04/10/2025
Хүн төрсөн цагаасаа эхлэн үргэлж өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх үйл явц дунд байдаг билээ,Үүнтэй холбогдуулан төрөхөөс заяасан унаган авъяас чадвар хүүхдийн амьдралынх нь эхний жилүүдэд хүрээлэн буй орчин, бие махбодын хөгжлийн нөлөөгөөр хурдацтай хөгжиж бага наснаасаа олж авсан амьдралын зөв сайхан дадал хэвшил, дуулж сонссон зүйл, сурсан эрдэм нь хүний насан туршид хадгалагдан үлддэг аж. Хүний тархины хөгжил эхийн хэвлийд байхдаа ихэнхи нь бий болж үлдсэн хэсэг нь төрснөөс 2-3 сарын дотор төгс болдог нь нотлогджээ.
Яг энэ мөчөөс л бид тэрхүү цагаан цаасан дээр хэрхэн авъяастай болгох болон ямар оюун ухааны мэдээлэл бичихийг шийдэж болноо гэсэн үг. Оюун ухааны хөгжил нь 0-3 нас хүртэл 60% хөгжиж, 3-7 нас хүртэл 80% 7-18 нас хүртэл 90%, үүнээс цааш зөвхөн урьд хүмүүжсэн хүмүүжил үзэл бодолдоо тулгуурлаж багадаа ухаарсан бүгдэдээ тохируулан сэтгэж хөгждөг байна.
Ингэж хурдацтай хөгжих үеп нь хамгийн түрүүнд хүүхдийн сонсголын сайжруулах, нүдний ажиглах чадварыг дээшлүүлэх, гар хуруугаар хүртэх мэдрэмжийг төгөлдөржүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Ялангуяа тархины хөгжилд гар маш их үүрэгтэй бөгөөд хүнй тархины бодож, мөрөөдөж буй бүхнийг гар хэрэгжүүлдэг. Хүүхдийн гар хурууны үзүүрт л гэхэд 1см2д 6000 ширхэг мэдрэлийн эсийн төгсгөл байдаг ба энэхүү итгэмээргүй хүчин чадлаар хүн хуруугаараа үсний ширхэг, элсний үйрмэг гэх мэт маш нарийн жижиг юмсыг ч мэдэрч чаддаг билээ.
Тэгвэл урлагийн ямар ч төрөл тухайн хүнд төдийгүй орчин тойрон хүрээлж буй хүмүүст нь эерэг сайхан уур амьсгалыг төрүүлж, хүүхдийн хүмүүжил , сэтгэн бодох чадварт маш их эерэг нөлөөг үзүүлэхээс гадна аливаа хөгжим тэр дундаа төгөлдөр хуур хөгжмийг сурахад дотоод сэтгэл буюу мэдрэмж, нүдний ажиглах хурд буюу хараа, ая эгшгийг ялгаж сонсгол, гар хурууны өндөгөөр дамжин хүртэх мэдрэхүй зэрэг бүх л зүйл нэгдэн цул болж хөгждөг байна. Эдгээр өөрчлөлт нь бага насны хүүхдэд бүрч тод ажиглагддаг.
Жишээ нь: Хөгжим байнга сонсдог, эсвэл хөгжмийн хичээл заалгадаг хүүхдүүдийн гадаад төрх царай зүс нь хүртэл хөгжмийн хичээлийн нөлөөгөөр лавтай өөрчлөгдөж эдгээр хүүхдүүд бусдаасаа ихээхэн ялгарч цовоо сэргэлэн, нүд нь илүү тод гялалзан ой ухаан нь сийрэг байхад асар их нөлөө үзүүлдэг нь судлагдсан.
Эрдэмтэд хөгжим хүний оюун ухаанд хэрхэн нөлөөлж байгааг туршин эхийн хэвлийд байхдаа хөгжим сонсож байсан хүүхдүүд аливаад их тайван хэлд орохдоо хурдан, ойлгоц сайтай байсаныг нотлож хөгжим хүнийг тайтгаруулаад зогсохгүй ой тогтоолт сэтгэхүйд хүртэл нөлөөлдгийг баталсан байна.
Тиймээс таны хүүхэд том болоод заавал төгөлдөр хуурч болох албагүй ч гэсэн багаас нь авъяас чадварыг нь хөгжүүлж хөгжмөөр хичээллүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр таны хүүхэд ирээдүйд үе тэнгийхэнтэй нь харьцуулахад биеэ авч явах хувийн соёл, сэтгэхүйн цар хүрээ нь нэг л өөр байна гэдэгт итгээрэй. Авьяастан төв. Багш Б.Мөнхтуяа