30/08/2024
"Ээж, ах миний чихэвчийг өгөхгүй байна", "Аав, дүү элс шидээд байна"" гэх мэтчилэн хэлсээр хүүхдүүд бидэн дээр ирэхэд, энэ бол хов буюу ёс зүйгүй буруу үйлдэл гэж боддогоос ч юмуу Битгий хов зөөгөөд бай", "Дуугай бай" гэж олон ээж аав хэлж байсан байх.
Нэг талаас бид хүүхдүүдийн маань хэн нэг нь буруу зүйл хийж байвал мэдэхийг хүсдэг ч, нөгөө талаас хүүхдүүд бие биенээ ховлож гүйх нь ах дүүсийн харилцаанд таатай биш буюу ховлосон нь тэр үедээ ялагч болж, ховлуулсан нь уурлаж, өшөө авахыг хүсч, загнуулж, шийтгүүлэхээс айж, аав ээж бид цагдаа шүүхийн үүрэг гүйцэтгэх болж онцгүй уур амьсгал үүсгэдэг болохоор бас аргагүй.
Тиймдээ ч ховлолтын 90% нь үнэн зүйл байдаг атал, худал хэлсэнээс 10 дахин илүү шийтгэгддэг (загнах, буруушаах, ичээх, хөөх, хориглох гэх мэтээр) гэсэн судалгаа байдаг.
Гэтэл ойролцоогоор 6-аас өмнөх насныхан нөгөө хүндээ очих үр дагаварыг бүрэн тооцоолж мэддэггүй учраас (эмпати сул) тэднийг хов зөөлөө гэж загнах нь угтаа утгагүй зүйл юм. Тэдний хүрч ирж, болсон зүйлийг хэлж байгаа нь ихэнхидээ нөгөө хүүхдийн алдаанд гэхээсээ илүү өөрийнх нь ашиг сонирхолд чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл:
- мэдээлэл дамжуулах
- тэр зүйлийг болохгүй гэдгийг буюу дүрмээ мэддэг гэдгээ харуулах
- тухайн дүрэм журмыг зөв эсэхийг, бүх хүүхдэд үйлчилдэг эсэхийг шалгах
- анхаарал татах
- чухал байх
- аав ээжийн талд орж нэг баг болох
- тусламж, дэмжлэг авах гэх мэт янз бүрийн шалтгаанаар хүүхэд "хов зөөдөг" гэсэн үг.
Жишээ нь "дүү элс шидээд байна" гэж хэлж байгаа нь ингэж болохгүй гэсэн дүрмээ шалгаж байгаа, ялангуяа өөрөө элс шидээд загнуулж, шийтгүүлж байсан бол өөр хүүхэд хийхэд бас адилхан загнуулах нь уу, түүнд бас тэр дүрэм үйлчлэх нь үү гэж шалгаж байгаа, эсвэл би энэ дүрмийг буюу ингэж болохгүй гэдгийг мэддэг гэдгээ ээж аавдаа бахархалтайгаар харуулж байгаа нь юм.
Зөвхөн 6-8 насанд буюу сургуулийн наснаас л хүүхэд ховлолт бол урвалт юм гэдэг талаас нь ойлгодог болж, ёс зүйн талаар арай гүнзгий ойлголттой болж ирдэг. Тэгэхээр энэ наснаас өмнө ховлолоо гэж загнавал хүүхдэд өөрийг нь түлхсэн мэдрэмж өгч, тэд өөрийгөө хаадаг. Ингэснээрээ яг нарийн ялгааг нь ухаж ойлгохгүй байгаа учраас буруу зүйл байсан ч ховолж болохгүй гэсэн бодлоор хэлэхээ байж ирдэг.
Гэтэл элдэв муу хүмүүсээс, бэлгийн хүчирхийллээс, буруу үлгэр болж байгаа том хүүхдүүдийн үйлдлээс хамгаалахын тулд хүүхэд ээж аавдаа болсон зүйлийг ярьж байх хэрэгтэй байдаг. Эдгээр хүмүүс ихэнхидээ "Аав ээждээ ховлохгүй юм байгаа биз дээ" гэх мэтээр хэлдэг учраас.
Тиймээс ч хүүхдүүддээ "буруу нууц", "зөв нууц" 2-ын ялгааг тайлбарлаж өгч, ялангуяа насанд хүрсэн хүмүүс "аав ээждээ битгий хэлээрэй" гэж байвал, тэр тусам нь хэлэх ёстой гэх мэтээр ярилцдаг байх хэрэгтэй.
Тэгэхээр ямар үед хов гэж үзэх вэ❓
Товчхондоо бол өөрийн эрх ашгийн төлөө, нөгөө хүндээ санаатайгаар хор хохирол учруулахаар хэлж байгаа зүйл бол хов юм. Бусад нь дээр дурдсан шалтгаантай холбоотой гэсэн үг.
Тэгвэл эдгээрийг хэрхэн ялгаж, тус бүрт нь яаж хандах ёстой юм бэ❓
📌1. Бид мэдэх шаардлагагүй, мэдсэн ч өөрчилж тусалж чадахгүй, болохгүй буруу зүйл мөн ч, хэн нэгэнд, ялангуяа ховолж ирж байгаа хүүхдэд хор хохиролгүй зүйл бол огт тоохгүй биш, гэхдээ ач холбогдол өгөлгүйгээр, мэдээлэл өгсөнд баярлалаа гэсэн маягаар хүлээж авна.
Жишээ:
- Аав, ах өчигдөр 22 цагт биш 22:20 гэж гэртээ орж ирсэн --> Хмм..
- Ээж, дүү таныг хараагүй байхад нэг чихэр аваад амандаа хийчихсэн --> Өө, тэгсэн үү.
