03/09/2026
УНШИХГҮЙГЭЭР СУРДАГ ХИЧЭЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ
Сайн байцгаана уу. Намайг С.Сансармаа гэдэг. Би дараагийн биологи сонирхогч дүү нартаа хэрэг болох үүднээс 18 настай миний нүдээр Биологийн шинжлэх ухаан болон энэ төрлийн олимпиадын талаарх өөрийн бодлоо хуваалцахаар шийдлээ.
Юун түрүүнд Монголын Биологийн Олимпиадын тогтолцоогоо танилцуулъя. Монгол сурагчид ОУБО-д явахын тулд сургууль, дүүрэг, нийслэлийн шатны онолын олимпиадууд, дараа нь 4-р сард 2 онол, 4 дадлагаас бурдсэн улсын (үндэсний) олимпиадад оролцож, эхний 10-12-р байранд шалгарснаар дахин онолын сорил өгч улсаа төлөөлөх 4 хүүхдийн баг бүрддэг. Тэр хүртэлх зам урт, даваа олон. Барагцаалбал 6 сар орчим уралдааны төлөв байдалтай нөхцөлд (ачаалал өндөртэй өдрүүдэд) бэлдэж, оролцож, шалгарч явах ба төгсөх анги биш бол үлдсэн 6 сар буюу зуны амралт, намрын улиралдаа бага багаар мэдлэгээ зузаатгаж дараагийн жилдээ бэлддэг.
Миний хувьд 9-р ангиасаа хойш биологийн олимпиадад хүч сорьж байгаа болохоор сүүлийн 4 жил, худалч хүнд бол бараг л өдөр болгон биологийн талаар их бага бодоостой, лаборатори эргүүлж, багшийгаа хоргоож гүйсээр өдий хүрсэн байна. Бэлдэхдээ ихэвчлэн гадаад сурах бичгүүдийг (Campbell, Lehninger, The Cell) интернэтээс татаж авч уншдаг, бас өмнөх жилүүдийн материал ажилладаг байсан. Олимпиадад орж, амжилт гаргах нь үнэхээр сайхаан. Гэхдээ, гаргасан амжилтаа дагаад дараагийн удаа илүү өндөр амжилт үзүүлэх, өмнөх амжилтаа бууруулж болохгүй гэсэн эргэн тойрны хүмүүсийн болон өөртөө тавьсан хүлээлт ч сэтгэлзүйн дарамтыг ихэсдэг. Энэ дунд мэдээж алдаж онох, ядрах, өөртөө эргэлзэх гэх мэт зүйл болж л таардаг. Үүний нэг жишээ нь 11-р ангийн өвөл юу ч уншиж бэлдсэн ерөөсөө ахиц гарахгүй байгаа мэт санагдаад нэлээн гацалтад орж байсан үе бий. BBO, UKBC зэрэг олон улсын цахим олимпиадуудад оролцсон ч олигтой амжилт гаргахгүй, өөртөө гутраад ер нь больдог ч юм уу гээд сууж байхад нэг найз маань "-Чи ер нь амжилт гаргах гэж л олимпиадад ордог юм уу? Анх нүд нь гэрэлтэж ирээд биологи ярьдаг байсан, одоо харин алт авахгүй л бол болдоггүй болчихжээ" гэж хэлэв. Тэрийг нь сонсоод биологид дурлаж хийдэг байснаа нэлээн хүчилж хийдэг болсноо гэнэт анзаараад нээрээ ч юу билээ гэж бодсон. Түүний дараа хэсэг олимпиадаас завсарлага авч амраад, бага багаар өөрт “сонирхолтой” сэдвүүдээ уншиж, “хөгжилтэй” болсон, сэтгэл санаа дээрдсэн үедээ тест, даалгаврууд ажиллаж явсаар буцаад биологийг, олимпиадад бэлтгэх гал цогоо эргүүлж олж авч билээ. Тэгэхээр хүн дурлаж хийж байгаа юмандаа л амжилт гаргадаг болов уу гэж бодсон.
