03/10/2025
Яагаад #маркетинг хэрэгтэй вэ? Юунаас эхлэх вэ?
Маркетингийн үйл ажиллагаа бол бизнесийн салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, аливаа байгууллага өөрийн зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй маркетингийг ашиглах шаардлагатай. Учир нь бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдэд хүрч, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зөв маркетингийн стратеги хэрэгтэй.
Зах зээл дээрх хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэхдээ тодорхой онцлогтой байдаг. Тиймээс маркетингийн үйл ажиллагаа, стратегиуд нь эдгээр онцлогийг олж мэдэх гол арга хэрэгсэл юм.
💡 Жишээлбэл:
- Манай бүтээгдэхүүнийг хэрэглэгч яагаад сонирхож байна вэ?
- Яагаад бусдын биш, манай бүтээгдэхүүнийг сонгож авч байна вэ?
- Тэдний хүлээлт, хэрэгцээ шаардлага яг юу вэ?
- Худалдан авч буй зорилго нь юу вэ (өөртөө хэрэгтэй юу, эсвэл хэн нэгэнд бэлэглэх гэж байна уу)?
- Хэрэглэсний дараах experience буюу хэрэглэгчийн сэтгэгдэл, мэдрэмж нь ямар байх вэ?
Эдгээр нь бүгд хүн бүрт өөр өөрийн учир шалтгаантай байдаг.
Өөр дээрээ жишээ авсан ч болно, та өвлийн гутал авахаар хайж байгаа гэж төсөөлье, хаана хаанаас хайж үзэх вэ, юу гэж хайх вэ, юуг илүүд үзэх вэ, үнэ үү, чанар уу, дизайн уу, өнгө үү, гээд худалдан авах хүртэлх таны зан төлөв юу юу байв, авсны дараах сэтгэл ханамж хэр байв, юунд хүлээлттэй байсан гэх мэт.
#Иймээс сошиал маркетинг шинээр эхэлж буй хүмүүсийн хувьд эхний алхам нь:
- Зах зээлийн онцлогийг ойлгох
- Target буюу зорилтот хэрэглэгчийнхээ онцлогийг судлах
Энэ процессыг маркетингт Segmentation (зах зээлийн сегментчлэл) гэж нэрлэдэг бөгөөд:
- Демографик (нас, хүйс, орлого гэх мэт)
- Географик (байршилаар)
- Сэтгэлзүйн (үнэт зүйлс, амьдралын хэв маяг, хувь хүний онцлог)
- Зан төлвийн (худалдан авах зуршил, хэрэглээний зан төлөв)
гэсэн 4 төрлөөр сегмент үүсгэж, хэрэглэгчээ чиглүүлэх боломжтой.
📌 Хэрэв та зах зээл болон хэрэглэгчээ тодорхойлж чадсан бол нэг гол стратеги сонгоод бусдыг дэмжих жижиг хэсгүүд болгон хэрэгжүүлэх нь илүү оновчтой.
📌 Харин хэрэглэгчийн яг онцлогийг судлаагүй, эсвэл тодорхойлоход эргэлзээтэй байгаа тохиолдолд олон төрлийн стратегийг зэрэг хэрэгжүүлэх нь давуу талтай. Ингэснээр зах зээлийн аль хэсэгт илүү тохирох стратегийг олж тогтоох боломжтой. Мэдээж үүний өмнө байгууллагын өөрийн алсын хараа, зорилго, бүтэц, давуу тал, нөөц боломж, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогоо мөн авч үзээрэй.
Бас нь УДААНААР урагшлах уу, ХУРДНААР уу гэдгээ тодорхойлох!
Бичвэр: Marketer Yuna
03.10.2025