээ), сургуулийн “Д” багш өөрт нь таалагддаг тухайгаа ч илэн далангүй өгүүлдэг гэнэ. Энэ бол өөр хэнд ч хэлэхгүй хэмээн их л итгэж буй шинж. Мягмар багш туршлагатай, сайн багш болсны хойно залуу багш нарт зөвлөгөө өгөхдөө “сурагчидтай хайр дурлалаас бусад бүх сэдвээр чөлөөтэй, нээлттэй, илэн далангүй ярилцаж бай” хэмээн сургадаг нь хүүхдүүдийн итгэлийг олж, тэдэнд тулгарсан асуудлуудыг нь илрүүлэх гэсэн хашир багшийн тандалтын судалгаа байжээ.
Эрих Фроммынхоор “Хайрлана гэдэг урлаг” болжээ. Багшлана гэдэг ч урлаг юм. ”Тэр дундаа, шавь нараа ойлгох, ярилцах, судлах, нөхцөлгүй хайрлах урлаг бөлгөө.“Юу тарина, түүнийгээ хураадаг” жамаар бол хайрыг түгээж, хайрыг хүртэх эрхтэй болдог. Анги олон ч, багш шавь хоёр ч хайр хүндлэлийн нуруун дээр тогтдог оо.
“Багшийн хөгжлийн индекс-2”- Шинийг суралцагч багш
Шинэ зууны багшийн хөгжлийн нэг шалгуур бол өөрчлөгдөж чаддаг эсэх юм. Мэддэгээ ардаа орхиж, шинэ мэдэхгүй зүйлийг өөриймшүүлэх шаардлага тогтмол гарна. Өөрчлөлт их стресс дагуулдаг нь гарцаагүй. 25 настай байхад амьдрал тань бүхэлдээ өөрчлөлтөөс бүрдэнэ. Бие өснө, ухаан тань хөгжинө, харилцаа тань гүнзгийрнэ. Багшийн ажлын хажуугаар магистертаа цахимаар суралцана гэх мэт ... Сурах, өөрчлөгдөх юм түмэн бумаар хэмжигдэнэ. Залуус шинэ зүйлээс айж эмээхийн оронд сэтгэл догдолж хүлээж авна. Ийнхүү их найрагч Чойномын хэлснээр “хэлгүй байгалийн дуугүй зарлигаар хэсэгхэн олдсон шагнал” шиг насан дээрээ өөрчлөгдсөн шиг өөрчлөгдөх шаардлагатай. Иазым Хикмет шиг нэг ассан дээрээ ДҮРЭЛЗЭЭД авах хэрэгтэй ...
Ихэнх хүн тодорхой наснаас хойш өөрчлөлтийг хүлцэж чадахаа больдог.Та тавьтайдаа өөрчлөлтийг огт хүсэхгүй. Тавьтайдаа ихэнх хүн дэлхий ертөнцийг байлдан дагуулах найдвар тасарсан байдаг. Үзэхээ үзлээ, харахаа харлаа одоо хангалттай гэж бодно. Амьдрал хэдий чинээ өөрчлөлт багатай байвал танд төдий чинээ таалагдана. Гэхдээ XXI зуун танд үргэлж нэг хэвээрээ байх боломж олгохгүй. XXI зуун багш нарт дараах шаардлагыг тавьж байна.
- Өөрчлөлтөд дасан зохицох чадвартай эсэх
- Мэдээллийг ялгаж салгаж, юу чухал, юу чухал бусыг мэддэг эсэх
- Шинэ зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй эсэх
Бид эдгээр шалгуурт тэнцсэн бол жинхэнэ утгаараа багш нэрийг зүүх эрхтэй болно. Тиймээ, бид тэнцсэн. Багш нар сурагчдад мэдээлэл өгөхөд төвлөрдөггүй. Учир нь тэдэнд мэдээллээс их юм алга. Facebook, твиттер, youtube, google ахаар л дүүрэн мэдээлэл. Харин оронд нь мэдээллийг ялгаж салгах, юу чухал, юу чухал биш гэдгийг ойлгох, юу юунаас илүүтэйгээр олон хэсэг мэдээллийг нэгтгэн том зургийг харах ур чадварыг эзэмшүүлэхийг зорилго болгодог. Бас дээр нь өөрийгөө дахин дахин шинээр бүтээх ёстойг ойлгуулж, дасан зохицох, хуучнаа хаях, шинийг эрэлхийлэх хандлага төлөвшүүлэхийг хичээж байна. Тиймээ, бидний шавь нар 2050, 2100 онд кибер ертөнцөд нүүдэллэн очно. Уг нийгэмд хуучнаа хаяж, дасан зохицох, шинэ зүйлийг хурдтай эзэмшиж, өөрчлөгдөх чадварууд л амьдрах арга болно. Энд л Монголчууд бидний нүүдлийн соёл иргэншлийн төрөлх чанар давамгайлах ёстой.
“Багшийн хөгжлийн индекс –3” - Номун далай багш
Би-номын шүүс шахагч
Биеэрээ биш тархиараа
Боть боть номыг нэвт гүйлгэж
Гуравхан үгтэй дүгнэлт гаргана
Яруу найрагч, философич Д.Зоригт
Ном дор мөргөмү. Багш дор мөргөмү. Ном, багш хоёрыг салгахын учир үгүй юм. Багш номыг заадаг. Ном багшийг сургадаг. Иймээс багш, ном хоёрын харилцан шүтэлцээнд сургалт чанарждаг.
