12/11/2022
“ Эзэн Бурханыхаа ерөөлийн энэ амьдралдаа авах шийдвэрийг гаргаж, үйлдлийг хий ”
Дэд хууль 11 бүлэг:
Бидний Эзэн Өөрийн ард түмнийг Египетийн боолчлолоос гарган Өөрийн өгөх тэдний өвгүүдэд амалсан газар руу оруулахаар тэднийг амлалтын газар руу хөтөлсөн. Харин зүрхний хатуу, Бурханыг хайрладаггүй, дуулгавар болон итгэ багатай, итгэдэггүйгээсээ болж эхний үе буюу бүтэн нэг үе Мосетой хамт Бурханы амлалтын газрыг үзэлгүй, тэр ерөөлийг авалгүй цөлд үхсэн. Энэ бол тун харамсалтай түүх. Харин дэд хууль 11 бүлэгт Мосе эцэг өвөгд чинь ямар байсан тухай, тухайлбал зөрүүдэлж тэрсэлснээс болоод амлалт руу ороогүй тухай ахин тэдэнд товч өгүүлээд маш чухал хэд хэдэн ерөөл болон хараал болох үгсүүдийг хэлсэн. Үүнээс доор дурьдвал.
Амлалтын газрыг эзлэн авахын тулд тэд юуны түрүүнд Эзэний өгсөн тушаал бүрийг нандигнан дагаж улмаар Иорданыг гатлах хэрэгтэй байсан. Эзэн надад ойлгуулсан зүйл нь Тушаалуудыг дагах нь Иорданыг гатлахад хэрэг болох ба цаашдын амьдралд нь ч тэдний хамгаалалт юм. Библи дээр улаан тэнгис болон Иорданыг гатлана гэдэг бол усаар ороод гарч байгаа буюу, ард үлдсэн амьдралаа усаар угаалган Эзэнээр цэвэрлэгдэж, (баптисмтай адилтгадаг )шинэчлэгдэж байсан гэсэн утга үргэлж дагадаг. Юуны түрүүнд тэд тушаалуудыг сахиж Иорданыг гатлах нь ийм учиртай гэж би ойлгодог. Оюун санааны хамаг л үлдэгдлээ хаяж, Эзэнээр дахин төрсөн хүн л амлалтыг хүртэх эрхтэй. Иймд л тэд Иорданыг Эзэний үгийн дагуу гатлах ёстой болсон.
Тушаалуудыг дагаж мөрдөх нь тэднийг хүчирхэг болгох байсан. Тэд хүчирхэг буюу Бурханы мэдлэгт Бурханы итгэлд шинэчлэгдэн, өөрсдөдөө найдах бус харин итгэлээрээ Бурханд найдах энэ л алхмыг Эзэний үгэнд хүчирхэг болно гэж бичсэн гэж би боддог. Нээрээ ч Эзэний үг урам зориг ба хүчийг өгч, шийдвэр гаргахад, үертэй Иорданыг ч гатлана гэсэн итгэл болдог шүү. Үргэлжлүүлэн тэд хүчирхэг болоод газар нутгуудыг эзлэн авна, тэгээд тэндээ урт удаан амьдрах амлалтыг Бурхан өгсөн.
Тэдний өнгөрсөнд Египетед байсан амьдрал болон ирэх ерөөлийн амьдрал хоёрыг Эзэн харьцуулэ хэлэхдээ
o Дэд хууль 11:10-12 “ Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар нь та нарын нүүж ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт, хөлөөрөө усалдаг байсан. 11 Харин та нарын эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар нь тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий толгодын орон агаад 12 Бурхан ЭЗЭНий чинь асран хамгаалдаг орон юм. Бурхан ЭЗЭНий чинь мэлмий жилийн эхнээс эцэс хүртэл түүнийг үргэлж тольдон байдаг “
Тэ дээрх 11 бүлгэгт хэлэгдэж буй Эзэний үгийг сайтар уншаад өөрийнхөө амьдралтай итгэлээр холбоорой. Ямар гайхалтай амлалт вэ? Тэдний өмнөх амьдралыг болон очоод эзлэн аваад амьдрах ерөөл болсон гакао нутгийн талаар ямар гайхалтай үгсийг хэлээ вэ? Бидний Эзэнд очиход эсвэл Эзэн ахин ирэх үед бидний очих газар үүнээс ч гайхалтай газар байх болно гэж би итгэдэг. Гэхдээ энэ амлалтыг Бурхан газар дээр ч мөн өгсөн гэдэгт би итгэдэг. Бурхан Өөрийн хайртай хүүхдүүдээ яг л ийм амартайван, алив ерөөлөөр ерөөж, яг л энд дүрслэгдсэн энэ л амьдралыг хүн бүрт соёрхохоор бэлдсэн. Яагаад бид тэгвэл энд хэлэгдсэн энэ амьдралыг, энэ амлалтыг өөрийн амьдралд бүрэн дүүрнээр харахгүй, амсахгүй байна аа? Дөнгөж амсах төдийл л ирээд байна аа? Гэж бидний зарим нь магадгүй дийлэнхи нь ч боддог байж болох юм. Үүний учир шалтгааныг ч Эзэн мөн бидэнд хэлсэнд нь Эзэнд талархаж байна. Учирыг доор өгүүлэвээс
