ЭРХЭТ ЭРДЭМ сургууль

ЭРХЭТ ЭРДЭМ сургууль ДЭЛХИЙН КОМПАНИД АЖИЛЛАЯ.
ДЭЛХИЙН КОМПАНИЙГ БАЙГУУЛЪЯ. Математик, мэдээлэлзүйн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль
(1)

17/08/2026
17/08/2026

БАГА АНГИАС ДУНД АНГИД ДЭВШИЖ БУЙ 6-Р АНГИЙН ХҮҮХДЭД ЭЦЭГ ЭХ ЮУГ, ХЭРХЭН АНХААРАХ ВЭ?

5-р ангиа төгсөөд 6-р ангид дэвших нь хүүхдийн хувьд нэг үндсэн багштай, харьцангуй тогтвортой зохион байгуулалтаас олон хичээл, олон багш, өөр өөр шаардлага, олон хугацаа, илүү их бие даасан хариуцлагатай орчинд шилжиж байгаа үе.

Үүн дээр 11-12 орчим нас буюу өсвөр насны эхэн үеийн хөгжлийн өөрчлөлт давхацдаг. Үе тэнгийн харилцаа улам чухал болж, бусад хүн өөрийг нь хэрхэн харж байгаад мэдрэмтгий болох, өөрийн байр сууриа илэрхийлэх, сонголт шийдвэртээ илүү оролцохыг хүсэх, өөрийгөө бусадтай харьцуулах хандлага нэмэгдэж болно.

Мөн төлөвлөх, ажлын ой санамжаа ашиглах, анхаарлаа чиглүүлэх, үйлдлээ хянах, ажлаа эхлүүлэх зэрэг гүйцэтгэх чиг үүргийн чадварууд болон сэтгэл хөдлөл, зан үйлээ зохицуулах чадвар энэ насанд хөгжсөөр байдаг.

Тиймээс 6-р ангид орсон хүүхдээсээ “том болсон юм чинь өөрөө мэд” гэж бүрэн бие даахыг шаардахаас илүү бие даахад хэрэгтэй арга барилыг нь бага багаар хөгжүүлэх нь чухал.

1. “Ажлаа удирдах систем”-тэй болоход нь туслаарай

Дунд ангид хүүхэд зөвхөн олон хичээлтэй болдоггүй. Мэдээллийн хэмжээ ч огцом нэмэгдэнэ.

Нэг даалгавар маргааш, нөгөө нь баасан гарагт, төсөл нь хоёр долоо хоногийн дараа, шалгалт нь ирэх долоо хоногт байж болно. Сургуулийн платформ, ангийн групп, багшийн хэлсэн зүйл, дэвтэр гээд мэдээллийн суваг ч олширно.

Тиймээс хүүхэд:
• даалгавар, шалгалт, төслийн хугацаагаа нэг газар тэмдэглэх
• “өнөөдөр хийх”, “энэ долоо хоногт дуусгах” ажлаа ялгах
• том ажлыг жижиг алхамд хуваах
• дууссан ажлаа тэмдэглэх
• долоо хоногт нэг удаа ирэх долоо хоногоо бүхэлд нь харах дадлыг эзэмших хэрэгтэй.

Бүхнийг санахыг шаардахаас илүү санах, төлөвлөхөд туслах өөрийн системтэй болох нь чухал.

2. “Хичээлээ хий” гэхээс илүү яаж эхлэхийг нь сургаарай

Зарим хүүхэд хийх ажлаа мэдэж байгаа мөртлөө хаанаас эхлэхээ мэдэхгүй суусаар цаг алддаг.

Ялангуяа илтгэл, төсөл, олон бодлоготой даалгавар, шалгалтын бэлтгэл зэрэг том ажил дээр энэ нь илүү ажиглагдана.

“Хичээлээ хий” гэж ерөнхий хэлэхийн оронд:

“Яг ямар ажил байна?”
“Хэдийд өгөх вэ?”
“Эхний 20 минутад юуг хийж болох вэ?”
“Өнөөдөр аль хэсгийг нь дуусгах вэ?” гэж ажлаа задлахад нь туслаарай.

Эхэндээ эцэг эх нь асуултаар чиглүүлж болно. Харин зорилго нь хүүхэд аажмаар эдгээр асуултыг өөртөө тавьж сурдаг болох.

3. Юм мартсаныг нь шууд “хариуцлагагүй” гэж дүгнэх хэрэггүй

6-р ангид:
“Даалгавраа тэмдэглэхээ мартчихсан.”
“Хэзээ хураалгах билээ?”
“Тэр файл хаана байгаа билээ?”
“Өнөөдөр шалгалттай байсныг андуурчихлаа.” гэх үе гарна.

Нэг дор удирдах мэдээллийн хэмжээ нэмэгдсэн атлаа ажлын ой санамж, төлөвлөлт, зохион байгуулалт, өөрийгөө хянах чадварууд нь хөгжсөөр байгаа үе.

Тиймээс:
“Чи дандаа мартдаг.”
“Хариуцлагагүй юм.”
“Ийм том болчихоод...” гэж зан чанарт нь дүгнэлт өгөхийн оронд:

“Юунаас болоод алдчихав?”
“Хаана тэмдэглэвэл илүү амар байх вэ?”
“Дараагийн удаа яаж санах вэ?”.гэж арга барилыг нь ярилцаарай.

Хүүхдийн алдааг зан чанарын асуудал болгох биш, системээ сайжруулах боломж болгох нь илүү үр дүнтэй.

4. Дунд ангид “сурах арга” нь ч өөрчлөгдөнө

Хичээл олшрох тусам зөвхөн гэрийн даалгавраа хийж дуусгах нь хангалтгүй болж эхэлнэ.

Хүүхэд:
• багшийн тайлбараас гол санааг ялгах
• тэмдэглэл хийх
• ойлгоогүй зүйлээ тэмдэглэж үлдээх
• шалгалтын өмнөх орой бүгдийг нэг дор цээжлэхгүй байх
• хугацаанд нь тараан, хэсэгчлэн давтах
• номоо дахин дахин уншихаас гадна номоо хаагаад санан сэргээх
• өөрөөсөө асуулт асуух, бодлогоор өөрийгөө шалгах
• алдсан бодлого, даалгавраа эргэж харах
• багшийн өгсөн шалгуур, зааврыг уншиж ажиллах зэрэг суралцах арга барилд аажмаар суралцах хэрэгтэй.

Дунд ангид “яаж сурахаа сурах” нь маш чухал болдог.

5. Олон багштай болно гэдэг өөр өөр шаардлагад зохицож сурахыг хэлнэ

Багш бүрийн хичээл заах арга, даалгавар өгөх хэлбэр, хугацаа, үнэлгээ, хичээл дээрх шаардлага өөр байж болно.

Эхний үед:
“Энэ багш ямар дэвтэр гэсэн билээ?”
“Хэзээ хураалгах юм бол?”
“Яагаад энэ багш өөрөөр шаарддаг юм?” гэж будилах нь хэвийн.

“Тэр багш хэцүү юм байна” гэж шууд дүгнэхийн оронд:

“Тэр багш яг юу шаарддаг юм байна?”
“Сайн хийхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?”
“Ойлгоогүй зүйлээ өөрөөс нь асуусан уу?” гэж ярилцаарай.

Өөр өөр хүний хүлээлтийг ойлгож, түүнд тохируулан ажиллаж сурах нь өөрөө амьдралын чухал чадвар.

6. Багшаасаа өөрөө асууж, асуудлаа тайлбарлаж сурахад нь боломж өгөөрэй

“Багш аа, энэ хэсгийг сайн ойлгосонгүй. Дахин тайлбарлаж өгч болох уу?”

“Өчигдөр хичээлээс чөлөө авсан. Нөхөж хийх ажил байгаа юу?” гэж хүүхэд өөрөө асууж, тусламж хүсэж сурах хэрэгтэй.

Тиймээс өдөр тутмын жижиг асуудал бүрд эцэг эх нь багш руу өмнөөс нь бичихээс өмнө:

“Чи өөрөө багшаасаа асуугаад үзэх үү? Яаж асуухаа бодъё” гэх зэргээр боломж өгөөрэй.

