31/08/2026
Сүүлийн хэдэн долоо хоногт Монгол Улсад бензин шатахууны хангамж олон нийтийн анхаарлын төвд дахин орлоо. 2026 оны долдугаар сард хэрэглээ огцом өсөж, зарим ШТС-д нийлүүлэлт тасалдан, наймдугаар сарын эхээр Улаанбаатарт АИ-92 бензинийг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор түр хуваарилан олгох хүртэл арга хэмжээ авсан. Улмаар Засгийн газар бензин, дизель түлшний онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэж, нэмэлт импорт, нөөц бүрдүүлэх арга хэмжээ хүртэл авч байна.
Энэ нөхцөл байдал нэг асуултыг эргэн санууллаа.
Монголын автомашины хэрэглээ заавал бензин, дизель гэсэн сонголтоос хамааралтай байх ёстой юу? Өнөөдөр бид цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины талаар их ярьдаг. Гэхдээ Монголд өөр төрлийн түлшний хэрэглээг бий болгох оролдлого үүнээс нэлээд өмнө эхэлсэн түүхтэй. Түүний нэг нь нефтийн шингэрүүлсэн хий буюу LPG-г автомашины түлш болгон хэрэглүүлэх “авто газ”-ын хөдөлгөөн байлаа.
Одоогийн шатахууны нийлүүлэлтийн эмзэг байдалтай зэрэгцүүлэн эргэн харахад энэ түүх зөвхөн маркетингийн нэг кампанит ажил биш, харин эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, хэрэглэгчдэд өөр сонголт бий болгохын ач холбогдлыг харуулсан кейс болж харагддаг.
2009 оны орчимд Улаанбаатарын автогазын зах зээл өнөөдрийнхтэй харьцуулахад маш жижиг байлаа. “Юнигаз” компани 3–4 орчим нефтийн шингэрүүлсэн хий түгээх станцтайгаар автомашины LPG хэрэглээг хөгжүүлж эхэлж байсан үе. Гэхдээ станцтай байна гэдэг хэрэглэгчтэй байна гэсэн үг биш.
Тухайн үед Улаанбаатар хотод ойролцоогоор 130 мянган автомашин бүртгэлтэй байсны 64.6% нь бензин, 33.1% нь дизель түлш хэрэглэж, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины эзлэх хувь ердөө 2.3% орчим байв. Нөгөө талаар тухайн үеийн судалгаанд хотын автомашины паркын 80 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, ихэнх нь орчин үеийн ялгаруулалтын стандартаас доогуур байгаа тухай дурдсан судалгаа байдаг.
LPG дэлхийд шинэ технологи биш байсан. Олон сая автомашин аль хэдийн хэрэглэж, эдийн засгийн болон ялгарлын тодорхой давуу талууд нь судлагдсан байв. Гэтэл Монголд нэг өөр асуудал байсан. Хүмүүс LPG-г мэддэг мөртлөө мэддэггүй байв. Өөрөөр хэлбэл автомашины түлш гэж тэр бүр ойлгодоггүй байлаа.
“Газ” гэхэд хамгийн түрүүнд гал тогооны плитка, баллон, ахуйн хэрэглээ төсөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн танил боловч автомашины хэрэглээний ангилал хэрэглэгчийн оюун санаанд бүрдээгүй байв. Нөгөө талаар газын хэрэглээг эрсдэлтэй, аюултай гэсэн болгоомжлол ихтэй байлаа.
Тэгээд бид түүнд нэр өгсөн — “Авто газ”.
Энэ үед “Шинэ үеийн манлайлал” ТББ-ын хэсэг залуус нийгэмд илүү цэвэр, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, өөр төрлийн түлшний хэрэглээг таниулах зорилгоор Юнигаз компанитай хамтран кампанит ажил өрнүүлж эхэлсэн юм. Бидний өмнө эхлээд техникийн биш, маркетингийн маш энгийн асуулт тулгарсан.
Хүмүүс үүнийг юу гэж нэрлэх вэ?
Ингээд “Ахуйн газ” — гэр ахуйн хэрэглээнд. “Авто газ” — автомашины хэрэглээнд гэсэн ялгалтыг хэрэглээнд оруулах санаа гарсан.
