04/09/2026
Хуулбарлав
Би хэл шинжлэлийн мэргэжлийн хүн. Орос, англи, хятад хэл үзэж, хэрэглэж явсны хувьд сүүлийн үед нэг зүйл дээр их боддог болсон.
Манжууд яагаад өөрсдийн хэл, соёлоо бараг алдчихав аа гэдэг асуудлыг оюутан байхад багш нар маань их ярьдаг байлаа. Манж үндэстэн өнөөдөр мэдээж бий. Харин хэдэн зуун жилийн өмнө асар хүчирхэг төр байгуулж, Хятадыг захирч байсан тэр ард түмний хэл өнөөдөр мөхлийн ирмэгт хүрсэн нь түүхийн их том сургамж.
Манж нар Чин гүрнийг байгуулж, асар уудам нутаг, олон сая хүн амыг захирч байсан атлаа эцэстээ өөрсдийн захирч байсан Хань үндэстний хэл, соёлын асар том орчинд аажмаар ууссан.
Эндээс нэг зүйл их тод харагддаг.
Хэл гэдэг зүгээр нэг харилцах хэрэгсэл биш юм байна. Хэл бол үндэстний ой санамж юм байна.
Би анх хятад хэл сурч байхдаа хятадууд гадаад үг, хүний нэрийг өөрийн хэл рүүгээ оруулж хэлдэг байдлыг нь их шоолдог байлаа.
Coffee — 咖啡 (kāfēi),
Chocolate — 巧克力 (qiǎokèlì),
Hamburger — 汉堡包 (hànbǎobāo).
Заримыг нь авиаг нь дөхүүлж авна.
Заримыг нь бүр өөрийн хэлээрээ нэрлэнэ.
Компьютер — 电脑 (diànnǎo), үгчилбэл “цахилгаан тархи”.
Гар утас — 手机 (shǒujī), үгчилбэл “гарын төхөөрөмж”.
Метро — 地铁 (dìtiě), “газрын төмөр зам”.
Apple гэдэг компани хүртэл хятадаар 苹果 — “алим”.
Тэр үед надад ямар ч “күүл” биш санагддаг байж. 😂
Хүний нэрэн дээр бол бүр гайхна.
Жишээ нь миний нэр Эрдэнэцэцэг — Erdenetsetseg.
Үүнийг хятад хэлэнд авиаг нь ойртуулаад ханзаар буулгалаа гэхэд жишээ нь 额尔德尼策策格 гэх мэтээр өөрсдийн авианы тогтолцоонд тааруулж бичиж болно.
Тэгэхээр нь би:
“Эрдэнэцэцэг гээд хэлчихэж болдоггүй юм байх даа? Хүний нэрийг хүртэл заавал өөрсдийнхөөрөө дуудах ямар хэрэгтэй юм?”
гэж боддог байлаа. 😂
Одоо эргээд бодоход миний тэр бодол өөрөө л жаахан элгийн байж.
Яагаад гэвэл хэл шинжлэлийн талаас нь харвал энд нэг маш чухал зүйл байна.
Гаднын үг хятад хэлэнд орж ирж байгаа болохоос хятад хэл гаднын хэл рүү орж байгаа юм биш.
Шинэ үг, шинэ ойлголт орж ирэхэд өөрсдийн авианы тогтолцоонд оруулна. Өөрсдийн бичгээр тэмдэглэнэ. Боломжтой бол утгаар нь орчуулна. Шаардлагатай бол шинэ үг бүтээнэ.
Өөрөөр хэлбэл дэлхийн ямар ч шинэ зүйл орж ирсэн эцэстээ хятад хэлээр нэрлэгдэж, хятад хэлээр хэрэглэгдэж байна.
Энэ чинь хэлний асар том дархлаа юм байна.
Харин бид?
“Meeting-тэй.”
“Deadline тулчихлаа.”
“Feedback өгчих.”
“Content хийе.”
“Event дээр очно.”
“Update хийгээрэй.”
