Идэш багш хөгжлийн төв

Идэш багш хөгжлийн төв

Share

Идэш багш хөгжлийн төв

27/05/2026

🔥Г.Туяагэрэл: “Зориг бүхнийг ялдаг, ухаантай хосолбол гайхамшгийг бүтээдэг” гэж аавынхаа хэлснийг байнга санаж явдаг

🔥Идэш багш хөгжлийн төв нь залуучуудын боловсролыг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бий болгоход дүү нартаа урам зориг, зөвлөгөө өгөхөөр нутгийн эрдэмтэн, судлаачдын үгийг цувралаар хүргэж байна.

🔥Upgradeuvs цувралын энэ удаагийн дугаарт Увс аймгийн Тэс сумын уугуул, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн албаны дарга, МУИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Г.Туяагэрэл оролцож, өөрийн дурсамж, зөвлөгөөнөөс хуваалцлаа.

✅Би арван жилдээ хичээлүүддээ жигд сайн хүүхэд байсан юм. Тэр дундаа Орос хэл болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд илүү дуртай байлаа. Нийгмийн тухай мэдлэг, Орос хэл, Биологи, Хими, Физик, Математик гээд олон хичээлээр аймгийн олимпиадад оролцож, медаль авч байсан. Ийм жигд байсан нь тухайн үед багш нар маань бүх хүүхдэд бүх хичээлийг тэгш хүргэж, мэдлэг ур чадвартай болгохыг зорьдог байсантай холбоотой.

✅Элсэлтийн ерөнхий шалгалтаа математик, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр өгч, аймагт маань МУИС-ийн Улс төр судлалын хуваарь ганц ирснийг авч байлаа. Ээж маань намайг эмч болгох сонирхолтой байсан. Би химийн хичээлдээ сайн байсан хэдий ч эмч болох хүсэл төрөөгүй юм. Харин дипломатч болно гэж боддог байлаа. Гэхдээ яг ямар чиглэлээр, яаж сурч байж дипломатч болох талаар ойлголт байгаагүй. Тэгээд үүнтэй хамгийн ойр байж болох нь улс төр судлал юм байна гээд сонгосон юм. Эргээд харахад, би өөрийгөө маш зөв сонголт хийсэн гэж боддог.

✅Нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт өгч, мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүдийг тооноос зугтаж байна гэж хүмүүс ойлгодог. Гэтэл өөрөө багшлаад, судлаад үзэхээр эсрэгээрээ байдаг юм билээ. Сайн тоочид л нийгмийн ухааны салбарт ажилладаг, шинжилгээ хийдэг улс төр судлаач, улс төрчид болох ёстой. Тиймээс би одоо оюутнууддаа, “Судалж байгаа зүйл чинь хэмжигдэхүйц байх ёстой. Хэмжихийн тулд тоогоор илэрхийлэгдэх ёстой” гэж хэлдэг. Магадгүй өнөөдөр би улс төрд өрнөж байгаа үйл явцыг өдий хэмжээнд задлан шинжилж чадаж байгаа нь математикийн шинжлэх ухааны олон арга барил, хувилбарт сэтгэлгээг багаасаа суулгасантай холбоотой байх. Ер нь байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа математикийн шинжлэх ухаан хүний сэтгэлгээг их өргөн болгодог.

✅Би 2002 онд их сургуулиа төгсчхөөд 2006 он хүртэл дөрвөн жил ажил хийгээгүй. Үнэнийг хэлэхэд мэргэжлээрээ хийх ажил олдоогүй юм. Энэ хугацаанд Удирдлагын академид Төрийн удирдлагаар мэргэшүүлэх курст сурч, магистраа хамгаалж, докторт элссэн. Бакалавраа хамгаалчихсан хэрнээ ажилгүй яваад байгаагаасаа санаа зовоод аавдаа “Мэргэжлээрээ хийх ажил олдохгүй байгаа учраас зараас харж байгаад өөр ажил хийе” гэхэд аав маань “Би чамайг тийм ажил хийлгэх гэж их сургуульд сургаагүй. Өөрийнхөө мэргэжлийн ажлаа олтлоо сурч, боловсор. Тэр болтол чинь дэмжье” гэсэн. Аавын тэр үг нь намайг мэргэжлээсээ өөр ажил хийхгүйгээр тэвчээртэйгээр хүлээх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Ингээд би 2006 онд ХААИС-д Улс төр судлалын цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Тэндээ үндсэн багшаар үлдэж, 15 жил багшлаад, 2022 оноос МУИС-д ажиллаж байна. Үндсэндээ, дөрвөн жил идэвхтэйгээр ажил хайсан. Энэ хугацаандаа тасралтгүй сурч, өөрийгөө хөгжүүлж, магистраа хамгаалж, докторт элссэн. Эрдэм мэдлэг эзэмшихэд гэр бүлийн дэмжлэг маш чухал.

