22/08/2025
Ямар ном хамгийн сайн нь вэ?
Ямар ч хамаагүй гоё гарчигтай ном барьж аваад унших нь хүрэх газрынхаа зүг чигээ мэдэхгүй хэрнээ харсан зүгрүүгээ гүйхтэй адил.
Тиймээс
нэгдүгээрт зорилгоо өөртөө үнэнчээр гаргах
• Хийсвэр мөн цөөн үгээр гаргасан зорилго нь өөрийгөө хуурч, цаг хугацаагаараа төлөөсийг нь төлөхөд хүргэдэг. Зөвхөн өөрийнхөө дотоод чин хүслийг сонсож байгаа тул ичих эсвэл бусдыг дуурайх хэрэггүй. Зүгээр 100 сая төгрөгтэй болмоор байж болно шүү дээ. Яг юуны төлөөх 100 сая билээ гэдгээ тольдож, яг энэ зорилгодоо хүрэх үед ямар сэтгэл хөдлөлтэй байх, ямар хувцас өмссөн байх зэргээр баяжуулан, бодит болсон мэтээр төсөөл, бич
Хоёрдугаарт бодит байдлын үнэлгээ
• Өнөөгийн дүр зургаа бодит баримттайгаар, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөлгүй бичээд үзээрэй. Хэцүү санагдаж байвал өөрийгөө таны нэг танил хүн гэж бодоод хатуурхаж, зөөллөхгүйгээр үнэн бодит одоогийн мэдлэг, чадвар, давуу болон сул талуудаа тодорхойлно.
Гуравдугаарт эхний 2-т тохирсон хүрч болохуйц төлөвлөгөө
• Зорилго болон одоогийн нөхцөл байдлын зөрүүг харьцуулж төлөвлөгөө гаргана. Гэхдээ сэтгэл хөдлөлдөө автахаас зайлсхий. Оронд нь өөртөө энэрэнгүй хэрнээ өөрийгөө бага багаар урагш нь түрсэн ачааллыг тооцоорой. Өөртөө энэрэнгүй байдлыг хэт зөөлөн байх гэдгээс ялгаж ойлгоорой. Огт ачаалал авахгүй байснаар зорилгодоо хүрч чадахгүй тул хүлээн зөвшөөрөх ачааллыг таашааж, эвлэрснээр цаашид стресстэхгүй байхад тустай.
Эцэст нь өөртөө итгэж үйлдэх
• Бодит байдалтай нийцсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх. Өдөрт 100 үг сурах биш 3 үгийг бүх талаас нь судлах. 7 хоногт нэг ном гэхээсээ илүүтэй 3 хуудсыг хамгийн багадаа нэг өдөрт унших. Хамгийн гол нь тогтмол хийх. Долоо хоногт нэгхэн удаа 3 хуудас уншиж өөрийгөө битгий хуур. Эсвэл дараа сард нэг түвшин ахисан байх гэх мэтээр өөрийгөө бүү түрэмгийл.
Ажиглаад байхад бүх зүйл дээр энэ дараалал тохирох юм шиг ээ. Жингээ хасах, хэлээ сайжруулах, хадгаламжаа өсгөх гээд.
Эргээд номны сэдэврүүгээ ороход энэ л номыг гялс дуусгаад доторх зүйлсийг нь өөртөө програм суулгах тухай бодлоо түр азнаарай. Харин шаардлагагүй худалдан авалт хийхээсээ өмнө төлөвлөгөө, зорилгоо санаж, шилдэг гэсэн үгэнд итгэхийн оронд өөртөө л итгээрэй.
Хамгийн сайн ном нь таны хуудас бүрийг нь үрчийтэл нь уншиж, тэмдэглэж, баллаж цохолсон номыг л хэлэх байхдаа.