Яруу найрагч Бямба-Эрдэнэ Анхцэцэг
Өөрийн сэтгэлдээ л амар амгаланг ол. Бусад нь чамайг өөрөө олно.
09/02/2026
Бэлээс оргилд хүрэх замыг
Бэрх гэнэм
Бэрхийг хамт туулах хүмүүнийг
Түшиг гэнэм
Оргилоос Бэлрүү уруудах замыг
Уналт гэнэм
Унах замд тосох хүмүүнийг
Итгэл гэнэм…
28/11/2024
Нэгэн илтгэгч танхимд илтгэл тавьж байв. Тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад бүгд гараа өргөв.
Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин өмнө нь нэг зүйлийг хийх хэрэгтэй” гээд 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа.
Илтгэгч нөгөө мөнгийг газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн тэр мөнгийг авахыг хүсч байлаа.
Харин энэ үед илтгэгч:
Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй.
Амьдралын үнэ цэнэ гэдэг бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэжээ.
27/10/2024
Хүн өөрөө өөрийнхөө зовлонгийн эхлэл болж амьдардаг.
Юмыг сайхнаар харах нүдээ хаачихсан
Тэгээл зогсоо зайгүй хүнээс өө хайгаал, энэ болохгүй тэр болохгүй.
Хань ижил бүтэхгүй, үр хүүхэд бүтэхгүй. Эднийхэн бүтэхгүй намайг ингэж боддог, тэднийхэн бүтэхгүй намайг тэгэж боддог.
Намайг хэн ч ойлгодоггүй, надад хэн ч байхгүй. Байхгүй байхгүй, бүтэхгүй болохгүйгээ байнга дуудаж амьдардаг.
Энэ зургийг харж байна уу? энэ бол та. Өөр өөртөө дуудсан гай чинь энэ шүдэнз. Эцсийн эцэст өөр өөрийгөө зовоодог хүн та өөрөө.
Зовлонгийн эхлэл чинь таны бүтэхгүй бодол. Өөрийнхөө ярдаг зан, өөрийнхөө болж бүтэхгүй бодол, өөрийнхөө хайртай хүмүүсийн сэтгэлийг ойлгохгүй. Сайнд нь биш муудаа уусах дуртай зан чинь л таныг зовоодог
Өөрлүүгээ л өнгийх ёстой.
Таны бодсон шиг хэн ч чамайг тэгэж их муугаар боддоггүй, сайнаар ч боддоггүй ер нь чамайг бодоол сууж байх завтай хүн ховор шдээ амьдралд. Хүнийг өөлөх бол тэр хүнээсээ илүү байж өөлж шүүмжил. Яс юман дээр та өөрөө атаархлын туйл байхгүй юу тэрийгээ хүлээн зөвшөөрдөггүй л болохоос.
Хүн өөрийгөө хөгжүүлчихсэн, ойлгочихсон, олчихсон байхад юм бүхэн өнгөтэй, хүн бүхэнд хүндтэй, алхам бүр чинь зөв санагдана. Өөрөө харанхуй бүдүүлэг бол бүгдийг л хар бараанаар харна шд.
Бодлын хүлээсээ тайлж болж өгвөл дотроосоо гэрэлтээрэй.
Болохгүй бол ингээл бүтэж дэлбэрч үхэх гээл явж байхаас таны өмнөөс хэн ч зовохгүй.
Хэлэхгүй л болохоос биш бид бүгдээрээ их бага өөр өөрийн зовлонтой.
Таны зовж явааг хараад тавлах хүн ч бий, өрөвдөх хүн ч бий.
Таны жаргалтай байгаа нь буруу юм шиг, жаргалтай байхад чинь дургүй хүмүүс олон.
Тийм хүмүүсээс хол бай.
Тэгээд ч жаргал гэдэг маш их хөдөлмөрийн үр дүнд бий болдог.
Таны ямар их зовж байж бүтээсэн амьдралыг мэдэхгүй хүн хараад зүгээр л олдсон юм шиг хувааж эдлэх гэж улайрдаг.
