10/11/2020
Бид бүхэн би том болоод эмч болно, цагдаа болно, багш болно гэж бага байхдаа аав ээждээ хэлдэг. Мэргэжил бүхэн сайхан гэдэг үг байдаг даа. Өнөөдөр 1-р ангид байгаа хүүхэд аавдаа "би том болоод тань шиг банканд ажилладаг хүн болно" гэж хэллээ гэж бодоё. Тэр хүүхэд 2036 онд их сургуулиа төгсөнө. Харин тэр үед банканд ажиллах мэргэжил нь байх болов уу? 21-р зуунд бидний хэрэглэж буй бүх зүйлс ухаалаг болсон ба хүний оюуны бүтээл маш их үнэ цэнэтэй болж, гайхалтай санаанууд ар араасаа ундарч, хүний хийж чадахгүй, бүтээх боломжгүй гэж үздэг байсан бүхэн техник, технологийн хүчээр бүтээгдсээр байна. Техник технологи, хүний оюун ухаан хамтдаа боломжгүй мэт зүйлсийг боломжтой болгодог. Харин хүний оюун ухааныг орлох AI (Artificial Intelligence) буюу “Хиймэл оюун ухаан” нь хүний амьдралд 200 жилийн хугацаанд хийгдсэн хувьсгалтай тэнцэхээр хувьсгалыг 40-50 хан жилийн дотор хийх төлөвтэй. Хиймэл оюун ухаанаар ажиллах робот, машин зэргүүд нь хүчин чадлаасаа хамаарч хүний хийх ажлыг гүйцэтгэж байна. Түүгээр ч барахгүй асрагч роботоос авахуулаад Google компанийн жолоочгүй машин хүртэл бидний амьдралд орж ирэхэд ойрхон болжээ. Мөн операторын ажил болох харилцагчийн гомдол саналыг авч, цуглуулан, мэдээ мэдээлэл боловсруулж тайлан хийж дээд удирдлагад мэдээллэдэг хүртэл чадвартай болоод байна. Энэ бол зүгээр л эхлэл бөгөөд хараахан мэдэгдээгүй байгаа асар олон туршилтууд байгаа байх. “Компьютерийн эрин зуунаас үүдэж хүн төрөлхтөн ажлаа алдах уу?” гэсэн судалгааны ажил нь дэлхий даяар нэлээд олон хүний анхаарлыг татсан. Тус судалгааны ажилд ирээдүйд устаж үгүй болох мэргэжилд банкны зээлийн ажилтан, кредит картын шинжээч, теллэр зэрэг багтжээ. Энэ нь ч “Финтек”-ийн хөгжилтэй шууд холбоотой. Мөн үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, ресторан болон буудлын хүлээн авагч, эрсдэлийн менежер, оператор, тэтгэвэр тэтгэмжийн газрын ажилтан, дэлгүүрийн худалдагч, хуульчийн туслагч, цаг засварчин, татварын газрын ажилтан, дата өгөгдөл оруулагч, номын санч, сийлбэрчин, нүдний шил линз-ний мэргэжилтэн, хорхой шавьж устгагч, инженер, зураг зүйн техникч, газар зүйн зохион байгуулагч зэрэг багтжээ. Харин ирээдүйд огт устгагдахгүй мэргэжилд археологи, антропологи орсон нь сонирхолтой. Мөн үүн дээр нэмэн бага ангийн багш, сувилагч гэх мэргэжлийг робот орлохгүй ба харин ч ирээдүйд үнэ цэнэ нь улам өснө гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс нэгэн асуулт гарч ирнэ ирээдүйд шинэ мэргэжил үүсэх үү? гэдэг. Хариулт нь мэдээж тийм. Ирээдүйд "virtual орчны дизайнер" гэх сонирхолтой мэргэжил бий болох нь.
Ийнхүү хүний амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж, магадгүй мөхөл рүүгээ ойртож байна гэж үзэх хүмүүс байхад, заавал тийм байх албагүй гэж үзэх ч хүмүүс байна. Гэвч хөгжлийг хэн ч зогсоож чадахгүй гэдэг нь хамгаас үнэн юм. Гэхдээ хиймэл оюун ухаан, төр засгийн бодлого хамтдаа нийгмийн эмзэг давхаргад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст, олон цагаар өдөр шөнөгүй ажиллах аав ээжүүдэд, дэлхий ертөнцийг илүү таньж мэдэх хүсэлтэй залуучуудад том боломжийг олгохоос гадна хүний оюуны бүтээлийг илүү шимтэн үздэг өөр нэгэн соёл иргэншлийн эхлэл байж ч магадгүй.
Ашигласан материал:
https://ikhnuden.com/
"Homo Deus маргаашийн товч түүх" Юваль Ной Харари
http://www.educated.mn/
https://www.weforum.org/about/the-fourth-industrial-revolution-by-klaus-schwab/