Ж. Ариунболд

Ж. Ариунболд Боловсролын салбарын мэдлэг олгох

23/09/2026

Япон улс багш, боловсролын салбараа хөгжүүлсэн туршлагаас

Багш бол боловсролын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэгч эзэн нь мөн учир багшийн мэргэжлийн чадвар, хандлага улс орны хөгжлийн үндэс байдаг.

Тийм ч учраас багшийн тасралтгүй хөгжлийн тухай зохистой бодлого дэмжлэг ус агаар шиг чухал асуудал. Багш тэр дундаа бага дунд ахлах сургуулийн багшийн мэргэжлийн үе шатыг ангилах, тухайн мэргэжлийн үе шат, туршлагад тулгуурлан мэргэжил дээшлүүлэх сургалт, боловсролын газар болоод удирдлага хамт олны зүгээс зааж чиглүүлэх, тусалж дэмжих, хариуцлага үүрүүлэх, дэмжлэг өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа улс болгонд өөр өөр зарчмаар явагддаг.

Тэр тусмаа ихэнх хөгжингүй улсад багшийн мэргэжлийн ур чадвар цаашлаад карьерийн үе шат нь маш нарийн тодорхойлогдсон байдаг бөгөөд сөхөөд үзвээс тэдгээр улсын хөгжлийн нууц тэдгээр тогтолцоон дотор зонхилж байдаг.

Багшийн мэргэжил гэдэг бол A.R.Hochschild (1983)-ийн тайлбарласнаар “Сэтгэлийн хөдөлмөр (emotional labor)” бөгөөд, энэ нь “өөрийн сэтгэл зүйг удирдан зохицуулж, бусдад үйлчилгээ үзүүлдэг ажил”-ыг хэлдэг байна.

Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж сурсны үндсэн дээр хийдэг хүнд бөгөөд хатуухан ажил гэж хэлж болно. Үүнд багшаас гадна үйлчилгээний ажил, ялангуяа үйлчлэгчийн гомдол хүлээж авах ажил, эмнэлэг сувилахуй гэх мэт бүх төрлийн асрах, үйлчлэх ажлууд багтдаг.

Энэ удаад Япон улсын боловсролын системд багшийн мэргэжлийн үе шатыг хэрхэн тогтоосон байдаг тухай Шизүока хэмээх нэгэн мужийн жишээн дээр танилцуулахыг оролдъё.

Үүнд багшийн ажилд зайлшгүй шаардлагатай чадваруудыг Япон улсын хувьд доорх зургаан төрөлд ангилан тодорхойлсон байна.

1.Сурган хүмүүжүүлэгчийн чадвар, чанар

2.Хүнд байх ёстой ерөнхий чанар, чадвар

3.Багшлах, хичээл заах чадвар

4.Сурагчдыг зааж чиглүүлэх чадвар

5.Сургуулийн үйл ажиллагаатай хамаатай гүйцэтгэх чадвар

6.Байгууллагыг удирдан зохион байгуулах чадвар

Үүнд цаашаа нарийсган тайлбарлахад,

1) Сурган хүмүүжүүлэгчийн чадвар, чанар гэдэгт багш хүний өндөр ухамсар, нийгмийн хариуцлага ба өөрийн үүрэг ролийг ухамсарласан байдал, гал эрмэлзэл, хайр энэрэл гэх мэт үндсэн багш хүний чанар багтана.

2) Хүнд байх ёстой ерөнхий чанар, чадвар гэдэгт ёс суртахуунт хүнийг хүмүүжүүлэх багшийн ерөнхий “хандлага” багтдаг бол

3) Багшлах, хичээл заах чадвар гэдэгт анги танхимд хичээлээ удирдан зохион байгуулах чадвар болон хичээл бэлтгэх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулан дүгнэх зэрэг илүү бодит сургалтын үйл ажиллагааны чадвар багтаж байна.

4) Сурагчдыг зааж чиглүүлэх чадвар гэдэгт сурагчдыг ойлгох, эрүүл чийрэг хөгжлийг дэмжихэд хэрэгтэй бүх төрлийн зааварчилга өгөх, чиглүүлэх чадварууд багтана. Эдгээр нь цаашаа, хүүхдийн бие эрүүл мэндийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх, асуудал шийдвэрлэх, тусгай хэрэгцээ шаардах сурагчдыг тусгайлан чиглүүлэх, хүний эрхийн боловсрол, карьерийн боловсрол, амьдрал ахуйн зөвлөгөө өгөх, сургуулийн менежмент гэж нарийсдаг.

5) Сургуулийн үйл ажиллагаатай хамаатай гүйцэтгэх чадвар гэдэгт, дээрх 3, 4 -ийн чадваруудаас гадна мэргэжлийн чадвар багтана. Үүнд үр дүнтэй бичиг хэргийн чадвар эзэмшихээс гадна мэдээллийн хэрэгслийг ашиглах чадвар, эрсдэл, аюулгүй байдлын зохицуулалт, эрүүл мэндийн, тэжээл хоол зүйн мэдлэг, эцэг эхтэй харьцах хамтрах чадвар, орон нутгийн иргэдтэй хамтрах, мэргэжлийн судалгаа эрдэм шинжилгээний чадвар зэрэг нь агуулагддаг.

Харин эцсийн 6) Байгууллагыг удирдан зохион байгуулах чадварт сургуулийн менежмент буюу байгууллагын зорилгот хүрэхэд хэрэгтэй чадварууд багтана.

Байгууллагын нэг гишүүн гэдгийг ухамсарлах, түүний үүрэг хариуцлагыг мэдрэх, хамт олноо болон бусадтай үзэл санаагаараа ойлголцох, доод ажилтнаа өсгөн хүмүүжүүлэх гэх мэт бүх төрлийн харилцааны чадвар багтана.

Эдгээрээс Япон улсын онцлог болсон чадварын тодорхойлолт бол яах аргагүй сурагчдыг зааж чиглүүлэх чадвар мөн гэж судлаачид үздэг.

Энэ нь хүний амьдралын бүх төрлийн үйл ажиллагаанд сурган хүмүүжүүлэх, зааж чиглүүлэх элемент багтдаг гэж үздэг нь тэдний цаад философи үзэл санаатай хамаатай юм.