Түүний ядарч яваад та буруугүй.
Тиймээс жаргал зовлонгоо нууж явахад гэмгүй.
27/09/2024
Бусдыг жаргалтай байгаасай, жаргалын шалтгаантай учраасай хэмээн хүсэх нь асрахуй сэтгэл.
Бусдыг зовлонгүй байгаасай, зовлонгийн шалтгаанаас хагацаасай хэмээн хүсэх нь нигүүлсэхүй сэтгэл юм.
Эх хүн төрөөд хүүхдээ харах үед нигүүлсэхүй, асрахуй сэтгэл хүчтэй төрнө. Энэ үед тархинд аз жаргалын даавар их хэмжээгээр ялгарч амгалан мэдэрдэг болохыг мөн бусдад жаргал хүсэж , хариу нэхэлгүй туслах үед, мөн бусдад туслаж сайн үйл хийж байгаа хүмүүст атаархалгүй баярлаж , даган баясахад аз жаргалын даавар ялгардгийг шинжлэх ухааны эрдэмтэд тогтоосон билээ.
Асрахуй, нигүүлсэхүй сэтгэлийг өөртөө дадуулан хөгжүүлж бие сэтгэлдээ аз жаргалыг мэдрээрэй.
Та өөрөө аз жаргалыг мэдэрсэн бол бусдад бас аз жаргалыг өгч чадна.
24/09/2024
Ямар ч хүнд зорилго мөрөөдөл байдаг. Тэр зорилго мөрөөдөл нь үргэлж аз жаргал гэсэн сонин зүйлийг багтаасан байдаг.
Би "Монте Кристо гүн" зохиолыг уншаад залуу далайчин Эдман Дантесийн мөрөөдлийг тодорхой харж байсан. Түүний мөрөөдөл ямартай ч Монте Кристо гүн болох биш байсан.
18-р зууны Франц Италийн нийгмийг харуулснаараа хайр дурлал, адал явдал, утга уянга гэхээсээ илүүтэй түүх юм шиг санагддаг, миний хувьд. Түүхийг угаасаа хүмүүс бүтээдэг.
Зохиолч Дюмагаас "Та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" гэсэн асуултад тэрээр "Би өөрөө хаана явна, тэр газраасаа олдог" гэж хариулсан байдаг. Тийм учраас түүний бүтээсэн баатрууд үе үеийн уншигчдын санаанд түүхэн бодит хүмүүс шиг үлддэг байх.
Тэд Эдмон Дантесийн нарны гэрлийг булаалсан. Хайртай бүсгүй, залуу нас, хүсэл мөрөөдөл бүгдийг нь булаасан. Нарны гэрэлгүй, хайртай бүсгүйгүй, залуу насгүй, хүсэл мөрөөдөлгүй зөвхөн эд хөрөнгө далай шиг арвин Монте Кристо гүний амьдрал. Эд хөрөнгөөр зэвсэглэсэн хүний амьдрал.
Иф цайзад учирсан хөгшин залуу хоёр. Иф цайзад учирсан эрдэмтэн далайчин хоёр. Иф цайзад учирсан хөрөнгөтөн ажилтан хоёр.
Учрах ёстой хүмүүс учрах цагтаа учирдаг аа гэж.
Бид нээрээ л үхэхгүй юм шиг амьдарч, амьдраагүй юм шиг үхдэг.
ЗАРИМДАА...
Заримдаа, би бүсгүйчүүдээ маш их өрөвддөг. Муу ч явсан муулуулна. Сайн явсан ч муулуулна.
Дээр нь өөрсдөө нэг нэгнээ муулна...
Гэнэтийн шүүмжлэлд би гуньдаггүй. Гэнэтийн магтаалд би баярладаггүй.
Гэнэтийн зүйл гэж миний сэтгэлд байхгүй.
Ер нь хүний чадлыг сорьсон зүйл л хүнийг өөрчилдөг.
