18/09/2026
БИБЛИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙН (UBTC) 10 ДАХЬ ЗАХИРАЛ ТОМИЛОГДЛОО!
📅 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Библийн Сургалтын Төвийн 10 дахь захирлыг томилох ёслол болж, БСТ-ийн багш, Оюутны хэрэг эрхлэгчээр үйлчилж ирсэн Батдэлгэрийн Өлзийжаргал тус сургуулийн захирлаар томилогдлоо.
Энэхүү ёслол нь БСТ-ийн хувьд зөвхөн захирлын албан үүрэг шилжүүлсэн үйл явдал бус, үе үеийн удирдлага, багш ажилчид, чуулганууд болон хамтран зүтгэгчдийн залбирал, хөдөлмөр, зориулалтаар үргэлжилж ирсэн теологийн боловсролын үйлчлэлийн нэгэн үе дараагийн үедээ шилжсэн онцгой үйл явдал байлаа. 🙏
🙏 Ёслол залбирлаар эхэллээ
Ёслолыг БСТ-ийн төгсөгч, Төгсөгчдийн холбооны дарга, пастор М.Түмэндэлгэр хөтөлж, Удирдах зөвлөлийн гишүүн пастор С.Эрдэнэ шинэ захирал болон БСТ-ийн цаашдын үйлчлэлийн төлөө залбирснаар эхлэв.
Удирдах зөвлөлийн гишүүн пастор Ч.Бат-Эрдэнэ нээлтийн үгэндээ өнөө цагт Библийн сургууль Эзэний Үгийг үнэн зөв зааж, Бурханы үнэн зөвт байдлыг гэрчлэх чухал үүрэгтэйг онцлов. Мөн өнгөрсөн найман жилийн хугацаанд БСТ-ийг удирдсан Г.Лувсангомбо захирал болон багш, ажилчдын үйлчлэлд талархал илэрхийллээ.
📖 “Мариагийн дуудлага” — Ёслолын номлол
Үүний дараа ёслолын номлолыг Азийн Теологийн Холбооны гүйцэтгэх захирал Тереза Луа Лук 1:26–38-аас “Мариагийн дуудлага” сэдвээр хуваалцлаа.
Тэрээр:
“Бидний дуудлага бол Түүний үйлчлэгч байхаар дуудагдсан дуудлага.”
хэмээн онцолж, Бурхан биднийг юунд дуудаж байгаа, дуудлагынхаа төлөө өртгийг нь төлөхөд бэлэн эсэх, Бурханы оршихуй, зорилго, хүч чадалд итгэлээ тавихад бэлэн эсэх талаар уриаллаа.
Тереза Луа номлолынхоо гол санааг Мариагийн “Би бол Бурханы зарц” гэсэн хариулттай холбон тайлбарлаж, удирдагчийн дуудлага нь бусдаас дээгүүр байх бус,
“Би бүгдээс илүү биш, би бүгдийн үйлчлэгч.”
гэсэн байр сууринаас үйлчлэх дуудлага болохыг онцлов.
Мөн Бурханыг Эзэн гэж хүлээн зөвшөөрч байгаа бол Түүний дуудсан зүйлд дуулгавартай байж, хүсэл зорилгод нь өөрийгөө бүрэн даатгах учиртайг Мариагийн жишээгээр санууллаа.
Шинээр томилогдож буй захирал Б.Өлзийжаргалд хандан Бурханы дуудлагадаа бат зогсож, учрах саад бэрхшээлийн дунд Бурханы оршихуй, зорилго, хүч чадалд итгэн, тэвчээртэй, дуулгавартай үйлчлэхийг захилаа. 🙏
Номлолын дараа пастор М.Түмэндэлгэр “Илгээлтийн дуу” онцгой магтаалыг өргөж, мэндчилгээ дэвшүүлэв. 🎶
🎓 ШИНЭ ЗАХИРЛЫГ АЛБАН ЁСООР ТОМИЛОВ!
Үүний дараа БСТ-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн С.Амаржаргал Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулж, шинэ цаг үеийг Бурхан тогтоож буйг онцоллоо.
БСТ-ийн Үндсэн дүрмийн холбогдох заалт болон Удирдах зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн Батдэлгэрийн Өлзийжаргалыг 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс Библийн Сургалтын Төвийн захирлаар томилсныг албан ёсоор зарлав.
