19/09/2026
АВСТРАЛИ УЛС ГАДААД ОЮУТНУУДЫН ГЭР БҮЛЭЭ ДАГУУЛАН ИРЭХ НӨХЦӨЛИЙГ ЧАНГАТГАНА
Австрали улс гадаад оюутнууд суралцах хугацаандаа эхнэр, нөхөр, хамтран амьдрагч болон хүүхдээ дагуулан ирэхийг хязгаарлаж, түр хугацааны визтэй иргэд визийн төрлөө өөрчлөх журамд илүү хатуу шаардлага тавихаар төлөвлөж байна.
Тус улсын Дотоод хэргийн сайд Тони Бёрк цэвэр гадаад шилжилт хөдөлгөөнийг одоогийн 300 мянга орчим хүнээс 2028 он гэхэд 225 мянга болгон бууруулах зорилт тавьсныг ABC News мэдээлжээ.
Одоогийн журмаар олон улсын оюутнууд эхнэр, нөхөр болон хамтран амьдрагчаа Австралид дагуулан ирэх боломжтой бөгөөд тэд тодорхой нөхцөлөөр ажиллах эрхтэй. Мөн 18 нас хүрээгүй асран хамгаалах хүүхдээ дагуулан ирж болдог.
Австралийн цагаачдын урсгал Ковид-19 цар тахлын үеийн хязгаарлалтыг цуцалж, 2022 оны хоёрдугаар сард хилээ нээсний дараа эрчимтэй нэмэгдсэн. Цэвэр гадаад шилжилт хөдөлгөөн 2023 онд 518 мянгад хүрсэн бол 2024 онд 429 мянга, 2025 оны зургаадугаар сарын 30-наар дууссан нэг жилийн хугацаанд 306 мянга болж буурчээ.
Цагаачдын урсгал нэмэгдсэн нь орон сууц, дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн шүүмжлэл Австралид өрнөж байгаа юм.
Үүний зэрэгцээ One Nation нам түр хугацааны цагаачдын тоог гурван жилийн хугацаанд 750 мянгаар бууруулах бодлого танилцуулсан байна.