Харин дээрэлхэлт, гадуурхалт, аюулгүй байдал, удаан үргэлжилсэн сэтгэлзүйн өөрчлөлт, олон хичээл дээр зэрэг давтагдсан хүндрэл зэрэг асуудалд эцэг эх сургуультай шууд хамтран ажиллах хэрэгтэй.

7. Алдаа бүрийнх нь араас “аврах” хэрэггүй

Хүүхэд даалгавраа мартсан, хугацаагаа андуурсан, хэрэгтэй зүйлээ бэлдээгүй үед эцэг эх өмнөөс нь бүхнийг засаж өгөх хүсэл төрдөг.

Гэхдээ алдаа гаргах бүрд багш руу өмнөөс нь тайлбар бичих, мартсан зүйлийг нь байнга хүргэж өгөх, хугацааг нь сунгуулах гэж оролдох нь хүүхдийн хариуцлагыг аажмаар өөрт нь шилжүүлэхэд саад болж болно.

Харин хүүхэд өөрөө:
• алдаагаа тайлбарлах
• нөхөх арга асуух
• үр дагаврыг нь хүлээх
• дараагийн удаа яаж давтахгүй байх аргаа бодох боломжтой байх хэрэгтэй.

Бие даана гэдэг өөрийн сонголт, үйлдлийн үр дагаврыг дааж сурахыг ч хэлдэг.

8. Өдөр бүр багшаас “Манай хүүхэд өнөөдөр ямар байсан бэ?” гэж асуух шаардлагагүй

Бага ангид багш, эцэг эхийн өдөр тутмын харилцаа илүү ойр байдаг.

Харин дунд ангиас хүүхэд өөрийн сургуулийн амьдралын талаар өөрөө мэдээлж, асуудлаа тайлбарлаж, хэрэгтэй үедээ тусламж хүсэж сурах хэрэгтэй.

Өдөр бүр багшаас:
“Даалгавраа хийсэн үү?”
“Хичээл дээрээ ямар байсан?”
“Өнөөдөр юу болсон?” гэж асуугаад байвал хүүхэд өөрийн асуудалд эзэн болох боломж багасаж болно.

9. Хурал, уулзалтаас “том болсон юм чинь” гээд холдож болохгүй

Эцэг эх:

• хурал, уулзалтад оролцох
• сургуулийн албан мэдээллийг унших
• хүүхдийн явц, оролцоог үе үе харах
• шаардлагатай үед багш, сургуультай хамтран ажиллах хэрэгтэй хэвээр.

Харин оролцооны хэлбэр өөрчлөгдөнө.

Өмнөөс нь бүхнийг зохицуулдаг байснаас ерөнхий явцыг мэдэж, хэрэгтэй үед нь чиглүүлж, асуудлыг өөрөө шийдэх боломжийг нь нэмэгдүүлэх түвшин рүү шилжинэ.

10. Зан байдал өөрчлөгдөх үед бодит байдлыг олон талаас харах

11-12 насанд бие махбод, сэтгэл хөдлөл, үе тэнгийн харилцаа, өөрийн сонголттой болох хүсэл зэрэг олон өөрчлөлт давхацдаг.

Өмнө нь ээж аавынхаа үгийг шууд дагадаг байсан хүүхэд санал зөрж эхэлж болно. Найзын санал илүү чухал болж болно. Заримдаа бодолгүй шийдвэр гаргах, дүрмийн хил хязгаарыг туршиж үзэх үе ч гарна.

Тиймээс:
“Бага ангид ийм байгаагүй.”
“Энэ ангид ороод өөрчлөгдчихлөө.”
“Сургууль нь ийм болгочихлоо.” гэж шууд дүгнэн буруутгахын оронд:

“Хэзээнээс өөрчлөгдөв?”
“Гэрт болон сургууль дээр адилхан байна уу?”
“Ямар үед илүү ажиглагдаж байна?”
“Сүүлийн үед юу өөрчлөгдсөн бэ?” гэж бодит байдлыг олон талаас нь хараарай.