💬 “БСТ бол Бурханы намайг сургасан сургууль байлаа”
Захирлын үүргээ хүлээлгэн өгсөн Г.Лувсангомбо өнгөрсөн найман жилийн үйлчлэлээ эргэн дурсаж, “БСТ надад юу сурав?” сэдвээр сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр БСТ-ийн хамгийн том баялаг нь барилга, хөтөлбөр, төсөв бус хүмүүс байсныг онцолж, БСТ өөрт нь хүмүүсийг хайрлах, удирдагч байх ба бүхнийг хянахын ялгааг ойлгох, сайн засаглалыг эрхэмлэх, нигүүлсэл ба шударга ёсыг хамтад нь барих, Бурханы хангамжид найдах зэрэг олон сургамж өгснийг хуваалцав.
Тэрээр өнгөрсөн хугацааны сорилт, алдаа оноогоо эргэцүүлэн:
“Удирдагч байхын нэг хэсэг нь зөв гэдгээ батлах биш, өөрийн алдааг ч харах чадвартай болох юм байна.”
хэмээн хэлж, эцэст нь:
“БСТ бол миний удирдсан сургууль төдий биш. БСТ бол Бурханы намайг сургасан сургууль байлаа.”
хэмээн найман жилийн үйлчлэлээ дүгнэлээ.
Мөн тэрээр Б.Өлзийжаргал багшийг БСТ-ийн хувьд шинэ хүн бус, тус сургуулийн төгсөгч, олон жил багшилж, оюутан, төгсөгчидтэй ажилласан бөгөөд Монголын чуулган, пасторуудын дунд үйлчилсэн өргөн туршлагатай хүн болохыг танилцуулав.
“БСТ-ийн шинэ захирлын хувьд таныг баяртайгаар угтан авч, Бурханы ивээл дор энэ үйлчлэлийг танд хүлээлгэн өгч байна.”
хэмээн үйлчлэлийг дараагийн үед шилжүүлэн өглөө.
🙏 Шинэ захирлын төлөө гар тавин залбирав
Үүний дараа БСТ-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн С.Амаржаргал, Б.Өлзийжаргалын илгээгч БНСУ-ын Андун чуулганы пастор Хуан Ён Тэй, А.Өнөржаргал нар шинэ захирлын төлөө гар тавин ерөөж залбирлаа. 🙏
🤝 “Албан тушаал бус, үйлчлэх хариуцлага”
Шинээр томилогдсон захирал Б.Өлзийжаргал үг хэлэхдээ энэ өдрийг албан тушаал хүлээн авч буй өдөр гэхээс илүү:
“Бурханаас даатгаж буй үүрэг үйлчлэл, хариуцлагыг хүлээн авч буй хүндэтгэлтэй өдөр.”
хэмээн ойлгож байгаагаа илэрхийлэв.
Тэрээр Элч Паулын:
“Би тарьсан, Апол усалсан, харин Бурхан ургуулсан.”
— 1 Коринт 3:6
хэмээх үгийг эш татаж, БСТ өнөөдөр тэгээс эхэлж байгаа бус, өмнөх үеийн олон хүн тарьж, усалж, залбирч, хөдөлмөрлөж ирсэн бөгөөд энэ бүх хугацаанд Бурхан ургуулж, БСТ-ийг өнөөдрийг хүртэл авчирсан хэмээн онцлов.
Тэрээр БСТ-ийг үүсгэн байгуулж, хөгжүүлж ирсэн үе үеийн удирдлага, захирлууд, багш ажилчид, Монголын чуулганууд, дотоод гадаадын хамтран зүтгэгчид болон сургуулийн төлөө залбирч, хөдөлмөрлөж, өөрсдийгөө зориулсан бүх хүмүүст талархал илэрхийллээ.
Мөн үйлчлэлийг дараагийн үед шилжүүлэн өгч буй Г.Лувсангомбо захиралд онцгойлон талархав.
⛪ “БСТ Монголын чуулганд үйлчлэхийн төлөө оршдог”
БСТ-ийн цаашдын үйлчлэлийн чиглэлийн талаар шинэ захирал:
“Библийн Сургалтын Төв бол өөрийнхөө төлөө оршдог сургууль биш. БСТ Монголын чуулганд үйлчлэхийн төлөө оршдог.”
хэмээн онцоллоо.
Тиймээс Библийн боловсрол зөвхөн шалгалтын хариулт, дипломоор дуусах бус, Бурханы Үгийг зөв ойлгосон мэдлэг нь чуулганы индэр дээр үнэн зөв тунхаглагдаж, хүмүүсийг хайрлах үйлчлэл болон илэрч, Монголын нийгэмд сайн нөлөө үзүүлэх амьдрал болон үр жимсээ өгөх ёстойг тэмдэглэв.
