27/09/2025
[ ХОЛ БИШ ] 🏔️
Зохиолч: Чадраабалын Ганжавхлан
Бидний амьдралын утга учир, үнэ цэн, зорилго бүгд ондоо. Гагцхүү хэзээ өндөрлөх хугацааг нь мэдэхгүй аялал ч гэлээ оргил өөдөө хичээнгүйлэн өгсөж, урдах саад тотгорт бүдэрсэн ч буцаад босох тэнхээтэй, эцэж цуцлаа ч дөрвөн хөллөөд мөлхөж оргилдоо гарах нь амьдралын цаад утга гэмээр.
Эх орноо орхиод, хайртай хүмүүсээ үлдээгээд алс хол улс руу эрдэм сурахаар явах нь магадгүй ‘Миний Эверестд’ хүрэх аялал шиг санагдаж байсан.
Хайрла, амжиж хайрла, өдөр бүр хайрла. Өөр бидэнд юу ч хэрэггүй, амжиж л хайрла.
Маргааш хэнд юу тохиолдохыг бид яаж ч таамаглаж чадашгүй. Нэгэнт өнгөрсөн зүйлсийг буцаах боломжгүй. Ганц л амьдрах хувь заяандаа харамсахгүйгээр юу хүссэнээ хийж бүтээж бие биенээ хайрлаж бас хайрлуулж амьдрах чинь л жинхэнэ амьдрал биш гэж үү?
Энэ нийгэмд бид дотроо юу юуг ч туулж яваа юм билээ, бусаддаа жаахан ч гэсэн хүндэтгэлтэй, хайртай байцгаая!
Хүрэхийг хүссэн бүхэн чинь Хол Биш шүү✨
Хийхийг хүссэн бүхнээ хийж, бие биенээ хайрлаж, сайхан үгсээр дэм болж, хэн нэгний амьдралд гэгээ татуулж, инээх шалтгаан нь болж амьдарцгаая!
Аялалын минь чухал мөч бүхэнд хань болж хажууд минь байсан тийм л нандин ном минь.
Энэ хүртэл уншсанд тань талархлаа.❤️
Өнгөт хорвоод өчүүхэн гэдгээ ухаарч өөрөө өөрийнхөө Эверестийг олоорой!🌄
#ном #номынтэмдэглэл #холбиш #холбиштэмдэглэл #ганжавхлан #уншигч #уншигчийнтэмдэглэл #номбидхоёр
23/09/2025
[ МИНИЙ ӨМССӨН ГУТАЛ ] 👢💜
Зохиолч: Мөнхбаярын Баасандэлгэр (Шук)
“Намайг бүтээсэн хүн бүхэнд зориулав” гэх өмнөтгөл үг нь зохиогчийн өдийг хүртэл туулсан амьдралыг хүүрнэх түүхийн эхлэл буй.
Аавын минь хайр шингэсэн миний бор гутал.
Охид бүр аавынхаа гүнж, аав нар нь охидынхоо баатар нь байдаг.
Гүнжийнхээ царайг баяртай байгааг харах нь аав хүний авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байх.
Номын зохиолч маань өөрийн амьдралын түүхээ гэр бүлийнхээ гишүүдийн талаар өгүүлж, хамгийн нандин мөч бүрээ эргэн дурсаж буйгаар эхэлдэг. Аавын агуу хайр, ээжийн амьдралын ухаан, амин хайрт дүүгийн өхөөрдөм хүүхэд насны дурсамжийн цуглуулгууд нь одоогийн Баасандэлгэрийг бүтээлцжээ.
Амьдралын сайхан муухай, сайн муу, хэрэгтэй хэрэггүй бүхий л үйл явдал цаг хугацаа өнгөрөхөд дурсамж болон үлддэг, гагцхүү аль дурсамжаа сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалах, аль эсвэл мартаад орхих вэ гэсэн хоёр сонголт бидэнд байдаг.
Ажил хийвэл ам тосдоно гэдэг дүрмийг амьдралын цор ганц жанжин шугам болгож олдсон ажил бүрийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хийсээр хөдөлмөр гэх их далайд шумбаж орохдоо цаг тутамд үнэнч байсан.
Хэрвээ итгэж төсөөлж чадвал, түүндээ хүрч чадах хангалттай нөөц бидний дотор нуугдаж байдаг.
Болохоос болохгүй хүртэл, хамгийн чухал нь бууж өгөлгүйгээр л хөдөлмөрлөсөн хүнийг бурхан заавал шагнадаг гэдгийн тод жишээг энэхүү түүхээр өгүүлнэ.
Өөртөө итгэх итгэл бол амжилтын хаалганд хүргэх түлхүүр ч юм шиг. Хамгийн хэцүү үед хүн өөрөө өөрийнхөө л хажууд байдаг.
Хамгийн хэцүү үед таны хажууд та өөрөө л байна шүү дээ. Амьдрал гэх урт аялалын туршид жижиг нугачаанд унаж бүдэрлээ ч буцаад босох тэнхээтэй байж өөрт тухтай гутлаа өмсөөд хязгааргүйн оргилд хүрээрэй.
Амьдрал их баялаг, өчигдөр л дэлхийгээс зугтчихмаар хэцүү байсан бол өнөөдөр бүх зүйл сайхнаар эргэчихэж ч болдог. Тиймээс өөртөө итгээд, урагш зориглоорой. Хэзээ нэг өдөр хүссэндээ заавал хүрэх л болно.
Гэрээсээ хол, эх орноосоо хол байгаа надад Далай ламын хэлсэн үгс зүрх рүү минь орох шиг л болсон. Хэдий гэр бүл, эх орноо санахын дээдээр санаж байгаа ч хүсвэл маргааш ч хүрээд очих аав ээжтэй, хүлээгээд авах эх оронтой хүн шүү гээд сэтгэл өег санагдаж билээ.
“Та бүгд өөрийн гэсэн эх оронтой, би хэдий дэлхий дахинд алдар нэртэй ч хүний нутагт газар гуйж амьдардаг. Эх орондоо очихыг хүссэн ч очиж болохгүй байх ямар хэцүү гэж санана. Эх орон, тусгаар тогтнолоо хайрлаарай.”
Нээрээ л, хүний амьдрал ийм байдаг даа гэмээр энгийн хэрнээ хэмжээлшгүй үнэтэй нандин 'мэдрэмжүүдийн цуглуулга' болсон ханьтай ном байлаа. Тэмдэглэлийг минь уншсан танд баярлалаа.❤️
#ном #номын #номынтэмдэглэл #минийөмссөнгутал #тэмдэглэл #уншигч #номбидхоёр #уншигчийнтэмдэглэл
19/03/2025
|| Галт шувуу || номын тэмдэглэл🐦🔥♥️
“Зохиолч: Баасангийн Наминчимэд”
Номоо уншихаас өмнө “Галт шувуу” нэрнээс юуны тухай өгүүлэх юм бол гэж ихээхэн сониучирхаж байсан бол уншсаны дараа яагаад Галт шувуу гэж нэрлэсний учрыг гүн гүнзгий ойлгов.
Энэ романы үнэ цэнийг тогтоогоод, яг л голыг нь олоод нэрлэчихсэн мэт санагдлаа.
Соцализмын 1980-аад оны сүүлээр хаврын тэр нэгэн өдрүүдээр үйл явдал өрнөн эхэлдэг.
Сумын төвийн дэггүй, сахилгагүйгээр цуутай 16 настай хүү болон, хотоос саяхан ирсэн 21 настай хөгжмийн багш бүсгүй тэр хоёрын эгэлгүй хайрын түүхийг романд өгүүлнэ. Тухайн үеийн аж ахуй, соёл хүмүүсийн үзэл бодол нийгмийн тухай өрөөсгөл ойлголт Намхай, Цолмон хоёрын хайр сэтгэлд хэрхэн нөлөөлж буйг тод томруунаар харуулна…
Гэвч юу ч болсон, Галт шувуу бол Галт Шувуу🐦🔥
Яг аав ээжийн хүүхэд насны үеэр цаг хугацаагаар аяласан юм шиг сэтгэлд хоногшсон мэдрэмжийг өгсөн ном.
1980-аад оны хөдөөгийн амьдралын үнэт зүйлс, хүмүүсийн мөн чанар хийгээд аж ахуй амьдрал ихээхэн сонирхол татна. Ялангуяа Намхай хүүгийн дэлхийн сонгодог хөгжмийн сонирхол, утга уран зохиолд шимтэн уншдаг зуршил, зурах бичгийн ур чадвар нь бусдаас онцгой гэдгийг харуулна.
Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай гэдэг шиг “Галт шувуу” романы хоёрдугаар дэвтрийг тэсэн ядан хүлээн сууна.