✅Аав маань “Гурван З”-гийн зарчмын тухай ярьдаг байсан юм. “Зоригтой бай, зорилготой бай, золбоотой бай” гээд л. Энэ гурван үгийг би байнга санаж явдаг. Бас “Зориг бүхнийг ялдаг. Ухаантай хосолбол гайхамшгийг бүтээдэг” гэж хэлдэг байсан. Тийм учраас миний амьдралын хамгийн том зарчим бол зорилготой байх ёстой.

✅Аливаа зүйлийг хийж дадахын үндэс нь сууж сурах юм. Ийм дадлыг би номоос олж авсан. Нэгдүгээр ангид ороход аав, ээж хоёр маань надад “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” гэдэг номыг авч өгч, би анх удаа ном уншиж байлаа. Тэр номыг лав л дөрвөн удаа уншсанаа санадаг юм. Тухайн үед ном цөөтэй байсан хэдий ч бүгдийг нь уншаад дуусгачихлаа гээд орхиж байгаагүй. Хэсэг хугацааны дараа дахин дахин уншаад л суудаг байсан. Энэ нь надад тогтож сууж сурах дадлыг суулгасан байгаа юм. Нэг ном эхэлчихвэл уншиж дуустлаа босдоггүй байлаа.

✅Нэг зэрэг олон зүйлийг хийж эхлээд, дундаас нь хаячихдаг хүмүүс байдаг. Тэгээд байвал тууштай байж сурдаггүй. Эхлээд нэгийг нь хийгээд үр дүн гаргачхаад дараагийн ажил руугаа орох хэрэгтэй.

✅Эмээ, өвөө маань “Цүнх, номоо дээдэлж бай” гэж их хэлдэг байсан. Үүнийг би одоо ч зарчмаа болгож явдаг. Цүнхээ огт газар тавьдаггүй. Номуудаа гэрийнхээ өрдөг юм. Номыг, багшийг, эрдмийг шүтэх нь хүний амьдралын мөн чанар гэж өвөө их хэлдэг байлаа.

✅Оюутнууд өөр хоорондоо ярилцахгүй, цахим сүлжээ ашигласаар байгаад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх тал дээр ярианы чадвар сул болсон байна. Нэг сэдэв өгч уншуулаад тэр талаар үзэл бодлыг нь сонсох гэхээр үгээ олон дахин давтах, санаагаа илэрхийлж чадахгүй байх, тэрнээсээ болоод өөртөө итгэлгүй болох шинжүүд илрээд байгаа юм. Тиймээс ном сайн унших хэрэгтэй гэж зөвлөе. Уншсан хүн зөв, цэгцтэй ярьдаг, үзэл бодлоо илэрхийлж чаддаг болдог.

✅Сүүлийн үед оюутнууд даалгавраа хиймэл оюун ухаанаар хийлгэдэг болчхоод байна. Ингэж хамаг юмаа хийлгэх биш ухаалгаар ашиглах хэрэгтэй.

✅Мөн хичээлээ цагийг нь тулгаж хийдэг дутагдалтай тал байна. Долоо хоногийн өмнө өгсөн даалгаврыг шалгуулах хугацааныхаа өмнөх өдөр гэнэт санаж хийж байгаа нь чанаргүй хийхийн үндэс болж байгаа юм. Бас хурдан хийхийн тулд өнөөх л хиймэл оюун ухаанд бүхнээ даатгахад хүрнэ. Энэ нь зөвхөн даалгавартай холбоотой асуудал биш. Ер нь аливааг цагийг нь тулгаж хийдэг хандлага түгээмэл байна.

✅Мэргэжлээ хайрлаж, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бүх салбар байнгын хувьсан өөрчлөгдөж, хөгжиж дэвшиж байгаа учраас хоцрогдохгүйн тулд өөрийгөө байнга хөгжүүлэх шаардлагатай. Дуртай байх, сэтгэл зүрхээ зориулах, хөдөлмөрлөх, хичээл зүтгэлтэй байх зэрэг зүйлс нь хүнийг амжилтад хүргэдэг. Мөрөөдөөд л зүгээр суугаад байвал яг тэр байрандаа үлдэнэ. Тасралтгүй хичээж, зүтгээрэй.

