30/03/2026
ШМЭХ-ИЙН ХАРЬЯА СУРГУУЛИУДЫН ХАМТАРСАН БАГ ХИМИЙН БОДИСТОЙ ХАРЬЦАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГАРДАН АВЛАА
ШМЭХ-ийн харьяа Шинэ Монгол технологийн их сургууль (ШМТИС), Шинэ Монгол Техникийн Коллеж (ШМТК), Шинэ Монгол Сургууль (ЕБШМС)-ийн химийн багш нарын хамтарсан баг амжилттай ажиллаж, "Химийн хортой болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл"-ийг албан ёсоор гардан авлаа.
Тус зөвшөөрөл нь нэр бүхий 217 төрлийн бодисын хүрээнд 2026 оны 03 сарын 19-ний өдрөөс 2031 оны 03 сарын 19-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар олгогдож байна.
Энэхүү тусгай зөвшөөрлийг авах ажлын хүрээнд дээрх гурван сургуулийн химийн багш нар нэгдсэн баг болон үе шаттайгаар, тууштай ажилласан бөгөөд багийн ахлагчаар ШМТИС-ийн химийн багш Ж.Очбаатар, харин мэргэжлийн зөвлөхөөр "Амин байгаль" ХХК тус тус хамтран ажилласан юм.
ШМЭХ-ийн химийн хамтарсан баг өнгөрсөн хугацаанд дараах шат дараалсан томоохон ажлуудыг гүйцэтгэж, холбогдох төрийн байгууллагуудаар амжилттай батлуулж иржээ. Үүнд:
✅2022 он: "Химийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах төлөвлөгөө"-г боловсруулж, Нийслэлийн онцгой байдлын газар (НОБЕГ)-аар батлуулсан.
✅2022 он: "Байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээ"-г хийлгэж, Байгаль орчны яам (БОЯ)-аар батлуулсан.
✅2024 он: "Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ"-г Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАЯ)-аар батлуулсан.
✅2025 он: Оны эхэнд "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-г боловсруулан БОУАЯ-аар батлуулж, оны төгсгөлд 3 сургууль хамтран "Байгаль орчны менежментийн тайлан-2025"-ыг амжилттай хамгаалж, хүлээлгэн өгсөн.
Харин өдгөө 2026 оны байдлаар тус баг хамт олон "Амин байгаль" ХХК-тай хамтран энэ оны "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-2026"-г боловсруулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.