17/05/2026
"Дэлхийн түвшний сурагч" хөтөлбөрийнхөн төгсөлтөө хийлээ
Дунд ангийн сурагчид маань өнөөдөр TOEFL Junior шалгалтын сертификат, онооны батламжаа гардаж авлаа.
Сурагчдын маань хичээл зүтгэл, эцэг эхчүүдийн дэмжлэг, хамгийн гол нь Ёндонгийн Оюун-Эрдэнэ багшийн сонсгол-ярианы тусгай аргачлал, Ярианы клуб хариуцсан гадаад багш Лавиниагийн маань тоглоомын арга дээр суурилсан интерактив сургалтуудын ачаар хүүхдүүд маань энэ жил мөн л өндөр ахиц гаргаж чадлаа. Манай сургалтын онцлогоос шалтгаалан ихэнх хүүхдүүд маань сонсголын тестээ өндөр оноотой өгдөг. Энэ жил ч мөн адил байв.
TOEFL Junior тестийн хэмжээст оноо нь 600-900 байдаг. Хүүхдүүд маань 625-860 оноо авч үнэлэгджээ. Тодруулбал, 15 сурагч 2-р түвшинд, 6 сурагч 3-р түвшинд, 8 сурагч 4-р түвшинд үнэлэгдсэн. 15 сурагч амжилтын батламж буюу Алт, Мөнгө, Хүрэл сертификатууд авлаа. Энэ жилийн дунд ангийн сурагчдаас хоёр сурагч TOEFL ITP тестийг ахлах ангийн сурагчидтай хамт өгч 513 В1 түвшин, 557 В2 түвшинд тус тус үнэлэгдэн Мөнгө, Хүрэл батламж авсан нь онцлох үйл явдал байлаа.
Хоёрдугаар жилийн сурагчдын маань 98% нь хувийн амжилтаа ахиулж чадсан нь энэ хичээлийн жилийн онцгой амжилт байв. Хүүхдүүд маань өмнө жилийн шалгалтын дүнгээ 25-95 оноогоор ахиулж чадсан юм. Энэ удаагийн тестэд манай сурагчдын авсан хамгийн өндөр оноо 860/900 юм. Ингэснээр дунд ангийн сурагчид маань ирэх жил TOEFL -ийн дараагийн шатны тестийг өгөх боломжтой болж байна.
Гадаадын сургуулийн бэлтгэлийг манай академи 6-р ангиас эхлэн хийж эхэлдэг. Англи хэл бол олон шалгуур үзүүлэлтийн зөвхөн нэг хэсэг нь юм. Дунд ангидаа англи хэлний тодорхой түвшинд хүрчихсэн байхад хүүхдүүд маань цаашид англи хэл дээр шинжлэх ухааны мэдлэгт суралцах өргөн боломжийг эдэлж чадна. Манай сурагчдаас монгол сургуулийнхаа хажуугаар Америкийн ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүд ч бий. Системтэй бэлтгэл, тууштай хандлага, эцэг эхийн дэмжлэг оролцоо маш чухал байдаг юм.
Хүүхдүүд ээ, ирэх намар баяртай уулзацгаая. Хайртай шүү.