31/05/2026
ДЭМЧОГИЙН ХИЙД
Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 5-р ноён хутагт Д.Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг бол Галбын гурван хийдийн нэг Дэмчогийн хийд юм.
1830 онд 5-р ноён хутагт ДАНЗАНРАВЖАА Галбын ууланд ирж Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг үзэж сонирхоод маш их сэтгэл хангалуун энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш энд би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна гэжээ.
Тэгэхэд нь энэ ямар учиртай нутаг вэ? гэж асуухад: Хэрвээ энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүнд дэндүү сайныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хэдхэн хүн амьтнаа аваад үлдэж чадах ертөнцөд ганцхан нутаг юм гэжээ. Ингээд Ноён Хутагт амьдралынхаа 20- иод жилийг энэ нутагт өнгөрүүлж, галба уулын нутагт улааны шашныг дэлгэрүүлэх 3 хийдийг байгуулсан нь Дэмчогийн хийд Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гурав юм.
Дэмчогийн хийд бол Дэмчог бурхан заларсан зөвхөн өргөл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулсан энэ хийдүүд дүйцэн өдрүүдэд цагийн хурал хурдаг, цөөн тооны лам нартай, зөвхөн хийдэд ирсэн мөргөлчдөд үйлчилдэг Буддын шашны улааны урсгалын хийд байжээ. “Дэмчог” гэдэг нь төвдөөр “Дээд амгалан” гэсэн утгатай үг ажээ. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Хийд нь хойд тэргүүн хэсэгтээ эр хүний босоо бэлэг хэлбэртэй хад, түүний энгэрт бадамлянхуа цэцгийн найман дэлбээнд бурхан багшийн найман их шидэт эрдэнийн суварга, түүний голд Диваажингийн орны Авид бурхан, дэлбээний гадна талд 17м орчим өндөр нар буруу эргэдэг Хажидын суварга нэртэй шүтээн байдаг. Дэмчогийн хийдийн хадан цохиог Ноён Хутагт хариулахдаа эрэгтэй хүнд чадал чансаа, аз жаргал бэлэглэх, эмэгтэй хүнд сайн үр, сайхан хань заяах, хүний амьдралын болж бүтэхгүйг тэгшилж байдаг гэжээ. Хутагт өөрөө Дэмчогийн хийд дээрээ голлон сууж, одоо бидний энерги аваад байгаа хадан дээр байнга гарч тэнд сууж бичиг зохиолоо бичиж байгалийн сайхныг харж онгод хийморио хөглөдөг байсныг нутгийн хүмүүс ам дамжин ярьсаар иржээ.