Япон багш нар үдийн хоол идэх үед хүртэл сурагчдын хажууд суун иддэг ба үүнийг “үдийн хоолны зааварчилга” гэж нэрлэх нь бий. Харин ийм багш мэргэжлийн “Япон соёл” заримдаа хэрээс хэтэрсэн маягаар үйлчлэх, багшийн ажлын ачаалал хирээс хэтрэх асуудлууд яг одоо Японд хурцаар яригдаж байна. Харин багш хүний карьерийн үе шатыг доорх байдлаар ангилсан байна.

1.Ажилд анх орох үе

2.Үндсэн болон мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлэх үе (багшлаад 10жил хүртэлх багш)

3.Баяжуулах болоод хөгжих үе (10-аас дээш жилийн туршлагатай бөгөөд 45 нас хүртэлх насны багш)

4.Гүнзгийрүүлэх ба туршлагаар арвин үе (45-аас дээш настай багш)

Эдгээр үе шат нь голчлон багшийн ажилласан жилээр ангилагдах боловч хүн гэдэг утгаараа нас туршлагыг мөн харгалзан авч үздэг нь Японы хувьд онцлогтой гэж хэлж болно.

Жишээ нь хөгшин атлаа шинээр ажилд орсон багшийн хувьд 1-р шатнаас шууд 4) Гүнзгийрүүлэх ба туршлагаар арвин үе рүү шилжинэ. Багш өөрөө сэтгэлийн хөдөлмөр (emotional labor) тул, тухайн хүний нас болоод амьдралын туршлагыг харгалзан авч үздэг байна. Эдгээр үе шат болгоны хувьд дээр заасан багш хүнд байх ёстой шаардлагатай чадваруудыг тогтоож, түүний дагуу мэргэжлийн хөгжил, чиглүүлэлт, оноох хариуцлага нь өөр өөр байх бөгөөд ирээдүйд удирдах ажил руу орох чадвар өндөр багшийн хувьд захирал зэрэг удирдах ажилтан болоод боловсролын газраас нэр цохдог.

Тэдгээр хүмүүс нэмэлт сургалт, мэргэжил дээшлүүлэх програмд хамрагддаг.

Жишээлбэл Шизуока мужийн багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагын “арга зүйч” багш нар дээр авч үзвэл, тэд энгийн багшаас багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагад арга зүйч болох үед өөрөө хүсэлт гаргах боломжгүй ба дээрээс томилогдоно.

Мөн Япон багш нар төрийн албан хаагч гэдэг утгаараа нэг сургууль дээрээ удаан ажиллахгүй гэсэн зарчим зонхилж байдаг.

Өөр өөр боловсролын байгууллагад томилогдон аль болох боловсролын олон түвшинд ажилласнаар, системээ цогцоор нь ойлгох давуу талтай. Харин энэ явцад чадварлаг ажиллаж байгаа багш нар үнэлэгдэн тушаал дэвшдэг.

Үүний үр дүнд боловсролын удирдлагын тогтолцоог улс төрөөс хамааралгүй, мэргэжлээрээ байнга хөгжих, цус сэлбэх боломжтой болгож чаджээ. Энэ бол Японы багшийн мэргэжлийн тогтолцооны онцлог гэж хэлж болно. Япон багш нарын шилжилт хөдөлгөөн (томилолт) нь жил бүр маш том цар хүрээ, хэмжээтэйгээр явагддаг бөгөөд тухайн багш өөрөө орох сургуулиа шийдэх бус цаанаасаа боловсролын яамнаас томилолт хэлбэрээр сургуульд хуваарилдаг.

Тэр байтугай жил бүр шахуу анги даасан багш нар солигддог юм. Энэ нь хүүхдүүдийн хувьд 4 сарын 1-д (Японы хичээлийн шинэ жил 4 сард эхэлдэг) том сюрприз болдог заншилтай. Ер нь нэг багш нэг сургуульд 5-аас дээш жил ажиллана гэсэн ойлголт бараг байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу (улсын сургуулийн хувьд /ихэнхи бага дунд сургууль улсын сургууль байдаг).

Энэ нь өөрөө системээ эрүүл байлгах тогтолцооны нэгэн том түлхүүр нь мөн болов уу. Мэдээж чадвараараа үнэлэгдвэл тэр хэмжээнд дээшээ явдаг багш байхад, багшийн ажлаа хийгээд нэг байрандаа өөр өөр сургуульд хуваарилагдаад явах тохиолдол ч элбэг. Харин энд цэвэр мерит тогтолцоо үйлчилдэг гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Япон улсын хувьд зонхилох стандарт нь улс даяараа ижил тул орон нутгийн бага зэрэг ялгааг эс тооцвол улс даяараа ерөнхийдөө нэг иймэрхүү. Маш том тогтолцоог жижиг мужийн жишээн дээр болхи байдлаар хялбарчлан тайлбарлах гэж оролдлоо.

Монголын багшийн мэргэжлийн тогтолцоонд үүнээс санаа авах зүйл ч байна авах хэрэггүй зүйл ч байгаа тул авах гээхийн ухаанаар харах нь зөв болов уу. Ялангуяа системийг бий болгоод дуусах биш эрүүл хөдөлгөн авч явах, явцдаа эргэн харж засан сайжруулдаг тууштай механизмыг давхар боловсруулах тал дээр Япон улсын тогтолцооноос ихээхэн санаа авч болохоор санагдана.

23/09/2026

Монголын 15 настай 3 хүүхэд тутмын 2 нь уншиж ойлгох суурь түвшний босгыг давж чадахгүй байна (PISA 2025).

Энэ бол зүгээр нэг PISA-гийн муу дүн, эсвэл монгол хэлний хичээлийн асуудал биш. Үүнээс хамаагүй том асуудал.

Учир нь уншиж чаддаг гэдэг нь зөвхөн үсгээ таниад, үг өгүүлбэр болгон холбож уншихыг хэлдэггүй.
Унших чадвар гэдэг нь уншсан агуулгаа ойлгох, тэндээс хэрэгтэй мэдээллээ олох, мэдээллүүдийн уялдаа холбоо, хоорондох зөрчлийг таних, дүгнэлт хийх, эх сурвалж, нотолгоонд няхуур хандаж, ялгаж салгах чадвар юм.