11. “Манай хүүхэд огт тийм биш” гэж өмөөрөхөөс өмнө болсон явдлыг бүтнээр нь сонсоорой

Өсвөр насны эхэн үед хүүхэд найзынхаа нөлөөгөөр дүрэм зөрчих, бусдыг дагах, бодолгүй үг хэлэх, өөрийгөө харуулах гэж зохисгүй сонголт хийх үе гарч болно.

“Манай хүүхэд тийм хүүхэд биш” гэж шууд хамгаалах нь эцэг эхийн хувьд ойлгомжтой.

Гэхдээ сайн хүүхэд байна гэдэг алдаа огт гаргахгүй гэсэн үг биш.

Хүүхдийн хүн чанар, тухайн үйлдлийг тусад нь хараарай.

“Би чамайг энэ нэг үйлдлээр чинь дүгнэхгүй. Харин энэ үйлдэл бусдад ийм нөлөө үзүүлсэн учраас үүнийг засах, хариуцлага хүлээх хэрэгтэй” гэж ярилцаж болно.

Ингэснээр хүүхэд:
• алдаагаа хүлээн зөвшөөрөх
• бусдад үзүүлсэн нөлөөгөө ойлгох
• үр дагавраа хариуцах
• дараагийн удаа өөр сонголт хийх чадварт суралцана.

12. “Багадаа сайн сурдаг байсан” гэдгээр өнөөдрийн асуудлыг үгүйсгэх хэрэггүй

6-р ангид зарим хүүхдийн дүн хэлбэлзэж болно.

“Багадаа дандаа сайн байсан.”
“Өмнөх багш дээрээ ийм дүн авч байгаагүй.”
“Уг нь маш сайн хүүхэд.” гэж өнгөрсөн амжилтаар өнөөдрийн хүндрэлийг тайлбарлахын оронд:

“Яг аль хэсэг дээр хүндрэлтэй байна?”
“Мэдлэгийн асуудал уу?”
“Ажлаа зохион байгуулахад хүндрэлтэй байна уу?”
“Даалгаврын зааврыг ойлгохгүй байна уу?”
“Хугацаандаа амжихгүй байна уу?” гэдгийг ялгаж хараарай.

Өнгөрсөн амжилт хүүхдийн давуу тал мөн. Гэхдээ өнөөдрийн хүндрэл байхгүй байх ёстой гэсэн нотолгоо биш.

Дунд ангид өмнөхөөс өөр ур чадвар шаардагддаг учраас хүүхдэд сурах арга барил, зохион байгуулалтын дадлаа шинэчлэх шаардлага гарч болно.

13. “Энэ хичээл чамд хэрэггүй” гэж хэт эрт ялгаж болохгүй

“Математикаа л сайн хий.”
“Чамд түүх хэрэггүй.”
“Программист болох юм чинь биологи яах юм?”
“Англи хэлдээ л анхаар.” гэж хичээлийг хүүхдийнхээ өмнөөс эрэмбэлэхээс болгоомжлоорой.

Дунд ангийн хичээлүүд хүүхдэд өөр өөр төрлийн сэтгэх үйлдэлд дадлага хийх боломж өгдөг.

Математикаар логик үндэслэл гаргах, асуудал шийдэх; хэл, уран зохиолоор уншиж ойлгох, санаагаа илэрхийлэх; байгалийн ухаанаар ажиглах, асуулт тавих, нотолгоонд тулгуурлан тайлбарлах; нийгмийн ухаанаар хүн, нийгэм, үйл явдлыг олон талаас нь авч үзэх дадлага хийдэг.

Түүнээс гадна 11-12 настай хүүхэд ирээдүйн мэргэжил, сонирхол, авьяасаа бүрэн тодорхойлчихсон байдаггүй.

Өнөөдөр нэг хичээлд дургүй байгаа нь тэр чиглэлд чадваргүй гэсэн үг ч биш.

“Аль хичээл чамд сонирхолтой байна?”
“Аль нь арай хэцүү байна?”
“Яагаад хэцүү санагдаж байна?”
“Юунд нь тусламж хэрэгтэй байна?” гэж ярилцаарай.