26/02/2025
|| HEAVEN || номын тэмдэглэл 🪽✨🫧
Бидний амьдралд олон үзэсгэлэнтэй зүйлс байдаг, гагцхүү тэр үзэгсгэлэнг онцолж харах эсхүл харахгүй өнгөрөх нь биднээс шалтгаална.🫂
гэж зохиолч дурдсан шиг хүн бүрийн ертөнцийг үзэх үзэл, сайн муу, сайхан муухайг дүгнэх шүүлтүүр ч өөр өөр гэдгийг мэдрүүллээ.
Уншиж байхад сэтгэл өвдөж гол зурагдах шиг, дүрийн өмнөөс өрөвдөж, өвдөж уншсан зохиол байлаа ...
МОНСУДАР хэвлэлийн газар
Үнэ цэнтэй энэхүү зохиолыг орчуулан уншигчдын хүртээл болгосонд баярлалаа.❤️
23/02/2025
|| Кофе хөрөхөөс өмнө || номын тэмдэглэл☕️
Зохиолч: Кавагүчи Тошиказү
2023 онд уншсан хамгийн сэтгэлд үлдсэн номуудын нэг бол яалтчгүй “Кофе хөрөхөөс өмнө”
“Хэрвээ танд өнгөрсөн рүү буцах боломж олдвол хэнтэй уулзах вэ” гэсэн асуултыг толгойд үлдээх энэ зохиолын хуудас бүр нь сэтгэлд хүрсэн.
Хэрвээ гэхгүйгээр хэзээ ч харамсахгүйн тулд цагтаа аз жаргалтайгаар дурсамж дүүрэн өнгөрүүлэх нь чухал гэдгийг зохиолч хүргэх гэсэн юм болов уу? ✨
МОНСУДАР хэвлэлийн газар
14/02/2025
|| Их Тээлийн Даваа || номын тэмдэглэл⛰️🌿
Өндөр уулсын даваа өөд өгсөөд, өргөн сайхан хангайн нуга уруудан морин дэлэн дээр явахдаа эх орныхоо үзэсгэлэнг шагширан биширч явдаг сан. Уран зураг гэж андуурмаар тэр зураглал нүдэнд зурсхийн харагдаж сэтгэлд дотно үлджээ.
Өвөө эмээгийн минь хүүхэд насны амьдралыг тод томруунаар дүрсэлж, тал нутгийн уудамд жаргал зовлонгоо хуваалцан суугаа тэдгээр сайхан хүмүүсээр дүүрэн энэ гол.
Монгол зан заншил, нүүдэлчин ахуй уламжлалаа бид цааш нь хадгалан авч явах ёстойг далд утгаар сануулж байгаа ч юм шиг.
Зохиолч П.Пүрэвсүрэнгийн “Их Тээлийн даваа” туужийн үг бүр нь сэтгэлийн утсыг хөндөж, жижигхэн биендээ багтахааргүй жинтэйхэн зохиол юм.
Амьдралд сайн муу, сайхан муухай, нүгэл буян ээлжилдэг шиг зохиолын дүрүүдээр хүний мөн чанарыг дүрсэлжээ. Бидний дунд Тулга шиг сайхан сэтгэлтэй эгэл даруу цайлган энгийн нэгэн хүмүүн байхад Цэдэн шиг хашир санаатай, зальжин завшигч хүмүүс ч бас байдаг.
Дэмбээ гуайн “тэр ёстой л хүний хайлан” гэж Тулгыг дүрсэлсэн нь яг л нүдээ олсон тодотгол байлаа.
Ховор сайн хүү, сайн юм саадтай гэгчээр арай гэж Тулга маань амарлаа даа, одоо л хайртай бүсгүйтэйгээ ханилан суугаад амар жимэр амьдрах нь дээ гэтэл золгүй явдал тохиолдсон нь сэтгэл шимширмээр…
Заримдаа амьдрал урт юм шиг хэрнээ богинохон байдаг. Хэдий тийм атал Тулга өөрт нь тохиолдсон шударга бус хувь тавиланд огтхон ч өширхөж хорсохгүй харин ч бүү хэл эцсээ хүртэл бусдыг гэсэн нэг л зангаараа амьдарсан.
Сайхан цэцгийг тасдавч, үндэс нь дахин соёолдог шиг хүний амьдрал ч бас мөнх. Нэг нас дуусавч хүний үйл хэрэг үр хүүхдэд нь дамжин үргэлжилсээр л байдаг нь хорвоогийн жам. Хүн төрөлхтөн үүгээрээ мөнх юм.