“Боловсрол, мэдлэгтэй болъё” гэвэл адармаатай ном зохиолуудтай удтал зууралдаж, нухацтай уншиж байж түүнд хүрнэ. Энэ утгаараа ном бол багшийн баруун гар юм. Тийм ч учраас ОХУ-ын нэрт зохиолч, гүн ухаантан И.Герцен “Ном хүнд өөрийнхөөрөө өөрчлөгдөх боломжийг олгодог” гэж сургасан.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Франклин Рузвельт ямар ч зузаан номыг хуудас хуудсаар харж уншаад, нэг суудлаар дуусгадаг байсан. Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Кенниде минутанд 1000-аас доошгүй үг, Францын нэрт цэргийн жанжин Наполеон минутад 2000 үг, Вүүди Аллений “Дайн ба энх” зохиолыг хорин минутад уншиж чаддаг байв. Энэ хүмүүсийг юу ийм чадвартай болгов?. Зөвхөн ном. Номыг уншвал ном таныг засна. Ном бол оюуны талх. Багш бол талхыг хүртээд, шавь нартаа дамжуулагч ...
Еврей улсын нэгэн тэрбумтан “Амжилтад хүрсэн хүний зурагт нь жижиг, номын сан нь том байдаг. Харин ядуу хүний зурагт нь том, номын сан нь жижиг байдаг” хэмээн хэлснийг бодмоор. Тухайн багш хэдий чинээ ном уншина төдий чинээ үг хурц, мэдлэг арвин, амжилт бүтээл өрнүүн байх нь ойлгомжтой. Онолтой багш оюун билгээр хоосрохгүй бөгөөд онолыг номноос олдог учраас “Шинэ зууны багш” бид шимтэн уншигч байх ёстойг дэнслэн алмайрч суунам, би. Багшийн номноос саасан сүү шавийн оюуны шүүлтүүрээр ороод гарахдаа цөцгий болж боловсордог. Багш та, номун ухааны элчин билээ.
Төгсөхүй
Агуу их Альберт Эйнштейн амжилтын оргилд хүрээд “Би багш нарынхаа мөрөн дээр зогсож байна” хэмээн өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд хүүхдүүд багшаас амжилт, аз жаргалтай амьдралын жорыг олдог байна. Багш бол бүхний анхдагч юм бишүү.
Эртний Грекийн нэрт сэтгэгч Протагор “Хүн бол бүх юмсийн хэмжүүр” хэмээн хэлснээр –“хүний хөгжлийн индекс”-ийг чухалд үзэн ирсэн. Өдгөө хүнээр хүн хийдэг багш л бүх юмсын хэмжүүр болоод байна. Багш ямар байна, нийгэм тийм болдог бичигдээгүй хууль үйлчилж байна. Шинэ зууны багшийн хөгжлийн индексийн шалгуур үзүүлэлтүүдэд хүүхдэд хайртай байдал, , шинийг суралцаж буй байдал, ном уншиж, өөрийгөө хөгжүүлж буй байдлыг харгалзан тодорхойлвол зүйд нийцэх бөлгөө.
Хүүхдэд хайртай, тэдэнд сэтгэлээсээ ханддаг багш монголын маргааш шиг олон болох аваас сурагчид өөртөө итгэлтэйгээр суралцаж, алдах зоригтой, бүтээлч иргэн болно. Хайр хүндлэл, сэтгэлийг амсаж өссөн болохоор “Хүмүүс чамд хэрхэн хандаасай гэж хүснэм, чи өөрөө бусадтай, тийм байдлаар харьцагтун” гэсэн ёс суртахууны алтан зарчмыг чандлан баримтлагчид болон төлөвшиж, “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” цогцлоож, МУ-ын Үндсэн хуулийн зорилго биелнэ.
Америкийн нэрт философич, аугаа эрдэмтэн Джон Дьюи “Прогрессивизм” хэмээх багшлахуйн философийн чиг хандлагадаа “Мөн чанарыг голын урсгалтай зүйрлэн, үргэлж өөрчлөгдөж байдаг. Тиймээс тэрхүү өөрчлөлттэй зэрэгцэхийн тулд мэдлэгээ байнга өөрчилж, шинэчилж байх ёстой. Аливааг эрж хайж, судлах нь хүмүүний төрөлхийн мөн чанар” хэмээн сургасан нь “Шинэ зууны багш” нарын багшлахуйн философи, үзэл хэвээр байсаар байна. Бодогтун. Болгоохтун. Тйимээ, тийм. Багш өөрчлөгдөх ёстой. Мэдлэгээ шинэчлэх ёстой. Багш судлаач байх ёстой тухай л энд ярьж байна. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Багш нь судлаач бол шавь сурах хүсэл эрмэлзэлтэй. Багш нь өөрчлөлдөж чаддаг бол шавь нь өөрчлөлтийг хүсдэг болно. Энд үлгэр дуурайллын зарчим үйлчилж байна.
Багшаас бүх зүйл эхлэлтэй. Эрдэм боловсрол, сайн шавь, хөгжингүй нийгэм, өөрчлөлт шинэчлэлт. Шинэ зууны багш нар бол бүх юмсын хэмжүүр. Бүхний анхдагч нь тоо ч биш, ус ч биш, хязгааргүй бүр ч биш. Ердөө л БАГШ юм. Энэ ертөнц дээр нэг л мэргэжил байдаг. Түүнийг багш гэдэг.

