15/10/2020
САЙН БАГШИЙН ТУХАЙ ҮЛГЭР
Нэг залуу бага ангийнхаа багшийг дэргэдүүр нь өнгөрөхийг хараад, таньсан даруйдаа дэргэд хүрч ирээд:
- Та намайг таниж байна уу? Би таны шавь байсан шүү дээ гэв.
- Танилгүй яахав, чи чинь нөгөө гуравдугаар ангид сурч байсан хүү мөн шиг байх чинь. Чи тэгээд одоо юу хийж байна даа, хүү минь?
- Би багш болсоон.
- Үгүй ээ мөн, яагаад ийм сонголт хийгээв дээ, хүү минь? Хэн, юу нөлөөлөв дөө?
- Юу ч биш ээ, харин хэн гээч? Та шүү дээ.
- Тэгээд би чамайг энэ мэргэжилдээ дурлуулахад яасан байж таарах билээ?
- Та надад маш их нөлөөлсөн болохоор би ч гэсэн бас залуу шавь нартай болохыг хүссэн юм.
- Наадах чинь л надад тун их сонин санагдаад байх чинь. Би тэгээд чамд яг яаж нөлөөлсөн байж таарах билээ?
- Та намайг үнэхээр санахгүй байна уу? Тэгвэл танд яг чухам юу болсныг ярьж, дурсамжийг чинь сэргээе өгье дөө.
Нэг өдөр манай ангийн нэг хүү бугуйндаа аав, ээжийнхээ бэлэглэсэн нэг их гоё цаг зүүчихсэн ирлээ. Тэгээд тэр цагаа тайлж аваад ширээнийхээ нүдэнд хийж орхив. Би ч гэсэн бас ийм гоё цагтай болохыг мөрөөддөг байлаа. Би тэсгэлгүй тэр цагийг нь ширээнээс нь шуухаар шийдэв. Удалгүй өнөөх хүү нус нулимсандаа холилдчихсон амьтан таны дэргэд хүрч очоод, цагаа хулгайд алдаж орхисноо гомдоллон хэллээ. Та бид бүгдийг тойруулж хараад "Энэ хүүгийн цагийг хэн чинь авсан бэ, буцаагаад өгчөөч дээ" гэж хэлэв.
Би хэдий их ичиж байсан ч гэсэн тэр цагнаас салмааргүй санагдаад, буруугаа хүлээсэнгүй. Та хаалган дээр очин, дотроос нь цоожлоод, бид бүгдийг босож, хана дагуу эгнэн жагсахыг тушаагаад, "Би та нарын бүх халааснуудыг бүгдийн чинь нүдийг аниулж байгаад шалгах болно" гэж анхааруулж хэлэв. Бид дуулгавартай гэгч нь таны үгэнд орон шалгуулсан бөгөөд энэ нь миний богинохон амьдралын хамгийн ичгэвтэр мөч байсныг би тэгэхэд л мэдэрсэн юм даа.
Ингээд та хүүхдээс хүүхэд, халааснаас халаас дамжин шалгаж эхлэх нь тэрээ. Ингэж шалгаж явсаар өнөөх гайтай цагийг миний халааснаас олсон ч та нэгжлэгээ үргэлжлүүлсээр эгнээний төгсгөлд хүрээд: “За хүүхдүүд ээ, одоо бүх юм зүгээр ээ. Та нар нүдээ нээгээд, ширээ ширээндээ сууцгааж болно” гэж хэлээд өнөөх цагийг эзэнд нь эргүүлж өгч билээ. Тэгээд та тэр явдлыг дахин хэзээ ч ер сөхөж яриагүй юм. Тэр өдөр та миний нэр төрийг аварсан юм шүү дээ. Та намайг ангийхны минь өмнө хулгайч, худалч, өөдгүй нэгэн гэдгээр минь дуудаагүй. Тэр бүү хэл энэ хэргийн талаар надтай юу ч ярилцаа ч үгүй шүү дээ. Таныг яагаад ингэж чив чимээгүй өнгөрснийг чинь би хожимоо ойлгосон юм. Та бол жинхэнэ сурган хүмүүжүүлэгч хүн байсан болохоор хараахан төлөвшиж амжаагүй гэнэн балчир шавийнхаа нэрийг гутаан сэвтүүлэхийг хүсээгүй байж. Таны тэр сайхан үйлдлийг бахдаж бахархсандаа би яг л тань шиг багш болохоор шийдсэн юм даа...
Ингээд энэхүү сэтгэл хөдөлгөсөн ярианыхаа эцэст хоёулаа чимээгүй болж, дуугаа хураав. Тэгээд эцэст нь залуу багш:
- Та өнөөдөр намайг таньсан ч, тэр явдлыг нэг л санахгүй байна уу даа? гэсэнд,
Хөгшин багш хариуд нь:
- Учир нь гэвэл, би ч гэсэн бас нүдээ тас аничихаад та нарын халаасыг шалгаж явсан юм шүү дээ, гэж хэлжээ.
Педагогика сайтаас орчуулсан
Норзонгийн Энхбаяр.