11/05/2020
Сэргэн мандсан шинэ Монголын төлөөх урт аялалд та надтай нэгдэх үү
Би 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөөр шийдсэн. Гэхдээ энэ удаадаа сонгуульд оролцож, өрсөлдөж үзэхийн төлөө биш, орж ялахын төлөөх тулаанд хүч үзмээр байна. Энэ маань аагаа багтааж ядсандаа, эсвэл арчаагаа алдаж хууль шүүхийнхэнээс хорогодох газарыг УИХ гэж үзсэндээ нэр дэвших гээд байсан юм байхгүй.
Олон хүн чи одоо больсон дээр. Монгол гэж солиорохоо боль. Энэ улс хаашдаа дуусна. МАНАН-г зогсоож дийлэх хүч байхгүй л гэж байна.
Болохгүй. Бүтэхгүй. Чадахгүй гэдэг үгийг наснаасаа л олон сонсож болгож бүтээж явсан болохоор энэ удаад болгоно чадна гэдэгээ зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэрч байна.
Жаахан нурших ч гэсэн түүх өгүүлье.
Анх болохгүй, бүтэхгүй гэдэг үгийг 1998 онд Завхан аймагт аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэст ажиллаж байхдаа ажлаасаа гарч “Завханы мэдээ” хэмээх сонин гаргана гэхэд сонссон хүн бүр энэ үгийг хэлж байсан санагдаж байна. Урьд нь ганц өгүүлбэр мэдээ бичиж үзээгүй байж байгаад сонин эрхэлж гаргахын зовлон жаргалыг туулаад л гарсан.
2006 онд “Улс төр менежментийн академи” байгуулна хэмээн явахад бараг таарсан хүн бүрийн нүд орой дээрээ гарч ард чинь хэн байгаа юм, ямар нэг том хүнгүй бол бүтэхгүй гэдэг асуулттай байнга тулдаг байсан санагдана. Одоо бол гудамжны булан бүрт академи гэдэг хаяг бичээстэй ердийн зүйл болж хувирч
2014 оноос Гал үндэстэн хөдөлгөөний Ц. Мөнхбаяр, Босоо хөх Монголын П.Шинжээравдан нартай хамтрахад одоо дээрэмчин, шантаажчин болж замаа алдах нь. Ээ дээ болохгүй, бүтэхгүй гэх хүн олон л байсан. Бид нийлж 4-5 жил зүтгэж байж “Их цааз” хэмээх шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулсан. Одоо ч тэр түвшинд хүргэж боловсруулсан үндсэн хуулийн төсөл гарч ирэээгүй л байна. Сэтгэл зүтгэл байвал ямар ч ажлын ард гарч болдогийн жишээ.
Өнгөрсөн жил “Монголын ТЭНГЭР үзэлтний нэгдсэн холбоо” байгуулна. Үндэсний үнэт зүйлийн хөтөч үзэл санаа “ТЭНГЭР” үзэл болох ёстой гэхэд олон хүн одоо наад солирлоо боль.
Бөө нартай нийлээд галзуу солитнуудын эгнээнд үсрээд орох нь. Бүтэхгүй, Боль. Бөө нар хүртэл “манай бөө нар хэзээ ч нэгддэггүй” гээд үл итгэх байр сууриас хандаж байсан нь олонтаа. Одоо тэгвэл амтай хүн бүрийн амнаас “Тэнгэр үзэл”-ийн тухай үг яриа гарч манай холбоон дээр эрдэмтэд мэргэд, эгэл жирийн хүмүүс, бөө заран удгадууд, төр нийгмийн зүтгэлтэнгүүд гээд төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс ирж үзэл санааны нэгдэлийг дэмжиж өдрөөс өдөрт хүч нэмэгдэж байна. ТЭНГЭР үзэл Монголчуудын үнэт зүйл, оюун санааны хөтөч болон тунхаглагдах нь одоо цаг хугацааны л асуудал.
“Монголын эрин”-г эхлүүлэх тухай уриалгыг бид жилийн өмнө гаргав. Тэр үед Монгол минь даяарчлал хэмээх ширэнгэн ойн гүнд бутан дунд нуугдсан жижигхэн зулзган нарс байлаа. Одоо энэ ойн хамгийн шийдэмгий хурдтай ургаж байгаа, хамгийн өндөр нь болох ирээдүйтэй залуу хүчирхэг мод болон төлжиж байгааг дэлхий харж байна. Монголоо голж зугтаагсад эргэн ирэхийн төлөө Эх нутгийнхаа хөх тэнгэртээ залбирч суухыг харж л байна.
