17/08/2026
ЭЦЭГ ЭХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХЭРХЭН ТУУШТАЙ БАЙХ ВЭ?
Эцэг эх тууштай байна гэдэг нь чанга дуугарч, хэлсэн бүхнээ ямар ч нөхцөлд заавал хийлгэхийг хэлэхгүй. Харин хүүхдэд тавьсан дүрэм, хязгаар, тохиролцоогоо ойлгомжтой хэлж, боломжийн хэрээр тогтвортой хэрэгжүүлэхийг хэлнэ.
Гэр бүлийн гол дүрэм болон насанд хүрэгчдийн хариу үйлдэл тогтвортой байвал хүүхэд юу хүлээж болохоо мэдэж, өөрийгөө илүү тайван, аюулгүй мэдэрдэг. Мөн өөрийн үйлдэл ямар үр дагавартайг аажмаар ойлгож сурна.
Энэхүү зөвлөмж нь 3-10 насны хүүхэдтэй эцэг эхэд түлхүү зориулагдсан. Зөвлөмжийг хүүхдийнхээ нас, хөгжлийн онцлог, ойлгох болон өөрийгөө зохицуулах чадвар, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан хэрэглээрэй.
1. Эхлээд өөрийгөө тайвшруулаарай
Ядарсан, уурласан, сандарсан үедээ хүн хэт хатуу үг хэлэх нь амархан. Харин тайвширсныхаа дараа тэр шийдвэрээ хэрэгжүүлэх боломжгүй болох нь бий.
Уурлаж байгаагаа мэдэрвэл: "Би одоо ууртай байна. Тайвшраад ярья." гэж түр завсарлаж болно.
Тайвшрахын тулд:
• удаан амьсгалах;
• ус уух;
• дууныхаа өнгийг намсгах;
• нөхцөл байдлаас түр холдох;
• гэр бүлийн өөр нэг насанд хүрэгчээс тусламж авах;
• хэлэх үгээ бодож байгаад ярилцах зэрэг энгийн арга хэрэглээрэй.
Эцэг эх тайван байна гэдэг огт уурлахгүй байхыг хэлэхгүй. Харин уурласан үедээ хүүхдийг айлгах, доромжлох, хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр хэлэхийн оронд өөрийн хариу үйлдлийг удирдахыг хэлнэ.
2. Хэрэгжүүлж чадах зүйлээ хэлээрэй
Эцэг эх уурласан үедээ хэт хатуу шийдвэр хэлэх нь бий.
• Дахиж хэзээ ч утас үзүүлэхгүй.
• Тоглоомоо хураахгүй бол бүгдийг нь хаяна.
• Дахиад ингэвэл аялалд авч явахгүй.
Гэвч ийм шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй байх нь олон. Ийм үг байнга давтагдвал хүүхэд ээж, аавын хэлсэн зүйл бодит шийдвэр бус, тухайн үеийн уур бухимдал эсвэл айлгах гэсэн оролдлого юм байна гэж ойлгож эхэлдэг.
Тиймээс богино, тодорхой, хэрэгжүүлэх боломжтой зүйл хэлээрэй.
• Дэлгэцийн цаг дууслаа. Одоо унтраая.
• Тоглоомоо хүн рүү шидвэл би түр хураана.
• Тоглох хугацаа дууслаа. Одоо хурааж эхэлье.
• Одоо гарах боломжгүй. Орой хоолны дараа дахин ярилцъя.
Шийдвэр хэлэхийн өмнө би үүнийг үнэхээр хэрэгжүүлж чадах уу гэж өөрөөсөө нэг асуугаарай.
3. Хүүхдэд яг юу хийхийг нь тодорхой хэлээрэй
Томоотой бай, зөв байгаарай, наад байдлаа боль гэх мэт ерөнхий үг хүүхдэд яг юу хийх хэрэгтэйг тодорхой ойлгуулдаггүй.
Үүний оронд хийх үйлдлийг нь товч, ойлгомжтой хэлээрэй.
• Юмаа хураа гэхийн оронд гутлаа тавиур дээр, хүрмээ өлгүүрт тавиарай.