Тиймээс унших нь зөвхөн унших бичгийн хичээлээр хязгаарлагдахгүй, бараг бүх суралцах үйл явцын суурь нь.

Биологи, хими, газарзүй, түүх гээд ямар ч хичээлийг текстээ ойлгохгүйгээр сайн сурах боломжгүй. Математикийн бодлогыг ч асуултаа ойлгохгүй бол бодож чадахгүй.
Хүн болгон математикч, эмч болох албагүй ч, ирээдүйд ямар ч мэргэжлээр суралцсан, ажилласан унших, ойлгох, цаашид бие даан суралцах чадвар хэрэгтэй хэвээр үлдэнэ. Ялангуяа насан туршдаа суралцах шаардлага улам нэмэгдэж байгаа өнөө үед.

Насанд хүрээд сургуульд үзсэн геометр, хими, түүхээ дахиж ашиглахгүй байж болно. Харин түрээсийн гэрээ, банкны зээлийн нөхцөл, албан бичиг зэргийг ойлгож унших хэрэгцээ байнга гарна. Ядаж л ойлгоогүй зүйл дээрээ гарын үсэг зурахгүйн тулд.

Сошиал медиа, ухуулга сурталчилгаа, ташаа мэдээлэл, AI-аар бүтээсэн контент асар их болсон өнөө үед энэ чадвар бүр ч чухал.

Тэгвэл яг энэ чадварыг хэмжсэн PISA 2025-ын дүнгээр Монголын 15 настнууд унших чадвараар оролцсон 91 орноос 69-р байрт оржээ.

Гэхдээ эзэлсэн байрнаас илүү анхаарал татах үзүүлэлт нь: Монгол хүүхдүүдийн ердөө 33% нь 2-р түвшин болон түүнээс дээш түвшинд хүрсэн бол, 67% нь 2-р түвшний ч босгод хүрээгүй байна (6 түвшнээр үнэлсэн).

Энэ нь тэр 67% огт уншиж чаддаггүй гэсэн үг биш.
Тэд жишээлбэл, “Номын сан 09:00–17:00 цаг хүртэл ажиллана” гэсэн зар уншаад, “Номын сан хэдэн цагт хаах вэ?” гэсэн асуултад 17:00 цагт гэж хариулж чадна.

Үүнээс цааш хүндрэлтэй буюу текст уртсаж, мэдээлэл нарийн төвөгтэй болох тусам гол санааг ойлгох, мэдээллүүдийг хооронд нь холбох, далд утгыг таних, дүгнэлт хийх зэрэг чадваргүй гэсэн үг.

Үүнээс гадна дээд 5,6-р түвшинд хэд хэдэн текст, хүснэгт, график, интернет эх сурвалжийг харьцуулж, аль нь баримт, шинжлэх ухааны нотолгоо, аль нь хэн нэгний үзэл бодол, байгууллагын сурталчилгаа вэ гэдгийг ялгаж таних, эх сурвалж нь хэр найдвартай, ямар мэдээлэл дутуу, өгөгдсөн нотолгооноос тухайн дүгнэлтийг үнэхээр хийж болох эсэхийг үнэлэх чадварыг нь шалгахад, Монголын хувьд Level 5 болон түүнээс дээш түвшинд хүрсэн, өндөр түвшний унших чадвартай хүүхэд бараг байгаагүй байна.

Энэ л хамгийн санаа зовоомоор зүйл.

Учир нь өнөөдрийн 15 настай хүүхэд маргааш гэрээ байгуулна, албан бичиг, дүрэм журам уншина, эрүүл мэндийн мэдээлэлтэй танилцана, мэдээ болон сошиал медиагаас мэдээлэл авна. Зар сурталчилгаа, улс төрийн мэдэгдэл, AI-аар бүтээсэн мэдээлэлтэй ч тулгарна.
Тэгээд юунд итгэх, юунд эргэлзэх, юуг дахин шалгах, ямар шийдвэр гаргахаа өөрөө тодорхойлох хэрэгтэй болно.

Тиймээс энэ бол зөвхөн унших чадварын асуудал биш.
Энэ бол хүүхэд ирээдүйд бие даан суралцаж, мэдээллийг шүүмжлэлтэй үнэлж, бусдын хэлснийг дагах бус өөрийн гэсэн үндэслэлтэй шийдвэр гаргаж чадах уу гэдэг асуудал.

Гэхдээ энэ дүнг хараад зөвхөн “хүүхдүүд муу байна” гэж дүгнэх нь өрөөсгөл. Бид өөрсдөө хэр "уншдаг" билээ гэдгээ ч бас бодох хэрэгтэй.

Унших чадвар бол нэг эзэмшчихвэл насан туршдаа алдагдахгүй, тэр хэвээрээ үлддэг зүйл биш. Булчинтай адил, ашиглаж, дасгалжуулж байхгүй бол сулардаг чадвар.

Урт, төвөгтэй текст уншиж, утга санааг нь задлан ойлгож, эргэцүүлж, дүгнэлт хийхийн оронд дандаа богино видео үзэж, ChatGpt-ээс бэлэн хариулт авч хэвшвэл, энэ чадвараа ашиглах, хөгжүүлэх боломж улам багасч, тэр хэрээр удаан төвлөрч унших, мэдээллүүдийг хооронд нь холбох, задлан шинжлэх, шүүмжлэлтэй эргэцүүлэх дадал сулардаг.
Тиймээс “хүүхдүүд уншихгүй байна” гэж ярихаасаа өмнө бид өөрсдөө хэр уншиж байгаагаа ч бас бодохгүй бол...хуулбарлав🙏

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ хиймэл...
23/09/2026

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ хиймэл оюуны хөгжлийг хязгаарлах зорилгоор олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах тухай уриалгыг эрс няцаалаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон Их Британи, Франц, Канад улсын төрийн тэргүүнүүд, мөн дэлхийн тэргүүлэх хиймэл оюуны компаниуд ч тус технологиос хүн төрөлхтөнд учирч болзошгүй аюулыг анхааруулаад байгаа. Харин АНУ-ын Ерөнхийлөгч үүнээс санал зөрж, тус улсын одоогийн интитуцүүд хиймэл оюуны аливаа эрсдэлийг бууруулах бүрэн чадавхтай болохыг илэрхийлсэн байна.