Өнөөдөр “авто газ” гэдэг үг угаасаа л байсан нэршил шиг сонсогдож магадгүй. Харин тухайн үед энэ хоёрхон үг хэрэглэгчийн ойлголтод шинэ product category бий болгох үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн аль хэдийн мэддэг “газ” гэсэн ойлголтыг эвдээгүй. Харин түүн дээр “авто” гэсэн шинэ зориулалтыг залгасан. Ингэснээр танил бүтээгдэхүүнээс шинэ зориулалт, шинэ зориулалтаас шинэ нэршил, шинэ нэршилээс шинэ сонголт гэсэн ойлголтын гүүр бий болсон юм.
Телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “авто газ” гэсэн нэршлийг тууштай давтан хэрэглэж, LPG-ийн эдийн засаг, байгаль орчны давуу тал, аюулгүй хэрэглээний талаар мэдээлэл хүргэснээр “авто газ” аажмаар жолооч нарын өдөр тутмын хэллэгт нэвтэрсэн. Эргээд харахад бид зөвхөн бүтээгдэхүүн сурталчлаагүй. Монгол хэрэглэгчийн оюун санаанд шинэ ангиллыг нэрлэж, ойлгуулж байсан хэрэг.
Гэхдээ нэр өгснөөр зан үйл өөрчлөгдөхгүй. Хүмүүс “авто газ” гэж юу болохыг мэдлээ гээд маргааш нь хийн хөдөлгүүрт машиныг хэрэглээндээ сонгохгүй.
“Миний машинд тохирох уу?” “Аюулгүй юу?” “Хаанаас хийлгэх вэ?” “Ойрхон станц байх уу?” “Тоног төхөөрөмж нь стандартын шаардлага хангах уу?” гэсэн маш бодит асуултууд үлдэнэ. Энд нийгмийн маркетингийн нэг чухал зарчим харагддаг.
Хүнээс зан төлөвөө өөрчлөхийг хүсэж байгаа бол шинэ зан төлөв бүрдэхэд хялбар орчныг нь бас бүрдүүлэх ёстой. Хот даяар 3–4 станцтай байхад LPG хэчнээн хямд, байгальд ээлтэй байсан ч жолооч машинаа өөрчлөх шийдвэр гаргахад хэцүү. Тиймээс кампанит ажлын дараагийн шат нь мэдээлэл түгээхээс гадна авто газ түгээх станцын хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих орчин бүрдүүлэх асуудалтай холбогдсон. Энэ бол маркетингийн сонгодог 4P-ийн Place бодит амьдрал дээр ямар чухал болохыг харуулсан жишээ юм.
Түүнчлэн хэрэглэгчийн зан үйлийг өөрчлөхөд өөр нэг том саад байлаа. Тэр нь бодлого, эрх зүйн орчин байв. Хийн хөдөлгүүртэй автомашины хэрэглээг өргөжүүлэхийн тулд зөвхөн хэрэглэгчийг ятгах бус, импорт, татвар, техникийн стандарт, газ түгээх станцын аюулгүй ажиллагаа, зөвшөөрлийн тогтолцоог хамтад нь авч үзэх шаардлагатай болсон.
“Авто газ”-ыг таниулах эхний үеийн ажлын араас хийн түлшээр ажилладаг автомашиныг дэмжих асуудал төрийн бодлогын түвшинд орж, хийн хөдөлгүүртэй автомашинд татварын давуу нөхцөл бүрдүүлэх эрх зүйн өөрчлөлтүүд хийгдсэн нь зах зээлийн хөгжлийн чухал түлхэц болсон. Өнөөдрийн хүчин төгөлдөр татварын бүтцэд ч энэ бодлогын ялгарал хадгалагдсаар байна. Жишээлбэл, ижил хөдөлгүүрийн багтаамж, насжилттай бензин/дизель автомашинтай харьцуулахад LPG болон хос тэжээлт автомашины онцгой албан татвар 50 хувиар бага тарифтай байна.
Энэ бол нийгмийн маркетинг зөвхөн communication биш гэдгийг харуулсан хамгийн сонирхолтой хэсэг. Идэвхжүүлэлт (Promotion/Communication) хэрэглэгчийн ойлголтыг өөрчилсөн. Хуваарилалт (Place) шинэ зан төлөвийг боломжтой болгосон. Бодлого (Policy) тэр сонголтыг системийн түвшинд дэмжсэн.
Харин өнөөдөр энэ түүх яагаад дахин сонирхолтой болов?