18/05/2026

🔥Б.Сүхбаатар: Ухамсаргүйгээр зүтгээд байвал амжилт олохгүй

🔥Идэш багш хөгжлийн төв нь залуучуудын боловсролыг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бий болгоход дүү нартаа урам зориг, зөвлөгөө өгөхөөр нутгийн эрдэмтэн, судлаачдын үгийг цувралаар хүргэж байна.

🔥Upgradeuvs цувралын энэ удаагийн дугаарт Увс аймгийн Түргэн сумын уугуул, морин хуур урлаач, судлаач, Монголын анхны морин хуурын музейг үүсгэн байгуулагч Баясгалангийн Сүхбаатар оролцож, үнэтэй зөвлөгөөгөө хуваалцлаа.

✅Би Увс аймгийн Түргэн суманд малчин айлд төрж, өссөн. 9-р ангиа төгсөх үед манайх аймгийн төв рүү шилжиж, би Улаангом коллежийг сийлбэрчин мэргэжлээр төгссөн юм. Харин дараа нь тухайн үеийн Соёлын дээд сургуульд Хөгжмийн багшийн ангид суралцаж, дүүргэсэн. Багадаа морь унадаг байлаа. 5 настайдаа анх морин хуур гээч зүйлийг харж, сонирхон 13 настайгаасаа зурж эхэлсэн. Сүүлд сийлбэрийн ангид суралцаж байхдаа анхны морин хуураа урлаж байлаа. Дараа нь урласан хуураа эгшиглүүлж сурахаар шийдэж, их сургуульд элссэн нь тэр. Их сургуулийнхаа 3-р курсээс ая зохиодог болсон. Мөн морин хуурын үйлдвэрт туслах ажилтан хийж, сийлбэрийн чадвараа сайжруулж байлаа. Ингэж морин хууртай амьдралаа холбоод 27 жилийг ардаа үджээ.

✅Өдийг хүрэх зам минь тийм ч дардан байгаагүй. Уналтад орсон хүнд үе бишгүй л байлаа. 2018 онд Төрийн ордны хойно байр түрээслээд, Монголын анхны морин хуурын музейг байгуулсан юм. Гэтэл зундаа жуулчид ирэхээс өөрөөр ашиг олохгүйд хүрсэн. Улмаар байрны түрээсээ төлж чадахгүй болж, асар их өрөнд орсон. Тэр үед хамаатан садан, ойр дотнынхон маань ойлгохоо больж, гэр бүлээсээ хүртэл салсан. Цуглуулсан байсан 30 орчим хууртайгаа Дарь-Эхэд 200 мянган төгрөгөөр байр түрээсэлсэн. Тэр үед гүн сэтгэл гутралд орж, сархад хүртэж, амиа хорлох талаар ч бодож байлаа. Тийм хүнд үед л найз нөхдийн мөн чанар танигддаг юм билээ. Сайн явахад байнга л холбогддог байсан хүмүүс ор сураггүй алга болж, хожим эргээд хөл дээрээ босоход минь юу ч болоогүй мэт хээвнэг инээгээд хүрээд ирсэн. Энэ бүхнээс би уналт, босолт бүр хүний амьдралд байдаг. Энэ үед хүмүүс шүүгддэг юм байна гэдгийг ойлгосон.

✅Нэг өдөр Дарь-Эхийн умгар түрээсийн байрандаа сууж байтал нутгийн арга хэмжээнд морин хуур эгшиглүүлэх урилга ирсэн юм. Уналтад орчихсон үедээ хүн олон нийтийн элдэв арга хэмжээ байтугай гэрээсээ ч гарахыг хүсдэггүй юм билээ. Тиймээс явахгүй гэж бодож байтал нэг найз маань ирж, намайг хүчээр чирээд гарсан. Тэгээд л би өнөөх арга хэмжээг нээж, хуураа эгшиглүүлсэн. Тэр үедээ сэтгэл хөдлөөд ирсэн хүмүүс дунд азтан шалгаруулж, морин хуураасаа бэлэглэсэн юм. Гэтэл хүмүүс үргэлжлүүлэн сугалаа явуулаад эхэлсэн. Сүүлд нь супер азтан шалгаруултал би тодорчихдог юм даа. Хонжвор нь юу гэдгийг мэдэхгүй тайзан дээр гартал байрны азтан болчихсон байсан. Тэр үед “Хуурын буян бий” гэх багшийн маань хэлж байсан үг санаанд орж, их баярласан даа.