Одоо харин олон улсын олимпиадад оролцсон туршлагаас ярья. Эхний жил буюу намайг 11-р ангийн сурагч байх үед тус олимпиад нь Филиппин улсын Манила хотод, дараах жил нь Литва улсын Вилньюс хотод зохион байгуулагдсан. Анх удаа улс бүрийн 300 гаруй шилдэг хүүхдүүдтэй хамт цоо шинэ орчин нөхцөлд тэмцээнд оролцоно гэдэг нь үнэхээр хөөрч догдолмоор, хуруу даран тоолж хүсэн хүлээж явдаг мөч байхгүй юу. Очоод олон улсын хүүхдүүд үнэхээр ухаантай, бас дарууханыг харна, шоконд орно, өөрийгөө харьцуулж үзнэ. Тэнд уралдаан тэмцээн болохоос гадна соёлын солилцоо, бүр мэдлэг туршлагын солилцоо ч явагдана. Гэхдээ олон хүн хараад хэтэрхий хөөрчихвөл олимпиаддаа тааруухан хийдэг учраас тэгэхгүйг их хичээж биеэ барих хэрэгтэй болдог. Мөн бусад орны сурагчид Монгол улсыг тэнд яваа бид 4 сурагчаар л төсөөлөх тул улсаа төлөөлж байгаа гэсэн хариуцлага, бас бахархал байнга мэдрэгдэж, аль чадахаараа л хичээж оролцдог. Яг олимпиадын хэсэг бол үнэхээр гэнэтийн. Загас хүлээж суутал ялаа ороод ирэх жишээний. Сүүлийн үеийн Биологийн олимпиадын чиг хандлага нь судалгаа төвтэй, бодох төсөөлөх, үнэлж дүгнэх, өгөгдөл тооцоолох чадвар их шалгаж байгаа ба байгаль хамгаалал юм уу, нарийн төвөгтэй молекулын механизмыг илүү гүнзгий түвшинд оруулдаг. Сонсоход сонирхолтой ч гэсэн яг шалгалт өгөөд сууж байхад их л хүнд санагдана шүү. Цаг давчуу ч бүх хүүхэд чадахаараа мэрийж туршилтын дадлага ажлууд болон онолын даалгавруудыг өгч зарим нь байранд ороход, зарим нь мултарна. Монголдоо илт давуу эхний байранд ордог сурагч ч олон улсад ирээд яг л алтан дундаж болдог. Шалгалтын үеийн сэтгэл түгшил, азгүйтэл тохиолдох нь үр дүнд нөлөөлдөг ч гэсэн үнэн хэрэгтээ Монголын маань биологийн хөгжил болон боловсролын түвшин дэлхийтэй харьцуулахад одоогоор ийм зэрэг байна аа л гэсэн үг. Улс нийтээрээ байгалийн шинжлэх ухаан, энэ жишээн дээр биологийг сонирхож судалж, судалгаа болон үйлдвэрлэлийн түвшинд сайн хөгжүүлж, тэр нь эргээд боловсролдоо нөлөөлдөг, дадлага хийх практик орчин илүү сайн бүрдэж байж л үр дүнд нь ШУ-ны олимпиаддаа хүүхдүүд нь тогтмол сайн оролцдог болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Миний хувьд биологийн хичээлд анх дурласан үе нь 6-р ангид, ангиараа хөрөнгө мөөг шилэн саванд өсгөж үзсэн туршилтын үеэр тохиолдсон. Ямар ч хүнсний дэлгүүрээс 2000 төгрөгөөр авч болох "дрожж"-ийг бүлээн усанд хийж хутгаад л, араас нь онолын мэдлэг болох анаэроб амьсгал (хүчилтөрөгч/агааргүй амьсгал)-ыг үйл явцыг сонсож суусан нь ихэд сонирхолтой санагдсан сан. Тэр өдрөө шөнийн 2, 3 цаг хүртэл өнөөх туршилтаа тэмдэглэж, нэмж судалж суусан нь миний энэ чиглэлийн олимпиадаар явах эхлэл болсон байх гэж боддог. Түүнээс хойш биологид улам бүр дурлаж, дээд ангийн монгол сурах бичгүүдээ уншин, 8-р ангиасаа хойш олимпиадад бэлдэж, анх 9-р ангидаа "зүгээр л оролдоод үзье" гэдэг бодолтой дүүргийн олимпиадад бүртгүүлсэн ч яван явсаар нийслэл болон улсын олимпиадад түрүүлж, эргэлт буцалтгүй "биологийн олимпиадын хүүхэд" гэсэн тодотголтой болж байжээ. Үүний дараагийн жилүүдэд анги ахин олимпиаддаа оролцож, мөн л эхний 4-т орон ОУ-д явах эрхээ 3 жил дарааллан авч 11, 12-р ангидаа оролцсон (ОУБО-д нэг сурагч ихдээ 2 удаа л оролцох дүрэмтэй байдаг).