Эзэн Бурханыхаа тушаалыг сайтар сонсож дагах тухай болон Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх нөөц бололцоогоороо хайрлах тухайд олон газар Эзэн хэлсэн. Хэрвээ ийм байвал л та нар энэ ерөөлийг амсаж, авч, энэ ерөөл дотор амьдрах болно оо л гэж Эзэн хэлсэн. Бурхан ийм л замыг тавьсан. Энэ нь ч шудрага юм. Хэрвээ дагаж мөрдвөөс хур бороо үр тариа цагтаа ирж бид төдийгүй бидний хамжлага, мал сүрэг ч ерөөгдөх талаар хэлсэн. Асуудлыг гол нь хүндээ л байдаг. Үеийн үед л тийм байсаар ирсэн нөр их үйл бидний өмнө байдаг. Харин бид Эзэний үгийг сайтар сонсдоггүйгээсээ болж, Түүний тушаал зааврыг дагадаггүйгээсээ, Түүнийг бүх зүрх, сэтгэл, оюунаараа хайрлах энэ агуу тушаалыг хэрэгжүүлдэггүй, заримдаа бүр хэрэгжүүлэх байтугай, боддог ч үгүй байгаа юм биш биз! Ийм амьдралд Эзэний ерөөл яг л цоорой сав шиг орсон ч мэдрэгдэхгүй урсаж хаягдсаар байх болно. Хайран биш гэж үү? Эзэний үйлийг Түүний бидэнд хандсан хайрыг бид ч үнэлж хүндлэх хэрэгтэй. Хийх ажилгүйдээ Эзэн үүнийг хийдэг бус амлалтынхаа дагуу, үүнээс урьтаж бидэнд хайртай учраас үүнийг буюу бидэнд хандсан энэ нөр их ажил үйлсийг хийдэг.
Та нарын зүрх мэхлэгдэн, эргэж өөр бурхдад зарагдах вий! Гэж анхааруулсан нь ч учиртай. Би өөрсдийнхөөрөө буюу хуучин хүний дагуу, махан биеийн үйлсийг дагуу байсаар байвал өнцөг булан бүрт бидний отож байдаг муу нэгний хууралт, урхи занганд ороход үргэлж бэлэн байдаг. Ийм ч учраас Эзэний үг Дэд хууль 11:18-19 “Тиймээс та нар миний энэ үгсийг зүрх, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүднийхээ хоорондох сахиус мэт байлга. 19 Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай” Ийнхүү хэлсэн бус уу? Бидний зам дахь гэрэл, хөл дэх дэнлүү л болсон Үг ээр бид замчлуулахгүй л бол бид гарцаагүй аян явцад төөрөх бүдрэх, нүхэнд унах аюул ирэх л болно. Эзэн биднээс үүнийг тэр бүр хүсдэггүй ээ. Унах нь муу буруу гэж би хэлж байгаа зүйл огт биш шүү.
Эзэн биднээс нэг зүйлсийг шууд шаарддаг нь тодорхой Дэд хууль 11:22 “Хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг та нар сахин үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зуурсаар байвал” Эзэн биднээс бүх замаар яваасай гэж хүсдэг. Хагас дутуу биш, үлгэн салган ч биш, харин бидний амьдрал тэр чигтээ, орохдоо ч, гарахдаа ч, гадаа ч, дотор ч, хээр хөдөө ч, хотод ч хэвтэдээ ч босохдоо ч, гэх мэт бүх талбарт Эзэний замаар байгаасай гэж хүсдэг. Ийм л итгэмжтэй хүнд Эзэн амалсанаа биелүүлэх нь гарцаагүй бус уу! Бид хүчгүй болж заримдаа зогсонги мэт болох үеийг Эзэн мэддэг учраас, ийм үедээ ч мөн надаас “ Зуурсаар” байгаарай гэж хэлсэн Эзэндээ талархая. Ингэж амьдрагчын эсрэг хэн ч босож чадахгүй, алхсан бүрээ, хөл тавьсан газар болгон бидний болно гэж хэлжээ. Энэ амлалт өнөөдөр ч хүчинтэй шүү. Энэ амлалтыг анхны чуулгантай, Паул болон элч нарын үйлчлэлтэй жишиж харвал яг л энэ амлалт биелэж буй мэт харагддаг. Тэд явсан газар бүрээ Сайнмэдээгээр эзлэн авч, тэднийг хэн дийлсэн бэ, бас хэн зогсоосон бэ? Алхсан газар бүртээ Эзэний үнэнийг тарьж чадсан. Гайхалтай биш гэж үү? Бид ч Эзэн Бурханаа хайрлаж Түүний замуудыг мэдэн улмаар Түүний бүх замаар явах нь энэ хүчийг бидэнд авчирч, ерөөлийг буулгадаг гэж ойлгууслан Эзэндээ талархая.
“Энэ л дуулгавартай байдлын болон Бурхандаа итгэн найдахын хүч, бас ерөөлийн хөшүүргэ. Бид энэ амьдрал дээрээ ч алив Бурханы төгс ерөөлүүдээр амьдрахаар дуудагдсан шүү” гэдгийг сануулаад өндөрлөе.