✅Түүнээс хойш хөл дээрээ босож, “хүн шиг” амьдрах ёстойг ухамсарлан зүтгэж эхэлсэн. Цар тахлын хорионд байхдаа гэртээ морин хуур хийж зарах, онлайнаар хөгжмийн сургалт явуулах гэх мэтээр ажилласан. Ингэж явсаар өнөөдөр морин хуурыг олон талаас нь судлахын зэрэгцээ музей байгуулж, сургалтын төв ажиллуулж явна. Мөн тавдугаар сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр бэлдэж байна.

✅Одоо миний цуглуулгад 50 гаруй морин хуур, 60 орчим авдар бий. Хамгийн хуучных нь 1800-аад оны үеийн хуур байна. Энэ хуураа би их эрсдэл үүрч олж авсан юм. Эртний эдлэл зардаг нэг хүний дэлгүүрт 2, 3 жилийн турш харж явсан. Мөнгө хүрэхгүй болохоор авч чадахгүй судлаад л яваад байлаа. Гэтэл нэг өдөр зарагдчихсан байдаг юм. Сураглаад үзтэл Өвөр Монгол хүн урагшаа гаргах гэж байсан. Тэгэхээр нь унаж явсан машинаа зарж, дээр нь мөнгө нэмж өгөөд авч байлаа. Ер нь иймэрхүү үйлдлүүдээс маань болоод маргаан их гардаг байсан юм. Арай гэж лизингдэж авсан машинаа зүгээр нэг морин хуураар сольчихоор мэдэхгүй хүнд ойлгомжгүй санагдаж, уурлана шүү дээ. “Чи эрүүл үү” гэж хэлж байсан ч үе бий.

✅Магадгүй би сайхан амьдаръя гэвэл төрийн байгууллагад ажилладаг ч юм уу, эсхүл гадагшаа яваад морин хуураа тоглоод мөнгө олох боломж хангалттай бий. Гэхдээ морин хуураар дамжуулаад үндэсний өв соёл, тусгаар тогтнол гэдэг зүйлээ нандигнаж авч үлдэхийг хичээгээд байгаа юм. Харахад зүгээр нэг хөгжмийн зэмсэг боловч маш их түүхийг агуулсан, соёлын үнэт өв шүү дээ.

✅Ухамсаргүйгээр тууштай зүтгэвэл амжилт олохгүй. Жишээлбэл, хэн нэгэн оймс хийж байгааг харчхаад дуурайгаад оймс хийж эхэлбэл хэсэг хугацааны дараа бүтэлгүйтэх эрсдэл өндөр. Цаг хугацаа, хөдөлмөр чинь дэндүү хайран шүү дээ. Тиймээс хийх зүйлээ олж, зорилгоо тодорхойлоод урагшлах нь зөв.

✅Залуу хүний нэг алдаа нь аливаа зүйлд яараад байдаг юм билээ. Үеийнхнээсээ хоцрох гээд байгаа ч юм шиг мэдрэмж аваад байдаг. Хүн залуу байгаа дээрээ өөрийн сонирхол, хийх ажлаа тодорхойлохын тулд олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд нэг юмыг сар хийгээд орхиж, дараагийнх руугаа ороод байж болохгүй. Дор хаяж нэг жил хийж үзэж байж чадах эсэх, хүссэн зүйл чинь мөн эсэхийг мэднэ. Эцэст нь олсон зүйлийнхээ араас тууштай зүтгэх хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрнэ. Ер нь тууштай байж, алдаж, онож бүх зүйлийг үзсэний дараа амжилт ирдэг. Хэрэв би гурван жил морин хуур хийж үзчихээд “Бүтэхгүй юм байна” гээд орхисон бол өнөөдөр хэн ч биш байх байлаа.

12/05/2026


Аялгаар нь хүүндье,
Авьяасаар нь дэмжье,
Оюунаар нь хөгжүүлье ✨

10/05/2026

🔥Г.Мөнхбаяр: Дөрвөн жил мэрийгээд сурчихвал 40 жилийнхээ “хоолыг олж иднэ”

🔥Идэш багш хөгжлийн төв нь залуучуудын боловсролыг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бий болгоход дүү нартаа урам зориг, зөвлөгөө өгөхөөр нутгийн эрдэмтэн, судлаачдын үгийг цувралаар хүргэж байна.

🔥Upgradeuvs цувралын энэ удаагийн дугаарт Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Гомбосүрэнгийн Мөнхбаяр оролцож, үнэтэй зөвлөгөөгөө хуваалцлаа.

