28/12/2024
ГАЙ БОЛЖ ОД БОЛЧИХВОЛ…
Их сургуулийн профессор гадаад оюутнууддаа нэг зүйр үгийн утгыг тайлбарлаж өгчээ.
Нөгөөдүүл нь ч ойлгоод авч. Дараа нь танай хэлэнд үүнтэй төстэй ямар зүйр үг байна вэ, яаж харьцуулж, ямар утгаар хэлж вэ? гэж асууж. Гадаадын оюутнууд бүгд л энэнтэй төстэй манай ийм зүйр үг байдаг, утга нь ийм тийм гээд хариулсан байна.
Гэтэл монгол охинд хэлэх үг олдсонгүй.
Олдсонгүй ч юу байхав, мэдэхгүй байхгүй юу.
Багш нь асууж. “Танайд төстэй зүйр үг байхгүй гэж үү? Эсвэл чи мэдэхгүй байна уу?”
Охин “Байдаг байх аа, гэхдээ сайн мэдэхгүй байна. Би англи хэлний сургалттай сургууль төгссөн болохоор монгол зүйр үг сайн мэдэхгүй” гэвэл багш гайхаж, “Ямар сонин юм бэ. Чи тэгээд ямар ч монгол зүйр үг мэдэхгүй гэж үү?” гээд хэсэг дуугаа хурааж.
Уг нь монгол охин хичээлдээ сайн, багшийнхаа хүндлэлийг хүлээсэн оюутан байсан ч түүнээс хойш багшийнх нь хандлага нэг л өөр болчих шиг санагдсан гэнэ. Охинд тэгэж бодогдсон ч байж болох. Ямар ч байсан охины хариулт багшийн санаанд хүрсэнгүй.
Ойлгомжтой асуудал л даа. Өөрийнхөө хэл соёлыг мэдэхгүй хүмүүсийг гадны эрдэмт багш нар тоодоггүй. Өөрийнхөө юмыг мэдэхгүй байж харийн юмыг ойлгож, түүнд сэтгэл зүрхээ зориулна гэж юу байхав. Зарим багш анзаардаггүй байж магадгүй. Ямар ч байсан тийм нэг мэргэн багш таарчээ. Жилийн өмнө зорин ирж уулзсан охины ярьсан яриа л даа. Түүнд би “Орчуулга, найруулга зүй” номоо дурсгаж билээ.
Бараг нийтлэг гэмээр жишээ.
Эндээс олон юм харагдана. Зөвхөн Монгол гэлтгүй цөөнгүй улсын хүмүүст хөгжилтэй улсын хэл тэргүүлэх боловсрол олж авах, амьдралаа авч явах хэрэгсэл болж харагддаг шиг байгаа юм. Тийм тал ч бий. Ингээд энэ байдлыг олж харсан хөгжил тааруу улсын иргэд тэр хэлийг л үр хүүхэддээ мэдүүлж, тэр хэлээр л боловсрол олгох гэж зүтгэдэг. Зарим нь санасандаа хүрнэ, ямар ч хамаагүй үнээр. Хүүхдүүд нь гадаад хэл соёлтой болж өснө. Монгол хэл соёлоос хөндийрсөн хүүхдүүдийн тоо жилээр өснө. Гадаад хэл соёлтой хэдхэн хүүхдээс болж монгол хэлэнд сүйдтэй хор хохирол учрахгүй л дээ. Гэхдээ гадаад хэл сэтгэхүйгээр өсч, гадаад соёлын орчинд хүмүүжсэн хүүхдүүдийн заримд нь төрөлх хэлээрээ ярих нь утгагүй, нэр хүндгүй мэт санагдаж, улам цаашаа зүтгэх байдал анзаарагддаг. Ийм залуучууд олширвол бусаддаа нөлөөлнө. Үр дүнг нь онолын маягтай хэлбэл, хэлний өөрийнх нь нийгмийн статус бага багаар боловч доошилж эхлэнэ гэсэн үг. Хэл хувирч өөрчлөгдөх нэг нөхцөл.
