24/09/2026
🔬 НЭГ ӨДӨР, ГУРВАН ШИНЖЛЭХ УХААН, ОЛОН ШИНЭ НЭЭЛТ
2026.09.19-ний өдөр Бэрх ОУС-ийн Физик, Биологи, Газарзүйн хичээлийг сонгон судалж буй 9–11 дүгээр ангийн 26 сурагч Хутаг уул орчимд хээрийн дадлага, судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэ өдөр Хутаг уул сурагчдын хээрийн туршилтын лаборатори, судалгааны талбар болон хувирч, сурагчид байгалийн бодит орчинд онолын мэдлэгээ бататган, хичээл бүрийн онцлогт тохирсон туршилт, судалгааны ажлуудыг багаар хийж гүйцэтгэсэн юм.
🔬 ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖЛУУД
🌿 Биологийн хичээл
Трансэкт болон квадратын арга ашиглан ургамлын бүрдэл, бүтэц, тархалтын олон янз байдлыг тодорхойлов.
Цаасан хроматографийн арга ашиглан ургамлын навч дахь пигментүүд болох хлорофилл a, b, каротиноид, ксантофиллыг ялган тодорхойлж, фенологийн ажиглалт хийв.
📐 Физикийн хичээл
Налуу гадарга ба хөрсний температур: Налуу гадарга дахь нарны тусгалын өнцөг болон хөрсний температурын хэмжилт хийв.
Хүндийн хүчний хурдатгал: Уулын орой болон хормой хэсэгт хүндийн хүчний хурдатгалыг математик тооцоолол болон пүршэн маятник ашиглан тодорхойлов.
🗺️ Газарзүйн хичээл
Орон зайн баримжаа ба зураглал: Тавцант луужин, топографийн зураг ашиглан чиг баримжаа авах, азимут тодорхойлох дадлага хийв.
Уулын бичил уур амьсгал ба хөрс: 3-in-1 Soil Tester төхөөрөмжөөр хөрсний чийгшил, pH, гэрлийн эрчмийг хэмжиж, ургамалжилтын хувийг тооцон, чулуулгийн дээжид ажиглалт хийв.
🧭 ОНОЛЫГ АМЬДРАЛД
Сурагчид танхимд үзсэн онол, ойлголтоо бодит орчинд баталгаажуулахаас гадна асуулт дэвшүүлж, хариултаа эрэлхийлэх, өгөгдөл цуглуулах, мэдээлэлдээ тулгуурлан профиль зураг болон график байгуулах, үүрэг хариуцлагаа хуваарилан багаар ажиллах үнэтэй туршлага хуримтлууллаа.
Хутаг ууланд өнгөрүүлсэн энэ өдөр хэмжилтийн тоо, судалгааны тэмдэглэлээс гадна шинэ мэдлэг, нөхөрлөл, хамтын ажиллагаа, мартагдашгүй дурсамжаар дүүрэн байлаа.
🔍 Харж ажигласан бүхэн нь асуулт, эрэлхийлсэн бүхэн нь шинэ нээлт байх болтугай.
Сурагчдадаа цаашдын суралцах, судлах их үйлсэд нь өндөр амжилт хүсье! 🌱🔬📐🗺️