Энгийн зүйл сонин санагдахаа байжээ.
Хэрээ гуаглаж, хун ганганаж, шаазгай шагширч л байдаг ХОРВОО шүү дээ…
23/09/2024
Шүлэг Б.Анхцэцэг
Аялгуу Ч. Төгсбаяр
Би азтай
Хаялан будрах цас мөнгөн өнгөтэй юм аа
Хацар үнэрлэн хайлах нь чиний минь
хайр шиг юм аа
Хээрийн салхинд илбүүлсэн гэзэгний минь
үнэр шиг
Хэлхээ цагаан бодолд минь чи л ганцаараа байх юм аа
ДХ:
Азтай би азтай
Амьдрал цалгисан дүүрэн орчлонд
Жаргал тэвэрч чамдаа эрхэлсэн
Би азтай
Өөдөө тэмүүлэх салхи мөнгөн өнгөтэй юм аа
Өвөр гижигдэн тэмтрэх нь чиний минь
хайр шиг юм аа
Өглөөн наранд гэрэлтсэн хацарны чинь туяа шиг
Өр зүрхний минь гүнд чи л ганцаараа байх юм аа
ДХ:
Бүүвэй хөгөлсөн амьдрал мөнгөн өнгөтэй юм аа
Бүжиж дэрвэн эргэх нь чиний минь
хайр шиг юм аа
Итгэл учиглаж хөвөрсөн миний л энэ сэтгэл шиг
Энхрийлж урласан чи минь надад ганцхан юм аа
ДХ:
21/09/2024
Зарим хүмүүс 22 настайдаа сургууль төгсдөг боловч гоё ажил олох гэж таван жил хүлээдэг.
Зарим нь 25 настайдаа гүйцэтгэх захирал болдог ч 50 настайдаа нас бардаг. Гэтэл зарим нь 50 настайдаа гүйцэтгэх захирал болоод 90 насалдаг.
Зарим нь одоо ч ганц бие байхад зарим нь гэрлэчихсэн.
Обама 55 настайдаа ажлаа өгсөн бол Трамп 70 настайдаа ажлаа авсан.
Энэ дэлхий дээр хүн бүр өөр өөрийн цагийн бүст амьдардаг. Таны эргэн тойронд буй хүмүүс нэг бол танаас хоцорсон, эсвэл танаас түрүүлсэн мэт санагдаж магадгүй.
Гэвч хүн бүр өөрийн цаг хугацаанд, өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлж байна.
Тэдэнд атаархах хэрэггүй. Тэднийг тохуурхах ч хэрэггүй. Та өөрийн, тэд ч өөр өөрсдийнхөө цаг хугацаанд байна.
Амьдрал бол үйл хөдлөл хийх тохиромжтой цагийг хүлээхийн нэр юм.
Тиймээс та тайвшир.
Та хоцроогүй
Та эртдээгүй
Та яг цагтаа байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД ЭЭ🌝🌝🌝
17/09/2024
Хайртай шүү чамдаа гээд хангинуулан дуулмаар санагдана
Хавар эртийн бороо шиг асгарч ормоор санагдана
Салхи амсхийх чөлөөнд энгэрий чинь үнэрт сүлэлдэж
Сайхан чиг чинийхээ харцанд гэрэлтэж үлдэхийг хүснэ
Шувуудтай ирдэг хавар цагийг өлмий өргөн тосож
Цухуйж байгаа цэцэгсийг хамтдаа харъя, амраг минь
Эрх нандин сэтгэлд минь алсаас дэвж ирсэн
Эрт урьдын ерөөлийг үргэлжлүүлж аялая, хайрт минь
Зуун зуун жил л мөнх амьдарна хоёулаа
Зулзган моддын навчис шиг дэлгэрч ургана чамтайгаа
Бидний төлөө мандсан ийм гэрэлт нарны доор
Би чамдаа хайртай гэж зүрхний гүнээс дуулна
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar