23/07/2024
Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох нь уур амьсгалын өөрчлөлтийн хувьд юу гэсэн үг вэ?
Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр сонгуулиас нэрээ татсанаар түүний Дэд Ерөнхийлөгч Камала Харрис Америкийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болоход тун ойртоод байна. Гэхдээ болоогүй ээ, 4 долоо хоногийн дараа Ардчилсан Нам санал хурааж, намынхаа нэр дэвшигчийг албан ёсоор зарлана. Харрисын хувьд Байдены бүрэн дэмжлэг байгаа учраас Ардчилсан Намаас нэр дэвших магадлал маш өндөр. Намаасаа сонгогдсон тохиолдолд Камала Харрис Америкийн түүхэн дэх хамгийн хөгшин нэр дэвшигч болсон Трампын эсрэг хүчтэй өрсөлдөгч байж чадна.
Харрис Ерөнхийлөгч болбол юу хийх вэ?
Үндсэндээ Ардчилсан Нам өөрийн нэр дэвшигчээ зарлахад ийм богино хугацаа (8 сарын 19 хүртэл) үлдсэн байхад Харрис Байдены барьж байсан уур амьсгалын мөрийн хөтөлбөрт гэнэтийн том өөрчлөлт оруулахгүй. Ард түмэн түүнийг Байдены бодлогыг үргэлжлүүлнэ гэж хүлээж байгаа. Нам нь ч хүлээж байгаа.
Байден бол Ерөнхийлөгч байх хугацаандаа алдаа оноотой бодлогууд их явуулсан ч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал бодлогуудыг мөн явуулж чадсан ерөнхийлөгч. Хоёр жилийн өмнө IRA- “Инфляцыг Бууруулах Хууль” гэдэг нэрийн дор Америкийн түүхэн дэх уур амьсгалын хамгийн том хуулийн төсвийг баталсан. Инфляц энэ тэр гэсэн нэртэй боловч цаад санаа нь 10 жилийн хугацаанд 370 тэрбум ам.долларыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд зарцуулахаар төсөвлөсөн байгаа юм. Үүнийг Харрис дэмжиж батлуулсны дээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол үргэлжлүүлэх нь зайлшгүй юм аа. IRA батлагдахаас өмнө Америкийн хүлэмжийн хий жилд 2%-аар л буурч байсан. IRA батлагдсанаас хойш 4%-аар буурч эхэлсэн, цаашдаа ч тэгэх төлөвтэй байгаа юм. Харин Трамп энэ хуулийг эдийн засгийн үр ашиггүй гэж үзэж, Ерөнхийлөгч болмогцоо хүчингүй болгоно гэсэн байр суурьтай яваа.
Хоёрдугаарт, Харрис сонгогдвол Парисын хэлэлцээрт Америк өндөр байр суурьтай хэвээр байна. Өнгөрсөн оны НҮБ-ын уур амьсгалын хуралд Харрис өөрийн биеэр очиж, Америкийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Ингэхдээ “Манай дэлхий даяар ард иргэд ган гачигт нэрвэгдэж, үерт угаагдаж, хар шуурганд сүйрч байна. Ойн түймрийн утаанд тэнгэр харанхуйлж, далайн түвшний өсөлт сая сая хүний амь нас, амьжиргааг заналхийлж байна. Энэ мөчид бид яарах ёстой нь тодорхой. Цаг зүгээр ч нэг чаг чаг гэхээ больж, тасхийтэл цохилж байна шүү дээ! Бид алдсан цаг хугацаагаа нөхөж ажиллах ёстой" гэсэн байдаг. Түүний дурдаж буй “алдсан цаг хугацаа” гэдэг нь Трампын засаглалын дор Америк 2020 онд Парисын хэлэлцээрээс гарсны дараа алдагдсан нэг жилийг хэлж буй юм.
Гуравдугаарт, Харрис бол прокурор хүн. Дэлхийн том, том газрын тосны, хууль зөрчсөн компаниудыг шүүхэд өгч хэдэн сая ам.долларыг төлүүлж байсан түүхтэй. Ийм учраас ExxonMobil, BP, Chevron зэрэг компаниудтай хариуцлага тооцсон хэвээр байх болов уу. Ер нь Америкийн улс төрд хүлэмжийн хийн ялгарлыг, далайд санамсаргүй гоожуулсан нефтийг “гэмт хэрэг” гэж нэрлэдэг түүн шиг улс төрч олон байдаггүй ээ.
Харин Трамп Ерөнхийлөгч болбол Америк гэдэг орон Парисын хэлэлцээрээс хоёр дахь удаагаа гарсан цор ганц орон болох нь гарцаагүй болно. Одоо ч гэсэн Америк Парисын хэлэлцээрээс гарсан цор ганц орон шүү дээ.
Мөн Трамп Америкийн засгийн газрын далай, атмосфер судлалын агент (NOAA гээд уур амьсгалын өөрчлөлтийн маш чухал судалгааны агент--агаар мандал, далайд болож буй бүх процессыг судалж, олон нийтэд цаг агаар, хар салхи, далайн шуургыг цаг тухайд нь мэдээлж, далайн амьтан, ус болон агаарын температурын дата өгөгдлөөр судлаачдыг хангаж байдаг шинжлэх ухааны байгууллага)-ын төсвийг үгүй хийж, хувьчлах бодлого явуулахаа зарлачихсан.
Уур амьсгалын бүх өгөгдлийг NOAA гэгч энэ байгууллагаас авахаа болиод үүнийг хувьчилчихвал далай, агаарын температурын өгөгдөл өмнөх шигээ нягт няхуур байхаа болино. Цаашлаад хувьчлал нь өмнө нь олон нийтэд нээлттэй байдаг байсан өгөгдлийг худалдаж авахад хүргэхээс гадна улсын санхүүжилттэй уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг алга болгох аюултай байна. Трамп мөн Америкийн Байгаль Орчныг Хамгаалах Агенглагийн төсвийг эрс бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор баталсан хуулиудыг хүчингүй болгох тухай 1000 гаруй хуудас "мөрийн хөтөлбөр"-төө тусгажээ.
Дэлхийн түүхэн дэх хамгийн их хүлэмжийн хий ялгаруулсан орон (үндсэндээ түүхэн дэх нийт хүлэмжийн хийн дөрөвний нэгийг дангаараа ялгаруулчихсан) Харрисыг сонгохгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн бодлого сүйрэх шат руугаа орохоор байна. Хоёр дахь удаагаа шүү бүр.