✅Би Увс аймгийн Өмнөговь суманд жирийн нэгэн айлд төрж, өссөн. Арван хүүхэдтэй айлын долоо дахь нь. Бага байхдаа бусдын адил мал маллаж, хичээлдээ шамдаж, хажуугаар нь олимпиад уралдаанд бэлдэж, Өмнөговь сумын арван жилийг онц дүнтэйгээр шилдэг төгсөгч болж төгсөж байлаа. Сурагч байхдаа бөх барилдана, сагсан бөмбөг тоглоно, дуулна гээд л урлаг, спортын аль алинд нь дуртай байсан. Аймагтаа дууны уралдаанд шалгараад, улсын уралдааны тайзан дээр гарч явсан үе бий. Бөх барилдаж, аймгийн аваргад медаль хүртэж, улсад өрсөлдөх эрх ч авч байлаа. Хэдийгээр ийм байсан ч урлаг, спортоо орхиод, эрдэм номын мөр хөөсөн юм. 10 гаруй хоног болоод л Улаангомд очиж, олимпиадад оролцдог байлаа. 9-р ангиасаа хойш төгстлөө ийм хэв маягтай амьдарсан даа. Тоо бодоод ард нь гарах, математикийн гоо сайхнаас таашаал авах гэдэг нь өөрөө маш сайхан байдаг.

✅Элсэлтийн ерөнхий шалгалтаа ганцхан математикийн хичээлээр өгсөн. Аймагтаа эхний гуравт орно гэдэг том зорилго тавьж, 1000 бодлогын шар номыг бодож дуусгаж байлаа. Тэр бодлогыг бодсон дэвтэр одоо ч сейфэнд минь бий. Ингээд ЭЕШ-даа 20 хавьцаа байранд жагсаж, МУИС-ийн хэрэглээний физикийн ангид элсэж байлаа. Тэнд нэг жил сурчхаад сургуульд маань физик, электроникийн анги шинээр нээгдэхэд нь тийшээ шилжсэн. Шилжиж ороод онолын физикийн ангийн дандаа олон улсын олимпиадад оролцдог хүүхдүүдтэй нэг хичээл хийдэг болсон. Арван жилийн турш математик л хийсэн надад тэдэнтэй сурах тийм ч амар байгаагүй. Гурван жил номын сангаас огт салаагүй дээ. Хичээлээ тарчхаад номын сан хаах хүртэл суудаг байлаа.

✅Нэгдүгээр курст байхдаа МУИС-ийн урлагийн их наадамд дуулж, түрүүлсэн юм. Тэр үед манай нэг багш “Чи СУИС-д сурч, дуучин бол” гэсэн. Зарим хүмүүс намайг урлагийн хүн болох ёстой гэцгээдэг байлаа. Гэсэн ч би эрдэм номын мөр хөөх замаасаа буцаагүй юм. Гэхдээ урлагийн авьяас маань надад өгөөжөө өгсөн. Учир нь би арван жилээ төгсөхдөө сумандаа тоглолт хийж, нутгийн ах дүүсийн дэмжлэгээр эхний жилийн сургалтын төлбөрөө олж байлаа. Дараа жилээс нь төрийн сангийн зээлд хамрагдсан. Харин хоолны мөнгө, амьжиргааны зардлаа оюутнуудын бие даалт хийгээд л олчихдог байлаа. Оюутан болсон цагаасаа хойш аав, ээжээсээ мөнгө авч үзээгүй дээ.

✅2008 онд их сургуулиа төгсөөд сургуульдаа багшилж эхэлсэн юм. Тэр цагаас хойш 18 жилийн хугацаанд магистр, доктороо хамгаалж, хүүхдүүдийг ЭЕШ, олимпиад уралдаанд бэлдэж, олон шавьтай болжээ. Шавь нар маань олон улсын олимпиадаас 3 мөнгөн медаль, 10 гаруй хүрэл медаль, 10 орчим шагналт байр эзэлсэн байна. Олимпиадад бэлддэг байсан шавь нарын маань ихэнх нь АНУ-ын их сургуулиудад суралцаж байгаа. Тухайлбал, 10-р ангиасаа хойш өрөөнд маань сууж хичээл хийсэн О.Анирчулуу Харвард, MIT гэх мэт дэлхийн топ 6 сургуулиас урилга авсан. Бид ярилцаж байгаад Принстоны их сургуулийг сонгож, шавь маань амжилттай суралцаж явна.

✅Арван жилийн сурагч нартаа хандаж хэлэхэд, интернэт орчноор дамжуулаад бүх мэдээллийг авах боломжтой болчихсон байгаа энэ үед дан ганц багшийг харж, эсвэл нэг хөтөлбөрт баригдаж битгий сураарай. Өөрийгөө дайчилж, мэдлэгийг олон талаас авах хэрэгтэй. Тэгж чадвал ЭЕШ-д хүссэн хичээлээрээ 800 оноо авахад ямар ч асуудалгүй. Тухайлбал, олимпиадад бэлдэж байгаа 10, 11-р ангийн хүүхдүүд маань бүгд их сургуулиудын номыг англи хэл дээрх хувилбараар нь уншдаг. Ингэснээр англи хэлээ ч, мэдлэгийн түвшнээ ч сайжруулчхаж байгаа юм.