Дунд анги бол хүүхэд олон чиглэлээр суралцаж, өөрийгөө таньж эхлэх үе.

14. Олимпиад, тэмцээний амжилтыг хүүхдийн үнэ цэнтэй бүү холбоорой

Хүүхэд хичээл, спорт, урлаг, мэтгэлцээн, олимпиадад авьяастай байвал хөгжүүлэх нь маш сайн.

Харин:
“Өнгөрсөн жил алт авсан, энэ жил заавал ахих ёстой.”
“Тэр хүүхэд олон улсын тэмцээнд явж байна.”
“Чи түүнээс дутахгүй.”
“Ийм их боломж гаргаж өгч байхад...” гэсэн дарамт нэмэгдэх үед хүүхэд амжилтаа өөрийн үнэ цэнтэй холбож ойлгох эрсдэлтэй.

11-12 нас бол:

“Би юунд дуртай вэ?”
“Би юунд сайн бэ?”
“Надад юу чухал вэ?”.гэдгээ туршлагаар таньж эхэлдэг үе.

Тиймээс:
“Чи өөрөө үүнийг үргэлжлүүлмээр байна уу?”
“Юу нь чамд хамгийн сонирхолтой вэ?”
“Бэлтгэл нь хэт их болж байна уу?”
“Өөр зүйл туршиж үзмээр байна уу?” гэж хүүхдийнхээ дуу хоолойг сонсоорой.

Өндөр зорилго тавьж болно. Харин зорилго нь хүүхдийн сонирхол, бэлэн байдал, хөгжлийн хэмнэлтэй нийцэж байх нь чухал.

15. Үе тэнгийн асуудлыг “жижиг зүйл” гэж бүү үл тоогоорой

Энэ насанд:
“Найз маань өөр хүүхэдтэй нийлчихлээ.”
“Намайг группдээ аваагүй.”
“Завсарлагаар хэнтэй байх аа мэдэхгүй байна.”
“Ангийнхан намайг юу гэж боддог бол?” гэдэг нь зарим өдөр хүүхдийн хувьд дүнгээс нь ч том асуудал байж болно.

Шууд:
“Тоохгүй бай.”
“Өөр найз ол.”
“Хичээлээ л бод.” гэж хаахын оронд:

“Яг юу болсон юм?”
“Чамд ямар санагдсан?”
“Чи яахыг хүсэж байна?”
“Намайг сонсоосой гэж байна уу, эсвэл хамт шийдэл бодох уу?” гэж асуугаарай.

Мөн нэг удаагийн маргаан, үл ойлголцол бүрийг дээрэлхэлт гэж үзэхгүй. Харин санаатайгаар давтагдах, хүчний тэнцвэргүй байдал үүсэх, хүүхэд өөрийгөө хамгаалахад хүндрэлтэй болох зэрэг шинж илэрвэл томчуудын оролцоо шаардлагатай.

16. Биеийн өөрчлөлт, хувийн орон зайг нь хүндэтгээрэй

11-12 насанд бойжилтын эхний өөрчлөлт олон хүүхдэд эхэлдэг.

Хүүхэд өөрийн өндөр, жин, биеийн хэлбэр, арьс, үс, үнэр, хувцаслалтаа бусадтай харьцуулж, өмнөхөөсөө илүү эмзэг хүлээж авч болно.

Тиймээс хүүхдийн биеийн өөрчлөлтийг шоолох, хочлох, ах дүү, найзтай нь харьцуулах хэрэггүй.

Өмнө нь олон хүний дэргэд тэвэрч үнсүүлэх дуртай байсан хүүхэд одоо дургүйцэж болно. Өрөөндөө ганцаараа байхыг хүсэж болно. Хувцсаа солихдоо хаалгаа хаадаг болж болно.

Энэ нь эцэг эхээсээ хөндийрч байна гэсэн үг биш. Өөрийн бие, хил хязгаар, хувийн орон зайгаа илүү мэдэрч эхэлж байгаагийн нэг хэсэг байж болно.

