17/10/2021
Ф.Бастиа, Эрх чөлөө, Социализм
Францын нэрт эдийн засагч Фредерик Бастиа 1801 оны 8-р сарын 29-нд Францын Мүргон хэмээх газар төрж, 1850 онд Ром хотноо нас барсан аж. Тэрээр чөлөөт арилжаа, чөлөөт эдийн засгийн тухай Адам Смитийн онолыг хамгаалж, сэтгүүл зүйн аргаар эх бичиг түгээж, гэгээрүүлж байснаараа ихэд алдаршсан нэгэн. 1848 онд Европ даяар хувьсгал гарч шинэ төрсөн социалистууд их амжилт олсон нь Бастиагийн зэвүүг ихэд хүргэжээ. Тэрээр социалистууд, коминистуудын эсрэг идэвхтэй тэмцсэний дүнд 1849 онд францийн хууль тогтоох байгууллагад сонгогдож чадсан байна. “Хууль” хэмээх энэ бүтээл нь түүний хамгийн сүүлчийн зохиол юм.
Хууль Хууль гуйвж гүйцжээ! Мөн төрийн цагдаагийн эрх мэдэлч үүний хамт гуйвжээ. Хууль нь өөрийнхөө жинхэнэ зорилгоосоо няцаад зогсохгүй бүр шал эсрэг зорилгод үйлчлэхийн төлөө бусдыгаа уриалан дагуулахад түлхсэн гэж би хэлмээр байна. Хууль бүхий л төрлийн ховдог шунахайн зэвсэг болжээ. Хууль нь өөрийнхөө шууд үүрэг болох гэмт хэргийг хянан, бузар булай бүхнийг шийтгэхийн оронд түүнийг төрүүлж байгаагаараа өөрөө буруутан! Хэрэв энэ нь үнэн бол чухамхүү ноцтой баримт болох бөгөөд үүнд анхаарлаа хандуулахыг иргэдээсээ шаардах нь миний ёс суртахууны үүрэг билээ. Хүн бол амьдрал, авьяас чадвар, үйлдвэрлэл буюу өөрөөр хэлбэл хувь хүн, эрх чөлөө, өмч хөрөнгийн цогцолбор юм. Хүн хууль тогтоосоноор амьдрал, эрх чөлөө, өмч хөрөнгө оршин тогтнож буй хэрэг огт үгүй бөгөөд харин ч амьдрал, эрх чөрөө, өмч хөрөнгө нь хүнийг хуулиа анхдагч болгоход нөлөөлжээ.
Хууль гэж юу вэ? Хууль бол хууль ёсны хамгаалтанд багтах хувь хүмүүсийн эрхийн хамтын нийлбэр байгууламж мөн. Хүн бүр өөрийн бие, өөрийнхөө эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах зүй ёсны заяагдсан эрхийг Бурхнаас хүртсэн. Авьяас чадвараа хөгжүүлэх нь бидний өмч хөрөнгө мөн. Хууль бол хууль ёсыг хамгаалах жам ёсны эрхийн байгууламж мөн. Энэ бол хувь хүний хүчийг хамтын хүчээр орлуулсан зүйл гэж үзэж болно. Бие хүн, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах үүрэг гүйцэтгэж, шударга ёсны ноёрхолыг хангах ёстой.
Хуулийн бүрэн гажуудал: Харамсалтай нь хууль шууд гүйцэтгэх үүргээсээ халин гарчээ. Хууль нь дээрэм тонуулыг хамгаалахын тулд түүнийг эрх болгож, түүгээр ч үл барам хууль ёсоо дээдлэхийг залхаан цээрлүүлэхийн тулд хууль ёсоо сахин хамгаалахыг гэмт хэрэг болгон хувиргажээ.
Өмч ба тонуул: Хүн өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийнхөө хэрэгцээг хангадаг. Нөгөө талаар бусдын хүч хөдөлмөрөөр бүтсэн зүйлийг хүртэж хэрэглэсэнээр бас зарим нь амьдарч болдог гэдгийг үгүйсгэх аргагүй. Дээрэм, тонуулын эх үүсвэр эндээс гаралтай. Энэ осолтой чиг хандлагыг зогсоохын тулд хамтийн хүчний эрх мэдлийг шавхдан хэрэглэх нь хуулийн шууд зорилго байх нь тодорхой. Хууль эрх баригч хүчний зөвшөөрөл дэмжлэггүйгээр үйлчилж эс чадваас энэхүү хүч нь хууль зохиодог хүмүүст этгэмжлэгдсэн байх ёстой болж таарна. Ингэхлээр хууль тогтоогчид нь бусдынхаа хувь хүний бие даасан байдлыг боолчлолоор, эрх чөлөөг хавчлага мөрдлөгөөр, өмчийг дээрэм тонуулаар их бага хэмжээгээр сүйтгэхдээ мөнөөх л хуулий хэрэглэж байгааг ойлгоход хэцүү биш. Үүнээс үзэхэд хууль тогтоогч нар хэдий чинээ эрх эдлэнэ төдий чинээ хожиж байгаа юм. Энэ нь хуульчлагдсан тонуул болно.
Хуульчлагдсан тонуулын үр дагавар: Хуулийг луйврын багаж хэрэгсэл болгон нийгэмд хэрэгжүүлэхээс илүү бусармаг зүйл байхгүй. Юуны түрүү хүн бүхний ухамсарт шударга ёс, шударга бус ёс гэсэн ойлголтууд огт үгүй болсон байдаг. Шударга бүхнийг хуульчилсан байдаг хэмээх ойлголт хүмүүсийн дунд өргөн тархсан учраас хүмүүс ч тэдгээрийг дэмжих нь аргагүй мэт. Өмчийг хамгаалахын оронд түүнийг хүчирхийлсэнээр хуулийг шууд зорилгоос нь гажуудуулж болдог юм байна гэдэг нь номлогдвол хүн бүр, луйврын эсрэг өөрийгөө хамгаалахын тулд, эсвэл дээрэм тонуул хийхийн тулд хуулийг ашиглах зорилгоор хууль зохиоход оролцохыг хүснэ.
Ф.Бастиа "Хууль" бүтээлээс