2026 оны наймдугаар сарын шатахууны нөхцөл байдлыг харахад энэ асуулт улам бодит болж байна. Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ дийлэнхийг импортоор хангадаг учраас нэг төрлийн түлш, цөөн нийлүүлэлтийн сувагт хэт төвлөрөх нь хэрэглэгч болон эдийн засгийн хувьд эрсдэл дагуулдаг. Авто газ бүх асуудлыг шийдэх ганц шийдэл биш. Гэхдээ боломжит шатахуун/түлшний бодит сонголтуудын нэг мөн. Тэр тусмаа бензиний нийлүүлэлт доголдож байгаа үед LPG-ийн нийлүүлэлт харьцангуй тогтвортой байж чадвал хэрэглэгчийн хувьд зөвхөн үнийн бус, нийлүүлэлтийн эрсдэлийг хуваарилах сонголт болж чадна. Үүн дээр LPG-ийн зарим төрлийн хорт ялгарлыг бууруулах боломжийг нэмбэл хотын тээврийн бодлогод эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчин гэсэн гурван асуудал огтлолцож эхэлнэ.
Эцсийн үр дүн нь хэдэн тонн газ зарснаар хэмжигдэхгүй. Өнөөдөр эргээд харахад энэ ажлын хамгийн сонирхолтой үр дүн нь тухайн үед хэдэн тонн LPG борлуулсан тухай тоо биш. “Авто газ” гэдэг нэршил Монголын хэрэглэгчдийн өдөр тутмын үгийн санд үлдсэн явдал өөрөө нэг үр дүн.
Нэршил бий болов.
Нэршлээс ойлголт бий болов.
Ойлголтыг хүртээмж дагав.
Хүртээмжийг бодлого, стандарт дэмжив.
Эдгээр нь нийлж байж хэрэглэгч өмнө нь бараг байгаагүй сонголтыг бодитоор хийх боломжтой болсон.
Нийгмийн маркетингийг заримдаа олон нийтэд зориулсан сурталчилгаа мэтээр хэт явцуу ойлгодог. Харин Philip Kotler, Nancy Lee, Alan Andreasen нарын бүтээлүүдэд тодорхойлсон үндсэн санаа нь илүү өргөн — нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийн зан төлөвийг өөрчлөхөд маркетингийн зарчим, арга хэрэгслийг ашиглах тухай юм.
“Авто газ”-ын энэ туршлага бидэнд нэг зүйл ойлгуулсан. Маркетинг заримдаа “бүтээгдэхүүн борлуулахаас илүү том ажил” хийдэг. Хүмүүсийн мэдлэгт шинэ үг, оюун санаанд шинэ ойлголт, өдөр тутмын амьдралд шинэ сонголт бий болгож чаддаг.
Харин тэр сонголтыг бизнес, дэд бүтэц, төрийн бодлого хамтдаа дэмжиж чадвал маркетинг арилжааны хилээсээ давж, нийгмийн өөрчлөлтийн хөшүүрэг болж эхэлдэг.
Нийтлэл бичсэн: З.Ундрах, Ph.D – ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургууль, Маркетингийн тэнхимийн эрхлэгч
Эх сурвалж
1. Kotler, P., & Lee, N. R. (2008). Social Marketing: Influencing Behaviors for Good (3rd ed.). SAGE Publications.
2. Andreasen, A. R. (1995). Marketing Social Change: Changing Behavior to Promote Health, Social Development, and the Environment. Jossey-Bass.
3. World LPG Association (WLPGA). Autogas Incentive Policies and Emissions Comparison. World LPG Association.
4. Nasurt, T. (2010). Air Pollution Problems in Ulaanbaatar, Mongolia. [Source cited for vehicle fleet and fuel-use statistics in Ulaanbaatar.]
5. Guttikunda, S. K. (2007). Urban Air Pollution Analysis for Ulaanbaatar. World Bank Consultant Report.
6. Allen, R. W., Gombojav, E., Barkhasragchaa, B., Byambaa, T., Lkhasuren, O., Amram, O., Takaro, T. K., & Janes, C. R. (2013). An assessment of air pollution and its attributable mortality in Ulaanbaatar, Mongolia. Air Quality, Atmosphere & Health, 6, 137–150.
7. General Customs Administration of Mongolia. Excise Tax Rates for Imported Motor Vehicles. Government of Mongolia.
8. Ministry of Industry and Mineral Resources of Mongolia. (2026). Updates on Mongolia’s Fuel Supply and Distribution Situation. Government of Mongolia.
#НийгмийнМаркетинг #АвтоГаз