Хайр халамжаа хэвээр хадгална. Харин илэрхийлэх хэлбэрээ хүүхдийнхээ нас, хүсэлтэй нийцүүлж өөрчлөөрэй.

17. Утас, тоглоом, сошиал хэрэглээгээ өөрөө зохицуулж сурахад нь туслаарай

Дунд ангид утас нь зөвхөн тоглоомын хэрэгсэл байхаа больдог. Ангийн чат, найзын групп, сошиал харилцаа, хичээлийн мэдээлэл бүгд нэг төхөөрөмж дээр ирнэ.

Тиймээс:

• утас нь хичээлээ эхлэх хугацааг хойшлуулж байна уу
• хийх ёстой ажлаа тасалдуулж байна уу
• унтах цагийг хойшлуулж байна уу
• хөдөлгөөн, хооллох, гэр бүлийн харилцааны цагийг багасгаж байна уу
• чат, группийн харилцаа нь сэтгэл санаанд нь нөлөөлж байна уу
• хэрэглээгээ зогсоох үед байнга хүчтэй маргаан үүсэж байна уу гэдгийг хамтад нь анхаараарай.

Гэр бүлээрээ ойлгомжтой, тогтвортой дүрэмтэй байхад илүү амар.

Жишээлбэл:
• хичээл хийж байх үед утсаа хол байлгах
• хоолны үеэр утас хэрэглэхгүй байх
• унтахын өмнө дэлгэцийн хэрэглээг зогсоох
• шөнийн мэдэгдлээ хаах
• тоглоом, сошиалын цагаа хийх ёстой ажлынхаа хажуугаар бодитоор төлөвлөх зэрэг дүрэм тохирч болно.

18. Цахим орчинд зөвхөн хэрэглээний хугацаа биш, харилцааны ёс зүйг ч ярилцаарай

6-р ангид ангийн чат, найзын групп дэх харилцаа хүүхдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж эхэлдэг.

Тиймээс:
• хүний зураг, бичлэг, чатны screenshot-ыг зөвшөөрөлгүй тараахгүй байх
• группээс зориуд хасах, доромжлох, шоолохыг “тоглоом” гэж үзэхгүй байх
• танихгүй хүнд хувийн мэдээлэл, зураг, нууц үг өгөхгүй байх
• эвгүй, айдас төрүүлсэн, дарамталсан зүйл тохиолдвол итгэдэг том хүнд хэлэх зарчмыг урьдчилан ярилцаарай.

Хүүхэд асуудалд орсны дараа л “Яагаад хэлээгүй юм?” гэж асуухаас илүү “Юу ч болсон надад хэлж болно” гэсэн итгэлтэй харилцааг өмнөөс нь бий болгох нь хамгаалалтын чухал хүчин зүйл.

19. Нойр, хөдөлгөөн, хооллолтыг хичээлээс тусдаа зүйл гэж бүү хараарай

6-р ангийн ихэнх хүүхэд 11-12 настай байдаг тул хоногт ойролцоогоор 9-12 цагийн нойр шаардлагатай.

Мөн тогтмол хөдөлгөөн, хооллолт, амралтын хугацаа нь анхаарал төвлөрөл, сэтгэл хөдлөлөө зохицуулах, суралцах чадварын суурь хэвээр.

Дунд ангид “орой сууж их хийх”-ээс илүү өдөр тутмын хэмнэлээ зөв зохион байгуулах чадвар чухал.

20. Эхний хэдэн долоо хоногийн хэлбэлзлийг шууд асуудал гэж дүгнэх хэрэггүй

Шинэ хуваарь, олон багш, өөр шаардлага, шинэ харилцаанд зэрэг дасаж байгаа учраас эхний үед:

• юм мартах
• хуваариа андуурах
• зарим хичээлийн дүн хэлбэлзэх
• ядрах
• гэртээ дуу цөөнтэй болох
• эсвэл арай уурламтгай болох
• “Бага анги гоё байж” гэж хэлэх үе гарч болно.

Эхний 1-2 долоо хоногийн хэлбэлзлээр “Дунд ангид ороод муудчихлаа” гэж шууд дүгнэх хэрэггүй.

