20/11/2025
Хүүхдүүдтэйгээ байнга ярилцаж байгаарай
Хүүхэдтэйгээ хамтдаа ярилцах 9 сэдэв
Та өдөрт 10-хан минут ч болов хүүхэдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж чадвал
тэдний өөртөө итгэх итгэл, сэтгэл хөдлөлөө ойлгох чадвар, харилцаа, мөрөөдөл гээд олон зүйл хөгждөг. Эдгээр 9 сэдэв танд тусалж мэдэх юм.
1. “Өнөөдөр чамд хамгийн сонирхолтой санагдсан зүйл юу байв?”
• Түүний өдрийн онцлох мөчийг сонирхож, анхааралтай сонсоорой.
• Та ч бас өөрийн онцгой мөчөө хуваалцаж ярилцаарай.
2. “Хэрвээ чамд 3 хүслийн шидэт саваа байсан бол юу хүсэх вэ?”
• Хүсэл, мөрөөдөл, төсөөллийг нь мэдрээрэй.
• Өөрөө ч шидэт саваатай бол юу хүсэх байснаа ярьж өгөөрэй.
3. “Бусдад тусалсан эсвэл бусдаас тусламж авсан дурсамжтай тохиолдол бий юу?”
• Тусч сэтгэл, талархлын ач холбогдлын тухай ярилцаарай.
• Хэн нэгэн танд хэрхэн тусалж байсан түүхээ хуваалцаарай.
4. “Хамгийн бахархаж байсан мөчөө санадаг уу?”
• Түүнийг бахархлаараа дамжуулан өөртөө итгэх итгэлтэй болгож дэмжье.
• Та ч мөн бахархдаг хүн, мөчөө ярьж өгөөрэй.
5. “Чи ямар үед уурладаг вэ, уураа яаж гаргадаг вэ?”
• Сэтгэл хөдлөлөө таних, хуваалцах боломж бүрдүүлээрэй.
• Өөрөө ч бас уураа хэрхэн зохицуулдаг туршлагаа ярилцаарай.
6. “Хамгийн сайн найз чинь яагаад чиний найз болсон бэ?”
• Найзын тухай ойлголт, харилцааны үнэт зүйлсийг хуваалцаарай.
7. “Чи том болоод ямар ажил хиймээр байна?”
• Ирээдүйн тухай ярилцаж, мөрөөдөлд нь хүндэтгэлтэй хандаарай.
8. “Хамтдаа хаашаа аялмаар байна?”
• Түүний хүсэл, сонирхлыг мэдэж, хамтдаа төлөвлөх зугаатай мөчийг бүрдүүлээрэй.
9. “Ямар үед чи өөрийгөө хайрлагдаж, ойлгогдож байгаагаа мэдэрдэг вэ?”
• Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг илүү гүн ойлгох асуулт. Түүний “хайрын хэл”-ийг олж нээх түлхүүр байж мэднэ.
Эдгээр сэдвүүдээр та оройн хоолны дараа, хамт алхаж явахдаа, эсвэл унтахаас өмнө ярилцаж болно. Зөвлөж, зааж өгөх гэхээсээ илүүтэй сонсож, ярилцаж өгөөрэй.
Г.Төмөрзаяа