Ингэж гэнэт амжилт гаргахад нөлөөлсөн хамгийн чухал зүйл нь миний бодлоор "шинжлэх ухааны логик сэтгэлгээ" юм шиг санагддаг. Биологийн шинжлэх ухаанд, ялангуяа олимпиадын ахисан түвшинд цээжлэх гэхээс илүүтэй "Энд яагаад ийм зүйл болов?", "Юуг яаж ашиглаж, ямар үр дүнд хүрч байна?" гэх мэт байдлаар бодож, дүн шинжилгээ хийж , уялдаа холбоог нь олж чадвал амжилт гаргахад хамаагүй хялбар. Тэдгээр уялдаа холбоог илүү сайн ойлгох, цаашид болох үйл явцыг урьдчилан олж харах, таамаглал дэвшүүлж шалгахад математик чадварууд шаардагдана. Мэдээж уншиж, цээжлэх зүйлс бусад ШУТ-ийн салбарыг бодвол их ч гэлээ тэр олон цаг ном уншсаны хэрэг амьдрал дээр хүртэл гардаг юм шүү. Ер нь бол уншдаггүй хичээл гэж байдаггүй, математикийг хүртэл уншиж судалдаг. Уншихгүйгээр математик сурвал өөрөө зөв арга барилаар суралцаж байгаа гэдэгт эргэлзэх хэрэгтэй.
"Био-логиа" буюу амьд бие судлал болохоор амьдрал ахуйд хамгийн ойр шинжлэх ухаан ч байж магадгүй юм. Бидний бие махбод хэрхэн, яаж ажилладгийг, эргэн тойронд хэдэн тэрбум бактер байгаа ч бараг 99% нь хүнд хоргүй саармаг гэдгийг, ковидын үеийн PCR шинжилгээг яаж хийдгийг гээд олон зүйлсийг бүгдийг нь мэдэхгүй юм аа гэхэд ядаж гадарлаж, өдөр тутамдаа ч ашиглах боломжтой. Жишээ нь, дасгал хөдөлгөөн хийсний дараа толгой эргэвэл “цусан дах сахарын хэмжээ буурсан уу, тархины хүчилтөрөгчийн хангамж муудав уу” гэж сэтгэх ба гүнзгий амьсгалах, чихэрлэг зүйлс идэх зэргээр өөрийн мэдлэгийн хүрээнд биологиос сурсан зүйлсээ амьдралдаа шууд ашиглана. Иймэрхүү байдлаар өдөрт тутмын амьдралд байнга хэрэг болдог учраас би биологийг сонирхон судлахдаа их дуртай байдаг. Бидний бие төмрөөр бүтээгдээгүй, эд эсүүдээс тогтдог учраас биологийг судлана гэдэг нь өөрийгөө ойлгох, судлах, танин мэдэх нэгэн аялал байсан.
Надтай адил биологийг сонирхон судалж буй хүүхдүүд байвал их ирээдүйтэй салбар шүү гэж хэлмээр байдаг. Амьдарч буй дэлхийгээ ойлгож танихаас гадна анагаах ухаан, байгаль орчин гээд олон салбарт шинэ нээлт хийх тайлагдаагүй асуудлууд олон байгаа. Харин биологийн олимпиадад сонирхолтой хүүхдүүд маань хийх ёстой эсвэл хэрэгтэй болохоор гэж биш, үнэхээр л дурлаж, тааваараа уншиж бэлдвэл дээр шүү. Бас цээжилж биш логик уялдаа холбоог нь олж асуултад хариулах болохоор чөлөөтэй сэтгэж, мөн байгаль дээр түгээмэл тохиолддог “жам ёсны” зүй тогтлуудыг анзаарч байгаарай. Олимпиадад орсноор би юмсыг том зургаар нь харж, логиктойгоор шийдвэр гаргаж сурсан санагддаг. Мөн эрдэм номонд гаргууд монгол, гадаад үнэхээр сайн хүрээлэлтэй, найзуудтай болсон. Биологийн ШУ бол эрэлттэй, бас сонирхолтой салбар болохоор би үүнээс хойш ч гэсэн мэрийн судлана гэж бодож байна. Энэ хүртэл анхааран уншсанд баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.