✅Их сургуулийнхаа дөрвөн жилд мэрийгээд сурахад 40 жилийнхээ хоолыг олоод идчихнэ гэж би боддог. Гэтэл одоогийн залуучуудыг анзаарахад зарим нь “Аргалаад төгсчихье” гэдэг хандлагатай байна. Хэрэв ингэж хандвал амьдрал дээр гараад ч юмыг аргалах гээд л байдаг болно.

✅Дийлэнх оюутнууд цагийн ажил хийж, шөнө оройгоор нойргүй хонож ажиллаад байна. Физикийн ангийн нэг оюутан маань CU-д ажилладаг тухайгаа ярихад нь би “Шөнө ажиллаад 20, 30 мянган төгрөгтэй болж, түүгээрээ өдрийн хоол авч идэж болно. Гэхдээ тэрний оронд өдөртөө хоосон байгаад ч болов толгойндоо жаахан юм хийгээд авбал CU-д ажиллах биш, тэнд ажилладаг хүнийг бүтээх чадвартай болно” гэж хэлж байсан юм. Тэгээд тэр оюутан ажлаасаа гарч, хичээлдээ шамдсан. Шөнөжингөө ажиллачхаад хичээлээ тасална, ирлээ гэхэд нойрмоглоод анхаарал нь төвлөрөхгүй, толгой нь ч ажиллахгүй. Тэгэхээр оюутнуудыг болж өгвөл ажил хийхгүйгээр дөрвөн жил гүрийгээд хичээлдээ шамдчих гэмээр байгаа юм. Манай сургуульд хичээл зааж байгаа багш нар бүгд өндөр түвшний, улсдаа топ мэргэжилтнүүд. Ийм хүмүүстэй ойр байгаа богино хугацаандаа өгч буй мэдлэгийг нь чадахаараа авах ёстой юм. “Онц сурсан ч, муу сурсан ч ялгаагүй амьдарчихна” гэж зарим хүмүүс ярьдаг. Би бол үүний эсрэг байдаг. Сурсан мэдлэгийг чинь хэн ч хэзээ ч чамаас авч чадахгүй.

✅“Тоо амьдралд хэрэггүй” гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн. Синус, косинус амьдралд ямар ч хэрэггүй. Гэхдээ тоо бодно гэдэг нь ямар нэг юмны хариуг олж, шийдэл гаргаж байгаа юм. Яг энэ нь л амьдар дээр маш их хэрэг болдог. Байгалийн шинжлэх ухаанаар сурч, тоо бодож буй хүүхдүүд ирээдүйд асуудал тулгарахад түүнийг шийдэх гарц гаргалгааг хялбархан олох хэмжээний чадвартай болдог. Мөн ямар ч мэргэжил рүү хөрвөх боломжтой. Математикч, физикч хүмүүс хуульч, сэтгүүлч болж болно. Гэтэл эсрэгээрээ хуульч, сэтгүүлчид физикч болно гэвэл хэцүү шүү дээ.

✅Би 2019 онд МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга хийдэг байсан юм. Сургуулийнхаа 1500 орчим ажилтныг халах, ажилд авах гээд бүхий л асуудлыг хариуцдаг байлаа. Тэр үед анзаарч байхад залуучууд их шантрамтгай санагдсан. Хүн дуртай ажлаа хийж байгаа бол тууштай байх ёстой. Тууштай байснаар карьер нь аяндаа өснө. Хийж буй зүйлдээ сэтгэлээ гаргаж, зүтгэж байж үр шимийг нь хүртэнэ.

✅Би олон хүүхдийг гадаадад сурахад нь дэмжиж, явуулсан. Гэхдээ заримдаа үүнд жаахан эмзэглээд байдаг юм. Монголын ирээдүй болсон залуучууд маань дөнгөж 16, 17 нас хүрээд гадагшаа яваад байна. Уг нь бакалавраа эх орондоо сурчхаад, магистр, доктороо гадаадад хамгаалбал илүү зөв гэж боддог. Мөн гадаадад сурчхаад эх орондоо эргэж ирээд ажиллах хэрэгтэй байгаа юм. Гэтэл энд ажиллах нөхцөл боломжийг нь хангаж өгөхгүй байна.

