27/09/2026
~ Эрэгтэй хүүхдийг зөв хүмүүжүүлэх, жинхэнэ эр хүн болгож өсгөх 8 чухал шат
Энэ сэдвийг орчуулахын өмнө эхлээд би Монгол оронд маань эр эм хүйсийн тэнцвэрт байдал ямар байгаа, мөн харамсалтай нь миний мэдэхийн ээжтэйгээ өсөж буй эрэгтэй хүүхдүүд маш өндөр хувь эзэлж байгааг харгалзан үзэж төгсгөлд өөрийн дүгнэлтээ гаргаж бичихийг хичээе.
Өөр дээрээ тусгаж авч битгий эмзэглээрэй гэж хүсмээр байна. Учир нь бараг л эмзэг сэдэв болсон.
ОХУ дэлхийн || дайнаас хойш эрчүүдээ алдсан хохирлоо одоо хүртэл нөхөж тэнцвэржүүлж гүйцээгүй л явна боловч 2023 оны судалгаагаар 113 эмэгтэйд 100 эрэгтэй оногдож байна.
Монгол хэд вэ?
Тиймээс хүүхдүүд энд аав ээжтэйгээ бүтэн гэр бүлд өсөх боломж илүү өндөр байна.
Энэ маш чухал ба эрэгтэй хүүхдийн хүмүүжилд аав хүн хамгийн өндөр үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Хэрвээ ээжтэйгээ өсдөг бол ээжүүд маань хоёр дахин их судалж уншиж хэрэгжүүлэх ёстой юм байна.
1. Хүүхэд төрсөн цагаас эхэлж хүү бол хүү гэж дуудаж сонсголд нь дасгах ёстой. “Нялх, улаан маамуу биш! Оросууд малыш гэж их дууддаг нь буруу гэнэ. Нялх хүүхэд ээжийнхээ нүүрний хувиралаар сэтгэл зүйг нь ойлгож автомараар тархиндаа тогтоож авах чадвартай байдаг тул хэрвээ ээж сэтгэл гутралтай ч юмуу байнгийн стрестэй бол хүүхэд бүрэн өөртөө шингээж байдаг гэнэ. Энэ нь яваандаа хүүхдийн төв мэдрэлийн системд ч нөлөөлөх ба аймтгай дуугүй эсвэл агрессор болж өсөх суурийг санаандгүй тавьж өгдөг юм байна.
Тиймээс төрсөн эхийг тайван байлга гэдэг.
2. Эрэгтэй хүүхэд ээжтэйгээ илүү их хүйгээр холбоотой байдаг тул хөхөөрөө хооллох нь хүүхдийн сэтгэл зүйд маш их сайнаар нөлөөлж ирээдүйд зөөлөн, хайрлах энэрэх сэтгэлтэй зөв хүн болж өсдөг гэнэ. Эрэгтэй хүүхдийг боломж байвал 2 нас хүртэл хөхөөр хооллож дураар нь өсгөх ёстой гэнэ. 2 нас хүрээд хүүхэд өөрийгөө ээжээсээ тусдаа хүн болсон гэж ойлгож бага багаар биеэ дааж хөндийрч эхэлдэг. Өөрөө хувцаслах өөрөө хооллох гэж оролдох үед нь боломжийг нь бүрэн өгч хорвоотой танилцуулж бие даалгах хэрэгтэй гэнэ.
3. 3-5 нас тоглох нас. Эрэгтэй хүүхдийн хувьд тоглоом нь угсрах, нийлүүлэх эвлүүлэх бүтээх, задлах, барих гэх мэт бүтээмжтэй байх ёстой гэнэ. Байгалаасаа эр хүн бол бүтээгч бий болгогч эмэгтэй хүн бол боловсруулагч гэдэг системтэй учраас энэ чадварыг нь тохирсон насанд нь тоглоомоор нь дамжуулж хөгжүүлж дэмжиж өгөх нь том болоод би бий болгох ёстой гэсэн жинхэнэ эр хүний чадвар суудаг гэнэ. Хүүхэд тоглоомоороо өөрийнхөө сэтгэл зүйг ч эмчилж байдаг тул тоглох маш чухал хэсэг юм байна.
4. 5-8 нас шинэ зүйл сурах нас. Энэ үед хүүхдийн тархи хамгийн идэвхтэй үе дээрээ байдаг тул аливаа мэдээллийг маш хурдан тогтоож тархиндаа насан туршдаа суулгаж авдаг гэнэ.
Энэ үед нь гэр бүлд хэрүүл, салалт болвол хамгийн хүндээр тусгаж авч тэр нь насан туршид нь шарх болж үлдэх магадлалтай. Сайн, муу бүх зүйлийг энэ үед хүүхэд маш тод тогтоож үлддэг тул аль болох аав хүүтэйгээ илүү их цаг өнгөрөөж илүү их үлгэрлэж туслаж, сонсож, ярилцаж байх ёстой гэнэ. Хамтрах, туслах, хариуцлага хүлээх чадвар энэ насан дээр суудаг юм байна.