Мөн Д.Трамп "хиймэл оюун" гэх нэршлийг "супер оюун" буюу "super intelligence" хэмээн өөрчилж, цаашид АНУ-ын Засгийн газрын албан бичигт шинэ нэршлийг ашиглах болохыг мэдэгджээ.

"Хиймэл гэдэг үг хуурамч гэсэн ойлголт төрүүлээд байна. Үнэндээ энэ бол хуурамч зүйл биш. Үнэхээр гайхалтай технологи" хэмээн тэрбээр НҮБ-ын индрээс онцолсон байна.

23/09/2026

МОНГОЛЫН АМЬД ҮЛДЭХ ГЕОСТРАТЕГИ БОЛОВСРОЛООС ЭХЭЛНЭ

Монгол Улсын боловсролын бодлогыг өнөөдрийг хүртэл нэг буруу асуултаар зохион байгуулсаар ирсэн.

“Хүүхдэд ямар ямар хичээл заах вэ?”

Үнэндээ хамгийн түрүүнд тавих ёстой асуулт огт өөр.

“Монгол Улс 20–30 жилийн дараа оршин тогтнохын тулд ямар иргэдтэй байх ёстой вэ?”

Энэ хоёр асуултын хооронд асар том ялгаа бий.

Эхний асуулт хичээлийн хуваарь бүтээдэг. Хоёр дахь асуулт улс орны ирээдүйг бүтээдэг.

Монголын боловсролын системийг хичээлийн нэр, багшийн орон тоо, уламжлагдсан хөтөлбөрөөс эхэлж биш, Монгол Улсын геостратегийн бодит нөхцөлөөс эхэлж дахин зураглах шаардлагатай.

Монголын гол асуудал: бид олон хүнтэй улс биш

2025 оны Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улс 3.57 сая орчим хүн амтай.

Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн том улсуудын нэг мөртлөө хүн ам маш цөөн. Далайд гарцгүй. Дэлхийн хоёр том гүрний дунд байрладаг. Экспорт, импорт, тээвэр, эрчим хүч, хөрөнгө оруулалт, түүхий эдийн зах зээл маань гадаад орчноос өндөр хамааралтай.

2024 онд Монголын нийт барааны экспортын 91.4 хувь Хятад руу гарсан. Импортын 40 хувь Хятадаас, 24.3 хувь ОХУ-аас орж иржээ. Өөрөөр хэлбэл хоёр хөрш нийлээд импортын бараг хоёрны гурвыг бүрдүүлж байна.

Энэ тоо нэг стратегийн үнэнийг хэлж байна.

Монгол Улс хүн хүчээр өрсөлдөх боломжгүй. Бид зөвхөн хүний чанараар өрсөлдөнө.

Зуун сая хүнтэй улс арван сая сул боловсролтой иргэнтэй байсан ч арван сая инженер, техникч, эрдэмтэн, менежер гаргаж чадна.

3.5 сая хүнтэй Монгол Улс тийм тансаглал эдлэхгүй.

Манай нэг хүүхэд сурч чадахгүй үлдэх нь зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Улсын нийт оюуны нөөцийн алдагдал.

Манай нэг инженер дутуу бэлтгэгдэх нь нэг ажлын байрны асуудал биш. Үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, технологийн чадавхын алдагдал.

Манай хэдэн зуун мянган иргэн статистик ойлгодоггүй, төсөв уншдаггүй, эх сурвалж шалгадаггүй байх нь боловсролын жижиг доголдол биш. Улсын институцийн чанарт шууд нөлөөлөх стратегийн эрсдэл.

Тиймээс Монголын хувьд боловсрол бол нийгмийн үйлчилгээ төдий зүйл биш. Үндэсний тэсвэрийн систем юм.

---

Сургууль хүүхдийн цагийг юунд зарцуулах ёстой вэ?

Хүүхдийн амьдралын эхний 18 жилд нэг дахин олдохгүй нөөц бий.

Тэр бол мөнгө биш.

Цаг.

Сургуулийн нэг цагийг нэг хичээлд өгсөн бол тэр цагийг өөр хичээлд өгөх боломж аль хэдийн алга болсон гэсэн үг. Эдийн засгийн хэлээр үүнийг opportunity cost буюу алдагдсан боломжийн өртөг гэж нэрлэдэг.

Тиймээс:

“Энэ хичээл хэрэгтэй юу?”

гэдэг асуулт хангалтгүй.

Бараг бүх мэдлэг ямар нэг хэмжээгээр хэрэгтэй.

Зөв асуулт нь:

“Энэ мэдлэгт хүүхдийн заавал сурах 12 жилийн хэдэн цагийг зориулах нь зөв бэ?”

Уран зохиол хэрэгтэй.

Хөгжим хэрэгтэй.

Урлаг хэрэгтэй.

Түүх хэрэгтэй.

Философи хэрэгтэй.

Спорт хэрэгтэй.

Гэхдээ хэрэгтэй бүхэн ижил ач холбогдолтой гэсэн үг биш.

Цөмийн физикчид хөгжим хэрэггүй гэсэн үг биш. Харин улсын эрчим хүчний инженер бэлтгэхэд физикийн нэг цаг ба хөгжмийн нэг цаг ижил стратегийн жинтэй биш гэсэн үг.

Боловсролын бодлого яг энэ эрэмбийг тогтоох ёстой.

OECD-ийн PISA 2025 тайлан ч боловсролын системүүдэд агуулгаа хэт олон чиглэлд тараахаас илүү цөөн үндсэн сэдвийг гүн эзэмшүүлэх шаардлагатайг онцолсон. “Өргөн боловч өнгөц” сургалтаас “цөөн боловч жинхэнэ эзэмшсэн” сургалт илүү үр дүнтэй гэсэн зарчим энд гарч ирж байна.

Монгол яг үүнийг хийх шаардлагатай.