✅Би 2010 оноос хойш улс, олон улсын олимпиадуудад бэлтгэгч багшаар ажиллаж, сүүлийн 7 жил олон улсын физикийн олимпиадуудад Монголын багаа ахлаад явж байна. Манай хүүхдүүд олон улсын олимпиадуудаас ямар ч асуудалгүй медаль авдаг болчихсон. Харин алтан медалийг яаж авах дээрээ тээглэчхээд, зүтгэж байна.

Photos from Идэш багш хөгжлийн төв's post 09/05/2026

📚Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

🌟Идэш багш хөгжлийн төвөөс Увс аймгийн Өмнөговь сумын оюутны зөвлөлтэй хамтран Увс аймгийн оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.👏

🌟Уралдаанаар “Техник технологи, инженерчлэл”, “Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан”, “Нийгэм, хүмүүнлэгийн ухаан”, “Санхүү, эдийн засаг”, “Анагаахын шинжлэх ухаан” гэсэн таван сэдвийн хүрээнд судалгааны материал хүлээн авч, хоёр үе шаттайгаар явуулсан.

🌟Эхний шатанд 30 оюутан бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн зөвлөлдөн, шилдэг 10 бүтээлийг шалгаруулсан юм. Улмаар хоёрдугаар шатыг тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж, шилдэг 10 оролцогч бүтээлээ танилцуулснаар шүүгчид ялагчдыг тодрууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг Идэш багш хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын ирээдүйг түүчээлэх оюутан залуус маань аливааг шинжлэн судалж, дүгнэлт боловсруулдаг болох, улмаар түүндээ тулгуурлан асуудлыг шинжлэх ухаанчаар харж, шийдвэрлэдэг байх нь зөв. Иймээс оюутан залуусын боловсролыг дэмжихэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласаар байх болно” хэмээв.

🏆Тэргүүн байрт
МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Химийн инженерчлэлийн хөтөлбөрийн IV түвшний оюутан О.Нарангуа “Хүнд металл агуулсан хаягдал усыг био-түлшний элементийн (MFCs-Microbial Fuel Cell) технологи ашиглан цэвэрлэхийн зэрэгцээ цахилгаан эрчим хүч гаргаж авах боломжийн судалгаа”

🥈Дэд байрт
ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийн III түвшний оюутан Ц.Баянзул, Ц.Чойдулам “Улаанбаатар хотод спонж хотын зарчмыг ашиглан үерийн эрсдэлийг бууруулах судалгаа”

🥉Гутгаар байрт
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн V түвшний оюутан Ж.Алтанаран, III түвшний оюутан Ц.Мядагмаа “Морин хуур хөгжмийн аялгуу туршилтын амьтны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө”

сэдвээр тус тус шалгарч, шагналыг Идэш багш хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү гардуулан өгч, баяр хүргэн, амжилт хүсэв. 👏✨

Шүүгчдийн бүрэлдэхүүнд салбартаа манлайлагч, өндөр түвшний мэргэжилтнүүд болох Газарзүй, Гео-Экологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) А.Дашцэрэн, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн албаны дарга, МУИС-ийн багш, доктор (Ph.D) Г.Туяагэрэл, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Органик хими, технологийн албаны дарга, доктор (Ph.D) Б.Амарсанаа нар ажиллаж, судалгааны бүтээлүүдийг хараат бус, бодитоор үнэлж, дүгнэсэн юм.

✨Нийт оюутан залуус та бүхний цаашдын сурлага, судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье!👏

09/05/2026

🥉 Гутгаар байр

✨Идэш багш хөгжлийн төв болон Увс аймгийн Өмнөговь сумын оюутны зөвлөл хамтран зохион байгуулсан “Upgrade Uvs” эрдэм шинжилгээний хурлын гутгаар байранд АШУҮИС Био-Анагаахын сургууль V-р түвшний оюутан Ж.Алтанаран, III дамжааны оюутан Ц.Мядагмаа “Морин хуур хөгжмийн аялгуу туршилтын амьтны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө” сэдвээр шалгарав. 👏✨

✨Та бүхний цаашдын сурлага, судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье!👏

09/05/2026

🥈 Дэд байр

✨Идэш багш хөгжлийн төв болон Увс аймгийн Өмнөговь сумын оюутны зөвлөл хамтран зохион байгуулсан “Upgrade Uvs” эрдэм шинжилгээний хурлын дэд байранд ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн III түвшний оюутан Ц.Баянзул, Ц.Чойдулам “Улаанбаатар хотод спонж хотын зарчмыг ашиглан үерийн эрсдлийг бууруулах судалгаа” сэдвээр шалгарав. 👏✨