Photos from Нийслэлийн 67-р сургууль's post 16/10/2023

Найрал дууны шилдэг хамтлаг уралдаанд амжилттай оролцсон багш сурагчиддаа баярлалаа.

Photos from KOICA Mongolia office's post 16/10/2023

Бидний хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шат шатны байгуулагад хүргүүлж байсан олон удаагийн санал хүсэлтийн үр дүнд КОЙКА - ийн төлөөлөгчид уг төсөлд манай сургуулийг хамруулахаар урьдчилсан байдлаар шалгаруулж нөхцөл байдлыг газар дээр нь судлаж байгаад талархаж байна.

Photos from Сонгинохайрхан дүүрэг Спорт хороо's post 03/10/2023
Photos from Нийслэлийн 67-р сургууль's post 30/09/2023

БНСУ Кёнбүк Их сургуулийн төлөөлөлтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
1. Манай сургуулийн суралцагчид богино хугацааны танилцах аялал хийх боломжтой
2. Мөн багш нар тухайн сургуулийн урилгаар тус сургуулиар зочлох боломжтой
3. Кёнбүк их сургуулийн багшийн ангийн оюутнууд манай сургуулийн Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид багшлах дадлага хийнэ
4.Мөн Солонгос хэлний онлайн сургалтыг үнэ төлбөргүй явуулна
5. Мөн манай сургуулийн төгсөгчдөөс тус сургуульд суралцсан тохиолдолд аав ээж нь тус хотод хууль ёсны зөвшөөрлийн дагуу ажил эрхлэх боломжийг судлахаар тохиролцлоо.

Photos from Нийслэлийн 67-р сургууль's post 27/09/2023

Өдрийн мэнд
Энэ долоо хоногийн "School police" эргүүлийг 7г ангийн эцэг эхчүүд хариуцан ажиллаж байгаа бол сурагчид маань хөл бөмбөгийн талбай болон сургуулийн орчны хогийг цэвэрлэж сургууль орчны хоггүй байлгах ажилд гар бие нэгдэн оролцлоо. Хүүхдүүддээ баярлалаа....

Photos from Нийслэлийн 67-р сургууль's post 27/09/2023

“ЯВГАН АЯЛАЛ-2023” тэмцээнд байгууллага хамт олноороо амжилттай оролцлоо.
1. “ХӨГЖӨӨНТ БУУХИА” төрөлд ДЭД БАЙР
2. “ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ” төрөлд ДЭД БАЙР
багийн нийлбэр дүнгээр ДЭД БАЙР эзэллээ. Багш, ажилчид та бүхэндээ талархал илэрхийлж баяр хүргэе.

Photos from Нийслэлийн 67-р сургууль's post 25/09/2023

7е ангийн сурагчид маань сургуулийнхаа хашааг цэвэр цэмцгэр байлгахад гар бие оролцон, үеийнхэндээ эерэг нөлөөллийг түгээж байна. Хүүхдүүддээ маш их Баярлалаа.

Photos from Хайрла's post 24/09/2023
Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Сонгинохайрхан дүүрэг 8-р хороо Баянхошууны эцэс 67-р сургууль
Ulaanbaatar
976