26/08/2026
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ “ЦӨЛИЙН ДУУ ХООЛОЙ” ОЛОН УЛСЫН ЭКСПЕДИЦИЙН БАГТ ОРОЛЦОН АЖИЛЛАЛАА
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Баянжаргал нь 2026 оны 06-р сарын 5-аас 08-р сарын 13 хүртэл 70 хоногийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Цөлийн дуу хоолой” (Voice of the Desert) олон улсын санаачилгын экспедицийн бүрэлдэхүүнд оролцон ажиллалаа.
“Цөлийн дуу хоолой”санаачилга нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тулгамдсан асуудлыг спорт, шинжлэх ухаан, медиа контенттой хослуулан олон нийтэд хүргэж, хамтын шийдэл, ногоон хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
1. МОНГОЛЫН ГОВИЙН ЭКСПЕДИЦ
Экспедицийн эхний шат 2026 оны 06-р сарын 05-аас 07-р сарын 16-ны хүртэл үргэлжилж, судалгааны багийнхан Монгол орны говийн бүсийн 8 аймгийн 20 гаруй сумын нутгаар 6500 орчим км зам туулж, 60 гаруй малчин, тариаланч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзан цөлжилт, газрын доройтол, байгаль орчны асуудлаар ярилцлага, сурвалжилга хийв. Мөн орон нутгийн 470 гаруй иргэдтэй уулзаж, цөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг бууруулах арга зам, орон нутагт хэрэгжүүлж буй сайн туршлага, санаачилгын талаар мэдээлэл сонсож, ярилцлага өрнүүллээ.
2. ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭКСПЕДИЦ
Экспедицийн хоёр дахь шат 2026 оны 07-р сарын 17-оос 08-р сарын 13-ны хооронд ОХУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан улсын нутаг дэвсгэрээр үргэлжилсэн. Багийнхан Тураны хотгорын Каракум, Кызылкум, Мойынкум болон Арал тэнгисийн сав газрын байгаль, газарзүйн онцлог, цөлжилт, газрын доройтлын нөхцөл байдал, орон нутгийн иргэдийн амьдрал, цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй арга туршлагатай танилцав.
Төв Азийн экспедицийн үеэр 13000 орчим км зам туулж, 30 гаруй төр, захиргааны байгууллагын төлөөлөл болон орон нутгийн иргэдтэй уулзан цөлжилт, газрын доройтол, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл болон тэдгээртэй тэмцэж буй арга туршлагын талаар мэдээлэл цуглууллаа.
Экспедицийн хугацаанд 250 орчим видео мэдээ, 50 гаруй зурагт мэдээ бэлтгэн олон нийтэд хүргэж, байгаль орчны нөхцөл, нутгийн иргэдийн дуу хоолой, хөдөлмөр, сайн санаачилгыг сурталчлан таниуллаа.
3. ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
Тус хүрээлэнгийн ЭША Б.Баянжаргал нь экспедицийн багт ажиллахдаа физик газарзүй, байгаль орчин, цөлжилт, газрын доройтлын чиглэлээр шинжлэх ухааны мэдээлэл, мэргэжлийн тайлбар өгч ажиллав.
Мөн газар дээрх ажиглалт, бүс нутгийн хэмжээнд явуулсан судалгааны мэдээ, материалд тулгуурлан 10 гаруй богино хэмжээний видео контентод оролцож, мэргэжлийн ярилцлага өгч, 30 орчим танин мэдэхүйн нийтлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
Түүнчлэн төслийн хүрээнд бүтээж буй баримтат киноны багт шинжлэх ухааны зөвлөгөө, газарзүйн тайлбар, судалгааны мэдээ, мэдээллээр ханган, зураг авалт, сурвалжилгын үйл ажиллагаанд мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллав.
4. “VOICE OF THE DESERT” – UNCCD COP17
Экспедицийн үйл ажиллагаа аяллын маршрутаар хязгаарлагдсангүй. Төслийн баг 2026 оны 08-р сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (UNCCD COP17)-д оролцож байна.
2026 оны 08-р сарын 18-ны өдөр Цэнхэр бүсэд “Voice of the Desert: The Expanding Reality of Desertification – Understanding Regional Dryland Risks, Climate Vulnerability and Land Degradation Trends” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Төв Азийн хуурай бүс нутгийн цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын эмзэг байдал болон хуурай газрын эрсдэлийн талаар мэдээлэл, судалгааны үр дүн, туршлага солилцов.
Мөн 08-р сарын 19-ний өдөр Ногоон бүсэд “Цөлийн дуу хоолой” төслийн үр дүн, ололт амжилтыг танилцуулсан. Б.Баянжаргал Монгол Улс болон Төв Азийн цөлжилт, газрын доройтол, экспедицийн үеэр цуглуулсан мэдээлэл, ажиглалт, туршлагыг дотоодын болон олон улсын оролцогчдод таниулах үйл ажиллагаанд оролцлоо.
5. ЭКСПЕДИЦИЙН ҮР ДҮН
“Цөлийн дуу хоолой” экспедицийн баг 70 гаруй хоногийн хугацаанд нийт 20000 орчим км зам туулж, Монгол Улс болон Төв Азийн бүс нутгийн цөлжилт, газрын доройтлын нөхцөл байдлыг газар дээр нь судлан, иргэд, олон нийттэй уулзаж, ярилцлага, сурвалжилга хийж, тэдний дуу хоолой, орон нутгийн туршлага, санаачилгыг олон нийтэд хүргэн ажиллав.
Экспедицийн хүрээнд цуглуулсан мэдээ, материал, уулзалт, ярилцлага, сурвалжилгыг нэгтгэн “Voice of the Desert” онлайн сэтгүүлийг эрхлэн гаргаж, олон нийтэд хүргэж байна.
Онлайн сэтгүүлтэй танилцах холбоос: https://heyzine.com/flip-book/340a18d9ef.html