Тэд үг яриандаа байнга гадаад үг хавчуулж ярина. Тэдний зарим нь урлагчин, эдийн засагч, бизнесмэн, улс төрч гээд олны танил, нэг ёсондоо од болно, ойлгомжтой. Тэгвэл хэлэнд бүр сөрөг нөлөөтэй. Гай болж од болчвол гэдэг шиг юм болно. Төрөлх хэлээ хүндлэхгүй, англи үг хольж ярьдаг нэг хүний асуудал, нийтийн биш юм гэхэд, тодорхой хүрээний асуудал болж хувирна. Түүнийг даган дуурайх, шүтэн бишрэх залуучууд мянга мянгаараа гарч ирнэ. Залуус оддыг дуурайх дуртай. Ингээд яриандаа ганц нэг гадаад үг хавчуулж эхэлнэ. Тэгэхгүй бол юм мэдэхгүйд тооцогдчих юм чинь. Тэгсэн мөртөө тухайн гадаад хэлээ олигтой мэдэхгүй. Ном уншаад ойлгох нь байтугай ганц өгүүлбэр зөв зохиож ч чадахгүй. Миний хувьд, хэн нэгнийг од болоход дургүйцсэн зүйлгүй, гагцхүү буруу дуурайлалтай хүмүүс од болвол бидэнд их муу гэж л хэлж байгаа юм.
Хэлний өөрийнх нь дотоод хөгжилд саад тээг болох үй олон гадаад үг богино хугацаанд гэнэтхэн л ороод ирнэ. Зөвхөн хүн гэлтгүй технологийн үйл явцтай бас холбоотой. Олон тооны нэр үг, тэмдэг нэр гарч ирнэ. Заа, нэр үгийг зөвшөөрч болдог юм гэхэд хэлний амин сүнс болсон үйл үгнүүд харь үгээр илэрхийлэгдээд явчихна. Фаактлах, чаатлах, мэйлдэх, крашлах, сийндэх... Одоохондоо, тэгээд фүүлишдээд байгаарай, ингэж байхаар анфрээндлий дөө, мань явж тойлетчихоод ирэе гэж арай л ярихгүй байна.
Монгол хэл соёлын дархлаа суугаагүй мянга мянган залуус өсөн торниж байна. Уг нь гадаадад очдог юм гэхэд тэр улсынхаа хэлээр тэгш сайхан ярьж, монгол хүний ид хавыг гайхуулах нь сайхан болохоос биш, монголдоо байж төрөлх хэлээ харь үгтэй хольж гайхуулах сайхан юм биш. Хэл хувирч өөрчлөгдөхөд гар бие оролцож байгаа нь тэр. Хэл ам оролцож гэмээр юм уу.
Энгийн ард иргэдийн дийлэнх олонхи нь монгол, англи холилдсон, лав л манай өвөө эмээ нарын огтхон ч ойлгохгүй хэлээр ярьж байна.
Энэ бол эхний эрлийзжэл. Яриан дунд нь ганц нэг монгол үг сонсдохоос биш, ойлгох зүйлгүй. Жинхэнэ унаган, төрөлх монгол хэл судлаачдын бүтээл, соёлт хүмүүсийн харилцаанд үлдэнэ. Жил ирэх тусам тэр хүрээ хумигдан багасна. Харь соёлд уусаж, үндэсний дархлаа үгүй болж, сэтгэлгээ эрлийзжэнэ.
Өнөөдрөөс 700-гаад жилийн өмнө монголчууд бид ихэд хүчирхэг байв. Бид оюун сэтгэхүй, цэрэг зэвсэг, хүчин чадлаар бусад улс орнуудаас илүү байсан болохоор монгол хэлийг үзэх шаардлага гадныханд байж. Бүх зүйлээр давамгайлаад байгаа хүмүүсийн ярьдаг хэлийг сурах нь бусдад олон талаар хэрэгтэй байлгүй яахав. Харин хүчин чадал сулрахын хэрээр монгол хэлийг гадны хүмүүс үзэж судлах нь багасч орхигдсон юм. Цөөн тооны монгол судлаачдыг эс тооцвол шүү дээ. Эндээс юу харагдаж байна гэхээр, аливаа улс орнуудын хүчин чадал, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал хэлний тэгш бус байдлыг бас давхар үүсгэдэг ажээ. Хүмүүс өндөр хөгжилтэй улсын хэлийг сурах гэж тэмүүлэхээс биш, тааруу хөгжилтэй улсын хэлийг сурах гэж зүтгэх нь ховор. Тэхээр улс төрчид ард түмнээ ядуурлаас гаргаж, хөгжилд түүчээлэх нь зөвхөн бидний амь амьжиргааны асуудал төдий биш, хэлээ, соёлоо, үндэсний гэсэн бүхнээ хөгжүүлэн дэлгэрүүлэх үүд хаалгыг цэлийтэл нээж өгнө гэсэн үг байх нь.