---

Бид сургуульд олон жил суулгаж байгаа ч хангалттай чадвар үйлдвэрлэхгүй байна

Энд сэтгэгдлээр бус тоогоор ярья.

PISA 2025-д Монголын 15 настай хүүхдүүдээс шинжлэх ухааны суурь Level 2 түвшинд хүрсэн нь 57 хувь, математикийн суурь түвшинд хүрсэн нь 48 хувь, унших чадварын суурь түвшинд хүрсэн нь ердөө 33 хувь байв.

Шинжлэх ухааны хамгийн өндөр Level 5–6 түвшинд Монголын сурагчдын 0.3 хувь, математикт ойролцоогоор 1 хувь хүрчээ. Computational problem solving буюу тооцоолон асуудал шийдэх чадвар ч OECD-ийн дунджаас доогуур байна.

Энд хамгийн ноцтой тоо нь магадгүй “33 хувь”.

Хүүхэд олон жил эх хэл, уран зохиолын хичээл үзсэн мөртлөө 15 настайдаа дунд зэргийн урт текстийн гол санаа, мэдээллийг найдвартай ялгаж чадах суурь босгыг ердөө гуравны нэг орчим нь давж байна.

Дэлхийн банк–UNESCO-ийн 2024 оны Mongolia Learning Poverty Brief-д Монголын бага сургуулийн төгсгөл үеийн хүүхдүүдийн 39 хувь насандаа тохирсон богино эхийг уншиж ойлгох суурь түвшинд хүрээгүй гэж тооцсон. Мөн сургалтад өнгөрүүлсэн хугацааг бодит суралцах чанараар засварласан үзүүлэлт 9.2 жил байжээ.

Энэ бол маш чухал дохио.

Асуудал “сургуульд хүүхэд бага хугацаа зарцуулж байна” биш.

Зарцуулсан цагаасаа хангалттай чадвар авч чадахгүй байна.

Тиймээс хөтөлбөрт дахин хичээл нэмэх нь шийдэл биш.

Харин агуулгыг цэвэрлэх хэрэгтэй.

---

Эхлээд төгсөгчөө тодорхойл. Дараа нь хичээлээ сонго

Боловсролын шинэчлэл үйлдвэрийн инженерчлэлтэй төстэй байх ёстой.

Үйлдвэр барихдаа эхлээд:

“Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?”

гэдгээ шийддэг.

Дараа нь үйлдвэрээ зохион байгуулна.

Харин бид боловсрол дээр эхлээд олон хичээл байгуулчихаад, эцэст нь ямар хүн гарч ирэхийг хүлээдэг.

Үүнийг эсрэгээр эргүүлэх хэрэгтэй.

Монгол Улс 12 жилийн боловсролын дараа 18 настай иргэнээс дараах хэмжигдэхүйц чадваруудыг шаардах ёстой.

Тэр хүн тооцоолж чаддаг байх ёстой.

Статистик уншдаг байх ёстой.

Хувь, магадлал, эрсдэлийг ойлгодог байх ёстой.

Физикийн үндсэн системүүдийг ойлгодог байх ёстой.

Бодис, материал, химийн урвалын үндсийг мэддэг байх ёстой.

Биологи, генетик, хүний бие, экосистемийн суурь ойлголттой байх ёстой.

Өгөгдөлтэй ажилладаг байх ёстой.

Компьютер, программчлал, AI-г хэрэглэгчийн төдий бус логикийн түвшинд ойлгодог байх ёстой.

Монгол хэлээр ойлгомжтой, логиктой, хоёрдмол утгагүй бичдэг байх ёстой.

Англи хэлээр дэлхийн мэдлэгт хүрдэг байх ёстой.

Эдийн засаг ойлгодог байх ёстой.

Хүү, инфляц, татвар, өр, төсөв, хөрөнгө оруулалт, үнэ, бүтээмжийг ялгадаг байх ёстой.

Хуулиа ойлгодог байх ёстой.

Төрийн байгууллагуудын эрх мэдэл хаана эхэлж, хаана дуусдагийг мэддэг байх ёстой.

Гадаад харилцаа, дипломат ажиллагааны суурь механизмыг ойлгодог байх ёстой.

Эрүүл мэнд, хоол, нойр, хөдөлгөөнөө шинжлэх ухааны үндэстэй удирддаг байх ёстой.

Энэ чадваруудыг тогтоосны дараа л:

“Ямар хичээл эдгээрийг үйлдвэрлэх вэ?”

гэж асуух ёстой.

---

Нэгдүгээр түвшин: Монголын оюуны дэд бүтэц

Нэгдүгээр түвшний хичээлүүд бол хүүхэд бүр заавал эзэмших, өндөр шаардлагатай, бодит чадвараар дүн тавих цөм хичээлүүд.

Үүнд:

математик, физик, хими, биологи, статистик, логик, компьютер–программчлал, өгөгдлийн боловсрол, монгол хэлний хэрэглээ, англи хэл орно.

Энэ хэсэг хамгийн их сургалтын цаг авна.

Яагаад?

Учир нь эдгээр мэдлэгийг хүн амьдралын явцад аяндаа системтэй сурдаггүй.

Хүн дэлгүүр хэсэж яваад интеграл сурчихгүй.

Машин барьсаар физикийн энерги хадгалагдах хуулийг бүрэн ойлгочихгүй.

Facebook ашигласаар статистикийн түүврийн алдаа, correlation ба causation-ы ялгааг өөрөө эзэмшихгүй.

Утас ашигласаар алгоритм судлаач болохгүй.

Харин эдгээрийг хүүхэд насанд системтэй суулгасан хүн хожим өөрөө маш их зүйлийг сурч чадна.

Математик бол ганц хичээл биш. Бусад мэдлэгийг эзэмших үйлдлийн систем.

Физик бол томьёоны цуглуулга биш. Шалтгаан, хэмжилт, загварчлалын сургууль.

Хими бол элемент цээжлэх хичээл биш. Материаллаг ертөнцийг ойлгох хэл.

Биологи бол амьтны нэр цээжлэх биш. Амьд системийн логик.

Статистик бол тоо бодох биш. Олон нийтийн ярианаас бодит байдлыг ялгах хэрэгсэл.

