01/08/2025
Дээл эсгэх биеийн хэмжээ авалт
Энгийн дээл цамц болон мөртэй дээл эсгэхэд шаардлагатай хэмжээг хэрхэн авах бэ?
Энгийн дээл хийхэд
Үндсэн 5 хэмжээ авдаг.
1. Хүзүүний тойрог. Хүзүүний урд эгэмний ясны хоёр цэгийг дайруулан тойрог авна. Ингэж авахаар хоолой барихгүй сул байна гэсэн үг.
2. Ханцуйн урт. Шилэн хүзүүний арын яснаас гараа буулгасан чигт мөр дагуу доош эрхий хурууны үзүүр хүртэл хэмжээ авна. Гарыг өргөж авч болохгүй.
3. Цээжний тойрог суган доогуур хөх давуулан тойрог хэмжинэ.
4. Бугуйн тойрог бугуйн хамгийн нарийн хэсгээс хэмжээ авна.сул авахгүй яг хэмжээг авна.
5. Цамц юм уу дээлний ерөнхий урт. цамц эрэгтэй хүнд өгзөгий тал хүртэл эмэгтэй хүнд өгзөгний талаас өгзөг давсан гэх мэт дээл эмэгтэй хүнд тахимнаас доош шилбэний гол хүртэл. Эрэгтэй хүнд шилбэний голоос газар шүргэх хүртэлх хооронд уртийн хэмжээ авна.
Мөр залгаа дээлийг эрэгтэй эмэгтэй аль ч насны хүнд хийж болох бөгөөд нэмэлт хэмжээ авна. Дараах хэмжээсүүд мөртэй дээлэнд заавал ашиглагдах хэмжээс юм.
6. Мөрний урт. Хүзүүний хажуугаас мөрний дээд цэгээс мөрний доод үзүүр хүртэл хэмжээ
7. Ханцуйн урт. мөрний доод үзүүрээс эмэгтэй болон хүүхэд бол гарын 1р үе буюу алга дуустал эрэгтэй бол эрхий хурууний үзүүр хүртэл уртын хэмжээ
8. Бугалга. Гарын булчингийн хэмжээ 3 хуруу нэмж авна.
9. Ханцуйн үзүүрийн тойрог. Гарын алганы тойргын хэмжээ.
10. Суганы өндөр. Энэ нь суганы тойрогын хэмжээ биш шүү. Мөрний дээрээс суганы доогуур эргэх хүртэлх харааны түвшинд авах өндөр
11. Хүзүүний өндөр. Энэ нь дээшээ өндөр биш. Хүзүүний хажуу мөрний дээд цэгээс доош эгэмний яс хүртэлх зай юм.
12. Хүзүүний өргөн. Хүзүүний өргөнийг харааны түвшинд авна