Харин өөрчлөлтийн:
• хэр удаан үргэлжилж байгаа
• хэр олон давтагдаж байгаа
• хэр хүчтэй байгаа
• сурах, унтах, харилцах, өдөр тутмын амьдралд нь хэр нөлөөлж байгаа гэдгийг нь анхаараарай.

Харин хүүхэд сургуульдаа явахаас тогтмол татгалзах, таслалт хоцролт огцом нэмэгдэх, удаан үргэлжилсэн хүчтэй түгшүүр илрэх, ангийнхнаасаа тогтмол тусгаарлагдах, дээрэлхэлт давтагдах, олон хичээл дээр оролцоо зэрэг буурах, унтах болон өдөр тутмын хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдөх зэрэг шинж илэрвэл “өсвөр нас юм чинь” гэж орхиж болохгүй.

Дээрэлхэлт, аюулгүй байдлын эрсдэл, сэтгэлзүйн байдалд огцом өөрчлөлт илэрвэл хэдэн долоо хоног ажиглана гэж хүлээх шаардлагагүй.

Анги удирдсан багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйчтэй эрт ярилцаарай.

Гэр бүлд юу ажиглагдаж байна, сургууль дээр юу ажиглагдаж байна гэдгийг нэгтгэж байж хүүхдэд яг юу хэрэгтэйг илүү зөв ойлгож чадна.

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ

Бие даах чадвар гэдэг: сануулга → хамтын дадлага → өөрөө хийх оролдлого → алдаа → эргэцүүлэл → дахин оролдлого гэсэн үйл явцаар хөгждөг.

Мөн 6-р ангид зөвхөн хүүхэд дунд ангид шилждэггүй. Эцэг эхийн үүрэг ч бас өөрчлөгдөнө.

Хэт оролцохгүй. Бас орхихгүй. Өмнөөс нь бүхнийг шийдэхгүй. Бас ганцааранг нь үлдээхгүй. Хэт өмөөрөхгүй. Бас шошголохгүй.
Хэт өрсөлдүүлэхгүй. Бас боломжийг нь хаахгүй.

Бага ангид өмнөөс нь илүү их зохицуулдаг байсан бол дунд ангид хамт төлөвлөж, асуултаар чиглүүлж, алдаа гаргах аюулгүй боломж өгч, хариуцлагыг нь бага багаар өөрт нь шилжүүлнэ.

Дунд анги бол хүүхэд өөрийн сурах арга барил, сонирхол, давуу тал, харилцааны хэв маяг, биеийн хил хязгаар, сонголт, хариуцлагаа бага багаар таньж эхэлдэг хөгжлийн маш чухал үе.

6-р ангид дэвшиж буй хүүхдүүддээ амжилт хүсье. 👏

Г.Төмөрзаяа

17/08/2026

Намрын элсэлт эхэллээ!
2026-2027 оны хичээлийн жилд 5 мэргэжлээр элсэлт авч байна.
1. Барилгын инженер
2. Био-инженер
3. Механик инженер
4. Цахилгааны инженер
5. Компьютерын ухааны инженер

Элсэлтийн шалгалт 8-р сарын 28-ны өдөр 10:00 цагт болно.
Элсэлтийн шалгалт:
1. Монгол хэл
2. Математик
3. Физик
4. Ярилцлага

Дэлгэрэнгүй мэдээллийг 95007624 дугаараас авна уу.
#Мөрөөдлөөбүтээе!

17/08/2026
17/08/2026
17/08/2026
🏀🔥 U14 УЛСЫН АВАРГЫН ТӨЛӨӨ — ЭМУРА ОХИД МИНЬ, АМЖИЛТ! 🔥🏀🇲🇳 Монголын өнцөг булан бүрээс шилдэг багууд хуран цуглах U14 на...
14/08/2026

