03/11/2017
Сурах-сургах хэрэглэгдэхүүний ДиДо редакцаас эрхлэн гаргасан “Суурь мэдлэг” цоо шинэ цувралын “Биологи” лавлах бичгийн тухай тус номыг герман хэлнээс орчуулсан Док. Р.Сүнжидмаатай ярилцлаа.
Таны орчуулсан ном саяхан хэвлэгдэн гарсан. Номын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу.
Ерөнхий сэтгэгдэл их сайн байгаа. Амьтай болгоны талаар хүн бүрийн мэдвэл зохих ерөнхий мэдлэг, наад захын суурь ойлголтуудыг цогц багтаасан, сонирхолтой, ойлгомжтой бичигдсэн ном байна. Хүүхэд гэлтгүй томчууд ч, ер нь мэргэжлийн болоод мэргэжлийн бус хэн бүхэнд хэрэгтэй, амьд ертөнцийг таньж мэдэх, тэр дундаа хүн өөрийгөө амьд амьтан талаас нь ойлгоход их дөхөмтэй ном юм. Уншигчдын анхны сэтгэгдэл ч “Биологи ийм амархан, ийм сонирхолтой билүү” гэсэн үг байгаад баяртай байгаа. Энэ номыг Монсудар хэвлэлийн газрын ДиДо редакц бүрэн эрхтэйгээр анх сонгон авч ирээд орчуулах санал тавихад миний бие их баярлаж хүлээж авсан. Яг л ийм ном хүүхдэд хэрэгтэй байгаа юм даа гэж.
Манай лавлах, сурах бичгүүдээс ялгаатай юу?
Ялгаатай. Юуны өмнө Германы нэртэй хэвлэлийн газрын бүтээл гэдгээрээ, мөн агуулгаараа ч тэр, илэрхийлэл, дизайн хийцээрээ ч тэр, хөгжилтэй улс орны хүүхэд, олон нийтэд зориулсан ном ямар байдаг билээ, яг л тийм. Хүн бүрт хүртээлтэй, сонирхол татахуйц, бас амьдралд ойрхон мэдээлэл их агуулсан, хэт онолдоогүй, хүн уйдаахааргүй, ёстой л суурь мэдлэг гэсэн тодотголдоо дүйсэн. Нүүр болгонд шахуу энгийн илэрхийлэлтэй зураглал, фото зураг, товч тодорхой тайлбар, бичвэр, баримт мэдээ зэргийг ээлжлэн оруулсан байх тул номыг нээж үзсэн хүнд унших, бүр дуустал нь судалж үзэх хүсэл төрүүлэхүйц ном байна билээ. Хүүхдэд биологийн янз бүрийн шалгалтад бэлтгэх гарын авлага болохоос гадна ерөнхий мэдлэгийнх нь суурийг маш сайн тавьж өгөх цогц мэдээлэлтэй тул гүнзгийрүүлэн судлахын бат сайн үндэс болж өгч чадахаар байна. “Бие даалт, даалгавар хийхэд яг хэрэгтэй юм байна” гэж 7-р ангийн хүү минь хэлж харагдсан. Хүүхдийнхээ асуултад хариулж чадахгүй үед аав, ээжүүд энэ ном руу заачихаад сууж байхад их зүгээр санагдсан шүү.
Энэ номын давуу тал, онцлог юунд байна вэ?
Юуны өмнө биологи гэдэг хичээлийн ном гэхээсээ илүү танин мэдэхүйн ном юм уу даа. 5-12-р ангийн хүүхдэд голчлон чиглэсэн боловч амьд бүхний тухай суурь мэдлэгтэй болохыг хүссэн хэн бүхний гарын ном болохоор юм. Амьдралын үүслээс өгсүүлээд амьд организмын бүлгүүдийн онцлог, ач холбогдол, тэдгээрийн хоорондын харилцаа, хамаарал, амьдралын аливаа үзэгдэл, түүний зүй тогтол, зохилдолгоог өгүүлэхээс гадна “Хүн” гэдэг тусгай томоохон бүлэгтэй юм байна. Хүн өөрийгөө, ер нь амьдралыг үндсээс нь эхлэн таних, бие эрхтнийхээ онцлог, үүрэг, үйл ажиллагааг ойлгож мэдэх, зөв хооллохоос өгсүүлээд аливаа өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөхөд суралцах зэрэг эрүүл мэндийн наад захын боловсрол ч олж авахаар юм.
Энэ ном германы хэвлэлийн газрын гэсэн боловч монголтой холбоотой мэдээ баримтууд бас нэлээд харагдах шиг болсон. Энэ талаар?
Биологийн суурь ойлголт хаа газар ялгаагүй ч боломжтой газар нь монгол жишээ оруулахыг хичээсэн. Редакцийн зүгээс болон орчуулагчийн зүгээс холбогдолтой монгол мэдээ баримт оруулж, монгол агуулга бүхий фото зургаар сольсон тохиолдол цөөнгүй бий.
02/11/2017
02/11/2017
31/10/2017
31/10/2017