PISA 2025 ч шинжлэх ухааны боловсролыг зөвхөн баримт мэдэх гэж тодорхойлоогүй. Агуулгын мэдлэгээс гадна процедурын болон epistemic буюу “энэ мэдлэгийг бид яаж мэдэж байгаа вэ?” гэсэн мэдлэг шаардлагатай гэж үздэг.

Энэ бол Монголд яг хэрэгтэй сэтгэлгээ.

---

Монгол хэлний зорилго хэл шинжээч үйлдвэрлэх биш

Эх хэлний боловсролыг багасгана гэдэг эх хэлээ дорд үзнэ гэсэн үг огт биш.

Харин эсрэгээрээ, эх хэлний боловсролын зорилгыг сэргээнэ гэсэн үг.

Монгол хэлний хичээлээс хүүхэд:

зөв уншдаг,

уншсанаа ойлгодог,

богино тодорхой бичдэг,

урт логик текст найруулдаг,

нотолгоо ба дүгнэлтээ салгадаг,

хураангуйлдаг,

тайлбарладаг,

маргаанаа үндэслэдэг,

албан бичиг бичдэг,

өгөгдлийг үгээр тайлбарладаг

болох ёстой.

Харин хүүхэд бүрийг арван жил хэл шинжлэлийн нэр томьёогоор шалгах шаардлагагүй.

Хэлний дүрэм бол хэрэгсэл.

Сайн сэтгэж, сайн бичих нь бүтээгдэхүүн.

Хэрэв арван жил дүрэм үзсэн хүн төрийн албан бичгээ ойлгомжтой бичиж чадахгүй бол систем өөрийн зорилгоо алдсан байна.

Тиймээс эх хэлний зайлшгүй дүрмийг цомхон системээр эзэмшүүлж, сургалтын үлдсэн жилүүдэд хэлээр сэтгэх, тайлбарлах, нотлох, бичих чадварыг бүх хичээл дотор хөгжүүлэх хэрэгтэй.

Физикийн тайлан бичнэ.

Биологийн ажиглалтаа тайлбарлана.

Эдийн засгийн өгөгдөл задлана.

Төсвийн дүгнэлт бичнэ.

Ингэхэд монгол хэл өдөр бүр хэрэглэгдэнэ.

Харин хэлний хичээл өөрөө хүүхдийн бүх цагийг эзлэх шаардлагагүй.

---

Хоёрдугаар түвшин: өөрийгөө болон улсаа хамгаалах мэдлэг

Энэ бол Монголын боловсролын өнөөгийн системд хамгийн дутуу үнэлэгдэж ирсэн давхарга.

Хүн физикийн инженер биш байсан ч эдийн засгаа ойлгох ёстой.

Хуульч биш байсан ч эрхээ ойлгох ёстой.

Дипломатч биш байсан ч улсынхаа гадаад орчныг ойлгох ёстой.

Эмч биш байсан ч биеэ зөв авч явах ёстой.

Энд:

эдийн засаг,

хувийн санхүү,

улсын төсөв,

хууль эрх зүй,

төрийн институц,

газар зүй,

олон улсын харилцаа,

дипломат ёс,

сэтгэл судлал,

эрүүл мэнд,

анхны тусламж,

мэдээлэл ба медиа боловсрол

орно.

Эдгээрийг 10–12 жил тасралтгүй том хичээл болгох шаардлагагүй. Харин насанд тохирсон шаталсан модулиар хүн бүрт заавал эзэмшүүлнэ.

---

Иргэн улсын төсвөө уншиж чаддаг байх ёстой

Арван найман настай хүүхэд улсын төсөв гэж юу болохыг ойлгохгүй төгсөж болохгүй.

Татвар хаанаас ордог вэ?

Төсвийн алдагдал гэж юу вэ?

Өр ямар үед аюултай вэ?

Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалт хоёрын ялгаа юу вэ?

Нэг сургууль барихад хэдэн төгрөг зарцуулж байна?

Нэг хүүхдийн суудал хэдэн төгрөг болж байна?

Өмнөх төсөлтэй харьцуулахад үнэ нь хэдэн хувиар өссөн бэ?

Инфляци бодит өртгийг хэрхэн өөрчилсөн бэ?

гэдгийг жирийн иргэн тооцож чаддаг байх ёстой.

Энэ бол зөвхөн эдийн засгийн хичээл биш.

Математик + статистик + эдийн засаг + иргэний боловсролын нийлбэр.

Монголын Open Budget Survey 2025 үнэлгээгээр төсвийн мэдээллийн ил тод байдал 64/100 болсон боловч олон нийтийн оролцооны оноо 35/100 хэвээр байна.

Мэдээлэл ил тод байх нь нэг тал.

Тэр мэдээллийг уншиж чаддаг иргэнтэй байх нь нөгөө тал.

10 сая мөрийн дата нийтэллээ гээд түүнийг ойлгох иргэнгүй бол ил тод байдал дангаараа хяналт болж чадахгүй.

Тиймээс ардчилсан төсвийн хяналтын хамгийн эхний байгууллага нь парламент ч биш, аудит ч биш.

Тоондоо сайн иргэн.

---

Гуравдугаар түвшин: соёл, авьяас, сонирхол

Уран зохиолын гүнзгийрүүлэлт, хөгжим, дүрслэх урлаг, театр, бүжиг, төрөлжсөн спорт, философийн түүх, гар урлал, түүхийн нарийн судалгаа, байгаль хамгааллын клуб зэрэг мэдлэгийг устгах тухай яриа огт биш.

Эдгээрийг өөр байрлалд тавих тухай яриа.

Хүүхэд бүр хөгжмийн зохиолч болох албагүй.

Хүүхэд бүр утга зохиол судлаач болох албагүй.

Хүүхэд бүр философич болох албагүй.

Гэхдээ сонирхсон хүүхэд нь маш өндөр түвшинд сурах боломжтой байх ёстой.

Тиймээс ийм салбарыг хичээлийн дараах, сонгон, клуб, студи, дугуйлангийн хүчтэй тогтолцоо руу шилжүүлж болно.

Энд дүнгийн дарамт биш:

бүтээл, сонирхол, авьяас, оролцоо

чухал.

