01/12/2022
Та ер нь амьдарч буй хугацаандаа хэдий хэмжээний хоол хүнс, хувцас хэрэглэл, эрчим хүч, шатахуун ... гэх мэт эд зүйлсийг хэрэглэж байгаагаа, бидний эдэлж, хэрэглэж буй бүхий л зүйлсийг байгалийн ямар нөөц, баялагаар хийдэг болохыг, эдгээр байгалийн нөөц баялаг маань нөхөн сэргээгдэж чадаж байгаа эсэхийг, нөгөө талаас та хэр их хог хаягдал гаргаж, хүрээлэн буй орчноо бохирдуулж байгаагаа ер нь бодож үзсэн үү?
Саяхнаас бид хэд дэлхий дээр 8.0 тэрбум-уулаа амьдрах болсон билээ. Харин бидний амьдрах хэрэгцээ, нөгөөтэйгүүр хүсэл шуналаас үүдэлтэйгээр бий болгож буй хог хаягдал маань мөн л жил бүр өсч, жилдээ нийт 2.0 тэрбум гаруй тонн-д хүрчээ. Харин эдгээр хог хаягдлынхаа 20 гаруй хувийг л дахин боловсруулдаг юм байна.
Манай улсын хувьд сүүлийн 10 жилд ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын хэмжээ 4 дахин өсч, жилд 3.4 сая тонн гаруй хог хаягдал "үйлдвэрлэдэг" болоод байгаа бөгөөд бид 10 орчим хувийг нь дахин боловсруулдаг гэсэн тоо баримт байна. Нийт хог хаягдлын 90 орчим хувь нь зүгээр л байгальд ил задгай хаягдаж (мэдээж багахан хэмжээтэйг нь шатааж, устгалд оруулдаг), орчноо бохирдуулж байгаа нь бидний нүдэнд ил байгаа билээ.
Иймээс бүгдээрээ өдөр тутмынхаа хэрэглээг нэг анзаараад үзээрэй, таны худалдан авч буй зүйлийн хэдэн хувь нь зүгээр л хаягдаж байна вэ?