08/08/2025
Элон Маск, Жэнсен Хуанг нар: Оюутнууд кодоос илүү физик, математикт анхаар гэв.
Хиймэл оюун ухааны эрин үед код бичих чадвар хангалтгүй болж, орчлонгийн үндсэн хуулийг ойлгох нь илүү чухал хэмээн технологийн салбарын хоёр гигант — Tesla, SpaceX-ийн гүйцэтгэх захирал Элон Маск, NVIDIA-ийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг нар онцолж байна.
NVIDIA-ийн захирал Жэнсен Хуанг 2025 оны 7-р сард Бээжинд болсон хурал дээр хэлэхдээ:
“Хэрвээ би өнөөдөр 22 настай байсан бол програмчлал сурах бус, физик эсвэл бодит ертөнцийг илүү сайн ойлгоход чиглэсэн шинжлэх ухаануудыг судлах байсан” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: Economic Times, 2025-07-21
Тэрээр хиймэл оюун ухааны хөгжлийн дараагийн давалгаа нь бодит ертөнцийг ойлгож, түүнд тулгуурлан загварчлах чадвар дээр үндэслэнэ хэмээн тайлбарлав. Хүн төрөлхтөн хиймэл оюуныг улам ухаалаг болгохдоо програмчлалын нарийн мэдлэг бус, харин гүнзгий сэтгэн бодох, логик ойлголт, шинжлэх ухаанч хандлага илүү үнэ цэнтэй байх болно гэдгийг онцолжээ.
Үүнийг Элон Маск ч дэмжиж, саяхан Telegram-ийн үүсгэн байгуулагч Павел Дуровын “оюутнууд математик судал” гэсэн постод:
"Физик — математикийг нь оролцуулан" хэмээн хариулсан байна.
Эх сурвалж: Times of India, 2025-07-22
Ирээдүйд хэн ялгарч чадах вэ?
Маск ба Хуанг нар математик, физикийн гүн суурь мэдлэгтэй хүн л хамгийн үнэ цэнтэй мэргэжилтнүүд болж чадна гэж үзэж буй санжээ.
AI нь код бичихийг автоматжуулж болох ч, шинэлэг санаа бодож, ертөнцийг шинжлэх ухаанч нүдээр харж чадах чадварыг орлож чадахгүй.
Иймд тэд: "Зүгээр л машиныг удирдахыг сур. Гэхдээ тэр машинд заахын тулд юмыг яаж ажилладаг болохыг өөрөө эхлээд ойлгож сур." гэж хэлж байна.
Би ч мөн тэдэнтэй санал нэг байна.
2000 онд дөнгөж Pentium 3 гэсэн PC ашиглаж, Windows 98 үйлдлийн систем дээр 1.44мв -ийн floppy disk ашиглаад, DOS үйлдлийн системийн доод түвшний бүтэц үзэж суусан би энэ хүртэл явахад математик сэтгэлгээ, физик суурь минь нэмэр болсон гэж боддог.
Миний Физикийн багш Ц.Ханд, Математикийн багш Д.Цэдэн-Иш гэж мундаг багш нар байж билээ!
Хожмоо МУИС МКС сургуулийн бүхий л мундаг математикчдаар математикийн хичээлээ заалгаж байжээ.
Энэ хичээлүүдэд дуртай байж, хичээлээ сайн сурч, дараа нь Монголынхоо хамгийн сор болсон оюутнуудын багш нь болсондоо баяртай явдаг шүү.