Ингэх нь урлагийг дорд үзсэн хэрэг биш.

Харин урлагийг дургүй хүүхдэд албадан цээжлүүлэхийн оронд дуртай хүүхдэд нь илүү гүн хөгжүүлэх боломж олгож байгаа хэрэг.

---

Монгол Улс мэдээллийн дархлаатай иргэн бэлтгэх ёстой

XXI зууны геополитикийн өрсөлдөөн зөвхөн хил дээр болдоггүй.

Хүний утасны дэлгэц дээр ч явагдана.

Хуурамч мэдээлэл, хэт нэг талыг барьсан эх сурвалж, хиймэл оюунаар бүтээсэн дүрс, эмоциональ видео, айдас, уур, бүлгийн дарамт хүний шийдвэрт нөлөөлнө.

UNESCO медиа ба мэдээллийн боловсролыг мэдээлэлд хүрэх, задлан шинжлэх, үнэлэх, шүүмжлэлтэй ашиглах чадвар гэж тодорхойлж, боловсролын системд системтэй оруулахыг дэмжиж байна.

Гэхдээ “тархи угаалтанд өртөхгүй байх” чадварыг тусдаа нэг хичээлээр суулгах боломжгүй.

Дархлаа нь:

математик,

статистик,

логик,

түүх,

эдийн засаг,

сэтгэл судлал,

медиа боловсрол,

шинжлэх ухааны арга

нийлж байж бий болно.

Иргэн аливаа мэдээлэл сонсоод:

Хэн хэлэв?

Ямар баримтаар нотлов?

Анхны эх сурвалж хаана байна?

Түүвэр нь хэд вэ?

Харьцуулалтын суурь юу вэ?

Эсрэг тайлбар байж болох уу?

Энэ мэдээллийг надад итгүүлэх сонирхол хэнд байна?

гэж автоматаар асуудаг болох ёстой.

Энэ бол улс төрийн аль нэг үзэл суртлыг заах тухай биш.

Харин ямар ч үзэл сурталд өөрийн толгойгоор дүн шинжилгээ хийх чадвар өгөх тухай юм.

---

Улсаа хайрлахыг төрд дуулгавартай байхтай андуурч болохгүй

Монголын боловсрол “улсдаа дайсагнадаггүй иргэн” бэлтгэх ёстой гэдэг санааг маш зөв тодорхойлох шаардлагатай.

Энэ нь төрийн шийдвэр бүрийг зөвтгөдөг иргэн гэсэн үг биш.

Засгийн газар бол Монгол Улс биш.

Нам бол Монгол Улс биш.

Албан тушаалтан бол Монгол Улс биш.

Улсын эрх ашиг урт хугацаатай.

Засгийн газар түр хугацаатай.

Тиймээс сайн иргэн:

улсаа хамгаална,

төрөө хянана,

хууль бус үйлдлийг шүүмжилнэ,

авлигыг эсэргүүцнэ,

гадаадын суртал ухуулгад сохроор автахгүй,

дотоодын улс төрийн урианд ч сохроор автахгүй.

Улсаа хайрлах ба төрийг хянах хоёр хоорондоо зөрчилдөхгүй.

Харин ч хариуцлагатай иргэн улсынхаа институцийг хянаж чаддаг байх ёстой.

Энэ чадварыг иргэний боловсрол гэж нэрлэнэ.

---

Геостратегийг хүүхдэд уриа биш системээр заах хэрэгтэй

Монгол хүүхэд төгсөхдөө газрын зураг дээр хоёр хөршөө зааж чаддаг байхаас илүү зүйл мэдэх ёстой.

Яагаад Монголын экспорт нэг зах зээлд өндөр төвлөрсөн бэ?

Яагаад тээврийн коридор стратегийн ач холбогдолтой вэ?

Далайд гарцгүй орны логистик ямар сул талтай вэ?

Эрчим хүч, шатахуун, хүнс, холбоо, мэдээллийн дэд бүтцийн аль нь үндэсний эмзэг цэг вэ?

Нэг улсын эрэлт буурахад Монголын төсөвт яаж нөлөөлөх вэ?

Түүхий эдийн үнэ унахад ажил эрхлэлтэд ямар дам нөлөө гарах вэ?

Худалдааны маргаан жирийн айлын амьдралд яаж хүрдэг вэ?

гэдгийг математик, газарзүй, эдийн засаг, олон улсын харилцаатай холбон судлуулах хэрэгтэй.

Монголын эдийн засгийн тухай Дэлхийн банк, АХБ ч ашигт малтмалын хамаарал, түүхий эдийн зах зээлийн савлагаа, Хятадын эрэлт зэрэг гадаад хүчин зүйлсийг гол эрсдэлүүдийн нэгээр тогтмол нэрлэж байна.

Энэ бодит байдлыг хүүхдэд нуух шаардлагагүй.

Харин айдас болгож бус, тооцоолж сургах материал болгох ёстой.

---

Эрүүл хүнгүй бол хүний капитал байхгүй

Монголын геостратегийн боловсрол зөвхөн математик, физик гэсэн үг биш.

Өндөр боловсролтой боловч 40 насандаа хөдөлмөрийн чадваргүй болсон хүн улсын хүний капиталд хохирол.

Тиймээс хүүхэд:

нойр,

хоол,

дасгал,

архи, тамхи, бусад донтох зан үйлийн эрсдэл,

зүрх судасны эрүүл мэнд,

халдвар,

анхны тусламж,

сэтгэцийн эрүүл мэндийн суурь ойлголт

зэрэгт нотолгоонд суурилсан боловсрол авах ёстой.

Энэ бол “эрүүл мэндийн хичээл дээр хэдэн эрхтэн цээжлэх” тухай биш.

Өөрийн биеийг насан туршдаа удирдах чадвар юм.

---

Шалгалтын системийг бүхэлд нь эргүүлэх шаардлагатай

Хэрэв хөтөлбөр өөрчлөгдөөд шалгалт хуучнаараа үлдвэл юу ч өөрчлөгдөхгүй.

