05/01/2022
Анагаах ухааны салбарын анхны төгсөлтөөр 1947 онд анхны 13 эмч сургуулиа төгсөж байжээ.
1941-1990 оны үе
1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик, вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эхэлсэн байлаа.
1989 оны төгсгөлд 10000 хүн амд 27.4 их эмч, тусгай дунд боловсролтой 87.3 мэргэжилтэн, 117.9 эмнэлгийн ор ногдох болсон нь 1940 оныхтой харьцуулахад 10000 хүн амд ногдох их эмч 18 дахин, дунд шатны мэргэжилтэн 2 дахин, эмнэлгийн орны тоо 5 дахин өссөн гэсэн хэрэг бөгөөд дэлхийн хөгжингүй орнуудын жишигт хүрсэн үзүүлэлтүүд байв.
Монгол улс тэр үеийн ЗСБНХОУ, ЗХУ-ын шууд оролцоо, дэмжлэгтэйгээр хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах социалист хэвшинжийн тогтолцоог бий болгон хөгжүүлсэн 70 орчим жил нь Монголын хүн амыг эрүүлжүүлж, биологийн мөхлөөс аварсан боловч, уг тогтолцоо нь 1980-аад оноос нөөц бололцоогоо шавхаж, шинэ эрэл хайгуулыг эхлүүлсэн юм. Тиймээс БНМАУ-д 1990 оны 4 дүгээр сард байгуулагдсан олон намын тогтолцооны анхны Засгийн газар “… улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд удаан хугацаагаар ноёрхсон захиргаадан тушаах арга барил, хэт төвлөрсөн удирдлага, төлөвлөлтийн хүнд сурталт механизм нь эрүүлийг хамгаалах салбарын ажилд ч нэн муугаар нөлөөлж, эмнэлэг-ариун цэврийн тусламжийн чанар, үйлчилгээний соёлын түвшин нь хүн амын өсөн нэмэгдэж буй шаардлагаас ихээхэн хоцорч, нийгмийн бухимдлын нэг шалтгаан болох болжээ…” хэмээн үзэж, “… Тус орныг төрийн зохицуулалттай зах зээлийн харилцаанд шилжих явцад нэг талаас улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, хамт олон, иргэн бүрээс эрүүл мэнддээ тавих анхаарал халамж, нөгөө талаас хүн амд үзүүлэх эмнэлэг-ариун цэврийн үйлчилгээний чанар, хүрэлцээ нь байнга боловсронгуй болон сайжирч байх нөхцөлийг хангасан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, эдийн засгийн механизмыг боловсруулан хэрэгжүүлэх замаар эрүүл монгол үндэстэн өсч хөгжих бололцоог бүрдүүлэхэд эрүүлийг хамгаалах албаны үйл ажиллагааг чиглүүлж, манай улсын иргэн бүрд тэдний оршин сууж байгаа газар, эрхэлж байгаа ажлын онцлогоос үл хамааран эмнэлгийн тусламжийг жигд, хүртээмжтэйгээр дэлхийн түвшинд үзүүлж чадах монгол үндэсний эрүүлийг хамгаалахын боловсронгуй систем бий болгохыг зорино.
Ингэхдээ одоогийн манай эрүүлийг хамгаалах албаны гол дутагдал болох, байгууллага, хамт олон, хувь хүний зүгээс нийгмийн болон хувийн эрүүл мэндээ ухамсартайгаар хамгаалах хөшүүрэг болж чадахгүйгээс эрүүл мэндийг эзэнгүйдэхэд хүргэж байгаа эдийн засгийн харилцаа, хуваарилалтын зарчим, өвчтөний эмчээ сонгож авах эрх, эмч , эмнэлгийн ажилтны мэдлэг чадвараараа чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг боогдуулснаас эмнэлгийн материаллаг бааз, техникжилтийн түвшингийн хоцрогдолд хүргэж байгаа эмнэлэг-ариун цэврийн тусламжин дахь улсын монополыг халж, шинэчлэгдэж буй эдийн засгийн харьцаанаас үүсч болох эрүүл мэндийн сөрөг үр дагавар, шинээр аж үйлдвэржсэн орнуудад ихэсдэг зүй тогтолтой зарим өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулан хэрэгжүүлэх хэрэгтэй болох юм …”1 гэж үзэж байлаа.
Үргэлжлэлийг https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB_%D0%9C%D1%8D%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%AF%D0%B0%D0%BC_(%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB)