20/11/2021
ХҮҮХЭД ӨӨРИЙН УДИРДЛАГАТАЙ СУРАЛЦАХ ТУХАЙ
Гудамжаар хийцгүйрсэн шинжтэй холхих хүүхдүүд, бар саванд сууж буй өсвөр насныхан, тэдний тухай янз бүрийн мэдээ мэдээлэл, судалгааны үр дүнг уншихаар зүрх шимшрэх юм. Хөгжсөн улс оронд ч бас эдгээр үзэгдэл харагддаг ч, нөгөө талдаа номын сангаар дүүрэн суух хүүхдүүд, автобус метронд цагаа хэмнэн хичээлээ хийж буй хүүхдүүд, өөрийгөө дайчлан олон талаар өөрийн авьяас чадварыг сорьж буй залуучууд гэх мэт эерэг үзэгдлүүд ч түүнээс хавь илүү ажиглагддаг. Эндээс монголчууд бид ирээдүй хойч болсон хүүхдүүдддээ “сурах үйлийн амтыг” хангалттай мэдрүүлж, дурлуулж чадахгүй байгаа юм болов уу гэх бодол хааяа төрөх юм. Сурах үйлд дурлаагүй хүүхэд хүүхдийн сониуч зангаараа өөр бусад зүйлсэд дурлаж автаж буйг буруутгах аргагүй мэт... Тэгэхээр манай боловсролын систем өөрөө сурах ямар сайхныг, ямар нэг зүйлийг ухаж ойлгож мэдсэний дараа ямар “амт” мэдрэгддэг болохыг мэдрүүлэхэд нэн яаралтай анхаарах цаг болжээ.
Өөрөөр хэлбэл, бид хүүхдийг сургууль хэмээх систем дотор хүчээр “ёстой” гэдэг ганц үгээр амыг нь таглан албадан сургах биш, харин өөрийнх нь сурах хүсэл эрмэлзлийг нь бадрааж өгч, сурах орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгвөл сургалтын үр дүнд хэмжээлшгүй дэвшилт гарах болов уу? Одоо үүсээд буй ковидоос улбаатай хоцрогдолд ч тэр хэчнээн төрийн төвлөрсөн системээр хоцрогдол арилгах төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлээд ч ул сууриараа шийдэгдэхгүй санагдана. Түүний оронд сурагчдын ухамсарт сурах үйлийн эзэн нь өөрөө гэдгийг, сурсан сураагүйн ялгаа ирээдүйд маш том байдгийг ойлгуулж, багш сурагчдад урам зоригтойгоор өөрийн төлөө хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй байх.
Энэ бодол Финлянд улсын боловсролын системтэй танилцах аялал хийхэд хамгийн ихээр төрсөн билээ. Аль ч хүүхэдтэй танилцаад “чи яагаад сурдаг вэ?” гэж асуухад ач холбогдлыг өөрөө ухамсарлачихсан оновчтой үндэслэлтэй хариулт өгч, “Ийм ийм учраас би өөрийнхөө төлөө өөрөө л сурах үүрэгтэй, манай багш нар нэг ч хүчилдэггүй. Сурахгүй бол би өөрөө л хохирно” гэх мэт хэрсүү хариулт өгнө. Хичээлийн дундуур ороход эх хэлээр хичээл орж байсан багш “гаднын зочид ирсэн тул англи хэлээр хичээлээ үргэлжлүүлье” гэхэд бүгд ойлгоод л үргэлжлүүлэх нь гайхалтай. Ер нь тэнд хүүхэд бүр би өөрийнхөө ирээдүйн төлөө өөрөө л сурах ёстой” гэх ухамсрыг бат суулгаж чадсан байсан. Ирээдүйд Монголын сургуулиуд ч ийм болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байснаа сайн санаж байна. Финляндын сургалтын арга зүйн талаар уншаад судлаад үзэхээр “сурагч өөрийн удирдлагатай сурдаг, багш заадаг субъект биш сурах үйлийг дэмжих чиг үүрэгтэйгээр сургалтад оролцож, сурах замналд нь хэрэгтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх замаар хичээлээ зохион байгуулдаг” онцлогтой юм билээ. Тийм ч учраас Финлянд улс сургалтын чанар, сурагчдын бодит чадварыг тогтоодог ПИСА шалгалтаар дандаа дээгүүр байрыг эзэлдэг биз ээ.
Тэгвэл Шинэ Монгол сургуулийн хувьд сургалтаа чанартай сайн болгохын тулд энэ л замыг сонгох, үүнийг хийж чадаж гэмээнэ Монголд сургалтын арга зүй, чанарт ахиц дэвшил гарна хэмээн бид итгэж 2030 онд хүрэх зорилгоо “сурагч өөрийн удирдлагатай суралцдаг сургууль болох” хэмээн тодорхойлсон билээ.
Мэдээж Финлянд шиг тогтолцооны хэмжээнд бодлогоор шийдэгдээгүй олон асуудлууд, ялгаатай тал бий хэдий ч Монголын нөхцөлд ч гэсэн хийж чадах хэмжээндээ хэрэгжүүлэх нь бидний зорилго. Энэхүү зорилгын хүрээнд, 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхийдөө “Сурагч бие даан суралцах чадвараа хөгжүүлэх суурийг тавьж, цахим сургалтыг үр дүнтэй зохион байгуулах”-ыг зорин багш нарын баг бүр энэ чиглэлд хичээн ажиллаж, “сурагч өөрөө бие даан сурах цаг”-тай болж цахимд шилжсэний дараа сурагч өөрийн төлөвлөлтөө хийж, хэрэгжүүлсэндээ урамшдаг өврийн дэвтэртэй болжээ. Үр дүнд нь цахим сургалтын хугацаанд ч гэсэн сурагчдын бие даах чадвар ихээхэн сайжирч, цахим сургалтын хугацаанд ч гэсэн агуулгын хоцрогдол харьцангуй багатайгаар сургалтаа зохион байгуулж чадсан юм.
Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн зорилгоо “хүүхэд бүр өөрийгөө таньж, өөртөө итгэлтэй суралцах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн тодорхойлж, энэхүү зорилго дор сургалт болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохион байгуулахдаа хүүхэд бүрийн онцлогийг мэдэрч ажиллахад анхаарч, хүүхдийн оролцоо, санал, санаачилга, бүтээлч сэтгэлгээг сайшаан дэмжих арга зүйг нэвтрүүлэхэд багш нар харилцан туршлага солилцон ажиллаж байна. Сурагч өөрийн дотоод хүнтэй танилцан, өөртөө итгэлтэй, сурах амтанд дурлан, сурах их хүсэл эрмэлзлээр асч байж гэмээнэ сургалтын үр дүн хязгааргүй төвшинд хүрнэ гэж бид итгэнэ. Түүнчлэн, карьер төвөөс 8-12-р ангид зориулан өөрийгөө таньж, ирээдүйн мэргэжил сонголтын чиг баримжаагаа олж, сэтгэл хангалуун төгсөхөд нь чиглэн “мэргэжил сонголтын нэгдсэн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэллээ. Цаашид сурагчид багшийн тусламжгүйгээр бие даан хичээлээ судлах боломжтой “өөрөө сурах бичгийг” орчуулан нэвтрүүлэх ажлыг мөн энэ хичээлийн жилд төгсөгч, багш нартайгаа хамтран эхлүүлээд байна.
Хүүхэд өөртөө итгэлтэй байхад зөвхөн сургуулийн орчин ч биш гэр бүлийн орчин бас томоохон нөлөөтэй. Иймд бид эцэг эхчүүдтэйгээ илүү ойр хамтран ажиллаж, сургалт мэдээллээр хангаж ажиллахыг хичээж байна. Сургуульд ажиллах явцдаа, Монголын эцэг эхчүүд хүүхдээ илүү анхааралтай сонсдог, хэрэгцээг нь мэдэрч, харилцан ярилцдаг байгаасай гэж санааширдаг, өөртөө ч дүгнэлт хийдэг болжээ.
Сургуулийн ажил олон багш, сурагч, эцэг эхийн хүсэл, хэрэгцээг хамруулан урагшилдаг тул хуруу инч-дэхийн хооронд бидний тавьсан том зорилго биелэхгүй. Харин зорилго тавих, түүндээ чиглэн өөрсдийн нөөц бололцоонд тааруулан алхам алхмаар урагшлах нь л хамгийн чухал болов уу. Арван жилийн дараа нүдэндээ оч гялалзуулан чөлөөтэй сурч хөгжиж, өөртөө сэтгэл хангалуун олон шавьтай болохыг мөрөөднөм.
Дашрамд дурдахад, Финляндын боловсролын томоохон шинэчлэлийг “байж болох бүх нөөцөө боловсролын салбарын хөрөнгө оруулалтад зарцуулна”, “нас хүйс, гэр бүлийн нөхцөл, санхүүгийн байдлаас үл хамааран бүх иргэддээ эрх тэгш боловсрол олгоно” гэх зорилго дор бүх улс төрийн намууд санал нэгдэн 1968 онд эхлүүлсэн байдаг. Түүнчлэн, 1994 онд 29-хөн насандаа Боловсролын сайд болсон Heinonen Olli-Pekka “улсын эдийн засаг хүнд нөхцөлд байгаа энэ л үед бид бусад улсаас ялгарах давуу талаа үүсгэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл боловсролын болон эрдэм шинжилгээний салбар, инженерчлэлийн салбарт улсын ихэнх хөрөнгө оруулалтыг төвлөрүүлнэ” хэмээн зарлаж, түүний тулд асуудлыг олж илрүүлж шийдэл олж, чанартай гүйцэтгэх чадвартай иргэдийг бэлдэх хэрэгцээтэй хэмээн тодорхойлсны үндсэн дээр боловсролын салбарын томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байжээ.
Дээрх шинэчлэлийн дагуу төр боловсролын салбар дахь эрх мэдлийн төвлөрлөө сааруулж, улсаас тодорхойлсон сургалтын зорилгыг биелүүлж байгаа хэмжээнд сургууль, багш нарт сургалтаа уян хатан, үр дүнтэй зохион байгуулах боломжоор хангасан байна. Мөн багш нарын үнэлэмжийг өндөрсгөснөөр, боловсролын их дээд сургуульд нь орон тооноос тав дахин их оюутан элсэн суралцах хүсэлтээ ирүүлдэг болсон аж. Түүнчлэн, сургалтын хөтөлбөрт сross curriculum зарчмыг нэвтрүүлж, судлагдахуунаар дагнасан бус олон судлагдахууныг сурагчдын амьдралын хэрэгцээнд нийцүүлэн интеграцчилан, багцлан сургах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг онцлогтойг энд нэмэлт мэдээлэл болгон орууллаа.
Монголын төр ч гэсэн эрх мэдлийг төвлөрүүлэх биш сааруулах зарчмаар уян хатан үр дүн бүхий чанартай сургалт явуулах нөхцөлийг боловсролын салбарт бий болгож гэмээнэ Монгол Улсын ирээдүйн хөгжил баталгаажих биз ээ...
Г.Тогос