30/05/2026
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АНГИ НИЙТИЙН ОЛИМПИАДЫН МЭДЭЭ
“Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анги нийтийн олимпиадыг 2 үе шаттай амжилттай зохион байгууллаа. Олимпиадын зорилго нь ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний хувийг ахиулах, суралцагчдын агуулгын хоцрогдлыг анги хамт олноор нөхөн арилгах, бичгийн болон анги дэвших, улсын шалгалтын бэлтгэхэд чиглэгдлээ. Анги нийтийн олимпиадад амжилттай оролцсон багш, суралцагчдыг урамшуулах, амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор шагналыг гардууллаа.
Тус арга хэмжээний нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Бямбадоржийн Лхагвабаатар, аймгийн Засаг даргын зөвлөх, Дундговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Пүрэвийн Бүрэнжаргал, Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Л.Оюунбаяр нар оролцлоо.
Энэхүү анги нийтийн олимпиадад аймгийн Ерөнхий боловсролын 19 сургуулийн сургуулийн 276 бүлгийн 3, 4 дүгээр анги, 6, 7, 8, 9 дүгээр анги, 10, 11 дүгээр ангийн нийт 8157 суралцагч, 276 мэргэжлийн багш нар оролцон өөрийн оюун ухаан, мэдлэгээ сорин оролцлоо.
Мөн “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Математик” төслийн ажлын хүрээнд аймгийн 19 сургуулийн 9 дүгээр ангийн 31 бүлгийн 808 суралцагчдын дунд геометрийн анги нийтийн олимпиадыг 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, амжилттай оролцсон шилдэг анги, багш нарт шагналыг гардууллаа. Энэхүү олимпиадын зорилго нь суралцагчдын орон зайн болон логик сэтгэлгээг хөгжүүлэх, геометрийн агуулгын хоцрогдлыг анги хамт олноор нөхөн арилгахад чиглэгдлээ.