• Утсаа ер нь боль гэхийн оронд хоолны үеэр утсаа ширээнээс хол тавиарай.
• Томоотой бай гэхийн оронд олон нийтийн газар намуухан дуугаар ярья.
• Дандаа ингэж байдгаа боль гэхийн оронд уурлаж болно, харин хүнийг цохиж болохгүй.
• Өрөөгөө цэвэрлэ гэхийн оронд эхлээд тоглоомоо хайрцагт нь хийгээрэй.
Хүүхэд бага байх тусам нэг удаад нэг л зүйл хэлэх нь үр дүнтэй. "Хувцсаа соль, гараа угаа, цүнхээ тавь" гэж бүгдийг зэрэг хэлэхийн оронд эхлээд "цүнхээ байранд нь тавиарай" гэж хэлж болно.
Хүүхэд нэг алхмаа хийсний дараа дараагийн үйлдлийг хэлээрэй.
4. Өөр үйлдэлд шилжихийг нь урьдчилан сануулаарай
Хүүхэд тоглоомоо зогсоох, дэлгэцээ унтраах, унтахаар бэлтгэх үедээ эсэргүүцэх нь түгээмэл.
Энэ нь хүүхэд зориуд зөрүүдэлж байгаатай холбоотой биш. Хийж байсан зүйлээсээ шууд салж, өөр үйлдэлд шилжихэд нь хэцүү байж болно.
Тиймээс юу болохыг урьдчилан сануулаарай.
• Таван минутын дараа тоглох цаг дуусна.
• Сүүлийн нэг бичлэгээ үзээд утсаа хураана.
• Дахиад хоёр удаа гулгаад гэртээ харина.
• Энэ тоглоомоо дуусгаад унтах бэлтгэлдээ орно.
• Арван минутын дараа гэрийн даалгавраа эхэлнэ.
Бага насны хүүхдэд утасны таймер ашиглах, хуруугаараа үлдсэн хугацааг тоолох, цагийн зүүгээр хугацааг харуулах зэрэг арга илүү ойлгомжтой байдаг.
Урьдчилан хэлсэн ч хүүхэд дургүйцэж болно. Гэхдээ гэнэт таслан зогсоосноос илүү өөрийгөө бэлтгэх боломжтой болно.
5. Үйлдэлтэй нь холбоотой үр дагавар хэрэглээрэй
Үр дагавар нь хүүхдийг өвтгөх, ичээх, айлгах арга биш. Харин хийсэн үйлдлийнхээ нөлөөг ойлгож, дараагийн удаа өөрөөр хийхэд нь туслах зорилготой.
Жишээлбэл:
• Тоглоомоо шидвэл тухайн тоглоомыг түр хураана.
• Ус асгавал арчихад нь оролцуулна.
• Бусдын эд зүйлийг гэмтээвэл засах, нөхөхөд нь оролцуулна.
• Хогоо шалан дээр хаявал өөрөөр нь түүлгэнэ.
• Дэлгэцийн цаг дууссан байхад дахин асаавал тухайн өдрийн хэрэглээг дуусгана.
Үр дагавар нь:
• тухайн үйлдэлтэй холбоотой;
• аль болох шууд;
• хүүхдийн насанд тохирсон;
• хэт удаан үргэлжлэхгүй;
• тайван, хүндэтгэлтэй хэрэгжих нь чухал.
Хоол өгөхгүй байх, унтуулахгүй байх, хайрлахгүй гэж айлгах, айлган сүрдүүлж тусгаарлах, хяналтгүй орхих зэргийг сахилгын арга болгон хэрэглэж болохгүй.
Хүүхэд алдаа гаргасан ч хайр, халамж, аюулгүй байдал нь хэвээр байх ёстой.
6. Олон дахин давталгүй, тайван хэрэгжүүлээрэй
Нэг зүйлийг тав, арван удаа хэлэхэд хүүхэд эхний сануулгуудыг үл тоож болох юм байна гэж ойлгож болно.
Дараах дарааллыг хэрэглэж үзээрэй.
1. Хүүхэд рүүгээ ойртож очно.
2. Анхаарлыг нь өөртөө хандуулна.
3. Товч, ойлгомжтой хэлнэ.
