10/02/2015
Хүүхдийн хөгжлийн 70-80 хувь нь 3 нас хүрэхээс
өмнө төлөвшдөг
Насанд хүрсэн хүмүүсийн арай гэж сурдаг зүйлийг нялх хүүхдүүд тоглож байгаад л сурдаг ажээ. Хүүхэд суралцахад ямагт бэлэн байдаг.
Шинээр төрсөн хүүхэд туйлын арчаагүй байдаг нь түүний суралцаж, хөгжих далд нөөц боломж нь асар их байдаг учраас тэр юм. Амьтны зулзага төрөхдөө л тархи нь бүрэлдэн тогтсон байдаг бол хүүхдийн тархи цэвэрхэн цаас шиг л байдаг. Энэ цаасан дээр юу бичигдсэнээс хүүхэд хэр авьяаслаг болох нь хамаарна.
Хүүхэд төрснөөс хойш 6 сарын гэхэд түүний тархи нас бие гүйцсэн үеийн чадамжийн 50 хувьд хүрсэн байдаг ба 3 нас хүрэхэд 80 хувьд хүрдэг. Сэтгэн бодох, хэрэглэх, бүтээх туурвих, сэтгэл санаа гэх мэт боловсорсон чадварууд 3 наснаас хойш хөгжих ба энэ насанд хүртэл бүрэлдэн тогтсон тулгуур чадваруудыг ашигладаг.
Нялх хүүхдийн танин мэдэх чадвар нь ойролцоогоор нэг ой хагас хүрч, бишүүрхүү зантай болж эхлэх үеэс тодорхой болдог. Тэр өөрөө хөгжиж эхлэхэд түүний дур хүсэл болоод "би"-гээ мэдэрч эхэлсэн үед нь түүнийг нь хүндэтгэж байх хэрэгтэй.
Хүнд хэцүү, амар хялбар гэсэн ойлголт ба буруу зөв гэдгийг ялгах туршлага байхгүй учраас хүүхэд бүх зүйлд адилхан ханддаг. Тэд эд юмыг дүрсээр таних гайхалтай чадвартай.
Хүүхдийг 3 нас хүрэхээс нь өмнө төрөл бүрийн чадварт сургаж болно. Төмрийг халуун байхад нь давт гэдэг дээ. Жишээлбэл түүний алхаж сурч байхад нь роликоор гулгахыг заавал насанд хүрсэн хүнээс хамаагүй хурдан гулгаж сурна.
Төрөлх хэлээ сурч эхэлж байхдаа өөр хэлний системийг ч давхар сурах чадвартай байдаг байна. Хүүхдийн мэдээлэл хүлээн авах чадвар нь насанд хүрэгсдийнхээс хамаагүй илүү. Хэрэв энэ үеийг л алдаж өнгөрөөвөл дараа нь түүнд сургахад илүү төвөгтэй болсон байх болно.
Бид хүүхэддээ сургаж хүмүүжүүлэхийн тулд хэт их мэдээлэл өгч байна гэж санаа зовох хэрэггүй. Харин бага мэдээлэл өгч байгаадаа л санаа зовох хэрэгтэй. Хүүхдийн тархи мэдээлэл мэдлэгийг хүлээж авах асар их багтаамжтай байдаг байна. Хүүхдийг зурагтын мэдээ үзээд эсвэл сонгодог хөгжим сонсоод ойлгохгүй гэж бодох хэрэггүй.
Түүнд эдгээрийг ойлгох чадвар байдаг ч ялгаж боловсруулах чадвар байдаггүй нь ойлгомжтой. Хүүхдийн хөгжилд боловсрол, орчин хоёр удамшлаас илүү нөлөө үзүүлдэг. Чимээ шуугианаас тусгаарлагдсан, цэвэрхэн хана таазтай, ямар нэг өдөөгчгүй өрөөнөөс эрээн мяраан хөшиг, ширээний бүтээлэгтэй, хөгжим тоглуулагч зэргийг байрлуулсан өрөө хүүхдийн хөгжилд асар их түлхэц өгдөг.
Хүүхдээ нам гүм орчинд тайван байлгах нь түүний оюуныг хооллохгүй байгаатай адилхан юм. Хүүхдэд хандаж, харьцахдаа урьдын бодож таамаглаж, хэвшсэн бодол санаанаасаа салж сурах ёстой. Дэлхий ертөнцийг хүүхэд шигээ харж сурахын тулд өөрийн бүх төсөөлийг ашиглаж бай.
Мөн хүүхдийг хагас унтаа байдалд ямар нэг мэдээллийг сонсгоод, далд ухамсарт нь хадгалагдсан тэдгээр зүйлийг нойрноос сэрсэн үед нь гаргаж ирэхэд хялбар байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс хүүхдийг унтахын өмнө үлгэр уншиж өгөх, хамт унтаж байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ их ярих нь ч мөн адил түүний оюуны хөгжилд асар их нөлөө үзүүлдэг.
Хүүхэд ярьж эхлэхдээ үгтэй төстэй зүйл хэлж, шулганадаг нь түүний оюун ухааны хөгжил дутуугаас бус хэлэх эрхтэн хөгжөөгүйгээс болдог. Тэр бүх зүйлийг маш сайн ойлгож байгаа. Тиймээс түүнтэй "өөрийнх нь хэлээр" хэлээ хазаж ярих шаардлагагүй. Энэ хүүхдийн ярих дадлыг буруу хөгжүүлдэг.
Хүүхдийг хүмүүжүүлэх ажил зөвхөн ээжийнх нь нуруун дээр тохогдох ёсгүй, аав нь ажилдаа ядарсан завгүй гэх шалтгаан хүүхдийг хүмүүжүүлэх ажилд саад болох ёсгүй.
Хүүхэд ойролцоогоор 2 нас хүрээд өөртэйгээ тоглох сонирхолгүй болж, энэ үеэс бусадтай тоглож бүлэг доторхи харилцааг мэдэрнэ. Хүүхдүүдтэй эвтэй тоглох, хэрэлдэж маргалдах нь бүлгийн харилцаа. Хэрүүл хүүхдийн хувийн санаачлагыг хөгжүүлдэг.
2 настай хүүхэд хэрүүлийн идэвхигүй оролцогч байх нь мэдээж бөгөөд, 3 нас хүрэхээр хэрүүлийг өөрөө өдөөж, өөрийнхөө "би"-г харуулж байдаг. Хүүхдийн хэрүүлд томчууд хөндлөнгөөс оролцож, шалтгааныг нь тайлбарлаж өгөлгүйгээр хориглосноор хүүхэд уурлаж, хорсон улам зожиг болдог.
2-3 насанд түүний өөрийнхөө "би"-г мэдэрч эхэлсэн үед нь хүүхдийг загнаж шийтгэх нь хүүхдийг ууртай, цухалдуу болгодог. Харин ой хүрээгүй байхад нь түүнийг сахилгад сургах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ насанд шийтгэл доромжлол шиг санагдахгүй.
Эцэг эхийн гол зорилго бол хүүхдийнхээ сэтгэл санааны хямралыг хүчээр дарах бус учир шалтгааныг нь олоход чиглэж байх ёстой.
Хүүхдийг бусдын дэргэд огтхон ч шоолж болохгүй. Энэ нь түүний хожмын амьдралд ямар их хор уршиг авчрахыг тааварлашгүй. Хүүхдийг загнахаас илүү магтах нь түүнтэй ажиллахад илүү дөхөм болгодог.
Загнах албадах тохиолдол байх нь мэдээж боловч үүний тулд түүнд сонголт хийлгэх, итгүүлэн үнэмшүүлэх нь чухал. Нялх хүүхэд таны уншиж байсан сонинг урж байвал, түүнийг нь шүүрч аваад гар луу тас хийтэл алгадахын оронд түүнд хуучин сонин өгч болно шүү дээ.
Шууд булааж авах нь түүнийг хийх ажилгүй болгохын зэрэгцээ үйл ажиллагааных нь түлхэцийг дарж хаяж байна гэсэн үг. Хэрэв өөр зүйл санал болгох боломжгүй бол яагаад болохгүй вэ гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхэд ойлгохгүй байж болох ч таны дуу хоолойны өнгөөр тэр ойлгох болно.
Сонирхол бол хамгийн сайн өдөөгч. Жишээ нь хүүхдийг сайн зурдаг болгохын тулд түүний ойр орчимд хангалттай цаас, харандаа байх ёстой. Хүүхдийн хооллолтын хувьд ч мөн адил түүний амтлах мэдрэхүй энэ насанд төлөвшин тогтоно. Түүнд аль болох олон төрлийн хоол идүүлж, амтлах мэдрэмжийг нь хөгжүүлэх хэрэгтэй.
Мөн цаг хугацааны мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд хатуу чанга цагийн дэглэмийг баримтлах хэрэгтэй. Хүүхэд бол агуу дуурайгч. Хүүхэд бол насанд хүрэгсдийн толь, тиймээс хүүхдийн дэргэд байхдаа зан ааш, биеэ авч явах байдалдаа анхаарч байх хэрэгтэй.
Нохойноос айдаг хүүхдийг нохойтойгоо тоглож байгаа хүүхдийн дэргэдүүр дагуулж явахад хүүхэд түүнийг мөн л дуурайж нохойноос айх айдас нь багасна. Томчуудын боль битгий гэсэн асар их хориглолт, өөрсдийн хүсэл зоригоо тулган хүлээлгэдэг байдал нь хүүхдийн бүтээлч ажиллагаанд саад болдог. Хүүхдийг бусад хүмүүстэй харьцуулж, "стандарт" хүн болгох гэж битгий хичээ.
Хүүхдэд түмпэн сав хүртэл тоглоом болж чаддаг учраас хүссэн бүгдийг нь авч өгөх хэрэггүй. Хэт олон тоглоом түүний анхаарлыг сарниулж байдаг. Хүүхэд маш олон давталтын үндсэн дээр түүний дадал бий болсон байдаг бөгөөд аливаа өөрчлөлтөнд маш мэдрэг байдаг. Тиймээс түүний төсөөллийг эвдэж, гэр орондоо томоохон өөрчлөлт хийхээс аль болох зайлсхий.
Хүүхдийн явган явуулах нь түүнд маш сайн дасгал болдог.
Түргэн хувирч байгаа ертөнцөд өнөөдрийн амьдралын үнэлэмжээр хүүхдийг хүмүүжүүлэх нь 20, 30 жилийн дарааа хүүхдэд ямар ч ашиг тусгүй болох болно. Хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд эцэг эх нь эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Түүнийг ямар нэг зүйлийг хийхдээ хичээх ёстой гэж тулгахын оронд өөрсдөө хичээж байгаагаа харуулах ёстой.
Эцэст нь хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал зүйл нь эцэг эхийн хайр халамж юм.
Масару Ибука "Гурван нас хүрэхэд оройтно" номноос..