04/09/2026
📚 “БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, мөн багш, эцэг эх, суралцагчдад ямар чадварууд бий болох талаар цуврал мэдээллийг өдөр бүр та бүхэнд танилцуулна.
📖 Та бүхэн цуврал мэдээлэл бүрийг өдөр бүр уншиж, сургалт, үйл ажиллагаандаа ашиглахыг хүсье.
🔹 ЦУВРАЛ 1
БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ-: ХҮҮХДИЙГ БОДДОГ, ЯРЬДАГ, БИЧДЭГ УНШИГЧ БОЛГОХ НЬ
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхдэд ном уншуулах төдий бус, уран зохиолын бүтээлийг хүүхдийн унших чадвар, сэтгэхүй, харилцаа, бичих чадвар, төлөвшлийг дэмжих хөгжлийн орчин болгон ашиглахад оршино.
Хүүхдэд ном өгөх нэг хэрэг. Харин тэр номыг нь уншуулж, ойлгуулж, ярилцуулж, өөрийн бодлоо илэрхийлүүлж, эцэст нь хүүхдийн зан төлөв, сэтгэлгээ, харилцаанд нь шингээх нь огт өөр ажил.
“Динза”, “Цондоолой” цувралуудын хамгийн том боломж энд оршино.
Эдгээр номыг уншихад хамгийн түрүүнд анзаарагддаг зүйл нь хүүхдэд шууд “сургамж” хэлэхээс илүүтэй амьдралын нөхцөл байдал доторх сонголт, алдаа, нөхөрлөл, гэр бүл, зориг, хариуцлага, уучлал, аюулгүй байдал, шинэ орчин, ёс заншил зэрэг ойлголтыг үйл явдлаар дамжуулан үзүүлдэгт оршино.
ХОЁР ӨӨР ЕРТӨНЦ — НЭГ ЗОРИЛГО
Цондоолойн эхний номуудад хотын хүүхэд хөдөө орон нутагт очиж, өвөө, эмээ, мал ахуй, шинэ орчинтой танилцана. Дараагийн үйл явдлуудаар нөхөрлөл, үл ойлголцол, уучлал, байгаль, амьтантай харилцах харилцаа зэрэг сэдэв хөндөгддөг. Мөн Цагаан сарын зан үйл, золголт, ахмад настнаа хүндлэх, айл хэсэх зэрэг монгол ахуй, соёл хүүхдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбогдож өгсөн байдаг.
Харин Динзагийн ертөнц илүү адал явдалтай, сониуч, хөдөлгөөнтэй. Хүүхэд асуудалтай нүүр тулна. Эрсдэл гарна. Шийдэл хайна. Зориг гаргана.
Ийм төрлийн түүх хүүхдийг:
“Дараа нь юу болох бол?”
“Өөрөөр шийдэж болох байсан уу?”
“Би байсан бол яах вэ?”
гэж бодоход хүргэдэг.
Ингээд харахад энэ хоёр цувралын үүрэг өөр боловч бие биеэ маш сайн нөхөж байна.
Цондоолой хүүхдэд өөрийн амьдарч буй орчин, гэр бүл, нийгэм, соёл, харилцааг ойлгоход тусалдаг бол Динза хүүхдийн төсөөлөл, эрэл хайгуул, зориг, асуудал шийдэх сэтгэлгээг хөдөлгөдөг.
Энэ бол зүгээр нэг уран зохиолын ялгаа биш.
Хүүхдийн хөгжлийн хувьд маш үнэ цэнтэй хослол юм.
НОМЫН ГОЛ ХҮЧ НЬ “ЗААХ”-Д БИШ, “МЭДРҮҮЛЭХ”-Д БАЙДАГ
Хүүхдийн номын хамгийн том давуу тал бол амьдралын ойлголтыг тайлбар хэлбэрээр бус, үйл явдал, дүр, сэтгэл хөдлөлөөр дамжуулан өгөх чадварт оршино.
Жишээлбэл, хүүхдэд “алдаагаа хүлээн зөвшөөр” гэж дүрэмчилж хэлэх нэг хэрэг.
Харин дүрүүд маргалдаж, үл ойлголцож, алдаагаа ойлгож, “миний буруу” гэж хэлж, уучлал гуйж, дахин найз болох үйл явдлыг уншихад хүүхэд энэ ойлголтыг өөрөө мэдэрч эхэлдэг.
Үүнтэй адил “замын дүрэм баримтал” гэж хэлэхээс илүүтэй дүр аюултай нөхцөл байдалд орж, хүүхэд тэр үйл явдлаар дамжуулан замын хөдөлгөөн, гэрлэн дохио, гарцын ач холбогдлыг ойлгох нь илүү хүчтэй.
Өөрөөр хэлбэл:
Ном хүүхдэд хариуг шууд хэлдэггүй.
Харин хариултыг нь өөрөөр нь олгуулдаг.
Энэ чанар дээр манай арга зүй хамгийн сайн “сууж” байна.