30/08/2026
ЧИНГИСИЙН ЭТИК
С.Молор-Эрдэнэ
“Чингисийн этик” чинь 2012 оны ном. Таван жилийн турш хорсож хонзогноно гэдэг чинь бас л удаан хугацаа. Энэ номд би юу гэж бичсэн бэ гэхээр “Ард түмнийг хоол ундтай, байр орон сууцтай, мэргэжил мэдлэгтэй болгож, авч явах тийм хүн чанартай, сэтгэлийн тэнхээтэй төрийн удирдагч хэрэгтэй” гэсэн. Бүр ингэж байгаа юм. “Ганзагын наймаанаас өгсүүлээд Өмнөд Солонгосын хар ажилчин болох хүртлээ монгол хүн эзэнгүй явна гэдэг ямар их түүхийн завхрал вэ?” гэж. Намайг Солонгост очиход тэнд ажилладаг монголчууд надтай ирж уулзсан. Манай монголчууд хүнд ажил хийдэг. Тэр ажилд бараг монгол хүнийг л ажиллуулдаг гэсэн. Өөр орны хүмүүсийг ажиллуулахаар өнөөдүүл нь чаддаггүй гэж байгаа юм. Монголчууд минь ийм болчлоо, удирдагч маань хаана байна вэ гэж би асуугаад байгаа байхгүй юу. “Чингисийг шүтэхдээ эсвэл магтахдаа биш. Чингис шиг эрхэм хүн яаж болох вэ гэдэг л чухал” гээд эрхэм хүн болохын хэд хэдэн шинжийг уг номондоо дурдсан. Үүнд шулуун зан, гүргэр ааш, шударга ёс, хүн хүндээ тусч, нийтэч, шуналтай биш, эвтэй, тэгэхдээ амбийцтай, хатуужилтай байдаг ийм л удирдагч бидэнд хэрэгтэй гэдгийг бичсэн юм. Түүнээс биш энд математик, физикийн мэргэжилтэй хүн гэж бичээгүй. XXI зууны монголчуудад бүгдийг тунгаан бодох хариуцлагатай цаг ирсэн. Гэтэл миний ярилцлагын эсрэг нийтлэл бичсэн энэ хүн хариуцлагатай цаг ирчихээд байхад тэрийг ухаарахгүй байна шүү дээ. Хуучнаараа байгаад байна. Би бол шинэ үеийн сэхээтэн. Шинэ үеийн сэхээтнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэ үеийн сэхээтэн айхавтар хурц үг хэлнэ. Номтой, ардаа хамгаалах сургуультай. Өнөөдөр бидэнд нийгэм, улс төрийн онол хэрэгтэй болоод байна. Социализм гээд болсонгүй, ардчилал гээд бүр болсонгүй, баларлаа шүү дээ. Тэгэхээр одоо бид энэ дэлхийн бүх онолыг уншиж байгаад өөрсдөдөө таарсан изм-тэй болох хэрэгтэй байна. Тэр измээрээ явах хэрэгтэй гэдгийг л би яриад байгаа юм. Изм нь ямар ч байсан Чингис байхаас өөр аргагүй юм байна гэдэг рүү явсан. Гэхдээ нэг хүнийг бариад байх хэцүү гэдэг нь харагдсан. Гадны зарим оронд очиход Чингист дургүй байна ш дээ. Манай номын санг шатаасан гэж гомдоллодог. Эх орондоо номын сан барьж бүтээхийнхээ оронд хүний номын санг шатааж явсан тэр хүмүүсийг бид одоо улаан цайм хамгаалаад байж болохгүй шүү дээ. Дэлхийн түүх гэдэг чинь хоорондоо уялдаатай байдаг. Нэг ард түмний тусдаа түүх гэж байдаггүй байхгүй юу. Бид Монголын түүхийг ярихын тулд Хятад, Араб, Түвд, Оросын түүхийг ярихаас өөр аргагүй. Орос түүхээ яривал Монгол, Хятад, Европыг ярихаас өөр арга байхгүй. Хятад түүхээ яривал Азийн орнууд, Япон, Солонгосыг ярихаас өөр боломжгүй. Тиймээс ганцаараа түүхтэй орон гэж байхгүй.
Сэтгэлгүй байсан бол ийм юм бичихгүй, ингэж явах ч үгүй. Би маш их тэнхээтэй хүн. Энэ бүхний эсрэг бид хөгжих ёстой, урагшлах ёстой шүү. Дэмий, хоцрогдсон, хойно үлдсэн, мухар сүсгийн, түүх гэж нэрлэсэн зохиомол номноосоо салах ёстой. Шинэ замд гарах цаг нь болчихсон. Энэ зуунд бүгд ирэх ёстой. Гэтэл энэ хүн яагаад энэ зуунд ирэхгүй байгаа юм. Яагаад татгалзаад байгаа юм. Яагаад орчин үеэс татгалзаад байгаа юм. Шинэ үеийн залуучууд энэ хүний нийтлэлийг уншаад дотор муухай оргино. Уг нь ийм хүмүүс шинэ үеийн хүмүүсээ, шинэ хөгжил рүү явж байгаа үеэ дэмжиж хамтарч хамт явах хэрэгтэй. Би энэ Ц.Гомбосүрэн гэдэг хүний бичсэн юмыг ойлгохгүй л байна. Яагаад ийм юм бичсэн юм бол. Би Чингисийг муулаагүй. Харин түүний талаар юу гэж бичсэн бэ гэхээр бүгд л Чингис, Чингис гэх юм. Хаа л бол хөшөө босгохоор Чингис, зураг зурахаараа Чингис, архи үйдвэрлэхээрээ Чингис. Нэг үндэстэн, тодорхой ард түмэн нэг л хүний нэрээр хоол олж идэх гээд байгаа юм уу. Өөрсдөө хоол олж идэж чадахгүй юу. Өөрсдөө хөгжөөд явчихаж чадахгүй юу. Чингисийг түүхийн ном, музейд нь үлдээчих. ХXI зууны монголчууд арай өөр. Энэ зуундаа хүрээд ирцгээ. Таны тэр үе тэр үедээ л байсан. Өнөөдөр цаг үе, шаардлага өөр. Тиймээс үүндээ нийцсэн, таарсан, ухаантай хөгжилтэй болох ёстой. Хүн бүр хөгжих ёстой. Бидэнд эзэн ч хэрэггүй.