“Cool байна.”
гээд монгол өгүүлбэрийнхээ дунд англи үгийг байгаа чигээр нь суулгаад ярих нь бараг хэвийн болжээ.
Заримдаа бүр монгол үг нь байсаар байхад англиар хэлэх нь илүү боловсролтой, илүү орчин үеийн мэт санагддаг болсон ч юм шиг.
Би гадаад хэл сурахын эсрэг хүн огт биш.
Харин ч өөрөө орос, англи, хятад хэл сурч, хэрэглэж ирсэн хүний хувьд гадаад хэл бол өөр ертөнц рүү нээгдэх цонх гэж боддог.
Хэдий чинээ олон хэл мэднэ, төдий чинээ сайн.
Гэхдээ нэг зүйлийг ялгах хэрэгтэй юм байна.
Өөр хэл сурах нэг хэрэг.
Өөрийн хэлээ тэр хэлээр аажмаар орлуулах бол огт өөр хэрэг.
Хэлний дархлаа гэдэг гаднын бүх үгийг хааж, хориглож, монгол хэлээ вакуумд хийхийг хэлэхгүй.
Харин шинэ ухагдахуун, шинэ технологи, шинэ соёл орж ирэх болгонд түүнийг өөрийн хэлний авиазүй, үг бүтэх ёс, утгын тогтолцоонд зохицуулж авах чадварыг хэлнэ.
Боломжтой бол монголоороо нэрлэнэ.
Байхгүй бол монгол үг бүтээнэ.
Зээлбэр үг авлаа ч монгол хэлнийхээ тогтолцоонд оруулна.
Тэгээд бодохоор өвгөдийн маань хэлсэн энэ үг ямар агуу юм бэ.
“Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян?
Монгол баян.”
Хэдхэн үг.
Гэхдээ бүхэл бүтэн үндэстний оршихуйн философи багтчихсан байгаа биз?
Хил — газар нутгийн тусгаар тогтнол.
Мал — монголчуудын ахуй, эдийн засаг, нүүдлийн соёл иргэншлийн үндэс.
Хэл — бидний түүх, ой санамж, сэтгэлгээ, ертөнцийг харах монгол арга.
Хэлээ алдвал зөвхөн хэдэн мянган үг мартагдахгүй.
Тэр хэлээр дамжин ирсэн үлгэр домог, ерөөл магтаал, зүйр цэцэн үг, ахуй соёл, сэтгэлгээ, юмс үзэгдлийг нэрлэж ирсэн монгол хүний ертөнц бүхэлдээ бүдгэрнэ.
Тиймээс орос хэл мэддэг байж болно.
Англи хэл мэддэг байж болно.
Хятад хэл мэддэг байж болно.
Бүр арван хэл мэддэг байсан ч болно.
Гэхдээ монгол хүн хоорондоо монголоороо бүрэн дүүрэн ярьж, бодож, бичиж чаддаг байх нь хамгийн чухал.
Гадаад хэл олон мэдэх нь боловсрол.
Эх хэлээ хайрлаж, баяжуулж, хэрэглэж, дараагийн үедээ бүтнээр нь өвлүүлж чаддаг байх нь үндэстний дархлаа.
Би анх хятад хэл сурч байхдаа тэдний гадаад үг, нэрийг өөрсдийнхөөрөө дуудаж байгааг шоолдог байжээ.
Одоо бол эсрэгээрээ хардаг болсон.
Өөрийн хэлээрээ дэлхийг бүхэлд нь нэрлэж чаддаг байна гэдэг чинь хэлний хүч юм байна.
Эх хэлээ хамгаална гэдэг өнгөрсөнтэйгөө зууралдах гэсэн үг биш.
Харин ирээдүйд өөрийн нэртэй, өөрийн сэтгэлгээтэй, өөрийн дуу хоолойтой үндэстэн хэвээр үлдэхийн нэр юм байна.
Эх хэлэндээ жаахан илүү хайртай байцгаая. 🇲🇳
Erdee.RD