28/04/2021
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг Монгол үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг угтан Монгол Улсын Соёлын яам, Үндэсний номын сан, "Өв өлгий" төслөөс хамтран "МИНИЙ МОНГОЛ БИЧИГ" бүтээлч бичгийн уралдаан зарлаж байна.
Уралдааны журам:
-Оролцогчид өгөгдсөн сэдвээр шинээр бүтээл туурвиж ирүүлнэ.
-Чөлөөтэй сэтгэж зохиомжлон, монгол бичгийн бүх тигээр, хэлбэр харгалзахгүй бүтээнэ.
-Өөр уралдаанд оролцсон болон олон нийтэд дэлгэсэн бүтээлийг уралдаанаас хасна.
-Уралдаанд бүтээлийн нягтрал сайтай зургийг зохиогчийн овог, нэр, насны мэдээллийн хамт хавсаргаж [email protected] цахим шуудангаар илгээнэ.
Уралдааныг шалгуур үзүүлэлт:
1. Бүтээлч сэтгэлгээ, зохиомж, агуулга: 50 оноо
2. Алдаагүй зөв бичсэн эсэх: 20 оноо
3. Бичгийн хэв: 20 оноо
4. Олны таашаалд нийцсэн байдал: 10 оноо
Бүтээлийг 2021.04.28-05.06-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авч, Үндэсний номын сангийн фэсбүүк хуудсанд https://www.facebook.com/National.Library.of.Mongolia нийтэлнэ. Уралдааны дүнг мөн хуудсаар 05 сарын 07-ны 11:00 цагт зарлана.
Харилцах утас: 86868928, 80805178
#МинийМонголБичиг
01/05/2020
“Үндэсний бичиг үсгийн баяр 2020” номын үзэсгэлэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригийг Монголын “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхэддээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээр тэмдэглэн ирсэн билээ.
Тус үзэсгэлэнд нийт 141 ном дэлгэгдсэн бөгөөд дараах 9 номыг онцлон дэлгэрэнгүй танилцуулж байна. Бусад номын талаарх товч мэдээллийг http://122.201.23.45/cgi-bin/koha/opac-shelves.pl?sortfield=title&viewshelf=753&itemoff=8 холбоосоор үзэж сонирхоно уу.
1. Их дэлгэр тод бичиг
Зохиогч: Ч.Сундуй, Хэвлэсэн он: 2004
Тус ном нь 1988 онд хэвлэгдэж байсан “Тод Монгол бичиг” харьцуулсан сурах бичгийн шинээр засаж найруулсан хувилбар бөгөөд Төвөд, Санскрит үсгийн галигийг дэлгэрэнгүй оруулж, дасгал ажил, унших сэдвүүдийг нэмж багтаажээ. Дүрмийн тайлбар сэлтийг шинэ монгол үсгээр, харьцуулсан үг өгүүлбэрийг монгол бичгээр тухай бүрт нь хадаж өгсөн давуу талтай ном юм.
2. Эх хэлний эрдэнэ үгс
Зохиогч Д.Баттогтох, Хэвлэгдсэн он: 2009
Тус ном Хэлц бүрийн далд хийгээд давхар утгас, ёгт хийгээд битүү утгас, үндсэн хийгээд шилжсэн утгыг үлгэр домгоор тайлсан хийгээд хувилбар хэлц зэргийг багтааж өгсөн Үндэсний хэл утга соёлын мэдлэг өсгөх, сургаал санамж болох ёс суртахууны номлолын чанартайгаараа онцлог ном юм.
3. Модон барын ном
Зохиогч Ц.Шүгэр, Хэвлэгдсэн он: 2002
Тус номд Бичмэл номын тойм, 13-17-р зуунд хэвлэгдсэн модон барын номын мэдээ, ном, 18-р зуунд хэвлэгдсэн модон барын ном, 19-р зуунд хэвлэгдсэн модон бар, хорголжин барын ном болон монгол барын номыг судалсан байдал зэрэг сэдвийг хамарч бичсэн онцлогтой юм.
4. БНМАУ-ын нутаг дахь хадны бичээс
Зохиогч: Л.Болд, Хэвлэгдсэн он. 1990
Тус номд Ар ханангийн түрэг бичээс, Ачит нуурын түрэг бичээс, Бигэрийн түрэг бичээс, Гурвалжин уулын түрэг бичээс, Гурван мандалын түрэг бичээс зэрэг Түрэг бичгийн нийт 40 дурсгалын тухай бичигдсэн онцлогтой юм.
5. Хэвтээ дөрвөлжин үсэг, түүний дурсгалууд
Зохиогч: Р.Бямбаа, Хэвлэгдсэн он: 1997
Тус ном нь Хэвтээ дөрвөлжин үсгийн тухай, Монгол хэлээр байгаа хэвтээ дөрвөлжин үсгийн дурсгалууд, Санскрит хэлээр байгаа хэвтээ дөрвөлжин үсгийн дурсгалууд, Төвд хэлээр байгаа хэвтээ дөрвөлжин үсгийн дурсгалуудын тухай бичсэнээрээ онцлог юм.
6. Даавуун артай соёлын баримтат өвийн өнөөгийн байдал
Эмхэтгэсэн: Д.Мэндсайхан, Б.Тунгалаг. Хэвлэгдсэн он: 2019
Үндэсний бичиг үсгийн баяр-2019-ын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээ онол практикийн хурлын эмхэтгэл. Даавуун дээр зурсан Монгол нутгийн зургууд 18-20-р зууны эхэн. МУБИС. Түүхийн тэнхимийн эрхлэгч, Доктор Ж.Гэрэлбадрах тэргүүтэй 8 илтгэгчийн илтгэл багтсан.
7. Орчин цагийн Монгол хэлний сурах бичиг
Шадавын Лувсанвандан Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 2-р боть. Авиа зүй ба үгийн зүй, Үгүүлбэрийн зүй, Орчин цагийн Монгол хэл гэсэн ерөнхий 3 бүлгээс бүрдэх ба Монгол судлалын үндэсний зөвлөлөөс Монгол судлалын шилдэг өв цувралын хүрээнд эрхлэн хэвлүүлсэн бүтээл юм.
8. Занабазарын дөрвөлжин үсэг
Зохиогч: Р.Бямбаа, Хэвлэгдсэн он: 2005
Занабазарын Дөрвөлжин үсэг, Занабазарын Дөрвөлжин үсгээр бичсэн Монгол хэлний дурсгалууд, Занабазарын дөрвөлжин үсгээр бичсэн Санскрит хэлний дурсгалууд, Занабазарын Дөрвөлжин үсгээр бичсэн Төвөд хэлний дурсгалууын тухай бичсэн онцлогтой ном.
9. Үндэсний бичиг соёлын өв
Санаачлан хэрэгжүүлэгч: Монголын Урлагийн зөвлөл, Монгол Улсын Үндэсний номын сан. Хэвлэгдсэн он: 2018
Монгол Улсын Үндэсний номын сангийн Алтан сан хөмрөгт хадгалагдаж буй ховор ном, бичиг соёлын үнэт эрдэнэсээс дээжлэн гэрэл зураг болон дэлгэрэнгүй тайлбар хийж бүтээсэн энэхүү ном нь ховор чухаг мэдээллээр мэдлэгийн санг тань баяжуулах болно.