24/07/2026
Эрүүл мэнд гэдэг зөвхөн эм тариа, дасгал хөдөлгөөн биш, сэтгэл санааны амар амгалан, амьдрах утга учиртай салшгүй холбоотой байдаг.
Өнөөдөр би та бүхэнд Японы Окинава арлын оршин суугчдын урт наслалтын нууц болох "Икигай" (Ikigai) хэмээх гайхалтай философийг өөрийн ойлгосноороо тайлбарлан хүргэж байна.
Япончуудын хувьд "Икигай" гэдэг нь "өглөө бүр эртлэн босох шалтгаан" буюу амьдралын утга учир, баяр баясгалан юм. Судалгаагаар өөрийн гэсэн тодорхой зорилготой, идэвхтэй хүмүүс стресст бага өртөж, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал бага байдаг нь тогтоогджээ
Эмч хүний зүгээс та бүхэнд өгөх "Икигай" амьдралын хэв маягийн зөвлөмжүүд:
1. Хооллолтын "80 хувийн" алтан дүрэм
"Хара хачи бу" буюу ходоодныхоо 80 хувийг дүүртэл буюу бага зэрэг өлсгөлөн мэдрэмжтэй байхдаа хооллохоо зогсоохыг хэлнэ. Ингэснээр бие махбодь хоол боловсруулах процесст хэт их ачаалал өгөхгүй, эсийн исэлдэлт удааширч, хөгшрөлтөөс сэргийлдэг. Ер нь бол цадталаа битгий ид гэсэн үг.
2. Хөдөлгөөн – Урт наслалтын түлхүүр
Заавал биеийн тамирын зааланд очиж хүнд дасгал хийх шаардлагагүй. Хамгийн гол нь тасралтгүй хөдөлгөөн юм. Өдөр бүр алхах, цэцэрлэгт хүрээлэнд зугаалах эсвэл хөнгөн дасгалыг хийх нь үе мөчний уян хатан байдлыг хадгалж, бодисын солилцоог дэмждэг.
3. Стресс бол урт наслалтын дайсан
Орчин үеийн нийгэмд стресс нь эрт хөгшрөлтийн гол шалтгаан болж байна. Стресс нь биеийн дархлааны эсүүдийг гэмтээж, эрүүл эсийг өвчлүүлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд "Mindfulness" буюу одоо цагтаа төвлөрөх бясалгал хийх, байгальтай ойр байх нь маш чухал юм.
4. Нийгмийн харилцаа
"Моай" буюу бие биедээ тусалдаг найз нөхдийн дотно бүлэгт байх нь маш чухал. Ганцаардал нь хүмүүсийг сэтгэл гутралд оруулдаг бол, бусдад туслах, хамтдаа баярлах нь амьдралын чанарыг дээшлүүлж, урт наслуулдаг.
5. "Урсгал" төлөвт орох
Та өөрийн дуртай зүйлээ хийж байхдаа цаг хугацааг мартаж, тэр зүйлдээ бүрэн автдаг уу? Үүнийг "Урсгал төлөв" гэдэг. Өөрийн икигайгаа олж, түүндээ анхаарлаа бүрэн хандуулах нь тархины үйл ажиллагааг сэргээж, залуужуулдаг.
Эмч миний зүгээс та бүхэнд өгөх 10 дүрэм:
- Үргэлж идэвхтэй бай, хэзээ ч бүү "тэтгэвэрт" гар.
- Яаралгүй, тайван амьдар
- Ходоодныхоо 80 хувийг л дүүргэ
- Сайн найзууд, үнэнч андуудаар өөрийгөө хүрээлүүл
- Дараагийн төрсөн өдөртөө зориулж биеэ чийрэгжүүл, эрүүлжүүл
- Инээмсэглэ
- Байгальтай ойрхон бай
- Талархлаа илэрхийлж сур
- Одоо цагтаа амьдар
- Өөрийн икигай буюу өглөө босох шалтгаанаа олж, түүнийгээ дага
Эрүүл мэнд таны гарт, харин баяр баясгалан таны зүрх сэтгэлд оршдог юм шүү. Таны амьдралын "Икигай" юу вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай! 👇
08/06/2026