Нэг ёсондоо бид буруу ч гэх аргагүй, зөв ч гэх аргагүй сонин нөхцөлд амьдарч байна. Орчин үеийн технологийн хөгжлийг гадныхнаас сурахгүй гээд яах билээ. Гэтэл нөгөө талаас, гадныхны юм бүхнийг шүүлтүүргүй шүтэж дагасан, хэл соёлд нь ууссан бүхэл бүтэн үе бий болж байна.
Энд би гол нь хэл соёлдоо л жаахан санаа зовоод байгаа ухаантай. Хэл хувирч өөрчлөгдөх олон шалтгааны нэг нь орчин үеийн технологийн хөгжил, даяаршил үндэсний ёс уламжлалыг шахан хязгаарласантай холбоотой гэдэг. Олон улсын байгууллага ч ийнхүү үзсэн байдаг.
Хэл шуудхан мөхчихдөггүй юм гэхэд богино хугацаанд хувирч өөрчлөгдөх нь мөхөх шинжиндээ орох нэг алхам. Бидний монгол хэлэнд мөхөх аюул нүүрлээгүй. Энэ сайн хэрэг. Ер нь аливаа хэл мөхөх хэд хэдэн шат дараалал байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Одоо монгол хэлтэй шууд холбоогүй, ер аливаа нэгэн хэлний хөгжил саарч мөхөх нөхцлийн талаар цөөн үг хэлье.
Эхлээд хэлний үгийн санд өөрчлөлт орно. Аливаа хэлэнд харь үг богино хугацаанд олноор орж ирэх нь үгийн утга саармагжих, утга чанар нь үгүйсгэгдэх, үгийн философи алдагдах аюулд хүргэнэ.
Хэлний хувиралд орно гэсэн үг. Хэлний хувирлаасаа мөхөх шинжиндээ орох гээч юм руу гулсана. Тэгээд мөхөх шат руугаа явна даа. Одоохондоо энэ бидэнд хамаагүй. Ийм нөхцөл ямар үед үүсдэг вэ гэхээр, ихэвчлэн аль нэг том улсын дотор байдаг бага улс үндэстнүүдэд голчлон тулгардаг асуудал.
Хэлний түүхээс үзэхэд, цөөн тоот үндэстнүүд өөр хоорондоо хольцолдох, тэдний ярьдаг үндсэн хэл илүү олон хүн ярьдаг хэл рүү аажим шилжсэнээс устаж мөхдөг байна. Тэгэж мөхсөн хэлнүүд хуучны ном зохиол, судалгааны бүтээлүүдэд л үлдэнэ. Олон хүн ярьдаггүй хэлнүүд англи, испани, хятад... зэрэг олон хүн ярьдаг хэлэнд зохицох шаардлага үүсчээ.
Эрт цагт ихээхэн түгээмэл байсан хэлнүүд ч нүдний өмнө мөхөж байна. Жишээ нь, Их Британид байсан уэльс, шотланд хүмүүс өөрийн хэлтэй байсан. Бүгдийг нь англи гэдэг ганцхан хэл уусгаж орхисон. Холимог тулааны алдарт тамирчин Конор Макгрегор гэхэд төрөлх хэлээ мэддэггүй. Тэр ирланд хүн. Түүний шүтэн бишрэгчид сая саяар тоологдоно. Ер нь Уэльс, Шотланд, Ирланд бараг бүхэлдээ шахуу англиар ярих болсон. Шотланд, ирланд хэл гэж уг нь бий шүү дээ. Уэльс хэл ч гэж бий. Ваалий хэл гэнэ. Хүн ам цөөтэй, хөгжил тиймхэн манай улсын хүмүүс гэлтгүй хөгжилтэй, барууны Уэльс, Шотланд, Ирланд хүртэл төрөлх хэлээ яаж авч үлдэхээ мэдэхгүй, аргаа барахдаа сургууль соёлд хоёр дах хэл болгохоор мачийж байна. Бараг л гадаад хэл үзэж байгаа аятай.
