10/06/2026
“Цөмийн технологи – Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.
Монгол Улсад цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн хамтран “Цөмийн технологи – Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт уралдаант эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд манай хүрээлэнгийн судлаачид 3 аман болон 2 ханын илтгэлээр оролцож, өндөр амжилт үзүүлэн дараах шагналуудыг хүртэв.
Шагналт байр эзэлсэн илтгэлүүд
• А.Төрсүх – “Нейтрон цацрагаас хамгаалах загварын Монте Карло тооцоо” сэдэвт илтгэлээр аман илтгэлийн III байр
• Ц.Ганзул – “PET/CT байгууламжийн цацрагийн хамгаалалт, тунгийн тооцоолол” сэдэвт илтгэлээр Цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийн холбооны шилдэг судлаач эмэгтэй тусгай байр
• Х.Дашням – “Судалгааны реакторуудын загварчлалд Монте-Карло аргад суурилсан кодуудыг ашиглах нь” сэдэвт илтгэлээр ханын илтгэлийн төрөлд шилдэг ханын илтгэлийн байр
• Н.Отгонпүрэв – “Монгол Улсын эрчим хүчний салбарыг нүүрстөрөгчгүйжүүлэх нь: Эрчим хүчний хосолмол системийг ашиглах техник, эдийн засгийн судалгаа” сэдэвт илтгэлээр ивээн тэтгэгчийн тусгай шагнал
Судалгааны ажлуудаас онцлон дурдвал:
А.Төрсүх нь нейтрон цацрагийн хамгаалалтын асуудлыг гүнзгийрүүлэн судалж, шинэ төрлийн хамгаалалтын материалын шийдлийг санал болгосон байна. Боловсруулсан загварын хүрээнд хамгаалалтын савны гадаргуу орчимд үүсэх цацрагийн тунгийн чадлыг Монте Карло аргад суурилсан PHITS код ашиглан тооцоолж, үүний зэрэгцээ уг савыг бүтээх өртөг болон үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэн харьцуулсан нь судалгааны практик ач холбогдлыг нэмэгдүүлжээ.
Ц.Ганзул нь PET/CT дүрс оношилгооны төхөөрөмж шинээр суурилуулах байгууламжид оношилгооны явцад үүсэх цацрагийн хамгаалалтын асуудлыг нарийвчлан авч үзсэн. Тэрээр тунгийн тооцооллыг аналитик томьёо болон Монте Карло аргаар харьцуулан судалснаар хяналтгүй бүсийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд хананд нэмэлтээр 7 мм зузаан хар тугалга шаардлагатайг тогтоосон байна.
Х.Дашням нь судалгааны реакторын нейтроникийн тооцоололд Монте Карло аргад суурилсан орчин үеийн кодуудыг ашиглах боломжийг судалжээ. Тухайлбал, VVR-M2 болон IRT-4M түлштэй реакторуудын нейтрон үржүүлэгч факторыг OpenMC 0.15.3 болон SERPENT 2.1.30 кодуудаар, ENDF/B-VII.1 өгөгдлийн сантайгаар тооцоолж харьцуулсан бөгөөд үр дүнгийн зөрүү 0.34%-иас бага байсан нь тооцооллын өндөр нарийвчлал, нийцтэй байдлыг харуулсан юм.
Н.Отгонпүрэв нь Монгол Улсын эрчим хүчний салбарыг нүүрстөрөгчгүйжүүлэх боломжийг эрчим хүчний хосолмол системийн хүрээнд судалжээ. Судалгаанд нүүрсэнд суурилсан дулааны цахилгаан станц, нарны фото цахилгаан үүсгүүр (PV), салхин турбин, батарей хуримтлуурын систем (BESS), жижиг модульт реактор (SMR)-ыг нэгтгэсэн сүлжээний хувилбаруудыг HOMER программ ашиглан харьцуулан үнэлсэн байна.
Үүний үр дүнд хамгийн оновчтой хувилбар нь:
• CO₂ ялгарлыг 10,860,025 тонноос 6,755,129 тонн хүртэл буюу 37.8%-иар бууруулах,
• Нийт өнөөгийн өртгийг (NPC) 31.5 тэрбум ам.доллараар буюу 21.4%-иар бууруулах,
• Эрчим хүчний нэгж өртгийг (LCOE) 0.0801 ам.доллар/кВт.цаг хүртэл буюу 21.5%-иар бууруулах боломжтойг тогтоосон байна.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын эрчим хүчний салбарын шилжилтэд сэргээгдэх эх үүсвэр болон жижиг модульт реакторын гүйцэтгэх үүргийг тодорхой харуулж, бодлого боловсруулагчдад үнэтэй мэдээлэл өгөхүйц ач холбогдолтой ажил болжээ.
Эдгээр амжилт нь манай хүрээлэнгийн судлаачдын мэргэжлийн өндөр ур чадвар, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлын чанар, бодит үр өгөөжийг тодорхой илэрхийлсэн онцлох үйл явдал боллоо.