✨Та бүхний цаашдын сурлага, судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье!👏

09/05/2026

🥇Тэргүүн байр

✨Идэш багш хөгжлийн төв болон Увс аймгийн Өмнөговь сумын оюутны зөвлөл хамтран зохион байгуулсан “Upgrade Uvs” эрдэм шинжилгээний хурлын ТЭРГҮҮН байранд МУИС-н Инженер технологийн сургууль, Химийн инженерчлэлийн хөтөлбөрийн IV түвшний оюутан О.Нарангуа “Хүнд металл агуулсан хаягдал усыг био-түлшний элементийн (MFCs- Microbial Fuel Cell) технологи ашиглан цэвэрлэхийн зэрэгцээ цахилгаан эрчим хүч гаргаж авах боломжийн судалгаа” сэдвээр шалгарав. 👏✨

✨Та бүхний цаашдын сурлага, судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье!👏

Photos from Идэш багш хөгжлийн төв's post 09/05/2026

📚 Эрдэм шинжилгээний уралдааны шилдэг 10 оролцогч илтгэлээ танилцуулж байна

Идэш багш хөгжлийн төвөөс Увс аймгийн Өмнөговь сумын оюутны холбоотой хамтран Увс аймгийн оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зохион байгуулж буй. 🤝📖

Уралдааныг хоёр үе шаттайгаар явуулж байгаа бөгөөд эхний шатанд 30 оюутан бүтээлээ ирүүлсэн. 📝 Үүнээс шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэн, оноо өгч шилдэг 10 бүтээлийг шалгаруулаад байгаа юм. 🌟 Улмаар шалгарсан оролцогчид өнөөдөр (2026.05.09) илтгэлээ өөрийн биеэр танилцуулна. 🎤

Шүүгчдийн бүрэлдэхүүнд, салбартаа манлайлагч, өндөр түвшний мэргэжилтнүүд болох Газарзүй, Гео-Экологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) А.Дашцэрэн, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн албаны дарга, МУИС-ийн багш, доктор (Ph.D) Г.Туяагэрэл, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Органик хими, технологийн албаны дарга, доктор (Ph.D) Б.Амарсанаа нар ажиллаж, судалгааны бүтээлүүдийг хараат бус, бодитоор үнэлж, дүгнэнэ. 👨‍🏫🔬

Сануулахад, дараах оюутнуудын бүтээл шилдгээр шалгарч үлдээд буй юм. ✨👇

Ч.ЭНХНАСАН, Б.НАРАНСОЛОНГО
🌍 (Алслагдсан бүс нутаг дахь аялал жуучлалын байгаль орчинд үзүүлэх нөлөөг дижитал загварчлалаар үнэлэх нь)

Ц.ЧОЙДУЛАМ, Ц.БАЯНЗУЛ
🌧️🏙️ (Улаанбаатар хотод спонж хотын зарчмыг ашиглан үерийн эрсдэлийг бууруулах судалгаа)

Б.БУЯНХИШИГ
🧬🧪 (А аминдэм ялгаатай тунгийн үед хулганы өөхөн эдэд VDR, CYP27B1 генийг илрүүлсэн дүн)

А.ЭНХЖАРГАЛ
🚛📍 (Интермодал логистик төвийн байршил оновчлох судалгаа /баруун бүсийн/)

О.АНУДАРЬ
🧂🏭 (Хоолны давс олборлолт, боловсруулалтын технологийн сайжруулалт ба зах зээлийн өрсөлдөх чадвар)

О.НАРАНГУА
⚡💧 (Хүнд металл агуулсан хаягдал усыг био-түлшний элементийн(MFCs-Microbial Fuel Cell) технологи ашиглан цэвэрлэхийн зэрэгцээ цахилгаан эрчим хүч гаргаж авах боломжийн судалгаа)

Ц.ЦЭРЭНБАТ
⚖️👨‍👩‍👧 (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн практик давхардал, нийгэмд үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам)

Д.АЗЖАРГАЛ, Б.БҮЖИН
🥣🌱 (Хүрэн манжингийн нухаш үйлдвэрлэх теанологийн судалгаа)

Ц.МЯДАГМАА
🎻🧠 (Морин хуур хөгжмийн аялгуу туршилтын амьтны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө)

Н.ОЮУНЧИМЭГ
🧴❄️ (Хөх далан хальсны гелийн хүйтэн технологийн аргаар гарган авах судалгаа)

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Чингэлтэй дүүрэг, Ж. Самбуугийн гудамж
Ulaanbaatar
976