Ийм жишээг холоос эрэлтгүй. Урд хойд хоёр хөршид ямар билээ. Буриадуудын ихэнх нь оросоор дуржигнуулдаг болсон. Төрөлх буриад хэлээ мэддэг нь өдрийн од. Урд ч төрөлх хэлээ мартсан монголчууд цөөнгүй. Бидэнтэй гарал үүсэл нэгтэй байж мэдэх индианчуудыг төрөлх хэлээ мартахад 3-4-хөн зуун жил хангалттай байсан. Уг нь хэдэн түм буман жилээр хөгжүүлж бий болгож боловсруулсан хэл гэж байгаа. Эртэс дээдэс нь энэ хэлийг бий болгох гэж хичнээн түмэн жил хөдөлмөрлөсөн билээ. Харамсалтай.
Даяаршлын үед аливаа нэгэн хэл мөхөх буюу мөхөх шинжиндээ орох нь туйлын гунигтай үзэгдэл гэж НҮБ дүгнэжээ. Зүгээр сонирхуулахад, хэл яагаад мөхөх буюу мөхөх шинжиндээ ордог вэ? Энд зөвхөн монгол хэлийг хэлэх гэсэнгүй. Ер нь аливаа хэл мөхөх шинжиндээ ороход юу нөлөөлдөг вэ? Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг аж. Цагаачлах үйл явц, газар зүй, байгаль цаг агаарын онцлог, цэргийн болон дарангуйлах үйлдэл, бүс нутгийн мөргөлдөөн, өөр шашин суртал нэвтрүүлэх, хэлний талаар баримтлах алсын хараагүй бодлого гэх мэтийг хэлж болох аж.
ЮНЕСКО-гоос гаргасан “Мөхлийн ирмэг дээр байгаа дэлхийн хэлнүүдийн атлас” (Atlas of the World's Languages in Danger)-т дэлхий дээр 2500 орчим хэл “үлдсэн”-ийг сануулаад 1950-иад оноос хойш 230 гаруй хэл устсан тухай мэдээлжээ. Сүүлийн 3-4 зуунд гэхэд л хүн төрөлхтөний ярьдаг байсан хэл 2 дахин цөөрсөн гээд бодохоор аймаар байгаа биз. Зарим хэлнээс бүр бичгийн дурсгал ч үлдээгүй гээд бод. Тийм хэл байсан юм гэнэ лээ л гэхээс цаашгүй. Тэхээр мөхсөн хэлний тоо мянга элбэг давах нь. Латынь, самгарди, эртний грек г.м. алдартай том хэлнүүдийг оруулаад шүү дээ. Харин мөхөх шинжиндээ орсон 150 гаруй хэл эдүгээ бүртгэгдээд байна.
Хэл эрт цагт ч мөхөж л байсан, одоо ч мөхөж л байгаа гэж тоомжиргүй мэт хариулах мэргэжилтнүүд бий. Тэдний нэг нь О.Казакевич авхай, Оросын ШУА-д байсан, цөөнх үндэстний хэл судлаач. Одоо доктор болж амжсан эсэхийг мэдэхгүй, жил гаруйн өмнө дэд байсан. Гэхдээ тэр бас л бодууштай юм сануулж. Хэл ард түмэнтэйгээ хамт мөхөх тохиолдол ховор боловч байдаг. Жишээ нь тахлаар, байгалийн гамшгаар ч юм уу, дайн тулаанаар гэхчлэн бүл цүлээрээ хиарвал тэр хэл мөхнө. Энэ ойлгомжтой. Ярих хүн нь байхгүй болчихвол хэл яаж үлдэх вэ.
Бидний хувьд, тийм зүйл тохиолдоогүй, тохиолдох ч үгүй. Тэгээд ч бид тусгаар тогтносон өөрийн эх оронтой улс.
Манайхны зарим нь монгол хүн мөхөөгүй цагт монгол хэл мөхөхгүй гэдэг.
Харин би монгол хэл мөхөөгүй цагт монгол хүн мөхөхгүй гэмээр санагддаг. Учир нь хэл бол сэтгэлгээний толь билээ.
Д.Гүн-Үйлс@