4. Ойлгосон эсэхийг нь шалгана.
5. Хэрэгтэй бол хоёр энгийн сонголт өгнө.
6. Хэлсэн зүйлээ тайван хэрэгжүүлнэ.
Жишээлбэл:
Тоглох хугацаа дууслаа. Чи өөрөө хураах уу, би эхлүүлэхэд чинь туслах уу?
Хүүхэд хариулахгүй байвал:
Сонгоход хэцүү байна уу? Тэгвэл би чамтай хамт эхэлье.
Заримдаа хүүхэд сонсоогүй, ойлгоогүй эсвэл ганцаараа хийж чадахгүй байж болно. Тиймээс шууд зөрүүдэлж байна гэж бодохоосоо өмнө ойлгосон эсэх, тусламж хэрэгтэй эсэхийг нь анзаараарай.
7. Мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрч, хязгаараа хадгалаарай
Хүүхэд хүссэн зүйлээ авч чадахгүй үедээ уурлаж, уйлж, гомдоллож болно. Энэ нь тавьсан дүрэм буруу гэсэн үг биш.
Ийм үед мэдрэмжийг нь ойлгож байгаагаа хэлэхийн зэрэгцээ шийдвэрээ хэвээр хадгалж болно.
• Чи дахиад тоглохыг хүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ тоглох цаг дууссан. Маргааш дахин тоглож болно.
• Чамд энэ шийдвэр таалагдахгүй байгааг мэдэж байна. Өнөөдөр чихэр авахгүй.
• Чи уурлаж болно. Харин хүнийг цохиж болохгүй. Уурласнаа үгээр хэлээрэй.
• Утсаа унтраах хэцүү байгааг ойлгож байна. Өнөөдрийн дэлгэцийн цаг дууссан.
• Чиний гадаа удаан тоглохыг хүсэж байгааг ойлгож байна. Харин одоо их орой болж гэртээ харих цаг болсон.
Хүүхдийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх нь хүссэн бүхнийг нь зөвшөөрнө гэсэн үг биш.
Хүүхэд уурлаж болно. Харин эцэг эх уурласных нь төлөө доромжлохгүй, айлгахгүй, тавьсан хязгаараа тайван хадгална.
8. Удаан маргалдахаас зайлсхийгээрэй
Хүүхэд удаан гуйсны дараа эцэг эх шийдвэрээ байнга өөрчилдөг бол дараагийн удаа мөн адил удаан гуйж магадгүй.
Шалтгааныг товч хэлээд, шийдвэрээ тайван давтан хэлэхэд хангалттай.
• Дэлгүүрээс чихэр авахгүй. Гэрт амттан байгаа.
• Чиний хэлснийг сонслоо. Одоогийн шийдвэр хэвээрээ.
• Одоо бид хоёулаа ууртай байна. Тайвширсны дараа ярилцъя.
• Энэ талаар тайлбарласан. Одоо маргалдахгүй.
Тууштай байна гэдэг хүүхдийн үгийг сонсохгүй гэсэн үг биш. Хүүхдийн тайлбар, санал, шинэ мэдээллийг сонсож болно.
Харин нэг хариултаа олон удаа тайлбарлаж, маргааныг удаан үргэлжлүүлэх шаардлагагүй.
9. Боломжтой зүйл дээр сонголт өгөөрэй
Жишээлбэл:
• Унтах цаг болсон. Эхлээд шүдээ угаах уу, унтлагын хувцсаа өмсөх үү?
• Тоглоомоо хураая. Машинаасаа эхлэх үү, эвлүүлдэг тоглоомоосоо эхлэх үү?
• Хичээлээ хийе. Ширээн дээр суух уу, том өрөөндөө суух уу?
• Усанд орох цаг болсон. Тоглоомоо авч орох уу, хөөсөөр тоглох уу?
• Гарах цаг боллоо. Цэнхэр цамцаа өмсөх үү, ногоон цамцаа өмсөх үү?
Ингэснээр хүүхэд өөрөө оролцож, сонголт хийж байгаагаа мэдэрнэ.