Тэрээр БСТ-ийг:
📖 Бурханы Үгэнд бат суурилсан
🎓 Академик чанарыг эрхэмлэсэн
✝️ Христийн зан чанартай
🤲 Үйлчлэгч зүрх сэтгэлтэй хүмүүсийг бэлтгэдэг сургууль
байлгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн сургуулийн алсын хараа болох:
“ҮЙЛЧЛЭГЧДИЙГ ЧУУЛГАНД, УДИРДАГЧДЫГ ДЭЛХИЙД”
хэмээх уриа нь зөвхөн үг бус, БСТ-ийн сургалт, багшлал, оюутны амьдрал, үйлчлэл бүрд бодитоор хэрэгжих учиртайг онцоллоо.
Мөн захирлын үүргийг эрх мэдэл бус, үйлчлэх хариуцлага хэмээн хүлээн авч буйгаа илэрхийлж, Бурханы Үгийг эрхэмлэх, БСТ-д өвлөгдөн ирсэн сайн өвийг хүндэтгэх, багш, ажилчид, оюутнуудаа сонсож хүндэтгэх, Монголын чуулгануудтай ойр хамтран үйлчлэх, эв нэгдэл, итгэлцлийг эрхэмлэх, сургалтын чанар болон үйлчлэгчдийн төлөвшилд анхаарахаа илэрхийлэв.
Тэрээр энэ үүргийг ганцаараа биелүүлж чадахгүйгээ илэрхийлж, БСТ-ийн хамт олон, чуулганууд болон хамтран зүтгэгчдэд хандан:
“Надтай хамт алхаж, залбирч, зөвлөж өгөөрэй.”
хэмээн хүсээд,
“Биднийг нэгтгэдэг төв бол Есүс Христ, Түүний Сайн мэдээ, Түүний чуулганд үйлчлэх бидний дуудлага юм.”
хэмээн онцоллоо.
💐 ТАЛАРХАЛ, ҮДЭЛТИЙН МӨЧ!
Албан үүргээ хүлээлгэн өгч буй Г.Лувсангомбо захиралд хандан Квай-Лин талархал, дурсамжийн үг хэллээ.
Тэрээр БСТ-ийг удирдах үйлчлэл бол зүгээр нэг ажил бус, Бурханы дуудлага болохыг онцолж, Лувсангомбо захирлын үйлчлэлийн эхэн үеийг дурсан ярив.
Тэрээр хүнд хэцүү цаг үед Лувсангомбо захирал “Би одоо яах вэ?” хэмээн асуухад нь “Залбиръя” гэж хамтдаа Бурханд хандаж байсан мөчүүдээ дурсан:
“Бидний хэн нь ч төгс биш. Гэсэн ч Бурхан биднийг Өөрийн хаанчлалын төлөө хэрэглэдэг.”
хэмээн түүний өнгөрсөн жилүүдийн үйлчлэлд талархал илэрхийллээ.
Үүний дараа Удирдах зөвлөлийн тэргүүн С.Амаржаргал, УЗ-ийн гишүүн Ч.Бат-Эрдэнэ, БСТ-ийн Төгсөгчдийн холбооны төлөөлөл Г.Лувсангомбо захирал болон түүний гэр бүл, цаашдын амьдрал, үйлчлэлийн төлөө залбирч, хүндэтгэлтэйгээр үдэн гаргав. 🙏
БСТ-ийн багш ажилчдыг төлөөлж нарийн бичиг Б.Энхтуяа өнгөрсөн хугацаанд сургуулийн төлөө зориулсан түүний хөдөлмөр, үйлчлэлд талархлаа илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.
🙌 НЭГ ҮЕИЙГ ТАЛАРХАЛТАЙГААР ҮДЭЖ, ШИНЭ ҮЕИЙГ ЕРӨӨЛТЭЙГЭЭР УГТЛАА
Ийнхүү Библийн Сургалтын Төвийн нэгэн үеийн үйлчлэлийг талархалтайгаар үдэж, шинэ үеийн үйлчлэлийг ерөөлтэйгээр угтсан БСТ-ийн 10 дахь захирлыг томилох ёслол өндөрлөв.
Ёслолын төгсгөлд “Алдрыг Эзэнд” чуулганы ахлах пастор Т.Дамба үг хэлж, БСТ-ийн шинэ удирдлага болон цаашдын үйлчлэлийн төлөө ерөөлийн залбирал өргөв. 🙏
Хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид хамтдаа дурсгалын зураг авхуулснаар ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
#БиблийнСургалтынТөв #ШинэЗахирал #БӨлзийжаргал #ТеологийнБоловсрол #ҮйлчлэгчдийгЧуулганд #УдирдагчдыгДэлхийд