18/03/2026
“Түүний буруу” ойлголцлоос хоцорсон хайр
Яг одоо “Түүний буруу” жүжгийн дууг дахин дахин сонсон сууна. Магадгүй энэ дууг хэдэн зуу, хэдэн мянган удаа сонссон ч, анх сонсож байсан тэр мөчийн мэдрэмж яг хэвээрээ эргэн ирдэг нь гайхалтай. Бодит байдлаас түр ч болов зугтах гэсэндээ би энэ дууг дахин дахин сонсож суугаа болов уу.
Энэхүү жүжиг эх хүний хайр, алдагдсан харилцаа, ойлголцлын үнэ цэнийг маш тод харуулж өгдөг. Жүжгийн эхэнд гол дүрийн эмэгтэй бүхий л амьдрал, залуу нас, үнэ цэнтэй бүхнээ ганц хүүдээ зориулан амьдарч буйгаар дүрслэгдэнэ. Түүний хувьд хүү нь бол хорвоо дээрх цорын ганц гэр бүл, амьдралын утга учир нь юм.
Харин хүү Костя эхийнхээ энэ бүх сэтгэлийг ойлгож, хүлээн авч чадалгүй, заримдаа бүр үл тоон, сэтгэлийг нь шархлуулна. Үнэндээ тэд хоёулаа хамгийн хайртай хүнээ алдсан—эх нь ханиа, хүү нь аавыгаа. Тэдэнд бие биеэсээ өөр түшиг тулгуур үгүй. Хоёул ханийн, эцгийн орон зайгаар дутуу өссөн нь жүжгийн туршид гүнзгий мэдрэгдэнэ.
Эх хүний хайр үнэхээр агуу. Хэчнээн үл ойлголцол, гомдол байсан ч, эцсээ хүртэл үрээ гэсэн сэтгэл нь хэзээ ч хувирдаггүй. Хайрт ханиасаа үлдсэн цорын ганц дурсамж болох пиджакийг хүртэл үгүй хийсэн байхад ч, тэр хүүгээ хайрласаар л байдаг.
Гэхдээ энэ жүжигт “хэн нь буруу вэ?” гэсэн асуултад шууд хариулт байхгүй. Харин ч жижигхэн үл ойлголцлыг цаг тухайд нь засалгүй орхисноос, эх хүү хоёрын хооронд асар том ангал үүсэж байгааг харуулна. Ээж нь хүүгээ өөрийнхөөрөө байлгахыг хүсч, хайр нэрийн дор түүнийг торонд байгаа шувуу мэт хязгаарлана. Харин хүү бол тэр торноос гарч, тэнгэрт дүүлэн нисэж, хорвоо ертөнцийг танин мэдэхийг хүссэн нэгэн.
Тэр хүслээ илэрхийлэхдээ заримдаа хурц, тэмцлийн хэлбэрийг сонгодог ч, түүний дотоод сэтгэлийг хэн ч үнэхээр сонсож байгаагүй мэт. Аав нь өнгөрснөөс хойш тэр юу хүсэж, юу мэдэрч байгааг нь хэн нэгэн чин сэтгэлээсээ асуусан болов уу? “Чи яагаад ингэв?” гэж зэмлэхээс илүү “Чи юу мэдэрч байна вэ?” гэж асуух нь дутаж байжээ.
Энэ жүжиг бидэнд нэг чухал зүйлийг сануулдаг. Бид хүүхдүүдээ ойлгож байна гэж боддог ч, үнэндээ тэдний хүсэл мөрөөдөл, мэдрэмжийг тэр бүр анзаардаггүй, заримдаа бүр үл тоодог. “Ийм л хүн болох ёстой” гэсэн өөрсдийн үзэл бодлын торонд тэднийг хүчээр оруулдаг.
Гэтэл хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн мөрөөдөлтэй, мэдрэмжтэй нэгэн билээ. Хэрэв бид ярилцахгүй, ойлголцохгүй явсаар байвал, тэр жижиг ан цав аажмаар гүнзгийрч, эцэстээ хэзээ ч гаталж чадахгүй том ангал болж хувирах аюултай. Тэр үед харамссан ч оройтсон байх вий.
PRO theatre -ын хамт олонд дахин халуун баяр хүргэе! Монголчуудыг соён гэгээрүүлэх үйлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна.