12/09/2026
Амралтын өглөөний мэнд хүргэе 🌺
Өнөөдөр анх тархинд орж ирсэн
УХААРАЛ гэж үгийг нилээн бодож суулаа эндээс ойлгосон зүйлээ сийрүүлэн бичий.
Хүн амьдралынхаа туршид олон зүйлийг үзэж, сонсож, алдаж, олж явсаар жинхэнэ үнэнийг ойлгож эхэлдэг. Тэрхүү ойлголтыг ухаарал гэж хэлж болно. Ухаарал гэдэг нь зөвхөн бусдын хэлсэн үгийг сонсох бус, өөрийн биеэр туулж, учир шалтгааныг нь ойлгон, цаашид зөв сонголт хийх чадвар юм.
Заримдаа бид дэргэд байгаа хүмүүсийнхээ үнэ цэнийг анзаардаггүй. Ээж аавынхаа хайр халамжийг энгийн зүйл мэт хүлээн авч, найз нөхдийнхөө тусыг төдийлөн үнэлэхгүй үе бий. Харин тэднээс холдох, эсвэл ямар нэгэн бэрхшээлтэй тулгарах үедээ өмнө нь бидэнд ямар их хайр, халамж өгч байсныг ойлгодог. Энэ бол хүний амьдралд ирдэг нэгэн чухал ухаарал юм.
Мөн алдаа хүнийг ухааралд хүргэдэг. Алдаа гаргах нь муу зүйл мэт санагдавч түүнээсээ сургамж авч чадвал алдаа бидний багш болдог. Нэг удаа алдсан хүн дахин тэр алдаагаа давтахгүй байхыг хичээдэг. Ингэснээр хүн илүү хариуцлагатай, тэвчээртэй болж төлөвшдөг. Тиймээс алдаанаас айх бус, алдаагаа хүлээн зөвшөөрч, засаж сурах нь хамгийн чухал.
Миний бодлоор ухаарал гэдэг хүнийг өөрчилдөг хүч юм. Өчигдөр ойлгоогүй зүйлээ өнөөдөр ойлгож, өнөөдрийн алдаанаасаа маргааш суралцаж чадвал хүн өдөр бүр өсөн дэвждэг. Бидэнд байгаа цаг хугацаа, гэр бүл, нөхөрлөл, эрүүл мэнд зэрэг энгийн мэт зүйлс үнэндээ хамгийн үнэ цэнтэй байдаг.
Иймээс хүн аливаа зүйлийг алдсан хойноо биш, байгаа дээр нь хайрлаж, үнэлж сурах хэрэгтэй. Жинхэнэ ухаарал гэдэг амьдралын үнэ цэнийг ойлгоод зогсохгүй, ойлгосноо үйлдлээрээ харуулах явдал юм.