29/09/2026
“ЭМИЙН УРГАМАЛ – 2026” НААДАМ 🏆🌿
Монголын уламжлалт анагаах ухааны өв соёл болон эмийн ургамлын талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой "ЭМИЙН УРГАМАЛ – 2026" наадам 2026 оны 9 дүгээр сарын 19–20-ны өдрүүдэд Богдхан уулын Төр хурахын ам, “Цэцээ гүн” ресортод 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 🏔️✨
Монголын Нэгдмэл Анагаах Ухааны Нийгэмлэг (МНАУН)-ийн дэргэдэх “Лидер клуб”-ээс санаачлан уламжлал болгон зохион байгуулж буй уг наадам энэ жил “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” уриатай, “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” сүлд дуугаар нээлтээ эхлүүллээ. 🎵
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар МНАУН болон тус нийгэмлэгийн дэргэдэх "Лидер клуб", хамтран зохион байгуулагчаар Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн ажиллав.
Наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Эмийн ургамал хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд:
🔹 Этүгэн их сургуулийн “ЦОЙЛОГСОД” баг
🔹 АШУҮИС болон ХААИС-ийн хамтарсан “ЗАЛУУ ЭРДЭМТЭН” баг
🔹 “Ач” АУИС-ийн “АЧ ЦОГЦ” баг
🔹 ЭЗШУИС-ийн “ТЭМҮҮЛЭЛ” баг
нийт 5 сургуулийн 4 багийн 50 орчим оюутан, багш нарын хамт оролцож, эмийн ургамлын талаарх онол болон практикийн мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн IV, V, VI дамжааны 10 оюутны бүрэлдэхүүнтэй “Цойлогсод” баг I байр эзэлж, бахдам амжилтаараа түүчээлэн манлайлав. 👏🎉
Эрдэмтдийн лекц болон олон талт үйл ажиллагаа 👨🏫🔍
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Гавьяат багш, МАУА-ийн гишүүн, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, МНАУН-ийн Ерөнхийлөгч, АУ-ны доктор, профессор Г.Машбат, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ургамлын ангилалзүйч, доктор М.Ургамал, мөөг судлаач, доктор Н.Хэрлэнчимэг, ой судлаач, доктор Д.Зоёо нарын салбартаа манлайлагч олон эрдэмтэн, судлаач оролцож, оюутан залууст үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгөв. 💡
Уг наадам нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлого баталсан зарлигийн 1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгааг эрдэмтэд онцлон тэмдэглэлээ.
Наадмын хөтөлбөрийн хүрээнд:
🌱 Эрдэм шинжилгээний лекц: Доктор М.Ургамал “Монгол орны эмийн ургамлын овог, аймаг, төрөл зүйл, ангилал зүй, таних арга”, доктор Н.Хэрлэнчимэг “Монгол орны эмийн мөөг” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавив.
🥾 Танин мэдэхүйн аялал: Цэцээ гүн рүү хийсэн уулын алхалтын үеэр залуус байгалийн сайханд агаарлахын зэрэгцээ эмийн ургамлын төрөл зүйл, уламжлалт мэдлэгтэй биечлэн танилцав.