Тиймээс аав мэддэг чаддаг бүхнээсээ зааж өгнө. Энэ насан дээр сонгон дугуйланд явуулж өөрийнх нь сонирхолыг дэмжиж илрүүлж өгөх хэрэгтэй. Спортын төрлийн дугуйлан эрэгтэй хүүхдэд сэтгэл зүйн үнэгүй хичээл болдог, уур хилэнгээ дарж өөрөө боловсруулж чадахад нь тусалдаг. Мөн номонд дурлуулах нас, номоор дамжуулж дэлхийтэй танилцуулах үе юм.
5. 9-11 нас өсвөр насны эхэн үе. Энэ үеийн синдромыг эцэг эхчүүд өөрсдөө анхааралгүйгээсээ болж бий болгодог.
Энэ үед хүүхэд худлаа ярих бүр хулгай ч хийж үзэж ч болно. Энэ нь анхаарал татах, өөрийгөө сорих гэж хийж буй энгийн үйлдлүүд юм. Уурлаж загналгүй тайлбарлаж өгөх нь маш чухал. Энэ насан дээр эрэгтэй хүүхдийн организмд дааврын өөрчлөлтүүд явагдаж эхлэх тул биеийн хөгжил идэвхитэй явагдаж маш их эрч хүч ялгарч эхлэнэ. Дэмжээд аав нь хамт агаар салхинд гарч ууланд алхаж, гадаа мод чулуугаар бүтээл хийж, машин хамт засаж, компьютер судалж, аялалд явж эр хүний хийж болох, суулгах ёстой бүх чадваруудыг өөрөөрөө үлгэрлэж зааж өгнө. Загасчилах нь тэвчээр суулгадаг гэнэ. Биеийн хүчний зүйлс хамтарч хийснээр хүүхдэд дааврын өөрчлөлтийн үеийг хялбар давж гарахад нь тустай ба тархинд нь аль болох бага ачаалал өгөх юм. Энэ насанд тархи хэт ядрааж болохгүй. Ер нь л гэрийн ч бай гадаа ч бай ажилд сургах нас. Мөн мөнгөтэй харьцаж сургах нас, мөнгө бага багаар өгч, хэрхэн зарцуулахад нь итгэл хүлээлгэх, дахин асууж чек шаардахгүй байх. Боломжтой бол тусдаа өрөө гаргаж өгөх, бие хүн болоход нь бэлдэж хүүхдийн итгэлийг олж авах нас юм гэнэ.
6. 12- 17 нас хүүхдийн бие хүн болж төлөвших өсвөр насны хоёр дахь маш чухал үе.
Эрэгтэй хүүхэд энэ үед аавыгаа харж эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах талаар суралцаж эхэлдэг ба шохоорхолын үе. Эндээс цаашид ямар эр хүн болох ямар эцэг байх, ямар хань байх чадвар нь суудаг. Хэрвээ бага насанд хүүхдэд тоглож наадах сурах сонирхох үе байдаг бол энэ насан дээрээ төлөвшиж эхэлнэ. Тиймээс эрэгтэй хүүхдүүд ажил хийх, мөнгө олох сонирхолтой болдог. Хурдан том болмоор байна гэдэг үе. Энд хамгийн чухал зүйл бол том болоход нь туслах, “Жаахан юм байж чи үүнийг мэдэх болоогүй ч юмуу, би чамаас илүү мэдэж байна” гэж үзэл бодлыг нь хайхрахгүй байж, үгүйсгэж л болохгүй. Тэгвэл цаашид олон асуудалтай хүүхэд тулгарна. Хүүхдийг том болж буй бие хүн, эр хүн гэж хүндэлж харьцах ёстой. Чухал шийдвэрүүдийг жишээлвэл шинэ байранд орох машин авах (бүтээн байгуулалт, бий болгох) хамт ярилцах үзэл бодлыг нь сонсох, хувцас хэрэглэл, өрөөний загвар тавилга ханын будаг, бүр колледж их сургууль хүртэл өөрөөр нь сонгуулах гэх мэт шийдвэр гаргаж сурах чухал дадалд сургах нас. Мэдээж зөвлөж болно.
Хэрвээ алдаа гаргасан бол заавал шийтгэх нас, шийтгэл биеийн хүчнийх байж болохгүй! Шийтгэлээр хүүхэд хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэдгийг ойлгодог болно. Энэ насанд хүүхэд цаашид хүнтэй харилцаж сурах чадвар суудаг тул заавал зөв харилцаанд сургана. Хүчирхийлэл хүчирхийлэлийг бий болгодог!!! Биеэ дааж байгаа, мөн найз нөхдийн хүрээ тэлдэг учраас муу зуршил сонирхож болно. Энэ үед нь зодож загнах юм бол та хүүхдийнхээ итгэлийг нэг мөсөн алдлаа гэсэн үг. Энэ насанд ярилцах үлгэрлэх хамгийн шилдэг арга. Бие хүн болж буй том хүүхэд “Аав тамхи татаж болдог би татаж болохгүй” гэдэг зүйлийг хүлээж авдаггүй.