“Эрдэмтэдийн эвсэл” байгуулж сонгуульд оролцох санаанд маань эрдэмтэд итгэхгүй байсан гээд бодоход хачмн санагдаж байсан. Тэгвэл одоо Х.Бат-Ялалт даргатай Монгол хүний төлөө нам. Ш.Дашдаваа даргатай Монгол Консерватив намуудын хамтарсан “САХИГТУН. Үндсэн хуулийн 19” эвсэл болон бүрэлдэн биежиж одоо бид Монголынхоо тэргүүлэх эрдэмтэд мэргэдийг баг болгон нэгтгэж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн оролцох бэлтгэлээ хангаад байна.
Бидний ард Жудагт Монгол хөдөлгөөний ахмадууд, Сахигтун хөдөлгөөний эх оронч залуус, эрдэмтэд судлаачид, эгэл жирийн ард иргэдийн хүчирхэг баг бүрдэлүүд зогсож байна.
2020 оны УИХ-ын сонгуульд би мөнгө зарцуулж өрсөлдмөөргүй байна. Хэн ч уншихгүй зузаан зузаан хуудас цаас, сонин сэтгүүлд хайран мөнгө үрмээргүй байна. Үзэх үзэхгүй нь мэдэгдэхгүй өндөр үнэтэй телевизийн ярилцлагуудад ормооргүй байна.
Бас намайг сонговол диваажин амьруулна гэж хэн нэгэнд эд баялаг, мөнгө төгрөг, байшин савны өрөнд ормооргүй байна.
Бас миний төлөө ажиллаад, намайг сурталчилаад өгөөч гэж хэн нэгэнд цалин хөлс өгмөөргүй байна. Сарын хугацаанд нэг нь ажилласан нэр зүүж, нөгөө нь ажиллуулсан нэр хэмээж хэдэн цаас шидээд, Монгол төрийг, Монголын ард түмний эрх ашгийг төлбөрийн хэрэгслэл болгон наймаалцаад хоёр тийш салдаг энэ солиотой гажиг тогтолцоог эцэс болгомоор байна.
Би харийнханы гар хөл бологсодын боловсруулж биднийг дарж дарлаж байхаар бүтээгдсэн “Үндсэн хуулийн засвар, нэмэлт өөрчлөлт” нэртэй энэ бүх гав гинжийг тасар татан хаяхын төлөө би ялмаар байна
Би улс төрийн нам нэртэй улс орныг тоногчид, хагалан бутаргагчид, дайсагнагчдын үндэс урхагыг тасалж бүх намуудыг тарааж шинэ төр байгуулахын төлөө би ялмаар байна
Би үндсэн, эрүүгийг, иргэний, зөрчлийн нэртэй хуулиудаар иргэдэдээ “ХҮНИЙ ЭРХ” хэмээх нэртэй гялгар цаасанд ороосон хуурамч чихэр цонхны цаанаас долоолгочихоод , оронд нь дээрэмдээд авчихсан “ЭЗЭН ЭРХ”-ийг нь ард түмэндээ эргүүлэн өгөхийн төлөө би ялмаар байна.
Би нэгхэн сар хэдхэн халтар төгрөгний төлөө биш, нэг насаараа хамтран зүтгэх, хамтран тэмцэх Сэргэн мандсан шинэ Монголыг хамтдаа байгуулах, хамтдаа үр өгөөжийг нь хэдэн үеэрээ хүртэхийн төлөө надтай нэгдэх журмын нөхөддөө хандаж байна.
Сонгуулийн хуулиар 200 хүн тутамд нэг ухуулагч гэхээр надад 500 гаруй ухуулагч авах боломж байна.
Өнөөдрөөс эхэлж баг бүрдүүлж эхэлсэн. Ухуулагчийн сургалт явуулж дадлагажуулна.
Сонгож уйлж үлдэхийн төлөө биш сонгогдож хамтдаа хүчирхэгжихийн төлөө нэгдэх хэн бүхнийг урьж уриалж байна.
Үг үнэн хоёр тунаж үлдэх энэ хорвоод таг харанхуй хүмүүсийг худалдаж авч амжилтанд хүрэх гэж улайрсанаас, сайтар сэхээрүүлэх гэж оролдоод ялагдсан нь дээр гэж бодож явдаг.
Д.Уламбаяр