гэх мэтээр хориглолгүйгээр, мэдээ сонсож байгаа юм шиг хандаад байвал яваандаа хүүхдүүд иймэрхүү зүйл хэлж ирэх нь багасна.
Хэрвээ ахин дахин ирж хэлээд байвал "Миний хүү ямар учраас ээждээ ирж хэлж байгаа юм? Ээж нь яах хэрэгтэй вэ?" гэж асуугаад үзээрэй. Шалтгаан нь бидний анх бодсоноос огт өөр зүйл байх нь олонтаа.
📌2. Дээрх шиг мэдээллийн шинж чанартай ч, бид заавал мэдэх шаардлагатай, арга хэмжээ авч чадахаар зүйлд талархан хүлээж авна.
Жишээ:
- Дүү ус буцалгагч асаагаад эсвэл цонх руу авираад байна --> Баярлалаа, дүүдээ санаа тавьсанд. Маш аюултай зүйлээс сэргийллээ.
- Таны нүдний шилээр тоглоод байна --> Чиний ачаар үнэтэй шилээ эвдлүүлэлгүй авч чадлаа г.м.
📌3. Хүүхэд яахаа мэдэхгүй юмуу хүч дийлдээд ирэхээрээ тусламж, дэмжлэг гуйж ирдэг.
Энэ тохиолдолд 3-аас дээш насных бол шууд гүйж очиж туслах гэхээсээ илүү эхний ээлжинд өөрсдөө шийдэж сурахад нь туслах үг, арга зааж хэлж явуулна.
Жишээ:
- Ах миний чихэвчийг өгөхгүй байна --> Миний хүү өөрөө очоод энэ миний эзэмшил учраас буцааж өг гэж хэл.
- Тэр намайг тоглуулахгүй байна --> Ээжийн охин өөр нэг тоглоомоороо сольё, эсвэл ээлжлэе гээд гуйгаад үз гэх мэтээр.
Тэгээд өөрөө шийдэж чадахгүй бол хамт очиж дунд нь зуучлах хэрэгтэй.
Ах дүү нь гэтэл "Ховлолоо", "Ховч" гэх мэтээр нэрлэвэл хүүхдүүддээ "ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ ХҮСЭХ Нь ХЭЗЭЭ Ч ХОВ БИШ ЮМ" гэдгийг ярьж хэлж байх хэрэгтэй. Чамайг гудамжинд өөр хүүхдүүдэд зодуулж байвал дүү чинь том хүнд очиж хэлээсэй гэж хүснэ биз дээ, сургууль дээр бусад хүүхдүүдтэй хэцүү байдалд орвол багшдаа хэлэх нь зөв гэх мэтээр жишээ татаж байгаад.
📌4. Яагаад ховлож байгааг анзаар.
- Ах дүүс анхаарлын төлөө өрсөлдөж байдаг болохоор анхаарал татах гээд эсвэл хувийн орон зай хэрэгтэй байгаад юмуу ээж аавынхаа нүдэнд сайн хүүхэд болж харагдах буюу хайрлагдах гээд ховлоод байгаа бол энэ хүүхэддээ ганцаарчилсан чанартай цаг гаргана.
- Эсвэл өөрийгөө чухал, мундаг гэдгээ харуулах гээд ховлоод байвал насанд нь таарсан үүрэг даалгаврыг нь өгнө. "Аан тэгсэн үү, 2-лаа хамт цэцгээ услая, ээжид нь яг чиний тус хэрэгтэй байна" гэх мэтээр энэ хэрэгцээг нь өөрөөр хангах арга санал болго.
- Мөн аль нэг хүүхдээ бид нөгөө хүүхдүүдийнхээ хажууд муугаар яриад эсвэл тэр хүүхдээ арай илүү загнаж шийтгээд байхаар ах дүү нь ээж аавдаа үнэнч, бидний тал гэдгээ харуулах гээд нөгөө ах дүүгийнхээ эсрэг тал болж нэмж ховлоод байдаг. Ийм бол анхаараад алдаагаа засах хэрэгтэй.
📌5. Ах дүүгээ загнуулж, шийтгүүлэх гэж ховолж ирж байгаа нь илт байвал "Чи ямар учраас аавдаа энийг хэлж байна? Ахыгаа, дүүгээ шийтгүүлээсэй гэж хүсээд үү? Яагаад?" гэж эвтэйхнээр асуугаарай. Ингэж ховолж ирсэнийг нь нөгөө "хэрэг тарьсан" ах дүүд мэдэгдэхгүй байсан нь дээр. Тэгсэнээрээ энэ 2-н хоорондох маргааныг улам хурцатгах болохоор.
Мөн ховлодог муу хүүхэд гэж ичээхгүй байхад анхаарна. Учир нь энэ ичилт тархины хөгжилд хамгийн хортой муу мэдрэмж байдаг. Би буруу, муу гэж мэдрүүлдэг учраас.
📌6. Том хүүхдүүдийн ховлолтыг актив сонсож, лавлаж асуухыг зөвлөдөг (өмнөх постон дээр дурдсан шиг). Ингэж сонссоноор хүүхэд өөрийг нь, өөрийнх нь асуудлыг нухацтай авч үзэж байна гэж талархаж, өөрт төрөөд байсан айдас, эргэлзээ, бухимдлаа гаргаж хэлдэг.
Ингэж ярилцсаныхаа дараа "Чи тэгэхээр яавал дээр гэж бодож байна" гэх мэтээр асуух нь хүүхдэд өөрөө шийдлээ олдог болоход нь туслахаас гадна, бие даасан байдлыг нь дэмжиж өөртөө итгэх итгэлд нь болон ээж аав хүүхдийн харьцааг итгэлтэй дотно болоход нөлөөлдөг.
#жижигхэнхүмүүс