Тэр дороо л шимтэн уншиж дуусгасан час хийсэн зохиол байлаа, баярлалаа!✨
Nojo Publishing
27/01/2023
|| Амьдралд бэлэн үү? Охин үр минь… || 💕💕💕
2020 онд уншиж байсан “Амьдралд бэлэн үү? охин үр минь” номын тэмдэглэл✨
Өнөөдөр номын зохиолч Б.Дулам эгчтэй уулзаж номынхоо талаар мөн өөр олон гоё зүйлсийн талаар ярилцлаа.🤍
LIFE FM 104 - Монголын Цахим Радио “Ном Бид Хоёр” нэвтрүүлгээ сонсоорой.
Өөрийнхөө мэдлэг, туршлагаас хуваалцсанд үнэхээр их баярлалаа. Амьдралд бэлэн үү? 🫶🏻
17/01/2023
🤎🤎🤎Мэдисон нутгийн гүүрнүүд🤎🤎🤎
🤎🤎🤎The bridges of Madison country🤎🤎🤎
“Мэдисон нутгийн гүүрнүүд” ном нь зөвхөн хайр дурлалын тухай биш харин хувь тавилангийн тухай ном юм. Нэгэн цагт хоёр хүн танилцаж, бие биедээ дурлаж, биенээ чин сэтгэлээсээ хайрласан ч үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхгүй байхаар шийдсэн тухай өрнөдөг сэтгэл догдлуулам түүх. Зохиолын гол утга санаа гэвэл “Хэрэв тэд өөрсдийн хүслээ дагасан бол ийм хайрыг хүртэхгүй байсан”♥️
"Bridges of Madison County" is not about love, but about fate. An exciting story about two people who once met, fell in love with each other, but decided not to spend the rest of their lives together.
The main idea of the novel is "If they had followed their own desires, they would not have deserved such love"♥️
Internom Bookstore МОНСУДАР хэвлэлийн газар
14/01/2023
💛💛💛•Халуун шоколад шиг сэтгэл•💛💛💛
Тагнай зүрх хоёрыг зэрэг эзэмдэм нууцлаг хайрын түүх🍫❤️
Халуун шоколад шиг сэтгэл номоос сэдэвлэн кино бүтсэн байдаг. Like water for chocolate киноны найруулагч Альфонсо Арау зохиолч Лаура Эскивель хожим нь гэр бүл болсон хайрын түүхийн эхлэл нь энэ ном.💍
Internom Bookstore МОНСУДАР хэвлэлийн газар
11/08/2022
#6 Амьдрахуй🌿 Tagtaa Publishing
…Хүүгээ булшны нүхэнд хэвтүүлэхэд арван гуравтай гэмээргүй, дөнгөж саяхан эхээсээ мэндэлсэн юм шиг даанч балчир харагдав. Гараараа шороо хамж булахаасаа өмнө доороос нь холгож болохуйц чулуу бүхнийг түүж хаялаа…😔 Зохиолч-Үй Хуа
Хүн болж төрнө гэдэг үнэхээр гайхалтай, бөгөөд хэмжээлшгүй их аз завшаан билээ❤
Энэ амьдрах насандаа хийж бүтээсэн зүйлтэй, аз жаргалтай, амьдарсан шиг амьдрах уу? эсвэл амьдралын жамыг урсгалаараа туулж өнгөрөөх үү? гэдэг бол ердөө таны л сонголт гэдгийн ойлгуулсан ном байлаа.🥰
06/08/2022
#5 | Г А Ш У У Н К О Ф Е | ☕️
•
-Дэндүү гашуун юмаа.
-Тийм болохоор кофе амттай. Уух тусам дурлаж, тархи сэргэн зүрх ачааллана. Гашуун бүхэнд жинхэнэ амт оршиж байдаг.
•
Гоо охины гашуун бөгөөд түүний цаана орших амттай ертөнцийг мэдэрч жаргаж, баярлаж, хөөрч, догдолж, гуниглаж, уйлж уншсан гайхалтай зохиол байлаа. Ийм амттай оюуны бүтээлийг уншигч бидэнд хүргэсэн зохиолч талархал илэрхийлье! 🤎
30/07/2022
Ном бол Хайр💕
16 настай хүүхэд учраас унших номоо авахдаа цуглуулсан хуримтлуулсан мөнгөөрөө ном авч өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхийг хичээдэг. 📚
Өнөөдөр өөрийгөө шагнаж Гүн Аюурзана зохиолчийн “шинэ үеийн номын сан” авсан.😌
Үргэлж уншигчдад мэдлэг хайрыг түгээдэг, үнэ цэнтэй боломж олгосонд Alphabook - Альфа номын дэлгүүр номын дэлгүүрийн ах эгч нартаа маш их баярлалаа.🫶🏼
Номын цагаан буян дэлгэрэх болтугай