7. 18 - 25 нас Гиперопека буюу эрэгтэй хүүхдээ өврөөсөө гарахгүй байх ээж аавын синдром эхэлнэ.
Энэ үед эцэг эх суурь хүмүүжил олгож чадсан эсэхээ харна даа. Хүүхэд биш том хүн болж буй том хүний амьдралд сэлж орж буй маш чухал нас. Байнгийн хяналт итгэл хүлээлгэхгүй байдал хүүхдийг эцэг эхээс нэг бол хөндийрүүлдэг нөгөө бол бие даах чадваргүй “Мамкин сынок буюу ээжийн нялх хүү” -г бий болгодог. Үйлдэл бүрт нь хяналт тавьж эхэлдэг ээжүүд маш их байдаг, байнга утасдаж асуудаг, байнга хаагуур явсан юу хийсэн гэж асуудаг. Тусдаа амьдарч байсан ч араас нь чиргүүцэлдэж, хөргөгчийг нь дүүргэж өгдөг ээжүүд хүүхдээ маш их эвддэг. Эрэгтэй хүүхдээ эхнэр хүүхдийнх нь өмнө үнэгүйдүүлж, бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаж залхуу болгож байдаг. 18 хүрсэн хүн өөрөө хоолоо олоод идэх чадвар бага багаар суух ёстой. Цагийн ажил хийх бүтээл юм хийж зарах, найзуудтайгаа нийлээд юм хийх гэж оролдох бүтэлгүйтэх зэрэг бүх шатыг өөрөө туулж гарч байж аливаа асуудлаас зөв гарч сурах чадвар сууна. Гэхдээ оролдож буй бүх зүйлийг нь дэмжиж, шийдвэрийг нь хүндэтгэж, мотивация өгч байх хэрэгтэй.
Найз бүсгүй ханиа сонгохдоо ихэнхдээ ээжтэйгээ ижил зан ааштай хүн сонгодог тул ээж хүүгээ бага нялх гэлтгүй өөртөө арчаатай байж, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдалд сургах хэрэгтэй. Ийм орчинд өссөн эрэгтэй хүүхэд өөрөө ч тийм хүн болж өсдөг учраас энэ чадвар маш чухал. Эмх цэгцтэй хүн амархан сэтгэж амархан асуудлыг шийдэж, ажлаа төлөвлөж, гаргалгаа олж чаддаг болдог.
8. 25+ насанд амьдралд нь хэт оролцохгүй байх. Эр хүн болж төлөвшөөгүй бол тэгээд гэр бүлийн суурь хүмүүжил сул байсны шинж ба та аль нэг этап дээр алдаа гаргажээ гэж үздэг гэнэ.
Төлөвшсөн жинхэнэ эр хүн: Хариуцлага хүлээх чадвартай, шийдвэр гаргах чадвартай, бусдаас хамааралгүй үзэл бодолтой, мөнгөтэй байх албагүй ч мөнгө бол чухал хэрэглээ гэдгийг мэдэж ойлгосон, мөнгө олох хөдөлмөрлөх чадварт суралцаж яваа, мэдээж аав ээж шигээ үлгэр жишээ ч хань сайн эцэг. Нийгэмд зөв оролцох нэг хэсэг нь байх чадвар суусан байх. Энэ нь маш энгийн, хүнтэй зөв харьцаж хог хаяхгүй байхаас эхэлнэ гэжээ.
Тиймээс эрэгтэй хүүхдийн хүмүүжилд эхний 5 жил л ээж чухал үүрэгтэй цаашаа аав маш эрчимтэй оролцож гол нь өөрөөрөө үлгэрлэх ёстой юм. Аав байхгүй бол яах вэ? гэсэн асуултанд сэтгэл судлаач өвөө, ээжийн ах байж болно. Аав байгаа бол өөр олон хүн оролцуулах хэрэггүй гэсэн юм.
Аав гэж хүн ийм л чухал үүрэгтэй байдаг байх нь.
Охидын хүмүүжилд мэдээж ээж чухал.
Ээжүүдийн хөвгүүдтэйгээ харьцахдаа гаргадаг хамгийн том алдаа бол (аав нь орхиод явсан бол) аавыг нь муугаар дурсаж ярих жишээ авах, “Аав шигээ юм болно доо чи” гэж хүүхдээ дорд үзэх юм. Аав байхгүйд хүүхэд ямар ч буруугүй.
Хөгжим уран сайхан хүүхдэд энэрэх хайрлах сэтгэл суулгадаг.
Спорт хүүхдэд хатуужил хариуцлага суулгадаг. Ном хүүхдэд тэвчээр суулгадаг.
5-17 насанд нь заавал суулгах чадварууд юм.
Монголын сайхан аавууд минь хөвгүүдээ “Жинхэнэ эр хүн” болгож өсгөвөл эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Цэрэгт яваад хүүхэд хүмүүждэг юм биш, төрсөн цагаасаа гэртээ хүмүүждэг юм байна. Таны хүүхдийг таниас өөр #ХҮН хийх нэгэн байхгүй юм!
• Хүүхдийн сэтгэл судлаач: Анатолий Некрасов.
• Орос хэлнээс орчуулсан