02/02/2024
“Ислам” гэсэн үг нь итгэгч, дагагч гэсэн үг. “Салам” буюу энх амгалан гэсэн үгнээс гаралтай. Ерөнхийдөө Ислам нь “Бурханы энх амгаланг тогтоох гэсэн чин хүслийг дагагч” гэсэн утгатай. Шашныг бүхэлд нь нэрлэж байгаа нэр. (Лал гэдэг нэр нь Төвөд үг бөгөөд буруу номтон гэсэн утгатай). Тиймд Ислам шашин гэж ярих нь зүйтэй!
“Муслим”гэдэг (мусульман ч гэдэг) нь Ислам шашинтай хүнийг хэлнэ.
Ислам нь дэлхийн томоохон шашнуудын нэг. Дэлхий дээр 1.5-1.8 тэрбум орчим хүн шүтдэг. Иудейн болон Христийн шашнуудтай элч Абрахамаас эхлэн анхны хүмүүс болох Адам, Ева нарыг хүртэл нэг язгуур угшилтай.
Исламын шашны дагах таван суурь дадал заншил байдаг.
🧎♂️Жинхэнэ Муслим эдгээрийг хатуу сахих ёстой:
Ганц Бурхан байдаг ба Мухаммед бол түүний элч гэдгийг зөвшөөрөх, өдөрт таван удаа мөргөл хийх, илүүдэл баялгийнхаа 2.5 хувийг жилд нэг удаа ядууст тараах, хэрвээ бие махбод болон санхүүгийн хувьд боломжтой бол ядаж нэг удаа Меккад очиж мөргөх,
Рамадан сард өдрийн гэрэлтэй цагаар мацаг барих.
“Аллах” бол Араб хэлээр Бурхан гэсэн үг. Муслимууд Аллахыг Бурхны нэр гэж ойлгодог.
Муслимчууд Мухаммедаас (с.а.у) гадна Адам, Есүс зэрэг элч нарт бүгдэнд нь итгэдэг. Тэд бүгд Бурхны ижил сургаалийг өөр өөр цагт, өөр өөр хүмүүст хүргэсэн юм.
Мөн муслимчууд Мухаммедад (с.а.у) мөргөдөггүй, зөвхөн Аллах бурханд мөргөдөг.
Муслимчууд анхны өөрчлөгдөөгүй Библ (Есүсд дамжуулсан) болон Тора (Мосейд дамжуулсан Иудейн судар)-д итгэдэг. Гэвч өнөөдөр тэдгээрийн анхны хувилбарууд үлдээгүй, бүгд гажиж өөрчлөгдсөн учраас цорын ганц Коранд итгэдэг.
Кораныг Мухаммед (с.а.у)зохиогоогүй. Түүнийг Бурхан 4 том сахиусан тэнгэрийн 1 болох Жабрейлээр (Габриел) Мухаммед (с.а.у)-д дамжуулан (уахи) дэлхий дээр буулгасан.
Анхны Араб хэл дээр буулгасан Кораны хувилбарт ямар нэг өөрчлөлт огт ороогүй бөгөөд одоог хүртэл хэвээр байгаа.
Исламын шашны талаар Монгол хэл дээр мэдээлэл хомс, мөн Ислам шашин л гэвэл хүч хэрэглэх, алан хядах, терроризм гэх мэт шүүлтүүргүй, задлан шинжлээгүй, мэдээлэлүүдээс болж өрөөсгөл ойголтууд их байдаг.
Терроризм, шударга бус үйлдэлүүд, худал хэлэх, хулгай хийх, хүчирхийлэл үйлдэх, энгийн хүмүүсийг алах нь Исламд бүхэлдээ хориотой.
Аллаху Акбар! гээд мэдээд байдаг даа! Мэдээнүүдээс дуулаад байдаг амиа хороогоод хүн алаад байна, бөмбөг дэлбэлээд байна гээд байдаг. Тэрийг “жихад” гээд гадны мэдээнийхэн хэлдэг. Үнэндээ “Жихад” гэдэг нь шууд утгаараа зөвхөн ариун дайн гэсэн үг биш бөгөөд “тэмцэх” гэсэн утгатай. Зөвхөн дайн тулаан хийх биш илүү өргөн утгаар тухайлбал, залхуурал, биеэ тоох, эгогоо дарах гэх мэт буруу үйлдэлтэй тэмцэх өөрийгөө хүмүүжүүлэх гэсэн утгатай…нэршил юм.
Бүх Муслим хүмүүсийг Араб гэж ойлгож болохгүй. Дэлхийн орон бүрт Муслимчууд бий. Арабууд нь нийт Муслимуудын 20 хувийг л бүрдүүлдэг. Дэлхий дээр хамгийн олон Муслимтай улс нь Индонези (200 гаруй сая Муслим бий), дараа нь Пакистан, Энэтхэг (нийлээд 350 сая орчим) юм.