Шалгалт:

“Энэ тодорхойлолтыг цээжээр бич”

гэдгээс:

“Энэ өгөгдлөөс ямар дүгнэлт хийж болох вэ?”

“Ямар мэдээлэл дутаж байна?”

“Энэ аргументын алдаа хаана байна?”

“Энэ төсөл нэг хүнд хэдэн төгрөгийн өртөгтэй вэ?”

“Энэ хоёр эх сурвалжийн аль нь найдвартай вэ, яагаад?”

“Энэ бодлогын шууд ба дам нөлөөг тооц.”

гэдэг хэлбэрт шилжих ёстой.

Дүн бол цээжлэх чадварын шагнал биш.

Бодит асуудал шийдвэрлэх чадварын хэмжүүр болно.

---

Боловсролын системийн шинэ архитектур

Монголын сургуулийг гурван давхар систем болгон зохион байгуулж болно.

I түвшин — Оюуны хөдөлгүүр.

Математик, физик, хими, биологи, статистик, логик, программчлал, өгөгдөл, монгол хэлний хэрэглээ, англи хэл.

Энд хамгийн их цаг, хамгийн өндөр стандарт, хамгийн сайн багш төвлөрнө.

II түвшин — Амьдрал ба улсын эрх ашгийн мэдлэг.

Газар зүй, эдийн засаг, төсөв, санхүү, хууль, төрийн институц, олон улсын харилцаа, дипломат ёс, сэтгэл судлал, эрүүл мэнд, анхны тусламж, мэдээллийн боловсрол.

Энд хүүхэд бүр заавал тодорхой чадвар эзэмшинэ. Гэхдээ бүгдийг арван жил сунгах шаардлагагүй.

III түвшин — Соёл, сонирхол, авьяас.

Уран зохиолын гүнзгийрүүлэлт, урлаг, хөгжим, театр, бүжиг, спорт, философи, гар урлал, клуб, судалгааны сонирхлын хөтөлбөр.

Сонголт өргөн, дүнгийн дарамт бага, харин сонирхсон хүүхдэд хөгжих орчин маш хүчтэй байна.

---

Эцсийн бүтээгдэхүүн ямар хүн байх вэ?

Монголын сургууль төгссөн 18 настай хүнээс нэг зүйлийг асуух шаардлагагүй:

“Чи хэдэн хичээл үзсэн бэ?”

Харин:

Чи бодож чаддаг уу?

Чи тооцож чаддаг уу?

Чи нотолгоо шалгаж чаддаг уу?

Чи эх сурвалж ялгаж чаддаг уу?

Чи төсөв уншиж чаддаг уу?

Чи татвараа хаашаа явсныг асууж чаддаг уу?

Чи гэрээ уншиж чаддаг уу?

Чи хуулиар эрхээ хамгаалж чаддаг уу?

Чи улсынхаа эдийн засгийн хамаарлыг ойлгодог уу?

Чи худал мэдээлэлд шууд автахгүй байж чаддаг уу?

Чи биеэ эрүүл авч явж чаддаг уу?

Чи шинэ технологийг хурдан сурч чаддаг уу?

Чи мэдэхгүй зүйлээ яаж мэдэхээ мэддэг үү?

гэдгийг шалгах ёстой.

Хариулт нь “тийм” бол боловсрол ажиллажээ.

---

Цөөн хүнтэй улсын ганц бодит давуу тал

Монгол Хятадтай хүн амын тоогоор өрсөлдөхгүй.

Оростой газар нутгийн нөөцөөр өрсөлдөхгүй.

АНУ-тай хөрөнгийн хэмжээгээр өрсөлдөхгүй.

Японтой үйлдвэрлэлийн хуримтлуулсан технологиор маргааш өрсөлдөхгүй.

Гэхдээ нэг зүйл хийх бүрэн боломжтой.

3.5 сая иргэнийхээ чанарыг маш өндөр түвшинд хүргэх.

Нэг сая хүн нь тооцоолж чаддаг.

Нэг сая хүн нь шинжлэх ухааны үндсэн ойлголттой.

Иргэдийн дийлэнх нь төсөв уншдаг.

Эх сурвалж шалгадаг.

Худал мэдээлэлд амархан автдаггүй.

Эрүүл мэндээ удирддаг.

Технологи хурдан сурдаг.

Төрөө хянадаг.

Улсынхаа эрх ашгийг богино хугацааны сэтгэл хөдлөлөөс ялгадаг.

Ийм улс жижиг байж болно.

Гэхдээ сул улс биш.

Монголын боловсролын стратегийн зорилго “олон юм мэддэг хүүхэд” үйлдвэрлэх биш.

Монгол Улсыг авч явах чадвартай хүн үйлдвэрлэх.

Тиймээс хөтөлбөрийн шинэчлэл хичээлийн нэр сольж эхлэх ёсгүй.

Эхлээд Монгол Улс ямар иргэнтэй байж ирэх 30 жилийг даван туулах вэ гэдгээ тодорхойлох ёстой.

Дараа нь тэр хүнийг үйлдвэрлэхэд хэрэггүй агуулгыг хасна.

Хэрэгтэйг нь гүнзгийрүүлнэ.

Хичээлийн цагийг дахин хуваарилна.

Шалгалтыг өөрчилнө.

Багшийг бэлтгэнэ.

Төсвөө түүнд зориулна.

Эцэст нь боловсролын бодлогыг Боловсролын яамны салбарын асуудал гэж харахаа болино.

Энэ бол Монгол Улсын урт хугацааны геостратегийн бодлого.

Цөөн хүн амтай улсын хил дээр зөвхөн цэрэг зогсдоггүй.

Инженер зогсдог.

Эрдэмтэн зогсдог.

Эдийн засагч зогсдог.

Программист зогсдог.

Эмч зогсдог.

Хууль мэддэг иргэн зогсдог.

Төсвөө шалгаж чаддаг татвар төлөгч зогсдог.

Худал мэдээллийг таньдаг тархи зогсдог.

Монголын хамгийн урт, хамгийн үнэтэй, хамгийн шийдвэрлэх хамгаалалтын шугам бол хил биш — иргэдийнх нь тархи юм.

Address

10
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Ж. Ариунболд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ж. Ариунболд:

Shortcuts

Share

Category