14/06/2015
ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 59 дүгээр тэмдэглэлээр “Органик хүнсний тухай” хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжиж, хуулийн үзэл баримтлалыг Хууль зүйн сайд 2015 оны 01 дүгээр сард батлан, хуулийн төслийг 2015 оны 5 сард Засгийн газар хүргүүлээд байна.
Төрөөс ХХАА-н талаар баримтлах бодлогын 7-д “...Хүнсний үйлдвэрлэлийн бодлого нь хүн амын эрэлт хэрэгцээ, хэрэглээний онцлог, түүхий эдийн нөөцөд тулгуурлан ... экологийн цэвэр, биологийн идэвхтэй бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ...” гэж, “Хүнсний тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “...Органик хүнстэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна...” гэж тус тус заасан.
Органик хүнсний үйлдвэрлэл хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангах, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой учраас дэлхий нийтийн чиг хандлага органик үйлдвэрлэлд чиглэж, сүүлийн жилүүдэд органик бүтээгдэхүүний борлуулалт жил бүр 202 гаруй хувийн өсөлттэй байна. Тухайлбал, 2012 оны байдлаар дэлхийн 160 гаруй орны 1.9 сая үйлдвэрлэгч 37,5 гаруй сая.га газарт органик үйлдвэрлэл эрхэлж, 63,8 тэрбум америк долларын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн байна.
Дэлхийн 88 улсад органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдэж, 24 улсад хууль болон стандартууд төслийн шатандаа байна. Одоогийн байдлаар 549 байгууллага органик бүтээгдэхүүнийг баталгаажуулж, органик хүнс үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байна.
Органик үйлдвэрлэлд ионжуулагч цацраг, хувиргасан амьд организмыг хэрэглэхийг зөвшөөрдөггүй төдийгүй органик хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодисоос бусдыг хэрэглэхийг3 хориглодог учраас хүн амыг аюулгүй, тэжээллэг, байгалийн гаралтай хүнсээр хангах, хэрэглэгчийг хамгаалахад чухал үүрэгтэй.
Харин хөдөө аж ахуйн уламжлалт үйлдвэрлэл нь нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 13%-ийг эзэлдэг байна. Иймд органик арга, технологит шилжиж нэвтрүүлснээр энэхүү бохирдлыг 48-65%-иар бууруулах боломжтой тул Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн Олон улсын хорооноос органик үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэхийг улс орнуудын Засгийн газарт зөвлөдөг байна.4
Монгол үүлдрийн мал байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтай бөгөөд Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээгээр мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн эзлэх хувийн 85,3 хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байдаг.
Зах зээлд шилжсэн 1990-ээд оны мөн үетэй харьцуулахад сүүлийн 10 жилд хүн амын дунд эх орны хөрсөнд тарьж ургуулж, нутагшуулсан үндэсний үйлдвэрлэлийн органик стратегийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлага давамгайлах болсон нь үндэсний газар тариалангийн үйлдвэрлэлд таатай боломж бүрдсэнийг 2012 онд газар тариалангийн өнөөгийн байдалд хийсэн суурь судалгаагаар тогтоосон байна.
Байгалийн хувьд харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан манай улсын хувьд газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг бүхэлд нь экологийн цэвэр, органик гэж үзэж болох боловч Монгол Улсад органик хүнсийг үйлдвэрлэх, баталгаажуулах, бүртгэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, олон улсын зах зээлд гарах эрх зүйн орчин бүрдээгүй байна.
Иймд хүн амыг мал аж ахуй, газар тариалангийн гаралтай органик бүтээгдэхүүнээр, органик хүнсний үйлдвэрлэлийг органик түүхий эдээр хангах тогтолцоог бүрдүүлснээр байгаль, цаг уурын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж амьдардаг малчид, тариаланчдын орлого нэмэгдэж амьжиргаа дээшлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Түүнчлэн манай улсын хувьд дээр дурдсан давуу талаа ашиглан органик хүнсийг бий болгон гадаад, дотоодын зах зээлд гарах нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Дээр дурдсан эрх зүйн үндэслэл болон практик шаардлагыг харгалзан Органик хүнсний тухай хуулийн төслийг Органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн холбоо /IFOAM/-ны Органик үйлдвэрлэлийн журам, Европын холбооны Органик үйлдвэрлэлийн тухай хууль, ДЭМБ болон НҮБ-ын ХХААБ-ын Хүнсний хууль эрх зүйн хорооноос хамтран баталсан Органик хүнсийг үйлдвэрлэх, шошголох, худалдаалах удирдамж зэрэгт нийцүүлэн боловсруулав.
Хуулийн төсөл нь нийт 4 бүлэг, 16 зүйлтэй байна.
Хуулийн төслийн хамрах хүрээг органик хүнсний анхан шатны үйлдвэрлэл болох органик мал аж ахуй, газар тариалан, органик хүнс, мал, тэжээвэр амьтны органик тэжээл, органик бордоо үйлдвэрлэх сүлжээний бүх үе шатанд үйлчлэхээр тусгаж, ан амьтан агнах, ангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хамаарахгүй байхаар тодорхойлно.
Магадлан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага органик хүнсэнд тохирлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ба стандарчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх зөвлөл дүгнэлтийг үндэслэн тохирлын гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэхээр тусгана.
Түүнчлэн органик хүнсийг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэснийг харилцан итгэлцэл, мэдээлэл солилцоонд тулгуурлан үйлдвэрлэгчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид өөрсдөө баталгаажуулж, барааны тэмдэг хэрэглэж болохоор тусгана.
Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталгаажиж тохирлын гэрчилгээ авсан органик хүнсний бүтээгдэхүүнийг Хүнсний тухай хуулийн 16.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, органик хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэг эзэмших эрх олгохоор зохицуулна.