10. Гэр бүлийн томчууд гол дүрмүүд дээрээ тохироорой
Ээж нь хориглосон зүйлийг аав нь зөвшөөрөх, эсвэл нэг хүнээс зөвшөөрөл аваагүй хүүхэд нөгөө хүнээс дахин асуух тохиолдол гэр бүлд элбэг.
Ээж, аав болон хүүхдийг тогтмол асардаг бусад насанд хүрэгч бүх зүйл дээр яг ижил хариулах албагүй. Харин дараах гол асуудлууд дээр нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй.
• Унтах цаг
• Дэлгэцийн хэрэглээ
• Аюулгүй байдлын дүрэм
• Бусадтай хэрхэн харилцах
• Дүрэм зөрчсөн үед ямар хариу үзүүлэх
Томчуудын санал зөрвөл хүүхдийн дэргэд бие биеийнхээ үгийг үгүйсгэхийн оронд дараа нь тусдаа ярилцаж тохирох нь зүйтэй.
11. Хүүхдийн зөв үйлдлийг анзаараарай
Хүүхэд дүрэм зөрчсөн үед нь л анхаарах биш, зөв үйлдэл гаргасан үед нь мөн анзаарч хэлэх хэрэгтэй.
Мундаг гэж ерөнхий хэлэхийн оронд яг ямар үйлдлийг нь үнэлж байгаагаа хэлээрэй.
• Чи утсаа өөрөө унтраалаа.
• Тоглохоо зогсоох хэцүү байсан ч тоглоомоо хурааж эхэллээ.
• Чи уурласан ч цохихын оронд үгээр хэллээ.
• Гутлаа өөрөө байранд нь тавьсныг анзаарлаа.
• Чи дүүтэйгээ тоглоомоо ээлжилж тоглолоо.
• Би нэг л удаа сануулахад чи бэлдэж эхэллээ.
Ингэж хэлэхэд хүүхэд ямар үйлдэл нь зөв, тустай байсныг ойлгож, дахин хийх боломж нэмэгдэнэ.
12. Буруу шийдвэр гаргасан бол засаж болно
Эцэг эх үргэлж зөв шийдвэр гаргах боломжгүй. Заримдаа уурласандаа хэт хатуу зүйл хэлэх, нөхцөл байдлыг бүрэн ойлголгүй шийдэх үе гарна.
Жишээлбэл:
• Би уурласан үедээ хэт хатуу зүйл хэлсэн байна. Тэр шийдвэр зөв байгаагүй. Одоо илүү шударга шийдвэр гаргая.
• Чиний хэлснийг эхэндээ бүрэн сонсоогүй байна. Одоо нөхцөл байдлыг ойлгосон учраас шийдвэрээ өөрчилж байна.
• Би өнөөдөр гадаа гарах боломжгүй гэж бодсон. Харин ажлаа эрт дуусгасан учраас богино хугацаанд гарч болно.
Энэ нь хүүхдэд том хүн ч алдаа гаргаж болдгийг, алдаагаа хүлээн зөвшөөрч, засах нь зөв гэдгийг үлгэрлэнэ.
Тууштай байна гэдэг:
• олон дүрэм тогтоохын оронд цөөн, чухал дүрмээ хэрэгжүүлэх;
• чанга дуугарахын оронд тодорхой хэлэх;
• айлгаж сүрдүүлэхийн оронд урьдчилан сануулах;
• шийтгэхийн оронд үйлдэлтэй холбоотой үр дагавар хэрэглэх;
• хүүхдийн мэдрэмжийг ойлгохын зэрэгцээ хязгаараа хадгалах;
• зөв үйлдлийг нь анзаарч дэмжих;
• алдаа гаргасан үедээ харилцаагаа засахыг хэлнэ.
Хүүхэд ядарсан, өлссөн, өвдсөн, айсан эсвэл сэтгэл хөдлөлөө зохицуулахад нь хэцүү байгаа эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй.
Хүүхэд чанга дуу, сүрдүүлгээс илүү эцэг эхийн тогтвортой үйлдлээс суралцдаг.
Тууштай байдал нь хүүхдэд юу хүлээж болохыг ойлгуулж, гэр бүлийн итгэлцэл, тайван байдал болон аюулгүй байдлын мэдрэмжийг бэхжүүлдэг.
Г.Төмөрзаяа