🏀🔥 U14 УЛСЫН АВАРГЫН ТӨЛӨӨ — ЭМУРА ОХИД МИНЬ, АМЖИЛТ! 🔥🏀
🇲🇳 Монголын өнцөг булан бүрээс шилдэг багууд хуран цуглах U14 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж буй ЭМУРА багийнхаа охидод халуун амжилт хүсье! 💪❤️
🏀 Бэлтгэл бүрийн хөдөлмөр
🔥 Тоглолт бүрийн тэмцэл
🤝 Багийн нөхөрлөл
❤️ Сэтгэл зүрх, итгэл, хичээл зүтгэл — энэ бүхнээ талбай дээрээ гаргаарай!
💫 ЭМУРА охидоо, та нар чадна!
💪 Өөрсдөдөө итгээрэй!
🔥 Эцсээ хүртэл тэмцээрэй!
🏆 Алхам бүрээ ялалтын төлөө зориулаарай!
Нэг баг ❤️ Нэг зорилго 🔥 Нэг зүрх 🏀
ЭМУРА — УРАГШАА! 🇲🇳🏆
🎉 U14 УЛСЫН АВАРГАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
Monline Sports Баярлалаа. ❤️
🏀 🔥🔥🔥
🏀
🇲🇳
🔥
#НэгБагНэгЗорилго🏆

EMURA охидын сагсан бөмбөгийн клуб-ын охиддоо Багануур дүүрэгт зохиогдож буй U14 Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь томоос том амжилт хүсье🙌⛹️‍♀️

Хамтын хүчээр - Амжилт руу...🤝

Бүгд Найрамдах Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдож буй олон улсын 38 дахь мэдээлэл зүйн олимдиадад оролцож байгаа ...
11/08/2026

Бүгд Найрамдах Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдож буй олон улсын 38 дахь мэдээлэл зүйн олимдиадад оролцож байгаа Эрхэт эрдэм сургуулийн сурагч Баяржаргалын МӨНХ-ЭРДЭНЭ Эрдэнэбатын МӨНХТӨР, тус олимпиадад тусгай урилгаар хүндэт зочноор оролцож байгаа захирал Сугардорж нартаа амжилт хүсье.

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 38 ДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХООР ЗАМД ГАРЛАА

💻 2026 оны 8 дугаар сарын 9-16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдах Олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад (IOI 2026)-д оролцох Монгол Улсын баг өнөөдөр буюу 8 дугаар сарын 9-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас эх орноо төлөөлөн замд гарлаа.

🇲🇳 Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсын багийн гишүүнээр:

👨‍💻Оюунлаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм
👨‍💻Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Баяржаргалын Мөнх-Эрдэнэ
👨‍💻Нэст Эдүкэйшн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ганзоригийн Эрхэм
👨‍💻Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Эрдэнэбатын Мөнхтөр нар оролцоно.

🎓 Монгол Улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, ШУТИС-ийн МХТС-ийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор А.Хүдэр,
дэд ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн МБУС-ийн ахлах багш Ж.Дашдэмбэрэл нар ажиллана.

Мөн зочин оролцогчоор Ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж, тус сургуулийн багш Б.Цэрэнпил нар оролцож байна.

💡 Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцогчид хувийн амжилтаар өрсөлддөг бөгөөд хоёр өдрийн турш өдөр бүр 3 бодлогыг 5 цагийн хугацаанд бодож, нийт 600 онооны төлөө өрсөлдөнө.

🌟 Оюун ухаан, ур чадвар, хичээл зүтгэлээрээ эх орноо төлөөлөн оролцож буй Монгол Улсын багийн сурагчид, багш нартаа өндөр амжилт хүсье!

🇲🇳 Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөөрэй!
Монголын Мэдээлэлзүйн Олимпиад

Эрхэт Эрдэм сургуулийн сурагч дэвтрийн багцууд ирсэн байна. Нүдэнд ээлтэй дэвтрүүдийг үйлдвэрлэсэн Соёмбо прессийн хамт ...
03/08/2026

Эрхэт Эрдэм сургуулийн сурагч дэвтрийн багцууд ирсэн байна.

Нүдэнд ээлтэй дэвтрүүдийг үйлдвэрлэсэн Соёмбо прессийн хамт олондоо баярлалаа.

Та бүхэн энэхүү багцуудыг снирхоорой

Address

Bayangol
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97699021357

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЭРХЭТ ЭРДЭМ сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category